2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1329

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408023940749 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 00 дугаар сарын 00-нд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 71 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 0, охин, хүргэн, 0 зээ нарын хамт  Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:*************), ******* овгийн *******ийн *******.

 

                                                      Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.******* нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор П.******* гэх хүүхдийг төрөөгүй байхад, төрсөн мэтээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, түүнийг байгаа мэтээр хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, П.*******ийн нэрээр 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.540.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй, миний буруу.” гэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Л.******* нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авах зорилгоор өөрийн төрсөн охин *******гийн *******ийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр амаржих үед хүү Б.*******-*******э төрсөн талаарх нярайн баримт бичгийг ашиглан ихэр хүүхэд төрсөн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, огт мэндлээгүй  “П.*******” гэх нэрээр  Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн нэр дээр овоглон *******гийн ******* гэх хүүхэд  төрсөн мэтээр бүртгүүлжээ.

Улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр П.******* нэрээр цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас ирснээр Л.******* нь П.*******ийг “өөрийн охиноос өргөж авсан, хөгжлийн бэрхшээл оюун ухааны хомсдолтой, сургуульд сураагүй, өөрийгөө болон бусдыг таних чадвар муутай, тэнэж алга болоод ирдэг, 2024 оны 6 дугаар сард гараад ирээгүй, Хар хорин захын ойролцоо явдаг, хүүгээ үхэж үрэгдсэн гэж бодож байна” хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулах явцад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөлтийн болон нярайн түүхийн баримтаар “П.*******” гэх хүүхэд бодитоор төрөөгүй бөгөөд бодит байдалд оршин байгаагүй болохыг тогтоосноор Л.******* нь 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд П.*******ийн нэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 6.540.000 төгрөгийг авсан үйлдэл илэрсэн байна.

Энэ хэргийн үйл баримт нөхцөл байдал нь эрүүгийн 2408023940749 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан;

Л.*******гийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд  “...Миний бие өөрийн төрсөн охин *******ийн хүү *******ийг дөнгөж төрөөд 1 сартай байхад нь өөрийн нэр дээр үрчлэн авч өсгөж өөрөөрөө овоглож төрсний гэр бүлд бүртгүүлсэн. Хүү маань төрөлхийн хөгжлийн бэрхшээл оюун ухааны хомсдолтой юмаа. Сургууль соёлд суугаагүй. Өөрийгөө болон бусдыг таних чадвар муутай. Эмээ өвөө бид хоёртойгоо амьдардаг байсан. Хүү маань тэнээд алга болчихдог тэгж байгаад хүрээд ирдэг. Хамгийн сүүлд 2024 оны 6 дугаар сарын 04-нд ирсэн, түүнээс хойш ирээгүй сураггүй болсон. Хүү маань Хархорин захын ойролцоо л явдаг. Би хүмүүсээс сураад сургийг гаргаад л явдаг байсан. Гэвч ойрын өдрүүдэд харсан үзсэн хүн гарахгүй байна. Миний бие өндөр настай хүн сүүлийн 20 гаруй хоног хүүгээ эрж хайлаа, олдсонгүй. Өнөө маргаашгүй бурхны оронд явах болсон би хүүгээ амьд сэрүүн олж авхуулан сургийг нь гаргаж асран хамгаалагч тогтоолгох хүсэлтэй байна. Эх хүний зөн совин хүүгээ энд тэнд үхэж үрэгдсэн байх гэж бодож байна. Иймд хүү *******гийн *******ийг эрэн хайж олж өгч тусална уу.” Өргөдөл гаргасан МУ-ын иргэн Л.******* гэжээ. (хавтаст хэргийн 20, 24 дэх тал) П.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 21, 22 дахь тал) П.*******д цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал) Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал) Эрэн сурвалжлах зарласан болон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 43-48 дахь тал) П.*******ийн төрөлтийн түүх, нярайн түүхийн хуулбар (хавтаст хэргийн 81-100 дахь тал) 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/3045 дугаартай Боловсролын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 50 дахь тал) 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/419 дугаартай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 52  дахь тал) 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6/10378 дугаартай Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 69 дэх тал) 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 730 дугаартай “Транс” банкнаас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 71 дэх тал) 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2369 дугаартай Капитрон банкнаас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал) 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4592 дугаартай Төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 77 дахь тал) 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг (хавтаст хэргийн 138-141 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.*******ийн өгсөн: “Манай ээж 2024 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байранд байж байхад миний Хэнтий аймаг дахь хаяг дээр цэргийн зарлан ирсэн талаар шууданч хэлсэн. Тухайн үед би хэнд зарлан ирсэн талаар маш их гайхаж энэ талаар ээж *******гээс “манайд цэргийн зарлан ирэх хүн байхгүй дээ” гэхэд ээж ******* энэ талаар надад “би өөрөө учрыг нь олох болно” гэж хэлээд энэ талаар надад тодорхой зүйл яриагүй. Тэгээд нэг их удалгүй байж байтал цагдаагийн байгууллагаас надтай холбогдож П.******* гэх хүн сураггүй алга болсон талаар мэдүүлэг тайлбар авах талаар хэлсэн бөгөөд энэ талаар ээж *******гээс асуухад надад 2006 онд П.******* гэх хүүхдийг улсын бүртгэлд бүртгүүлэн хуурамч бичиг баримт авсан талаараа үнэнээ хэлсэн. Би үүнээс өмнө энэ талаар мэдэх зүйл огт байхгүй. Ээж энэ талаар надад хэлж байгаагүй. Тэр үед ээж маань энэ талаар надад хэлэх үедээ хууль шүүхийн байгууллагаас маш их айж байгаа талаараа надад хэлж байсан бөгөөд би ээжийгээ асуудалд оруулахгүй гэсэндээ цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх үедээ П.******* гэх хүүхэд сураггүй алга болсон талаар худлаа мэдүүлсэн нь үнэн. Би ээжийгээ бодсондоо л ийм үйлдэл хийсэн. Худлаа мэдүүлэг өгсөндөө маш их гэмшиж байна. Би болсон талаар цагдаагийн байгууллагад үнэнээ хэлэх талаар маш их бодсон боловч 70 нас хүрч байгаа ээжийгээ өрөвдөөд үнэхээр хэлж чадаагүй. Би энэ талаар мэдсэн зүйл байхгүй. Ээж энэ талаараа хэнд ч хэлж байгаагүй гэж байсан. Манай эгч ******* 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай зээ дүү *******-*******ийг төрүүлж байсан бөгөөд ихэр хүүхэд төрүүлж байгаагүй. ******* гэх хүүхэд байсан эсэх талаар огт мэдэхгүй. Манай ээж ******* манай эгч *******ийн хүү *******-*******ийн нярайн бичгийг 2006 онд ашиглаж П.******* гэх нэр дээр төрсний гэрчилгээ авсан талаар ******* эгч огт мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-42 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.*******ийн өгсөн: “Манай ээж Л.******* өмгөөлөгч авч байгаа талаар нь мэдээд ээжээс яагаад өмгөөлөгч авсан юм бэ гэж өөрийн төрсөн дүү П.*******ээс асуух үед ээж маань өөрийнхөө нэр дээр манай хүү *******-*******ийн эмнэлгийн төрсөн тухай бичгийг ашиглан 2006 онд төрсний гэрчилгээ гаргуулан авч хүүхдийн мөнгийг нь захиран зарцуулж байсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар нь мэдсэн учраас мэдүүлэг өгч байна. Би 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдсэн эмнэлэгт өөрийн төрсөн хүү *******-*******ийг төрүүлж байсан. Манай ээж өмгөөлөгч авч байгаа талаар хэлэх үед  энэ асуудлын талаар мэдсэн. Би урьд өмнө нь ийм зүйл болсон талаар огт мэдээгүй. Би 1998 онд 4 дүгээр ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах ээжийнхээ төрсөн эгч *******ийн гэрт амьдрахаар очоод тэрнээс хойш ээжтэйгээ хамт амьдраагүй бөгөөд 2006 онд анхны хүүхдээ төрүүлэх үедээ ээж дээрээ Хэнтий аймгийн Хэрлэн суманд ирж төрсөн юм. Би төрөх үед Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд харьяалалтай болсон байсан учраас манай ээж ******* 2006 оны 01 дүгээр сараас 2 сарын үед манай хүү *******-*******ийн нярайн бичгийг авч яваад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын улсын бүртгэлийн хэлтэст манай хүүгийн төрсний гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн үед манай хүүг улсын бүртгэлийн газар руу авч яваагүй бөгөөд төрсний гэрчилгээг зүгээр олгосон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-128 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.*******-*******ийн өгсөн: “Надад П.******* нэртэй ихэр ах дүү байдаггүй. Манай эмээд ******* гэх нэртэй ямар ч хүүхэд байхгүй.  Тухайн зургийг харлаа энэ зураг миний зураг мөн байна. Би тухайн зургийг яг хэдэн насандаа даруулсан гэдгээ санахгүй байна. Би төрсөн цагаасаа хойш Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд амьдардаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн135-136 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.*******ийн өгсөн: “2006 оны 9 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газарт ажилд ороод 2008 оны 6 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр гарч байсан. Тухайн гэрчилгээн дээрхи бичиглэл миний бичгийн хэв гарын үсэг мөн байна. 2006 онд Хэрлэн сум 20,000 орчим хүн амтай байсан. Суманд нэг улсын бүртгэгч байсан. Өдөрт 100 гаруй иргэнтэй харьцдаг байсан. Тухайн үед бол шинээр төрсөн хүүхдэд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэндэлсэн нь үнэн гэсэн тодорхойлолт өгдөг байсан. Тэр бичиг над дээр ирэхэд аав, ээж 2 нь гэрлэлтийн баталгаатай бол эцгээр нь овоглоно харин гэрлэлтийн баталгаагүй бол ээжээр нь овоглож байсан. Хүүхдээ бол авчрахгүй, харин асран хамгаалагч нь өөрийн биеэр ирж өөрийн бичиг баримт болон эмнэлгээс гаргаж өгсөн тодорхойлолттой ирж хүүхдийн гэрчилгээг бүртгэж авдаг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 170-171 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн өгсөн: “Би тухайн байгууллагад 2020 оноос хойш хяналтын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2025 оноос хойш хууль эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс манай байгууллага руу ирүүлсэн албан тоотын дагуу тус хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. *******гийн ******* нь манай байгууллагын Нийгмийн халамжийн сангийн цахим бүртгэлд 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сар бүр тасралтгүйгээр нийт 6.540.000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр авч байсан. П.******* нь 2013 оны 01 дүгээр сараас 2013 оны 06 дугаар сарыг хүртэл Хаан банкны дугаарын дансаар, 2013 оны 07 дугаар сараас, 2013 оны 09 сарыг хүртэл Төрийн банкны дугаарын дансаар, 2013 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг хүртэл Хаан банкны дугаарын дансаар тус тус хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан бөгөөд 2006 оны 04 сараас, 2012 оны 12 дугаар сарыг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлэн мөнгөөр авч байсан. 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 6,540,000 төгрөгийн хохирол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санд учирсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 148-150 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авахад хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан  үйлдэл хамаарна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  “Нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Нийгмийн халамжийн тэтгэмж”-ийн төрөлд багтаан хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.6-д нийгмийн халамжийн тэтгэмж болгон хуульчилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн халамжийн тэтгэмж” гэх шинжид хамаарч байх бөгөөд уг гэмт хэргийн объектив тал нь хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байхаар хуульд заажээ.

Иймд шүүгдэгч Л.*******гийн дээрх үйлдэл нь хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Л.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд огт төрөөгүй П.******* нэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 6.540.000 төгрөгийг хууль бусаар авсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******г “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авсан” гэмт хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно. 

Шүүгдэгч Л.******* нь 2026 оны 04 дүгээр сарын 24-нд Халамжийн сангийн Төрийн сан банк дахь дансанд 6.540.000 төгрөгийг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 204 дэх тал)-д авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож ухаарч байгаа, хохирол төлбөр төлсөн, айсан байсан учир худал өргөдөл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Одоо 71 настай, эрүүл мэндийн хувьд байнгын хяналтад байдаг зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий санал, хүсэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Л.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  (төрөөгүй хүүхдийг төрсөн мэтээр баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ (6,540,000 төгрөгийн хохирол Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санд учруулсан), гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон байх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” төрлийн сонгох ялаас (71 нас)-ны байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзах учиртай.

Нөгөө талаас хязгаарлалт тогтоосон бүсчлэл нь чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлж чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоох үр дагавартай учир шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд хамаарах өндөр настай зэрэг байдлыг харгалзаж эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах тохиолдлыг хязгаарлалтын бүсчлэлээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй гадагш зорчих боломжийг шүүх харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт Л.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                        

                                                                     ТОГТООХ нь:

1. ******* овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Л.*******гийн зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Л.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ