Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 123/ШШ2023/0036

 

 

 

 

 

 

 2023      10         18                                     123/ШШ2023/0036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Шаргал *******” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: М.Баттөр, Е.Эрдэнэчимэг нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбулган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уранчимэг, гэрч М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч талаас “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох “А/215 тоот захирамж” хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “Баянчандмань сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/498 дугаар захирамжаар иргэн М.Баттөрд газрын байршил, хэмжээ өөрчилж газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох, сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаар тоот захирамж дахь “Шаргал *******” ХХК-тай холбоотой хэсгийг сэргээн, Баянчандмань сумын Засаг даргад “Шаргал *******” ХХК-д Эрдэнэ баг Өндөр хөтлийн 165 га газраас 30 га үр тариа, тэжээлийн зориулалтаар газар эзэмших эрх олгохыг даалгах[1]” гэж гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дээрх зарим шаардлагаа дэмжихгүй гэсэн.
    2. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн байдлаар тодорхойлсноор хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “Шаргал *******” ХХК-д Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 05 сарын 13-ны өдрийн 98 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэр болох Өндөр хөтөлийн 163 га-с үр тариа тэжээлийн зориулалтаар 30 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. [2]

2.2 Мөн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/123 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн хавсралтын “50-д Шаргал ******* ХХК, өндөр хөтөл 165, үр тариа, тэжээл, 30 га” гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.[3]

2.3 Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн А/215 дугаар захирамжаар тус сумын Эрдэнэ багийн нутаг Өндөр хөтлийн 165 га талбайд үр тариа тэжээлийн зориулалтаар 30 га газрыг 15 жилийн хугацаатай “Шаргал *******” ХХК-д эзэмшүүлж,[4] 2 дугаар заалтаар “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан тус сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 тоот захирамжийн “Шаргал *******” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гэсэн байна.

2.4. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 сарын 23-ны өдрийн А/153 дугаар “Газар эзэмших зөвшөөрөл хүчингүй болгох тухай” захирамжлах гэж шийдвэрлэхдээ уг захирамжийн 1 дэх хэсэгт “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 1998 оноос 2018 онуудад газар эзэмшүүлсэн 707 иргэн, хуулийн этгээдийн 13399.45 га газар эзэмших захирамжуудыг цуцлуулах, эзэмшигчдийн нэрсийг хавсралтаар баталсугай” гэж  2 дахь хэсэгт “Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших захирамж цуцлагдсаныг мэдээллийн самбарт байршуулж иргэдэд мэдээллэхийг Газрын даамал /М.Алтантуяа/-д үүрэг болгосугай” гэж 3 дахь хэсэгт “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан ... 2016 оны А/215 тоот ... захирамжуудыг тус тус хүчингүй болсон тооцсугай” гэж тус тус зааж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн  2016 оны 06 сарын 21-ний өдрийн А/215 дугаар захирамжийг  хүчингүй болгожээ.[5]

Үүнд нэхэмжлэгчийн Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын дарга М.Отгонбатад гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/726 дугаар албан бичгээр Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгууллагын газраас “... Баянчандмань суын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар захирамжаар Эрдэнэ багийн нутаг Өндөр хөтлийн 165 га талбайгаас үр тариа тэжээлийн зориулалтаар 30 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Мөн сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн А/215 дугаар захирамжаар ... 30 га газрыг “Шаргал *******” ХХК-д дахин эзэмшүүлсэн боловч тус 30 га газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүйн улмаас тухайн нэгж талбарт 2013 оны захирамжтай 2 га, 2017 оны захирамжтай 3 га, 2020 оны захирамжтай 5 га газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байгаа тул тухайн газрыг бүхэлд нь кадастрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байна. Мөн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот захирамжаар “Шаргал *******” ХХК-д эзэмшүүлсэн 30 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон байгааг мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ[6].

Мөн Төв аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатараас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1756 дугаар албан бичгээр “... Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 93 дугаар захирамжаар “Шаргал *******” ХХК-д Эрдэнэ багийн Өндөр хөтөлд 30 га газрыг үр тариа зориулалтаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж газрыг дуудлага худалдаагаар олгоогүй байгаа нь газар эзэмших эрхээ хуулийн дагуу олж аваагүй байна. “Шаргал *******” ХХК нь газар эзэмшиж байх хугацаандаа газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнүүлдэггүй байсан нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтуудыг зөрчсөн байна. Иймээс сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаар захирамжийг гаргахдаа олон нийтийн “ТВ5” телевизээр зарлаж, газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэж тус захиргааны актыг гаргасан байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэх хариуг тус тус өгчээ.[7]

2.5. Нэхэмжлэгч талаас дээрх байдлаар асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй учир хариуцагчийн захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2021 оны 12 сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани үйл ажиллагаа явуулж байтал 2021 оны 07 дугаар сарын А/153 дугаартай тушаалаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Ингээд Баянчандмань сумын Засаг даргын энэхүү хүчингүй болгосон захирамжид нэхэмжлэл гаргасан. Манай компани 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан А/153 тоот захирамжтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа 2015 онд хүчингүй болгуулаад 2016 онд сэргээгджээ. Бид нар 2008 онд 30 га газар эзэмших эрхээ авсан. 2015, 2016 онтой холбогдсон хүчингүй болгосон, сэргээсэн асуудалд холбогдуулж нэхэмжлэлийг гаргаагүй. Компанийн үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан. Тухайн цаг үед ажиллаж байсан мэдээ, мэдээллийг сумын Засаг дарга болон Газрын даамал,аймгийн Хөдөө аж ахуйн газарт байнга өгдөг. Газрын төлбөрийн хувьд тухайн мэдээллийн нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шаргал *******” компанийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж, мэтгэлцэж оролцоно. Миний үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Баянчандмань сумын Засаг даргын А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах мөн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газрыг эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Шаргал *******” компани 2008 оноос хойш 10 гаруй жил газар тариалан, төмс хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Баянчандмань сумын Эрдэнэ толгой Өндөр хөтөл хэмээх газар эзэмшиж, ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг нь ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож, энэ компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үздэг. Үүнд миний үйлчлүүлэгч компани гомдолтой байдаг. Мөн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжаар нийт 707 аж ахуй нэгж байгууллага, компани, нөхөрлөл, байгууллага, хувь хүмүүсийн 33.399 га талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамжийг бичиг хэрэг, бичиг баримтын болон эрх зүйн акт нь стандарт шаардлага хангаагүй, архив бичиг хэргийн наад захын соёл, стандартыг зөрчсөн захирамж байсан. Энэ захирамжаар олон байгууллагын эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үздэг. Энэ хүмүүс ашиг сонирхлоороо нэгдэж нийлээд хамгаалсан бол аль алинд нь ач холбогдолтой байсан байх. Гэхдээ манай компани дангаараа хүсэлт, гомдлоо гаргаад явж байгаа учраас өөрийн компанитай холбоотой заалтаа яръя. Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт баримтад заасан хуулийн зүйлчлэл нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.5, 40.1.6-т заасан үндэслэлүүдийг Засаг дарга хуулийн үндэслэл болгож, захирамжаа гаргасан байдаг. 14 айлын газрыг цуцлах, байгууллага, хүмүүсийн гаргасан зөрчлийг тухай бүрд нь оновчтой, зөрчил дутагдлыг тодорхойлсон тодорхой заалт байдаггүй. Нийтэд нь нэгтгэж гаргасан заалт байгаад байдаг. Миний үйлчлүүлэгч байгууллагын 40.1.5, 40.1.6-т заасан хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн захирамжийн үндэслэх хэсгийн 40.1.1, 40.1.2, 40.1.5, 40.1.6-т заасан заалт, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг баримталсан. 40.1.1-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд тус хуулийн 40.1.1-т заасан заалт хэрэгжих ёстой. Гэтэл тус заалтад заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ Засаг даргад байдаг байх. Гэтэл ийм зөрчил гаргаагүй. Үүнийг шалгаж тогтоосон ямар нэгэн баримт байхгүй. “Шаргал *******” ХХК 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн газраас газар тариалан эрхлэх хүнсний ногоо, гадаад худалдаа эрхлэх зориулалтаар 901111808 дугаарын регистертэй, 5164184 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Төв аймгийн Баянчандмань сум нь 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаартай захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт 165 га-аас 30 га газарт үр тариа тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглуулах захирамж гарсан. “Шаргал *******” ХХК Баянчандмань сумын Өндөр хөтлийн 165 га газраас 30 га газарт үр тариа, төмс хүнсний ногоо тэжээлийн зориулалтаар газар эзэмших эрхийн 0175711 дугаарын гэрчилгээг тус сумын Засаг даргын Тамгын газраас 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосноор тус компани газар эзэмших эрх нээгдэж, газар эзэмших эрх нээгдсэнээс гадна баталгаажсан. Ингэж үйл  ажиллагаа явуулсан. Компанийн 30 га газрын кадастрын агаарын зураг, улсын тоо бүртгэлийн хуудас зэргээр энэ компани газар эзэмших эрх нь нотлогдсон. Шаргал ******* ХХК энэ газраа 10 гаруй жилийн турш эзэмшиж, ашигласан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Аймгийн захиргаанаас ирсэн албан ёсны нотлох баримт байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах явцад танилцуулна. Энэ компани газраа зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. “Шаргал *******” ХХК 2018-2021 онуудад үйл ажиллагааны тайлан мэдээллээ аймгийн хөдөө аж ахуйн газарт өгсөн. Тэр тайлангаас тодорхой харагддаг. 2008 онд 3.600.000 төгрөгөөр хашаажуулалт хийж, тэр газраа ашигласан, хамгаалсан байдаг. Мөн энэ компани газар тариалангийн үйл ажиллагааны зориулалтаар трактор 50.000.000 төгрөгөөр худалдаж авсан, газар хагалагч 21.000.000, трактор 80.000.000 төгрөгөөр, байцаа суулгагч 6.000.000 төгрөгөөр, ажилчдын хөлс, орон сууцны зориулалтаар 3.800.000 төгрөгийн үнэ бүхий ногоочид авч, тариаланч, ногоочид авч ажлын нөхцөлийг сайжруулсан. 1 дүгээр хавтаст хэрэгт нотлох баримтууд нь байгаа. Мөн 80 тонны багтаамжтай 25.000.000 төгрөгийн ногоо хадгалах нүхэн зоорь, тээш төмс хүнсний үзэмжийг алдагдуулахгүй байх арга хэмжээг авч ажилласан. Нэлээн ажлыг зохиосон. Мөн энэ газар дээр 100 метрийн гүнээс гаргасан 17.000.000 төгрөгийн үнэ бүхий гүний худаг гаргасан байдаг. Шүүхийн үзлэгээр нотлогдон тогтоогдсон байгаа. Дагалдах хэрэгсэл насос 3.000.000 төгрөг, дизель мотор 5.000.000 төгрөгөөр худалдаалсан. 2.500.000 төгрөгийн усалгааны системжүүлэлт тавиулснаас гадна тэдгээрийн дагалдах хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр авсан. Фото зураг болон санхүүгийн баримт байгаа. Мөн тариалангийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн хэрэгслүүд байгаа. Энэ газарт нийт 130.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан нь нотлогдон тогтоогдож байгаа. Мөн энэ компани энэ газрыг эзэмшиж эхэлсэн цаг үеэс хойш 10 гаруй жилийн турш доод тал нь 80 тонн, дээд тал нь 180 гаруй тонн ургацаг хураан авч улсад, эх орондоо тушаасан. Эдгээр нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Энэ газрыг эзэмшиж, ашиглаж, ямар нэгэн зөрчил гаргаагүй болох нь харагдаж байна. Тус хуулийн 40.1.1-т заасан заалт нь нотлогдон тогтоогдож байгаа. Тийм учраас 40.1.1-т заасныг баримтлан “Шаргал *******” ХХК-г газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж тодорхойлж байна. Мөн 40.1.2-т заасныг зөрчсөн тухай Засаг даргын захирамжийн заалтуудыг ярьж байна. Үндэслэл болгосон хууль зүйн үндэслэлүүдийг яриад байна. Газраа, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлахаар ашигласан эрх бүхий байгууллагын дүгнэлт тогтоогдсон бол бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 40.1.2-т заасан. “Шаргал *******” ХХК бол байхгүй. Харин ч өөрийн эзэмшлийн газрыг хамгаалж, хашаа хороо барьсан, тэр хавийн малыг усалж одоо ч гэсэн явагдаж байгаа гэж бодож байна. Эмээлтийн Хятадууд шиг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдлыг бий болгоогүй. Бий болгосон гэдгийг нотолсон баримт энэ хэрэгт байхгүй. Тийм учраас энэ заалтаар “Шаргал *******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тус хуулийн 40.1.2-т заасан нөхцөл байдал нотлогдоогүй гэдгийг хэлсэн. Мөн захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг орж ирсэн. Газрын тухай хуулийн 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшиж, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох тухай заалт байгаа. Шаргал ******* ХХК газар ашиглалтын төлбөрөө жил бүр хийж байсан. Үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Мөн газар ашиглалтын төлбөр жил 36000 төгрөгийг төлж байсан. 2016-2022 онуудад төлбөр төлсөн баримтуудаас харахад 2018 онд 70000 төгрөг, 2019 онд 140540 төгрөг, 2020 онд 150000 төгрөг, 2017 онд 110000 төгрөг, 2016 онд 36000 төгрөг, 2018 онд 36000 төгрөг, 2019 онд 36000 төгрөг, 2020 онд 36000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2016-2020 онуудад нийт 252.000.000 төгрөгийн газрын төлбөрийг төлөх ёстой байснаас 429.000.000 төгрөгийг төлж, төлөх хэмжээнээс 177.500 төгрөгийн татвар хураамжийг илүү төлж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас харагдаж байна. Тийм учраас Засаг даргын захирамж хуульд нийцээгүй, буруу гэж үзэж байна. Энэ баримтууд нь Хаан банкны баримтаар байна. Дугаар 507618, 507619 дансанд газрын төлбөрийг удаа дараа төлж байсан талаар олон удаагийн баримтаар нотлогдож байна. Энэ байдлаас харахад Шаргал ******* ХХК-г газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Засаг даргын захирамжийн үндэслэл нь дээрх миний хэлсэн нотлох баримтуудаар няцаагдаж байгаа тул Шаргал ******* ХХК-г Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар буруутгах боломжгүй, энэ зөрчлийг гаргаагүй, боломжгүй гэж үзэж байна. Мөн захирамжийн үндэслэх хэсэгт энэ компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар буруутгасан нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг зөрчсөн байдаг. Тэгвэл энэ компанид ийм зүйл болоогүй. Ингэж 2 жил дараалан зориулалтын бус байдлаар газар ашиглаагүй. “Шаргал *******” ХХК нь жил дараалан тариалалтаа явуулж, газар тариалан төмс хүнсний ногоо, байцаа, хүний хэрэгцээ болон малын тэжээлээр ашигласан. Энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна. Мөн 2008-2017 онуудад 30 га талбайд малын тэжээл улаан буудай тарьж, Алтан тариа компанид ургацаа тушааж байсан талаарх баримтууд хэрэгт байгаа. Үүгээр нотлогдоно. Хоёрдугаарт, 15 га талбайд уринш хийж,  13 га талбайд тариалалт хийсэн, 95 тонн тэжээл болон төмс хүнсний ногоо улсдаа тушаасан талаар баримт байгаа. 2019 онд 15 га талбайд малын тэжээл тарьж, 45 тонн ногоон тэжээл авсан. Мөн энэ онд 13 га талбайд манжин, төмс хүнсний ногоо тарьж, 36  тонн манжин хураан авч улсдаа тушаасан. 2020 онд 22 га талбайд малын тэжээл тарьсан. 88 тонн ногоон тэжээл авсан. 2021 онд 18 га талбайд ногоон тэжээл тарьж, 149 тонн ногоон тэжээл хураан авч, улсдаа тушаасан. 7 га талбайд 30 тонн манжин тарьж хурааж авсан талаар ийм ажлын үзүүлэлтээр нотлогдон тогтоогдоно. Энэ байдлыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн захирамжид Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, Газар тариалангийн тухай хуулийн 20.4-т заасныг үндэслэж байгаа нь бусдын эзэмшил бүхий газар нь хүчингүй болгох хууль ёсны үндэслэл байхгүй заалтууд байгаа. Энэ заалтаар бусдын эзэмших эрхийг хүчингүй болгох нь байтугай энэ хэсэгт тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн Иргэдийн хурлын санал болон Иргэдийн хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна. Энэ зохион байгуулалтын дагуу сумын Засаг дарга захирамжаа гаргасан. Тийм учраас энэ хуулийн энэ заалтыг барьж байгаа нь үндэслэлгүй заалт байна. Даргад олгосон эрх хэмжээг цуцлах эрхийг биш зохион байгуулж, ажлаа зөв зохистой үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон эрхийн заалтаа барьсан байна. “Шаргал *******” компанийн  газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хуулийн зохицуулалт биш. Үндэслэлгүй заалт байна. Ийм байдлаар баримталсан хууль зүйн үндэслэл олгосон эрх зүйн үндэслэлүүд нь энэ компанийн газрыг эзэмших эрх нь хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учраас сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байна. Анхны нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй. Мөн 2-т гаргасан шаардлага нь өөрийн эзэмшиж байсан 30 га газрын эзэмших эрхийг сэргээж өгөхийг сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүрэн үндэслэлтэй байх тул шүүх үүнийг анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна. 2015 онд захирамжаар газрыг хүчингүй болгосон гээд тэр үедээ компани ажил үйлчилгээг явуулсан. Өөрсдөд нь албан ёсоор хэлж мэдэгдээгүй. Шүүхэд ирсэн хойно газар зохион байгуулалт, хөдөө аж ахуйн газрын кадастрын албанаас ирсэн гэж ойлгосон. 2015 онд хүчингүй болгочихоод 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 дугаар захирамжаар сэргээсэн. Тийм учраас газрыг хүчингүй болгосон захирамж дээр маргаад яах вэ гэж бодсон. 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулсан тул анхны захирамжаар бид явах ёстой. Газар олгосон газрын гэрчилгээнүүд хэрэгт байгаа. Төмс, хүнсний ногооны зориулалтаар үйл ажиллагаа явуулах талаар бичиг нь байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа. Эзэнд нь мэдэгдэхгүй хүчингүй болгосон. Энэ талаар А.Мөнхтулга өмгөөлөгч хэлэх хэрэгтэй. Кадастрын зураг төсөлд оруулах гээд хүсэлтээ явуулсан. Гэтэл танайх ороогүй байна гэх хариу ирэхээр нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалтын Геодези зураг зүйн газар руу бас хүсэлт явуулсан. Төв аймгийн Геодези зураг зүйн газраас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1/1372 тоот бичиг явуулсан. Энэ бичигт Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус газарт “Шаргал *******” ХХК-ийн ирүүлсэн өргөдөл байна. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4-т заасны дагуу аймаг, сумын мэдээллийн санд оруулж, арга хэмжээ авч ажиллана уу гэх дээд байгууллагын шийдвэр ирсэн байгаа. Төв аймгийн барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн. Гэтэл энэ бичгийг яг ирсэн өдөр нь тэнд захирамж гараад 707 14 айлын газрыг хүчингүй болгосон. Гэтэл энэ бичиг ирсэн өдөр нь хариу ч өгөөгүй. Тэр мэдээллийн сандаа оруул гэсэн газрын шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй явж байгаа. Тийм учраас газар эзэмших эрхийг сэргээн тогтоож, даалгаж өгнө үү гэх хүсэлтийг тавьж байна. 2015 оны захирамжтай маргаагүй. 2008 оноос эхлэн 10 гаруй жил газар эзэмшсэн. 40.1.1-т маш тодорхой  хэлсэн. 40.1.1-т заасан хууль зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гуравдагч этгээдийн тухайд төмс, хүнсний ногооны зориулалтаар эхнэрт нь олгочхоод , нөхөрт нь газрын гэрчилгээг бичээд өгдөг. Гэр бүлийн зориулалтын газар байсан. Нотлох баримтаар шинжлэн судлах явцад гарч ирнэ. Гэтэл гэр бүлийн зориулалтаар олгосон газраа танай компанийн газар дээр олгосон гэх. Гэр бүлийн зориулалтаар олгосон газар нь газар тариалангийн чиглэлээр олгосон газар хоёр өөр. Энэ хүмүүс гэр бүлийн зориулалтаар олгосон газарт тэнд хашаа барих юм уу. Энэ талаар шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дараах хариу тайлбарыг хэлье. Засаг даргын хувьд маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гэх тайлбарыг гаргаж байна. “Шаргал *******” ХХК нь сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаартай газар эзэмшүүлэх тухай Өндөр хөтлийн 163 га-аас 30 га газарт үр тариа, тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслээд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын захирамжаар 30 га газрыг хүчингүй болгосон байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал огт ярьдаггүй. Энэ хүчингүй болгосон захирамжтай маргадаггүй. Ямар ч маргаан байхгүй. 2008 оны захирамж нь 2015 онд дууссан. Үүнийг огт ярихгүй байгаа. Үүнд шүүх анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Жилийн дараа 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 гэх захирамж гарсан. Бид энэ захирамж дээр асуудал хөндөж байгаа. Энэ яагаад гарсан бэ. Энд газар эзэмшүүлэх тухай гээд шинээр газар эзэмшүүлэх асуудал үүсдэг. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн захирамж гарч байгаа гэж үзэж байна. Тухайлбал, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байдаггүй. Газар тариалангийн газар 30 га газар олгох асуудал байхгүй. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан иргэдийн хурал, иргэдийн нийтийн хурлаас санал авах тухай байхгүй, мөн “Шаргал *******” ХХК-ийн хүсэлт ч байхгүй. Ямар ч хүсэлт материал байхгүй. Шүүх үзлэг хийсэн. Энэ захирамжийн асуудлаар захирамжийг хүчингүй болгоод байгаа юм байна. Үүнд шүүх анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнээс захирамжийг хүчингүй болгосон, цаашлаад энэ компани үүргээ биелүүлсэн эсэх талаар хөндөнө. Эрхийн гэрчилгээ байгаа эсэх талаар асуудал яригдана. Эрхийн гэрчилгээ байхгүй. Өнөөдрийг хүртэл аваагүй. Кадастрын мэдээллийн санд хуучин болон шинэ мэдээллийн санд 30 га газар бүртгэлтэй эсэх талаар байхгүй. Огт бүртгүүлээгүй. 2008 оны гэрчилгээгээр бид газрыг эзэмших эрхтэй гэдэг асуудлыг хөндөөд байна. Гэтэл 2008 оны захирамж гэрчилгээг дуусгавар болгосон байгаа. Хүчингүй болгосон. Тэр захиргааны актад “Шаргал *******” ХХК маргаагүй. Ийм асуудал байна. Үүнийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн. Кадастрын зураг хийгээгүй, газрын нэгдмэл санд бүртгэгдээгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу баталгаажуулсан баримт бичгийг”, 33 дугаар зүйлд заасан эзэмшүүлэх тухай шийдвэрийг Засаг дарга гаргана. Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлж олгохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэх энэ заалтуудыг зөрчөөд байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, эрхийн гэрчилгээг олгоогүй. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан. 29 дүгээр зүйлийн 29.3-т багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэрийг үндэслээд газар олгох зохицуулалтыг зөрчсөн. 30 га  газрын ийм шийдвэр огт байхгүй. Захирамж гарсан хэдий ч хуулийн заалтуудыг зөрчсөн учраас эрхийн гэрчилгээ гараагүй, гараагүй болохоор кадастр газар эзэмших гэрээ хийгдээгүй. Газар эзэмших гэрээ хавтаст хэрэгт огт байхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч тал Газрын тухай зохицуулалтуудыг маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг бүхэлд нь заасан. 40.1.5-т 40.1.6 дахь заалтыг тус тусад нь, мөн 54 дүгээр зүйлийн 4 дэх заалт.” Шаргал *******” ХХК-ийн хувьд 40.1-т зааснаар шийдвэрлэсэн. 40.1.1-т заасан Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэх үндэслэл буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33, 27, 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг тус тус  зөрчсөн гэж үзэж байна. 54 дүгээр зүйлийн 54.4 дэх заалтуудыг яагаад үндэслэсэн талаар нэхэмжлэгч тал ярьж байна. Тариалангийн газрыг эзэмшүүлж, сумын Засаг дарга зохион байгуулна гэснийг зөрчөөд санал шийдвэргүйгээр газар эзэмшүүлэх захирамж гарсан гэж үзэж байна. Эсрэгээр нь. Санал, шийдвэр байхгүй байхад хүчингүй болгосон захирамж гарсан. Ийм нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг хэлж байна. Өөрсдийнхөө хууль зөрчсөн асуудлуудаа тайлбарласангүй. Яагаад кадастр хийгдээгүй, яагаад гэрчилгээ авдаггүй, яагаад өнөөдрийг  хүртэл ийм байдалтай байгаа талаар ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Хүчингүй болгосон шийдвэрийг мэдэхгүй байна гэж байхгүй. Төрийн байгууллагыг буруутгасан байдалтай хандаж байна. Хүчингүй болгочихоод буцаагаад сэргээгээд хүчингүй болгосны дараа өөрсдийг нь огт мэдээгүй, очоогүй байхад нь өөрсдөө санаачилгаараа сэргээнэ гэж байхгүй. Та нар очиж байж л сэргээсэн байж таараа. Ийм зүйл байж болохгүй. Бид үүнтэй маргаагүй гээд байна. Маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг 2016 оны А/215-ыг хүчингүй болгосон захирамж. Үүнд огт холбогдолгүй гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Маргаан бүхий захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч гээд байгаа. Маргаан бүхий захирамж дотор 2016 оны 215-ыг хүчингүй болгоод байгаа. Үүнийг бид 215-тай маргаагүй гээд байгааг ойлгохгүй байна. Тэр дотор маргааны гол үйл баримт байгаа. Түүнээс энэ захирамжаар 2008 оны захирамжаа үндэслэнэ гэж тайлбарлах гээд байх шиг байна. Гэхдээ дотроо үе шатууд явагдсан. 2015 онд хүчингүй болгосон. Эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 2008 оны газрын эрхийн гэрчилгээ танайд байгаад байгаа. 2016 онд сэргээгээд авсан юм бол дахиад эрхийн гэрчилгээ огт байхгүй, гаргаагүй. Газрын тухай хуульд заасан эрх, үүргийн асуудал яригдана. Хоёрдугаарт, албан ёсны кадастр нэг ширхэг ч байхгүй. 2010 онд Бориг тэс компаниар кадастр хийлгэсэн. Тэрийг хавсаргасан явж байгаа. Тэр нь газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, тухайн үед газрын албанд Ш.Жаргалсайхан гэх хүн бүртгэдэг байсан. Огт бүртгэл хийгдээгүй. Хуучин болон шинэ мэдээллийн санд байхгүй гэх асуудлыг ярьж байна. Анх мэдээллийн санд бүртгэж өгөөч гэдэг асуудлыг хөндөж орж ирсэн. Мэдээллийн санд огт бүртгээгүй, мэдээллийн санд байхгүй учраас 2015 онд Е.Эрдэнэчимэг, М.Баттөр гэх хүмүүст газар олгогдсон. Гэхдээ сая нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Анх М.Баттөрийн захирамжийг  хүчингүй болгуулах тухай ярьж байсан бол өнөөдөр тэр асуудал байхгүй. Тэгэхээр М.Баттөр болоод Е.Эрдэнэчимэгийн захирамжийн асуудлыг хөндсөн нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Тийм учраас ямар нэгэн дүгнэлт хийхгүй. Энэ хүмүүст хуулийн дагуу газар олгосон. Яагаад тухайн газрыг олгосон бэ гэхээр “Шаргал *******” ХХК-ийн кадастр мэдээллийн санд байхгүй учраас хаана ч олгох боломж нь төрийн байгууллагад байсан. Үүнийг давхцуулан өгсөн зүйл биш. Давхцуулан олгоогүй. Мэдээллийн санд байхгүй учраас хоосон газарт бид олгосон. Шууд ингэж үзэх бүрэн боломжтой. Хүчингүй болгосон захирамжид эднийх мэдээгүй байсан гэж хэлж байгаа учраас ямар нэгэн хүсэлт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал юу ч авч өгөөгүй. Энэ захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах, “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ямар ч үндэслэл байхгүй. Сэргээх гэх асуудлыг хөндсөн. Сэргээх тухай тусдаа асуудал. Гэхдээ сэргээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ ойлгомжгүй, хэдэн оны ямар захирамж болох, ямар үндэслэлээр яаж сэргээх талаар, тэгвэл энэ гарсан захирамжуудыг яах юм бэ. Хэрхэн шийдэж шууд сэргээх юм бэ гэх асуудлыг огт хөндөөгүй учраас 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэх тайлбарыг хэлж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2020, 2021 онд тариалалтаа хийж байсан. Бид нар хохироод байгаа. Манайх хуулийн дагуу өргөдлөө өгч, суманд ногоо тарьдаг үзэсгэлэн худалдаанд ордог. Манайх анх түрээсийн газартай байсан. Тэгээд өргөдлөө өгөөд өөрсдөө хууль ёсны дагуу газар авсан гэв.

Гуравдагч этгээд Е.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянчандмань сумын Замт багийн иргэн Е.Эрдэнэчимэг надад 2015 онд өндөр хөтлийн 165 га газар гэдэг талбайгаас эзэмшлээр 5 га тариалангийн газрыг хуваарилж өгсөн юм. Тариалалт хийх гээд очихоор “Шаргал *******” гэх компани тарьцан байдаг байсан. Миний эзэмшлийн газар мэдээллийн санд оруулах гэхээр давхцалтай, төлбөр хураамжаа төлөх гэхээр мэдээллийн санд байхгүй гээд би тариалалт ч хийж чадахгүй хохирч явна. Одоо тэр компаниас газраа авч тариа ногоо тарьж амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах” гэж тодорхойлсноор хянан хэлэлцэв.

  1. Хэргийн оролцогчдоос дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
    1. Нэхэмжлэгч талаас “Шаргал *******” компани 2008 оноос хойш 10 гаруй жил газар тариалан, төмс хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Баянчандмань сумын Эрдэнэ толгой Өндөр хөтөл хэмээх газар эзэмшиж, ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг нь ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож, энэ компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үздэг. Мөн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжаар нийт 707 аж ахуй нэгж байгууллага, компани, нөхөрлөл, байгууллага, хувь хүмүүсийн 33.399 га талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Захирамжид заасан үндэслэлээр зөрчил гаргаагүй, хариуцагчаас мэдэгдээгүй хууль бусаар гарсан акт гэж, 
    2. Хариуцагч талаас “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 гэх захирамж гарсан. Бид энэ захирамж дээр асуудал хөндөж байгаа. Энэ яагаад гарсан бэ. Энд газар эзэмшүүлэх тухай гээд шинээр газар эзэмшүүлэх асуудал үүсдэг. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн захирамж гарч байгаа гэж үзэж байна. Тухайлбал, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байдаггүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Иргэдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлаас санал аваагүй байхгүй, мөн “Шаргал *******” ХХК-ийн хүсэлт ч байхгүй. Ямар ч хүсэлт материал байхгүй” гэж.
    3. Гуравдагч этгээд М.Баттөрөөс “Манайх 2020, 2021 онд тариалалтаа хийж байсан. Бид нар хохироод байгаа. Манайх хуулийн дагуу өргөдлөө өгч, суманд ногоо тарьдаг үзэсгэлэн худалдаанд ордог. Тэгээд өргөдлөө өгөөд өөрсдөө хууль ёсны дагуу газар авсан.
    4. Гуравдагч этгээд Е.Эрдэнэчимэгээс “Тариалалт хийх гээд очихоор “Шаргал *******” гэх компани тарьцан байдаг байсан” гэж тус тус маргаж байна.
  2. Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсэг буюу “актын 1-д заасан хавсралтын 706 дахь” хэсэг, “актын 3 дах хэсгийн А/215 тоот захирамж” хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 1 дэх хэсэгт “Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 1998 оноос 2018 онуудад газар эзэмшүүлсэн 707 иргэн, хуулийн этгээдийн 13399.45 га газар эзэмших захирамжуудыг цуцлуулах, эзэмшигчдийн нэрсийг хавсралтаар баталсугай” гэж  2 дахь хэсэгт “Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших захирамж цуцлагдсаныг мэдээллийн самбарт байршуулж иргэдэд мэдээллэхийг Газрын даамал /М.Алтантуяа/-д үүрэг болгосугай” гэж 3 дахь хэсэгт “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан ... 2016 оны А/215 тоот ... захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай” гэж “Шаргал *******” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг Өндөр хөтлийн 165 га-д байрлах 30 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ[8].

 

Нэхэмжлэгч газрын төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 удаа, 11 дүгээр сарын 29-ний өдөр, 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018, 2019, 2020 оны газрын төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр[9] бөөнд нь нөхөж төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа боловч 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож газрыг дахин олгосноос хойш газрын төлбөр төлөөгүй гэх хугацаа нь хангалттай дүгнэгдэх хугацаа болоогүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх мөн “Шаргал *******” ХХК нь 2016 оноос 2021 онуудад газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байсан болох нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 333 дугаар албан бичгээр[10] 2016 оноос 2021 оны хооронд газар дээрээ тариалалт, уринш хийж байсан болох нь нотлогдож байх тул  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүд бүрдээгүй гэж үзэх ба хэргийн маргаан бүхий актын үндэслэл тогтоогдохгүй байна.

  Тодруулбал, хуулийн дээрх заалтууд нь газар эзэмшигч нь газрын төлбөрийг газар эзэмшүүлэх гэрээг хийснээс хойш тухайн гэрээгээр эзэмшиж буй газартаа газрын төлбөр төлөх, тус гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс доошгүй хугацаанд ашиглаагүй байхыг ойлгох тул энэ маргааны хувьд маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд газрын төлбөрийг төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь тодорхойлогдож, харин хариуцагч талаас уг асуудлыг шалган тогтоосон баримт байхгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эндээс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн 3 дахь хэсэгт “газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу эзэмшин төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлж зориулалтын дагуу эзэмшин ашиглах заалттай бөгөөд гэрээний заалтад заасны дагуу огт шалгаж үзэлгүйгээр, мөн хариуцагч тал хэрхэн яагаад хүчингүй болгож байгаа талаарх нотлох баримтыг үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гаргах ажиллагаанд хэн нэгний эрхийг хөндсөн захиргааны акт гаргаж байгаа байгууллага албан тушаалтан заавал шалгасан баримтыг үндэслэж шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ талаарх холбогдох нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаанд гэрч Газрын даамал албан тушаалтны өгсөн мэдүүлгээр “мэдээллийн санд байсан сул газрыг мэдэлгүйгээр давхцуулж олгосон” гэж тайлбарласан. Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаатай холбоотой нэг ч баримтыг гаргаж өгөөгүй байх тул захиргааны ерөнхий хуульд заасан процесс, үйл ажиллагааг зөрчиж  маргаан бүхий актыг гаргасан нь тогтоогдож байна.

Тодруулж хэлбэл хариуцагч тал маргаан бүхий актыг гаргахдаа тасралтгүй ажиллах, эрх залгамжлах зарчмыг алдаж ажилласан гэж үзэж байна.

 

  1. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн энэхүү шаардлагын үндэслэлдээ “Газар эзэмших эрхийг сэргээхдээ зохих журмын дагуу гэрээ хийж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд оруулахыг даалгах” гэж тайлбарласан.

  

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж Засаг даргаас газар эзэмшүүлэх эрхийн харилцааг хуульчлан тус тус заажээ.

  

Хуулийн заалтаас үзвэл аливаа этгээд газар эзэмших эрх сэргээлгэх хүсэлтээ гаргаагүй байхад Засаг дарга тухайн асуудлыг дангаар шийдвэрлэх эрх бүхий этгээд биш бөгөөд шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн тохиолдолд дахиж газрын эрх олгохыг Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргах боломжгүй. Нөгөө талаараа эрхийг сэргээсэн бол түүнийг бүртгэж мэдээллийн санд оруулахыг эрх бүхий албан тушаалтан бүртгэх үүрэгтэй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэхийг хуульчлан заасан тул эс үйлдэхүйгээр дараагийн албадлагын арга хэмжээнүүд явж биелэгддэг бөгөөд шүүх заавал биелэгдэх шинжтэй эрхийн актыг гаргадаг.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан тул маргаан бүхий актыг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэх учиртай тул Газрын тухай хуулийн 23.4 дүгээр зүйлийн 23.4.2 дахь хэсэгт зааснаар “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” хуулийн зохицуулалт хэрэгжих замаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэх юм.

Эндээс газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үйл ажиллагаа явуулж байгаа нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн тариалалт уриншийн мэдээг ирүүлж үйл ажиллагаа явуулж байгааг хариуцагч тал үгүйсгээгүй. Мөн түүнийг үгүйсгэх ямар нэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Шүүх энэхүү шийдвэрийн эхний заалтаараа нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байхад дахин газар эзэмших эрх сэргээхийг Засаг даргад даалгах боломжгүй бөгөөд харин шийдвэрлэх арга замыг шүүх зааж өгөх боломжтой байна.

   Харин гуравдагч этгээдүүдийн хувьд нэхэмжлэгч тал тэдгээр хүмүүст газар олгосон акттай маргаагүй. Хариуцагч тал мэдэлгүйгээр сул газар байсан учраас гуравдагч этгээдүүдээс газрыг давхцуулан олгосон гэх тайлбарыг өгсөн бөгөөд гуравдагч этгээдээр татагдаж байсан С.Мягмаржав, Э.Энхболд нарын тариалангийн газар нь хуучин мэдээллийн санд “Шаргал *******” ХХК-тай давхцалтай байсныг 2017 оны А/287 тоот, 2021 оны А/91 тоот захирамжаар газрыг байршлыг өөрчилж олгосон гэх Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/82 дугаар албан бичиг[11] хэрэгт авагдсан байна.

Мөн эрх олгосон актууд дээр газрын даамлын үүргийг зааж өгсөн байхад газрын даамлын буюу газрын асуудал хариуцсан албан тушаалтны албан хэрэг хөтлөх, газар зохион байгуулалтын хариуцлагагүй үйлдлээс болж гуравдагч этгээдүүдэд газар давхцуулан олгосон байдал үүссэн болох нь шүүх хуралдаанд оролцсон газрын даамлын “... мэдээллийн санд сул байсан газарт олголт хийсэн” гэх тайлбараар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэнтэй холбоотой 2008 оны байдлаар газар эзэмших эрхийг сэргээж эзэмшүүлэх талаар шүүхийн шийдвэр биелүүлэх арга замыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх нь зүйтэй байна. 

Эндээс нэхэмжлэгч аж ахуй нэгжийн эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байхад буюу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр[12] мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр[13] гуравдагч этгээдүүдэд тус тус газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын үндэслэл болох 2016 оны А/215 дугаар захирамжаар эзэмшүүлсэн энэ захирамж нь холбогдох хууль зөрчиж гарсан гэх тайлбартай холбогдуулж үзвэл уг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай”  А/215 дугаар захирамж гарснаас хойш 5 жил 1 сарын дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий акт гарсан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болж байна. 2016 оны А/215 дугаар захирамжийг тодорхойлбол хариуцагч хууль бус акт байсан гэж тайлбарлаж улмаар шүүх хуралдаанд “2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 гэх захирамж гарсан. Бид энэ захирамж дээр асуудал хөндөж байгаа. Энэ яагаад гарсан бэ. Энд газар эзэмшүүлэх тухай гээд шинээр газар эзэмшүүлэх асуудал үүсдэг. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн захирамж гарч байгаа гэж үзэж байна. Тухайлбал, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байдаггүй. Газар тариалангийн газар 30 га газар олгох асуудал байхгүй. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан Иргэдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлаас санал авах тухай байхгүй, мөн “Шаргал *******” ХХК-ийн хүсэлт ч байхгүй. Ямар ч хүсэлт материал байхгүй” гэж мэтгэлцсэнд холбогдуулан дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан үндэслэл байхгүй бөгөөд 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан улмаар дээрх 2016 оны А/215 дугаар захирамж нь нэхэмжлэгч аж ахуй нэгжийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт тул 5 жил 1 сарын дараа гарсан актад хариуцагчийн энэхүү тайобарын үндэслэл маргаан бүхий актыг гаргах үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн тайлбарт шинээр газар эзэмшүүлсэн гэж үндэслэл болгоод байгаа 2016 оны А/215 дугаар захирамжийг үзвэл захирамжийн захирамжлах 1 дэх хэсэгт “тус сумын Эрдэнэ багийн нутаг Өндөр хөтлийн 165 га талбайд үр тариа тэжээлийн зориулалтаар 30 га газрыг 15 жилийн хугацаатай “Шаргал *******” ХХК-д эзэмшүүлсүгэй” гэж заасан харин 2 дах хэсэгт ““Энэхүү захирамж гарсантай холбогдуулан тус сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 тоот захирамжийн “Шаргал *******” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гэж заасан байгаагаас дүгнэвэл энэхүү захирамж нь нэхэмжлэгч аж ахуй нэгжид шинээр газар эзэмшүүлсэн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, өмнө нь эзэмших эрхтэй байсан эрхийг сэргээж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн 2008 онд газар эзэмшиж байсан эрхийг сэргээсэн болох нь тогтоогдож байна.

Харин хариуцагч нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг 2015 оны, 2016 оны эрхийн актуудад маргаагүй буюу тухайн  асуудлаар шалтгаан үндэслэл гаргаагүй гэсэнд холбогдуулан үзвэл, уг актуудыг гаргахад үндэслэл болсон холбогдох баримт шалтгааныг нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс шаардах бус захиргааны байгууллага өөрөө гаргах, тайлбарлах үүрэгтэй, түүний үйл ажиллагаа тул мөн энэхүү хариуцагчийн үндэслэл маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Дээрхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсэг буюу “актын 1-д заасан хавсралтын 706 дахь” хэсэг, “актын 3 дах хэсгийн А/215 тоот захирамж” хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Шаргал *******” ХХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсэг буюу “актын 1-д заасан хавсралтын 706 дахь” хэсэг, “актын 3 дах хэсгийн А/215 тоот захирамж” хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хангаж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаар захирамжийн “Шаргал *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэж байх тул 2008 оноос хойш эзэмшиж байсан нэхэмжлэгчийн 30 га газар эзэмших эрхийг сэргээх, гуравдагч этгээд нарт газар давхцуулан олгосон давхцлыг арилгаж, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхийг хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1]  Хавтаст хэрэг 2, 11-12 дах тал

[2] Хавтаст хэрэг 1, 6 дах тал

[3] Хавтаст хэрэг 1, 42 дах тал

[4] Хавтаст хэрэг 1, 43 дах тал

[5] Хавтаст хэрэг 1, 44 дэх тал

[6] Хавтаст хэрэг 1, 15 дах тал

 

[7] Хавтаст хэрэг 1, 19 дах тал

[8] Хавтаст хэрэг 1, 44 дэх тал

[9] Хавтаст хэрэг 1, 52 дах тал

 

[10] Хавтаст хэрэг 2, 65 дах тал    

[11] Хавтаст хэрэг 1, 78 дах тал

[12] Хавтаст хэрэг 2, 235 дах тал

 

[13] Хавтаст хэрэг 1, 45 дах тал