| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/00607/И |
| Дугаар | 102/ШШ2024/02679 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02679
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БНСУлсын ............................ тоот хаягт оршин суух, регистр , Б овогт Лын Э,
Хариуцагч: Баянгол дүүргийн .....................тоотод оршин суух, регистр , Б овогтой Ц М,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдан авах гэрээний үүрэг 129 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Э нь Ц.Мт холбогдуулан 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Л.Э нь 2023 оны 07 сард орон сууц худалдаж авахаар иргэн Ц.Мт эй холбогдож, түүнээс Улаанбаатар хот, ........................ блок 2 орц, 5 давхарын 57.39 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 129.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Э нь М ийн эзэмшлийн.... тоот дансанд 2023.07.29-ний өдөр 20.000.000 төгрөг, 2023.07.30-ны өдөр 40.000.000 төгрөг, 2023.08.01-ний өдөр 69.000.000 төгрөгийг тус тус 3 удаагийн гүйлгээгээр нийт 129.000.000 төгрөгийг түүнд бүрэн төлсөн. Гэвч би орон сууцаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй, гомдолтой байна. Ц.М нь надаас мөнгөө аваад, И ХХК- аас орон сууцны авлагатай, орон сууцаа аваад, өмчлөлийг нь шууд шилжүүлнэ гэсэн. Хэдий М нь дээрх компаниас орон сууц авч өгнө гэж мөнгө авсан ч нөгөө барилгын компани нь М ийн надад өгнө гэсэн байрыг өөр иргэнд худалдан борлуулсан талаар би дараа нь олж мэдсэн. Нэгэнтээ М ийн надад өмчлөлийг шилжүүлж өгнө гэсэн байр цааш зарагдсан тул би 129.000.000 төгрөгөөр хохирч үлдээд буй тул одоо түүнд өгсөн мөнгөө авахаас өөр аргагүй хүнд нөхцөл байдалд ороод байна. М нь өөртөө байхгүй орон сууцыг надад зарна гэж худал хэлж мөнгө авсан тул М ээс 129.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж буйг хүлээн авч, хуульд заасан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М нь 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 20 тонны краныг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр оруулж ирээд С гэдэг хүнд 140,000,0000 төгрөгөөр худалдахаар харилцсан тохирсон байна. С гэдэг хүн барилгын компанид И ХХК-д паркетын шалыг шахах туслан гүйцэтгэх ажил хийж байсан. Тухайн барилгад ажиллаж байхад байрнаас бартер хийх буюу хийсэн ажлын хөлсөнд Хан-Уул дүүрэг, .................. давхрын 57,39 мкв талбайтай 2 өрөө байрыг авахаар тохиролцсон байна. Краны тооцоонд Ц.Мт тухайн 2 өрөөний байрыг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Ц.М нь тухайн компаниас орон сууц авах нь тодорхой учраас худалдан борлуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн зуучийн компанид хандсан. Тус мэдээллийн дагуу Э холбогдоод худалдаж авах саналыг илэрхийлж, үнийн дүг 129,000,000 төгрөг гэж тохиролцсон байна. Дараа нь нэхэмжлэгч И ХХК-тай орон сууц худалдах, худалдаан авах гэрээг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байдаг. Захиалагч талаас Л.Э , нөгөө тал нь Г.Н И ХХК-ийг төлөөлж харилцсан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн компаниас шалтгаалах нөхцөл байдлаас болоод гэрээний үүрэг хангагдаагүй, 2 өөрөө байрыг нэхэмжлэгчид өгч чадахгүй үйл баримт тогтоогдсон. Харин түүнд хариуцагч Ц.М ямар нэгэн буруугүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: 2024.01.02-ны өдрийн итгэмжлэл /хх-3/, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх 4-6/, 2023.07.29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ /хх 48-51/,
Хариуцагчаас: 2024.01.02-ны өдрийн итгэмжлэл /хх 20/, О ХХК-ний тодорхойлолт /хх 22/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 23/, өрхийн гишүүдийн талаарх баримт /хх 24-26/, 2023.06.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээ /хх 46-47/, 2023.06.26-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх 53-59/, Гэрч асуусан тэмдэглэл /х.х-75-р хуудас
Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч асуусан тэмдэглэл /хх-75/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Ц.М нь И ХХК-тай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ................ блок, 2 дугаар орц 5 давхрын 57.39 мкв талбайтай 2 өрөө сууцыг 115 000 000 төгрөгөөр авахаар тохирсон байжээ.
Түүний бичгээр байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй боловч энэ талаар талууд маргаагүй.
Ц.М нь М ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулж, тухайн сууцыг худалдахаар тохирсон, Л.Э нь М ХХК-тай зуучийн үйл ажиллагааны шугамаар 129 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон, улмаар И ХХК-тай орон сууцны захиалгын гэрээг 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна.
Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь орон сууц захиалгын эрхийг Ц.М ээс худалдан авсан, тухайн үед орон сууц ашиглалтад ороогүй байсныг хэн аль нь мэдэж байжээ.
Хэдийгээр И ХХК-ний худалдахаар тохирсон сууц ашиглалтад орсон боловч 2 өрөө сууцыг Л.Э д хүлээлгэж өгөөгүй нь гэрч Г.Н-ын тус барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажилласан, бартераар авах 35 байр авахаар тохирсон, энэ байрыг С гэдэг хүнд ажлын хөлсний оронд байр өгөхөөр тохиролцсон, харин С нь Ц.М гэдэг хүнд шилжүүлсэн, Ц.М нь Л.Э ыг дагуулж ирээд манайх энэ байрыг зарж байгаа, гэрээгээ шилжүүлье гэхээр нь шилжүүлээд гэрээ хийсэн, манайхыг ажил дутуу хийсэн, 2,000,000,000 төгрөгийн өртэй гээд 7 байр өгөөгүй, үүний дотор энэ 2 өрөө байгаа, Л.Э д учир шалтгаанаа хэлсэн, тодорхой нэг тохиролцоонд хүрээгүй, байр өгөх боломжгүй, хохирлыг барагдуулна гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, И ХХК-ний үйл ажиллагаатай холбоотойгоор Л.Э ы сууцыг хүлээлгэж өгөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 802 950 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.М ээс 129 000 000 /нэг зуун хорин есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Л.Э ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА