Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/266

 

   М.А-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2102 00000 0324 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн М-ын А, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн техникийн инженер мэргэжилтэй, хувиараа эсгий улавч хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 2 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон;

М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КФС” хоолны газрын орчим автомашины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 1.0 грамм тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн М-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АҮ5829960 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 грамм шавар мэт зүйл, “Баавар сүүтэй” гэсэн бичиглэлтэй гялгар цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд 5-13 настай, сургууль, цэцэрлэгт явдаг. Эхнэр “Д” дэлгүүрт ажилладаг ба бамбайн хавдартай, 3 дугаар зэрэгт орсон тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Би 2019 оноос хувиараа гар урлал, эсгий болон хулсны үйсэн улавч үйлдвэрлэж, найзын хамт төмөр урлал, дархны ажил хийж байгаа. Би эхнэрийн “Д” салбар дэлгүүрийн бараа материал таталт, нийлүүлэлт, хүргэлт дээр цагийн ажилтнаар ажилд нь тусалдаг. Бусад үед хүүхдүүдээ асарч, сургууль, цэцэрлэгт хүргэж, авдаг. Зав гарсан үед таксинд явж, улавч хийдэг. Би гэр бүл, үр хүүхдэдээ үүрэг, хэрэгцээтэй хүн гэдгээ ухаараагүй, ухамсар дорой, болчимгүй хэрэгт холбогдож, өөрийгөө болон ойр дотнын хайртай хүмүүсээ зовлонд унагаж, харамсаж байна. Ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өнөөдөр шүүгдэгчийн эхнэр нь надад хагалгаатай холбоотой баримтаа авч ирж өгнө гэсэн боловч өгсөнгүй. Шүүгдэгч М.А-ийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...”

Прокурор Н.Гэрэлмаа: “...Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч М.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “КФС” хоолны газрын орчим автомашины зогсоол дээр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 1.0 грамм тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн: “...Би маш их харамсаж байна, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. ...”  гэсэн мэдүүлэг /хх 85, 112/,

М.А-ийн биеэс хураан авсан “Баавар сүүтэй цай” гэсэн бичиглэлтэй, гялгар уутанд ороосон бор ногоон өнгийн зүйл, АҮ5829960 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэртээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5115 дугаартай дүгнэлт /хх 24-26/,

М.А-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс тетрагипроканнабинол илэрсэн, уг бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5116 дугаартай дүгнэлт /хх 29-31/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.А-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч М.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна түүний биедээ хадгалж байсан зүйлсээс Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг бодис илэрсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна. Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээг хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршил буюу донтолт бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээнд татан оролцуулдаг зэргээр тус гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг харьцангуй ихэд тооцогддог онцлогтой.

Шүүгдэгч М.А нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 886 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэрэгт тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ийн гаргасан “...хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ