Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00209

 

         Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч:  У.Б-ийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид

           Нэхэмжлэгч: У.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч У.Б нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

          1.1. Миний бие 1964 оны 10 дугаар сарын 10-нд төрсөн. 60 настай. Би 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгаас цэргийн албанд татагдаж 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Төрсөн нутаг Увс аймгийн Зүүнхангай суманд аав ээж дээрээ ирж 1990 оныг дуустал мал маллаж байгаад 1991 оны 01 дүгээр сараас хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнхангай сумын кино механикчийн ажлыг хашиж байсан. Улмаар 2009 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өгөөж Баянхангай ХХК-д жолоочоор тус тус ажилласан. Жич: 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Соёлын төвийн эрхлэгчийн тушаалаар 2 жил ажилласан. Тухайн үеийн тушаал нь Увс аймгийн архивд хадгалагдаагүй байсан. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

       2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан тодорхойлолт, У.Б-т 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101 дүгээр шийдвэр, Д.Т-ны иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар шийдвэр, Д.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

         3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 231 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Д.Т, Д.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

         1. Нэхэмжлэгч У.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

         2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

          Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Увс аймгийн Зүүнхангай сумын Клубийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул У.Б-д холбогдох баримтыг судалж үзэх боломжгүй болно гэх тодорхойлолтоос харахад Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвийн баримт архивд шилжиж ирээгүй болох нь тогтоогдож байна.

         3. Нэхэмжлэгч У.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Хэдийгээр гэрч Д.Т, Д.Г нараас мэдүүлэг авсан бөгөөд Д.Т Би 1978 онд Зүүнхангай сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, 1978 оноос Ховдын Хөдөө аж ахуйн техникум сургуулийг элсэн орж, 1981 онд төгссөн. 1982 онд цэрэгт тагдаад 1985 онд халагдаж ирсэн. Би цэргээс халагдаж ирээд 1985 оноос эхлэн Увс аймгийн Зүүнхангай суманд соёлын төвийн эрхлэгчээр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. У.Б Увс аймгийн Зүүнхангай суманд соёлын төвд 1993 онд кино механикчаар ажилд орсон 1994 он хүртэл 2 жил ажилласан. Би тэр үед Зүүнхангай суманд соёлын төвийн эрхлэгчээр хийж байсан тул У.Бийг ажиллаж байсныг сайн мэднэ. 1994 онд ажлаас гараад Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан, Д.Г Би 1991 онд Увс аймгийн Зүүнхангай суманд соёлын төвд хөгжмийн багшаар ажилд орсон. 2001 онд орон тооны цомхотголоор ажлаас гарсан. У.Б Зүүнхангай сумын найман жилийн дунд сургуулийг төгсөөд, 1981 онд Дорнодын техник мэргэжлийн сургуулийг 3 сурч төгсөөд, 1984 залгуулаад цэрэгт татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэн. У.Б 1993 онд Увс аймгийн Зүүнхангай суманд соёлын төвд кино механикчаар ажилд орж байсан. 1994 он хүртэл 2 жил ажиллаад ажлаасаа гарсан талаар л мэдэж байна гэж мэдүүлсэн бөгөөд өөр нотлох баримт байхгүй.

        4. Нэхэмжлэгч У.Б-т 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт түүнийг ажилд томилсон чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн боловч тухайн хөдөлмөрийн дэвтэр нь 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээсэн боловч 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бичилт хийсэн буюу нөхөн бичилттэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Увс аймгийн Зүүнхангай сумын Соёлын төвд 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай У.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч У.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.БОЛОР