| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05083/И |
| Дугаар | 102/ШШ2024/02591 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02591
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, регистр , Б овогт Ц Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, тоот, регистр , Х ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 40 850 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, хариуцагч компаний захирал Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э нь Х ХХК-д холбогдуулан 40 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Х ХХК-ны захирал Г.Г нь Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил дээр нэгдсэн удирдлага, 6 зөрлөг, депо зэрэг ажлууд дээр гадна ханын хавтан угсралтын ажил хийлгэхээр Ц.Э надтай харилцан тохиролцсон. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажилдаа шуурхайлан орж ажилласан. Ингээд 1 метр квадратын хөлсийг 18,000 төгрөгөөр тохирсон ба нийт зургаан зөрлөг ажлын хөлс, нэгдсэн удирдлагын барилгын тал мөнгө 18 000 000 төгрөгийг надад төлсөн. Одоо нэмэлтээр хийсэн ажил болон нэгдсэн удирдлагын барилгын үлдэгдэл төлбөр нийт 40 850 000 төгрөгийг өгнө гэж 2021 оны 12 дугаар сарын 31-нд гэрээ хийж, компани тамга даран гарын үсгээ зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Мөнгөө нэхэхээр удахгүй өгнөө гэдэг боловч өгдөггүй. Иймд Х ХХК-иас ажлын гүйцэтгэлийн хөлс 40 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2020 онд Таван толгой Гашуун сухайт төмөр замын барилгын ажлын гадна фасад угсралтын ажлын гэрээг хийж хамтран туслан гүйцэтгэх 2 төрлийн баригадтай хувь хүмүүстэй ажиллаж одоогоор дуусгавар болгоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд барилгын ажил үйлчилгээ явуулах, бизнесийн таагүй нөхцөл байдлын барилгын ажлыг дуусгаад байна. Ажил үйлчилгээ эхлэхтэй зэрэгцэн ковид-19 нөхцөлд хөдөө орон нутагт ажиллах, ирж очих, Өмнөговь аймаг нь ногоон бүс халдваргүй бүс зэргээр анхны төлөвлөгөөт төсөв санхүүгийн байдалд шууд нөлөө үзүүлж эхэлсэн. Мөн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК-ийн тавьсан шаардлага хангах, ажилчдын түр байр иж бүрэн кемпийг байгуулан ажилчдын тав тух чанартай хоол хүнсээр хангаж эрүүл аюулгүй орчинд, сайн нөхцөлийг бүрдүүлэн ажиллах талд маш их хөрөнгө оруулалт хийж тэр төсөлд маш ихээр ач холбогдол өгч санхүүгийн маш том хөрөнгө оруулалт байсан. Нэхэмжлэгч тал гүйцэтгэх хамгийн бага нэгж учраас энэ бүх санхүүгийн хүндрэл нь мэдрэгдсэн бол гэрээт байгууллагын хувьд маш хүндрэлтэй нөхцөлөөр ажлыг зогсоолгүй явуулсаар дуусгавар болгосон. Хэдийгээр ажил дуусгавар болсон ч чанарын доголдол, үлдэгдэл ажлын гүйцэтгэл зэргийг эргэж засахгүйгээр шинээр ажил эхэлэсэн нэрээр Ц.Э ирж гүйцэтгээгүй ба эдгээр ажлыг ерөнхий гүйцэтгэгч компани хүлээгээд байхгүй тул дараагийн байгууллагаар хийлгэж манай гүйцэтгэлийн төсвөөс хасаж тооцсон болно. Мөн хамтран ажиллах хугацаандаа хэн нэгний зөвшөөрөлгүйгээр шөнөөр инженер техникийн ахлах ажилтныг унтсан хойно, ажилчдын байрны гадна хураалгаатай байсан бараа материал хулгай хийж байгаад баригдан асуудал гарсан эргүүлэн авчран өгөхийг шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй байсаар байна. Иймд манай байгууллагын хувьд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, өөрийн буруутай үйлдлээс гэрээт ажилд муугаар нөлөөлсөн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн бүтэн авсан, дээр нь бараа материал хэлж мэдэгдэлгүй авч явсан үйлдэл байгаад ямар нэгэн төлбөрийг өглөг байхгүй болохыг үүгээр илэрхийлж байна. Бусад гэрээт бригадын залуус зарим гүйцэтгээгүй ажлыг хийж гүйцэтгэн манайтай тохирсон үнэ хөлсөө гүйцэт авч ажилласан болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Х ХХК-ийн захирал Г.Г болон Ц.Э хоорондоо бичгээр хийсэн тохиролцоо /хх-4/, Х ХХК болон Шувуутай жигүүр ХХК хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ /хх 47-49/,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, барилгын фото зураг /хх 29-34/, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 04/24003 дугаар албан тоотоор Б ХХК-д хандаж гаргасан хүсэлт /хх-39/, Б ХХК-тай байгуулсан гэрээ /хх 51-71/, Б ХХК-иас хүргүүлсэн доголдол арилгуулах тухай албан тоот хавсралт /хх 72-77/,
Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт: Баянгол Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс хариуцагчийн хаягийг тодруулан ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан тоот/хх 19/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Х ХХК нь Ц.Э-тай харилцан тохирч 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Таван толгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын нэгдсэн удирдлага, зөрлөг, депо зэрэг барилгын ажилд ханын хавтан угсралтын ажил гүйцэтгүүлсэн, ажлын хөлсийг 1 м.кв нь 18 000 төгрөгөөр тохирчээ.
Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлс 18 000 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Харин 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талууд нэмэлтээр хийсэн ажил болон нэгдсэн удирдлагын барилгын үлдэгдэл төлбөр нийт 40 850 000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан нь баримтаар тогтоогдсон байна.
Х ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.
2.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ...гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, доголдлоо арилгаагүй гэж тайлбарлажээ.
Б ХХК нь Х ХХК-тай 2022 оны 5-р сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, туслан гүйцэтгэгч байх ба харин Х ХХК нь Ц.Э-тай 2021 оны 7-р сард гэрээ хийж ажил гүйцэтгүүлсэн байна.
Ерөнхий гүйцэтгэгч нь Х ХХК-д 2024 оны 5-р сарын 2-ны өдөр доголдол арилгуулах тухай мэдэгдсэн нь Ц.Э-ын гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэх үндэслэлгүй.
Нөгөө талаас, Ц.Э нь гүйцэтгэсэн ажлын доголдлоо Шувуутайн жигүүр ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх ба 2022 оны 5-р сарын 20-ны өдрийн гэрээг хариуцагч няцаагаагүй байна.
Түүнчлэн Х ХХК нь ерөнхий гүйцэтгэгчийн мэдэгдсэний дагуу өөрөө доголдлоо арилгаагүй, энэ талаар маргаагүй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 362 200 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 362 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 362 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-иас 40 850 000 /дөчин сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Ц Э-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 362 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 362 200 төгрөг гаргуулж Ц.Э-т олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА