Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017       10          17                                                        160

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч С.Ариунаа, хохирогч Д.Баттөр, хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Н.Лхагвабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлдгэр галзууд овогт Нармандахын Лхагвабаярт холбогдох эрүүгийн 201711000211 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагийн 0-1а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖЯ82111199/ Дэлдгэр галзууд овогт Нармандахын Лхагвабаяр,

Шүүгдэгч Н.Лхагвабаяр нь согтуугаар 2015 оны 02 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хивсний 4-10 тоотод оршин суух иргэн Б.Билэгсайханы гэрт хохирогч Д.Баттөрийг зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Лхагвабаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 02 сарын 25-ны өдөр Цагаан-Овоо сумаас аймгийн төвд ирээд Лхагвабаяртай уулзахдаа “хоёулаа тэмээний баяр үзье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дэлгүүр гарч том савтай 3 ширхэг пиво аваад явж байтал Билгээ, Гөөгөө нартай таарсан. Тэгээд Лхагваагийнд очиж пиво уусан. Гөөгөө ах нэг шил архи авч өгнө гээд дэлгүүр орж 0.5 граммын архи, том савтай 1 ширхэг пиво зэргийг аваад Лхагвабаярын гэрт очсон. Тухайн үед Лхагвабаярын гэрт хүн байгаагүй. Лхагвабаяр ажилтай гээд тэр архи, пивоноос уугаагүй явсан. Тэгээд бид нар Билгээгийнд очиж уусан. Тэр үед  Лхагвабаяр над руу залгаад “Би 2 шил хар сувд гэдэг архи авчихлаа, хоёулаа ууя” гэхэд “би өглөө ажилтай,  юун хар үнэтэй архи авчихсан юм бэ,  ганц пиво авчирвал авчир” гэсэн. Лхагваа ирэхгүй удаад байхаар нь би яг унтах гээд байж байтал хаалга тогшоод тайлахад Лхагваа шууд орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад “чи надаас юу олж долоох вэ, яаж байгаа юм бэ” гэсэн. Тэр үед Билгээ босож ирээд Лхагвааг угзарч аваад ноцолдсон. Хэсэг хугацааны дараа Билгээ алга болчихсон байсан. Лхагваа намайг гадаа гаргаад нилээд цохисон. Тэр үед цагдаагийн машин ирсэн. Би цусаа гоожуулаад сууж байх хооронд цагдаа нар Билгээгийн гэр рүү орсон. Тэр үед Лхагваа цусаа угаагаад зогсож байсан. Цагдаа нар наадахаа угаахаа боль, явъя гэхэд Лхагвааг цагдаагийн газар руу аваад явсан. Тэгээд би эмнэлэг явсан” гэв.

            Гэрч Б.Билэгсайхан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 2 сарын 25-ны өдөр Баттөр, Лхагвабаяр нар “Стана” маркийн машинтай ирсэн. Манай нутгийн Отгоо гэдэг дүү үйлчилгээний дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0.75 грамм архи, “Боргио” нэртэй том пиво авсан. Бид нар Лхагвабаярын гэрт очиж авсан архиа уугаад тасарсан. Нэг мэдсэн чинь би Баттөртэй хамт гэртээ ирээд унтчихсан байсан. Тэгээд өглөө боссон чинь уруул хавдаж цус гарсан, нүд хөхөрсөн байсан. Тэгтэл Баттөрийн ээж над руу залгаад “Баттөр чинь Лхагвабаярт зодуулаад тархи толгой нь өвдөөд, бие нь муу байна. Чи хүрээд ир” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67/

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлтэд: “1.Д.Баттөрийн биед тухайн үед баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, ясны цооног гаргаж цусан хурааг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар /2015.03.11/, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эмнэлгийн бичиг баримт болон шинжилгээгээр нотлогдож байна. 4. Баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ШЭГЗТЖурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 2015.02.26-нд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 93-94/

            -Гэрч Ч.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 71-73/

            -Гэрч Б.Дамдины мэдүүлэг /хх-ийн 74-76/

            -Гэрч Д.Базармаагийн мэдүүлэг /хх-ийн 77-79/

            -Гэрч Х.Үүрцайхын мэдүүлэг /хх-ийн 86-88/

            -Шүүгдэгч Н.Лхагвабаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 104-106, 112-114/

-Хохирогч Д.Баттөрийн өвчний түүх /хх-ийн 139-164/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.Лхагвабаяр нь согтуугаар 2015 оны 02 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Хивсний 4-10 тоотод оршин суух иргэн Б.Билэгсайханы гэрт хохирогч Д.Баттөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг зодож, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн “... Баттөр бид хоёр маргалдаж, ...нүүр рүү нь нэг удаа алгадсан, Баттөр намайг нэлээн олон удаа цохьсон. Харин би Баттөрийн толгой хэсэг рүү 5-8 удаа алгадсан, тухайн үед Баттөрийг надаас өөр хүн цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг унтах гээд байж байтал хаалга тогшоод тайлахад Лхагвабаяр шууд орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж аваад “Чи надаас юу олж долоох вэ, яаж байгаа юм бэ?” гэсэн. ...Лхагвабаяр намайг гадаа гаргаад нилээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-65/, гэрч Ч.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Лхагвабаяр нь Баттөрийг авчирсан архи уусангүй гэж хэлээд заамдаж байгаад толгой хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, 2 хацар, дээд, доод уруул, 2 талын чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь  шүүгдэгч Н.Лхагвабаярын хохирогчийн толгой хэсэг рүү 5-8 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ба түүнийг давхар нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэн хэндээ нөлөөлөөгүй, бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт нь өвчтөний карт, шинжээч эмчийн үзлэгт тус тус үндэслэгдсэн, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байх тул дээрх нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, хууль ёсны гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Лхагвабаярт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Н.Лхагвабаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 811 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Лхагвабаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Лхагвабаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгч Н.Лхагвабаяраас эмчилгээний зардалд нийт 8000000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдааны явцад “шүүгдэгч Н.Лхагвабаярыг эмчилгээний зардлын 5353394 төгрөгийг төлсөн, харин нотлох баримтгүй нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 2646606 төгрөгийн зардлаа дараа нь нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжилнэ”  гэж  байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь хохирогчид нэхэмжлэх зүйлгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин 2646606 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг рентгэн зургийг хохирогч Д.Баттөрд, шүүгдэгч Н.Лхагвабаяр нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс цэнхэр өнгийн “Портер” маркийн 29-66 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ82111199 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагаа, “Портер” маркийн 29-66 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олговол зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Н.Лхагвабаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Нармандахын Лхагвабаярыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Н.Лхагвабаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хассугай.

5. Шүүгдэгч Н.Лхагвабаяр нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогч Д.Баттөрт эмчилгээний зардалд 5353394 төгрөгийг төлсөн/  болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Баттөр нь 2646606  төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг рентгэн зургийг хохирогч Д.Баттөрд, шүүгдэгч Н.Лхагвабаярын эзэмшлээс цэнхэр өнгийн “Портер” маркийн 29-66 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЯ82111199 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагаа, “Портер” маркийн 29-66 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Лхагвабаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР