Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/267

 

   Б.М, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Э.Э,

шүүгдэгч Б.М, Э.Э нарын өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.М, Э.Э нарт холбогдох 2102 00390 0296 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн М, 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа шивээс хийдэг гэх, ам бүл ганцаар Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

А овгийн Э-ийн Э, 2001 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д туслах ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг, ...тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

Б.М нь Э.Э-тай хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...тоотод байрлах нийтийн байрны 8 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын бодисын агууламжтай өвс гэх нэршилтэй нийт 1.0021 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

Э.Э нь Б.М-тэй хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1.0021 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Э-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан зураасан зураглал бүхий цагаан өнгийн цаасанд боосон өвс мэт зүйл 1.002 грамм бодисыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цадан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Би Дорноговь аймгийн ... суманд эх, дөрвөн дүүгийн хамт мал маллан амьдардаг. 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хоноглох газаргүй учраас найз Э.Э-тай холбогдож, “З” гэх газар нийтийн байранд очсон. Найзындаа долоо хоноод байж байтал 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр цагдаа нар гэнэт орж ирээд нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үед орон доороос нь цаасанд боолттой ногоон өнгийн ургамал хурааж авсан. Би тэр ургамлаас ганц удаа сорж үзсэн бөгөөд хадгалж байсан гэдгийг мэдээгүй. Иймд би уг гэмт хэрэгт хамтран оролцож, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, дэмжлэг үзүүлсэн, хамжигчаар оролцоогүй. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв

Шүүгдэгч Б.М,  Э.Э нарын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М нь өөрийн найз Э.Э-тай нийтийн байран амьдарч байсан нийтийн байранд үзлэг хийхэд шүүгдэгч Э.Э-ын унтдаг гэх орон доороос мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу өвс илэрсэн. Энэхүү өвсийг орон доор хадгалж байсныг шүүгдэгч Б.М мэдэж байсан. Хамтдаа өвсийг хэрэглэдэг байсан нь тогтоогдсон. Прокуророос шүүгдэгч Б.М-ийг Э.Э-ыг нийтийн байранд өвсийг хадгалж байгааг мэдсэн, мөн хадгалах үйлдэлд нь дэмжлэг үзүүлэн хамтдаа хэрэглэж гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж үзсэн. Энэ гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюул ихтэй учраас хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгч Б.М-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М, Э.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Э.Э, Б.М нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, өвс гэх нэршилтэй, нийт 1.0021 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ч.Т-ийн: “...Би Б.М, Э.Э  нартай 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түрээсийнх нь байранд уулзсан. Орой 18-19 цаг болж байсан байх, намайг гэрт нь орж ирэхэд Б.М, Э.Э хоёр бонгоор өвс татаж байсан. Би тэр үед нь татаагүй, харин архи уусан. Тэр хоёрыг өвс татаад байхаар нь би ч гэсэн сонирхоод хэд сорж үзээд чадахгүй болохоор нь больчихсон. ...” /хх 44/,

гэрч М.М-ын: “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Э.Э, Б.М нарын гэрт очсон. ...Хоол идээд байж байтал хаалга тогшсон. Хаалгыг нээхэд гурван цагдаа байсан. Тэгээд бид нарыг гараа ардаа аваад үйл хөдлөл хийхгүй байхыг сануулсан. Тэгээд гэрт нь нэгжлэг хийхэд орон доороос нь ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг хураан авсан. ...” /хх 49/,

шүүгдэгч Э.Э-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 99/,

шүүгдэгч Б.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд  “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 91/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” /хх 174/ гэсэн мэдүүлгүүд,

Э.Э-ын биеэс биологийн дээж болгон авсан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4142 дугаартай дүгнэлт /хх 53-55/,

Б.М-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4141 дугаартай дүгнэлт /хх 73-75/,

шүүгдэгч Э.Э-ын оршин сууж байсан Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот нийтийн байранд хийсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цаасны боодолтой өвс мэт зүйлээс дельта-9, тетрагидроканнабинол илэрсэн, уг бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт /хх 63-65/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай, Э.Э-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биеэс биологийн дээж болгон авсан шээснээс Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид заасан бодис илэрсэн, хэргийн газрын үзлэгээр тэдгээрийн амьдарч байсан гэрээс мөн тус конвенцийн жагсаалтад заасан бодис илэрсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тэдгээрийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хангалттай тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсэж бий болгосон байхыг ойлгодог.

Шүүгдэгч Э.Э-ын амьдарч байсан байрнаас тухайн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн, тухайн цаг мөчид Б.М нь тухайн байранд хамт оршин сууж байхдаа тэдгээр нь хамтдаа хэрэглэсэн, хадгалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.М-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Шүүгдэгч Б.М, Э.Э нар нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримтгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 713, 717 дугаартай дүгнэлтүүд /хх /58-59, 68-69/-ээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.М-т 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Э нарын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тус тусын 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ