Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2023/0032

 

 

 

 

 

 

 2023       09         07                                                  123/ШШ2023/0032

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Дэрэм

Хариуцагч: Баянжаргалан сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Т.Дашмаа нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,  хариуцагч Ө.Нямбаяр, гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Т.Дашмаа, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг, гэрч Ө.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Г.Дэрэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн А/191 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар гэж өөрчилсөн тул, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаанд Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/36  дугаар албан бичгээр хариугаа авсан байна. Тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Г.Дэрэмийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дэрэмд Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 сарын 14-ний өдрийн А/08 дугаартай захирамжаар тус сумын 3 дугаар баг, Номтын хар толгойн зүүн урд гэх газар 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2020 оны 06 сарын 10-ны өдөр 000092801 дугаартай гэрчилгээг олгож, гэрээг шинэчлэн байгуулсан. Газар эзэмшигч Г.Дэрэм нь 2008 оноос хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарах хүртэл газар эзэмшигчийн хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Г.Дэрэмийн  Номтын хар толгойн зүүн урд гэх өвөлжөөний газраа эзэмших эрхэд нутгийн иргэн Л.Отгонбат халдаж, ямар ч эрхийн баримт бичиг байхгүйгээр газрыг нь эзэмшээд, ашиглаад, хашаа саравч барьж нүүхгүй байсан тул Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаад хянан шийдвэрлүүлэх явцад маргаан бүхий газрыг Чимэдийн Тогос, Өлзийн Дашзэвэг, Тогосын Дашмаа нар хамтран эзэмших эрхтэй бөгөөд надад газраа эзэмшүүлж байгаа гэж тайлбарлаж Засаг даргын 2007 оны 10 сарын 30-ны өдрийн 130 дугаартай захирамжаар Ч.Тогост Хавцгайн зүүн хар толгой гэх газар 0.07 га газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, 2007 оны 11 сарын 15-ны өдөр олгосон 0116821 дугаартай гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.

Г.Дэрэмд 2008 оны А/08 дугаартай захирамжийн хавсралтаар “Номтын хар толгойн зүүн урд” гэх газрыг, Ч.Тогост 2007 оны А/130 дугаартай захирамжийн хавсралтаар “Хавцгайн зүүн хар толгой” гэх газрыг олгосон захирамж гаргасан байдаг. Газрын байршлыг тодорхой зааж эзэмшүүлсэн байхад сумын Засаг дарга газар давхацсан гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж, Газрын тухай хуулийг баримталж 2022 оны 11 сарын 30-ны өдрийн А/191 дугаар захирамжаар Г.Дэрэмийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн 191 дугаартай захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг үндэслэсэн. Энэ заалтыг үндэслэсэн хэрнээ хуульд заасан ямар нөхцөл байдлыг тогтоосон талаар баримт байхгүй. Газрын албанаас шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээч газрын мэдээллийн сан, газар, уул, усны нэршлээр эдгээр хүмүүсийн газар нь хоорондоо давхцаагүй байна, тусдаа газрууд байна гэж зааглаад ялгаад өгчихсөн байна. Иймд Г.Дэрэмийн газар эзэмшиж байгаа эрхийг хүчингүй болгосон нь хууль бус шийдвэр, Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудыг хангаж чадаагүй, хууль бус захирамж байна байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 48 дугаар зүйлүүдийг үндэслэж энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

2.2. Хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга Ө.Нямбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянжаргалан сумын иргэн Гомпилын Дэрэм /НЕ53032579/-ийн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сумын Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/191 тоот захирамж нь хууль бус шийдвэр биш. Учир нь иргэн Г.Дэрэм, Ч.Тогос нарын өвөлжөө нь нэг газар бөгөөд нэршлийн хувьд 2 газар шиг харагдаж байгаа бөгөөд сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 тоот захирамжийг гаргах болсон үндэслэл нь иргэн Г.Дэрэмийн өвөлжөө болох Номтын хар толгойн зүүн урд гэх газар нь 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 тоот захирамжаар иргэн Ч.Тогост олгогдсон Хавцгайн зүүн хар толгой гэх газартай давхцаж байсан тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж Г.Дэрэмийн газар эзэмших гэрчилгээг цуцалсан. Нутгийн иргэд болон тухайн үеийн багийн Засаг дарга нараас тодруулахад Ч.Тогост олгосон Хавцгайн зүүн хар толгой гэх газрын нэршил нь зөв байна. Тиймээс түрүүлж захирамж гарсан нь Ч.Тогост өвөлжөөг эзэмшүүлж Г.Дэрэмийн өвөлжөөг цуцалсан...Газрын тухай хуульд түрүүлж эзэмшсэн хүнд олгоно гэх хуультай. Эзэмшигчийг газрын тухай хуульд тодорхой заасан. Сүүлийн 2 жил ашигласан байх, газрын төлбөрөө төлсөн байх ёстой. Г.Дэрэм гуай, гуравдагч этгээд нар хэн нь ч миний мэдэж байгаагаар 10-15 жил буугаагүй. Л.Отгонбаттай маргалдсан. Захиргааны актыг хэвээр үлдээх хүсэлттэй байна гэв.

2.3. Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч Т.Дашмаа шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газарт 1978 оноос хойш миний аав бас амьдарч байсан. Би эцэг, эхтэйгээ амьдарч байхад 2013 онд миний аав нас барсан. 2013 онд аавыгаа нас барснаас хойш очиж, дахиж буугаагүй. Манай өвөлжөөнд Л.Отгонбатынх ойр байсан. Л.Отгонбат надад би танай өвөлжөөн дээр бууя, харж хандаад байя гэж хэлсэн. Би тэтгэвэрт гартал чи байж бай гээд хэлсэн. Би төвд ажил хийж байсан. Манай бага ах 2016 онд тэнд амьдарч байсан. Тэгээд мал олонтой болохоор сумын төвд ойрхон буугаад яах вэ гээд урагшаа 40-50 км-ийн зайтай буусан. Г.Дэрэм гуайн өвөг эцэг нь Номтын хар толгойн зүүн талаар өвөлжиж байсан гэдэг. Манай бууцыг манай аав гаргасан. Тэр гаргасан хүмүүс тойроод бүгд мэдэж байгаа. Хашаа, саравчны тухайд бууц нь дээр байгаа саравч манай саравч. Баруун урд талд нь Л.Отгонбат том хашаа барьсан байсан. Г.Дэрэм огт бууж байгаагүй. Би 2013 оноос хойш буугаагүй. Гэхдээ сүүлийн 3-4 жил 2013 оноос хойш зунжиж байсан газар. Сүүлийн үед Л.Отгонбат 10-иад жил амьдарч байгаа газар. ... Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны А08 дугаартай захирамж, 0116845 тоот газар эзэмших гэрчилгээгээр иргэн Г.Дэрэмд Номтын хар толгойн зүүн талд газар эзэмшүүлсэн байхад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээгээ Номтын хар толгойн зүүн урд болгож өөрчилсөн нь хууль бус, захирамжтай зөрчилдөж байна.

Манай аавын гэрчилгээ 2007 оных. Багийн хурал болсон. Багийн хурлаар би болон Г.Дэрэм гуай гэрчилгээгээ бариад очсон. Г.Дэрэм гуай манай тэр газар дээр гэрчилгээ авсан талаар би мэдээгүй байсан. Хурал дээр мэдсэн. Тэр хурал дээр ганц бид хоёрынх давхцаагүй. Олон айл давхацсан байсан. Тэр хурлаар 1 хоногийн өмнө түрүүлж авсан хүнд эзэмшүүлнэ гэх шийдвэр гарсан. Засаг дарга тэрийг үндэслэсэн байж магадгүй. Хоёрдугаарт, Г.Дэрэм гуай над дээр малаа маллах гэсэн юм. Чи яагаад миний газрыг Л.Отгонбатад өгсөн юм бэ гэж нэг ч удаа ирээгүй. Миний бодлоор хүүхэд нь хөдөө гарах болж, сонгуулиар хөдөө гарсан. Тэр жилээс л хүүхдээ бодож тэгсэн гэж бодож байна. Би миний аавын газар, та амьдарч байгаагүй, яв гэж хөөгөөгүй. Хэрэв тэгж ярьсан бол нэг өөр. Багийн хурлаар би тэгж ойлгоод манайх түрүүлж авсан учраас миний эзэмшлийнх гэж ойлгоод чимээгүй хаясан. Дараа нь кадастр хийлгэсэн гэх асуудал гарахаар нь би өөрөө кадастр хийлгэж, хөөцөлдөж явж болохгүйгээ мэдсэн. Түүнээс Г.Дэрэм гуай бид хоёр муудалцсан зүйл байхгүй гэв.

2.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сумын Засаг даргын захирамжаар 2007 онд Ч.Тогост маргаж байгаа газрыг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч сумын Засаг даргын захирамжаар 2008 онд Г.Дэрэм гуайд уг газрыг эзэмшүүлсэн гэдэг. Ч.Тогос газраа эзэмшиж ашиглаж байгаад 2013 онд нас барсан. 2013 оноос хойш Ч.Тогосын хүүхэд  Л.Отгонбат эзэмшиж ашиглаж байгаа. 2008-2013 онд хүртэл Г.Дэрэм энэ газрыг эзэмшсэн ашигласан газрын төлбөрийг төлсөн талаар нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Г.Дэрэм гэх хүн өөрийнхөө байх ёстой газрыг мэдээгүй явж байна. Номтын хар толгой гэх газарт очиж хэмжилт хийгээд өөрийнх гээд байгаа саравч хашаатай газраас хойшоогоо Номтын хар толгой байрлаж байгаа нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан баримт зарим гэрчийн мэдүүлгээр Г.Дэрэм, Ч.Тогос хэн аль нь хууль ёсны дагуу эзэмшиж, ашигласан зүйл байхгүй гэдгийг нотолж хэлж байна. 2007, 2008 оны захирамжуудыг яриад байна. 20 жилийн өмнөх зүйлийг. Гэтэл өнөөдөр хууль ёсны дагуу эзэмшээд, ашигласан юм шиг тайлбар тавиад сууж байж болохгүй байх. Нэгэнт л шүүхийн шийдвэр гарахдаа хуульд заасан үндэслэл, журмыг харж шийдвэр гарна. Хэдийгээр Засаг дарга 2 жил ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн заалтуудыг оруулаагүй ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Давхацлын хувьд мэргэжлийн хүний ам болон гэрчээс сонслоо. Мөн хариуцагчийн хариу тайлбар ч гэсэн нотолж байна. Засаг даргын гаргасан захирамж бол Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т зааснаар бодит байдалд нийцсэн, бодит байдалд тохирсон шийдвэр, мөн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны акт гарах бодит нөхцөл байдал түүнд хууль зүйн үндэслэлийг заасан захиргааны акт мөн байх тул Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А191 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5.  Гэрч Ө.Алтангэрэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оноос  эхлэн Баянжаргалан сумын газрын даамлаар ажиллаж байна. Сүүлийн 2 жил Г.Дэрэм, Т.Дашмаа нарын хэн ч маргаж байгаа газар дээр буугаагүй. Л.Отгонбат гэж айл буусан байсан. ... 1986 оны хилийн цэс батлагдсан. Тэрийг 1996 он гээд яваад байгаа. Нэгж талбарын координат гэж андуураад байна. Өмнө Д.Зоригтбаатар шүүгч ч гэсэн андуураад байсан. н.Батзаяа өмгөөлөгч гэж яриад байна. Нэгж талбар гэдэг нь кадастр биш. Зүгээр л гэрчилгээнд бичдэг 6 оронтой тоо. Тэр бол координат биш. Г.Дэрэм гуайн хувьд яаж гараад байна вэ гэвэл сүүлд 2022 онд мэдээллийн сан шинэчлэгдээд гэхдээ координатад орсон болохоор тэрүүгээр байршил тогтоож болоод байгаа. Хуучин түр нэгж талбарын дугаарыг координат гэж андуураад,  байна. Байршил тогтооно гэж буруу яриад байна ..Маргаж буй газрын 2022, 2023 оны төлбөрийг Г.Дэрэм гуай төлсөн. Мэдээллийн санд нэхэмжлэл нь үүссэн. Ч.Тогос гуай 2007 онд төлсөн байдаг. Т.Дашмаа гуай  төлбөр төлөөгүй. 2021 онд намайг ирэхэд Номтын хар толгойн зүүн, Хавцгайн хоолой гэх нэршлээр маргалдаад байсан. Хоёулаа нэг бууцыг манай бууц гэж заагаад маргалдаад байдаг. Нэршилтэй холбоотой маргалдаж байгаа юм уу гэхээр бууцтай холбоотой маргалдаад байдаг. Нэрээр нь шүүхээр Номтын хар толгой гэсэн байдаг. Хавцгайн зүүн хар толгой гэж байхгүй Хавцгайн хоолой гэж байгаа. 2022 онд  захирамж гарах үед 2-уулаа газраа ашиглаагүй, төлбөр төлөөгүй байсан, тэгэхдээ захирамжид оруулаагүй, давхцаж байгаа учраас давхцалтай гэж захирамж гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Маргаан бүхий захиргааны акт болох Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын 5 дахь дэс дугаарт өвөлжөөний зориулалтаар олгосон  700 м2 газар нь Ч.Тогосын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/130 тоот захирамжийн 6 дахь дэс дугаарт олгогдсон өвөлжөөний газартай давхцаж газар олгосон байх тул 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын 5 дахь дэс дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь  Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаанд Төв аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/36  дугаар албан бичгээр хариугаа авсан байна. Тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

3.1. Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар өвөлжөөний зориулалтаар 12 өрхөд, хаваржааны зориулалтаар 13 өрхөд, нийт  1.75 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн хавсралтын “6 дугаарт “Ч.Тогос гэрчилгээний дугаар 0116821, газрын хэмжээ 0.07 га, зориулалт өвөлжөө, байршил “Хавцгайн зүүн ар толгой” гэж, “7 дугаарт Ч.Тогос гэрчилгээний дугаар 0116822, газрын хэмжээ 0.07 га, зориулалт хаваржаа, байршил Самбартын ар” гэж заасан. Ч.Тогосын эзэмшлийн нэгж талбарын 180700507, 4102030154 дугаар бүхий хувийн хэрэгт хавсаргасан “газар эзэмшихийг хүссэн өргөдөл”-д “Чимэдийн Тогос, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн харъяалал Самбартын ард, газрын хэмжээ 0.07 га, газар эзэмших зориулалт хаваржаа, эзэмшихийг хүссэн хугацаа 40 жил, хүсэлт гаргасан Эрдэнэ 3 дугаар баг Ч.Тогос” гэж, мөн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ч.Тогостой байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ”-нд 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 тоот шийдвэрийг үндэслэн хаваржааны зориулалтаар, 0.07 га газрыг эзэмшүүлэх” хэмээн тус тус бичсэн.

3.2. Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар өвөлжөөний зориулалтаар 14 өрхөд, хаваржааны зориулалтаар 13 өрхөд, нийт 1.89 га газрыг иргэдэд эзмшүүлж шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын “5 дугаарт Г.Дэрэм гэрчилгээний дугаар 0116845, газрын хэмжээ 0.07 га, зориулалт өвөлжөө, байршил Номтын хар толгой зүүн” гэж бичсэн байна. Г.Дэрэмийн эзэмшлийн нэгж талбарын 180700530, 4102030196 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан “газар эзэмшихийг хүссэн өргөдөл”-д “Гомпилийн Дэрэм,  /РД:НЕ53032579/, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгжийн харъяалал Эрдэнэ баг, Номтын хар толгой /зүүн/, газрын хэмжээ 0.07 га, газар эзэмших зориулалт өвөлжөө, эзэмшихийг хүссэн хугацаа 40 жил, хүсэлт гаргасан Эрдэнэ 3 дугаар баг Г.Дэрэм” гэж, мөн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Г.Дэрэмтэй байгуулсан “газар эзэмшүүлэх гэрээ”-нд  2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот шийдвэрийг үндэслэн өвөлжөөний зориулалтаар, 0.07 га газрыг эзэмшүүлэх” гэж тус тус бичсэн байна.

3.3. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 07/741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт. Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Г.Дэрэмд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн “Номтын хар толгойн зүүн” гэх газар 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар Ч.Тогост эзэмшүүлсэн “Хавцгайн зүүн ар толгой” гэх нэртэй газартай давхцаж байгаа эсэхийг гаргах боломжгүй. Баянжаргалан сумын газар усны нэршилд Номтын хар толгой, Хавцгайн дэлт толгой, Хавцгайн хоолой, Хавцгайн худаг гэх нэрүүд бүртгэлтэй байгаа бөгөөд Хавцгайн зүүн ар толгой гэх нэр байхгүй байна. Газрын кадастрын хуучин мэдээллийн сангийн архивд Г.Дэрэм, Ч.Тогос нарын нэр дээр бүртгэлгүй байна. Газрын кадастрын шинэ мэдээллийн санд 4102030658 нэгж талбарын дугаартай Г.Дэрэмийн нэр дээр Номтын хар толгой нэрээр Номтын хар толгойн зүүн урд 1.6 км зайд 1419.4 тоот өндөрлөгийн урд бүртгэгдсэн байна. Ч.Тогосын нэр дээр Хавцгайн ар нэрээр мэдээллийн санд бүртгэл байхгүй байна. Дээрх газрын зурагт 1419.4 тоот өндөрлөг толгойн энгэрт байрлах Г.Дэрэмийн кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн маргаан бүхийн өвөлжөө бууцанд Л.Отгонбат гэх иргэн зөвшөөрөлгүй малын саравч хашааг барьсан байна. ... Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан газар зүйн нэрийн жагсаалтад Номтын хар толгой, Хавцгайн дэлт толгой, Хавцгайн хоолой, Хавцгайн худаг гэх нэрүүд батлагдаж цахим мэдээллийн санд орсон. Дээрх маргаан бүхий газар нь 1419.4 тоот өндөрлөгөөр газрын зураг орсон байна. зураг-2 харуулав” гэжээ.

3.4. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт[1]”-ыг баталсан. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан газар усны нэрийн жагсаалт зураглалыг шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн. Тухайн зураглалд “Номтын хар толгой” гэх нэртэй газар бүртгэгдсэн бөгөөд уг газраас зүүн урд зүгт “Хавцгайн хоолой” гэх нэртэй газар бүртгэгдсэн.

Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар Ч.Тогост өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхдээ газар эзэмшүүлэхдээ газрын нэрийг “Хавцгайн зүүн ар толгой” гэж зааснаас үзвэл,  “Хавцгайн хоолой” гэх нэртэй газраас зүүн зүгт байрлалтай газрыг Ч.Тогост эзэмшүүлсэн.

Мөн маргаан бүхий газар болох Г.Дэрэм, гуравдагч этгээд Ч.Тогосын эрх залгамжлагч Т.Дашмаа нарын эзэмшсэн буюу Т.Дашмаагаас иргэн Л.Отгонбатад түр эзэмшүүлж, Л.Отгонбатын хашаа саравч барьсан газар нь “Номтын хар толгой” нэртэй газраас зүүн зүгт харин, “Хавцгайн хоолой” гэх газраас баруун зүгт байгаа нь “Газар зүйн нэрийн жаргсаалт, зураглалаар тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар Ч.Тогост өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн 0,07 га газар нь Г.Дэрэмд 2008 онд эзэмшүүлсэн газартай давхцаагүй нь тогтоогдож байна.

3.5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 08 дугаартай захирамжаар Г.Дэрэмд Номтын хар толгойн зүүн талд газар эзэмшүүлсэн байхад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээгээ Номтын хар толгойн зүүн урд болгож өөрчилсөн нь хууль бус, газар эзэмшүүлсэн захирамжтай зөрчилдсөн,... Номтын хар толгой бол маргалдаж байгаа газраас баруун хойш зайтай газарт байгаа, хэмээн тайлбарлан маргасан.

“Номтын хар толгой” нэртэй газрыг газар усны нэрийн зурагт хамгийн өндөрлөг цэгийг тогтоож нэрийг нь бичсэн байх ба тухайн өндөрлөг газарт гэр, өвөлжөө, хаваржаа барьж суурьших боломжгүй бөгөөд “зүүн” зүгт “зүүн хойд” болон “зүүн урд” зүг хамаарах тул Баянжаргалан сумын Засаг даргын 2008 оны 08 дугаартай захирамжаар “Номтын хар толгой” нэртэй газраас зүүн урд зүгт байрлах нэгж талбарын 4102030658 дугаартай газрыг Г.Дэрэмд эзэмшүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Г.Дэрэм нь Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Өвөлжөөний газар албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2023/00048 дугаар шийдвэрээр ”Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын өвөлжөөний зориулалтаар олгосон  700 м2 газар нь Ч.Тогосын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/130 тоот захирамжийн хавсралтаар олгогдсон өвөлжөөний газартай давхцаж олгосон тул 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 тоот захирамжийн хавсралтын 5 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших ашиглах талаар иргэн, Засаг даргын хооронд гарсан маргааныг зохих шатны Засаг даргад хандаж шийдвэрлүүлнэ” гэсэн үндэслэлээр Г.Дэрэмийн хариуцагч Л.Отгонбатад холбогдуулан гаргасан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.6. Нэхэмжлэгч Г.Дэрэм болон гуравдагч этгээд Ч.Тогосын эрх залгамжлагч Т.Дашмаа нар хэн аль нь маргаан бүхий газар дээр сүүлийн 10-15 жил амьдраагүй, газраа эзэмшиж ашиглаагүй нь хариуцагчийн тайлбар болон хэргийн бусад оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, харин маргаан бүхий захиргааны актыг газраа эзэмшиж ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэж үндэслэлээр батлан гаргаагүй байх тул шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

3.7. Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар Баянжаргалан сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар захирамжаар Ч.Тогост тус сумын  “Хавцгайн хоолой” гэсэн нэртэй газраас зүүн зүгт байрлах газарт 0.07 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн, харин Г.Дэрэмд “Номтын хар толгой” нэртэй газраас зүүн зүгт байршилтай 0.07 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Ч.Тогос, Г.Дэрэм нарт эзэмшүүлсэн газрууд хоорондоо давхцалгүй, тодруулбал “Номтын хар толгой зүүн” гэсэн нэртэй газарт Ч.Тогост газар эзэмшүүлээгүй нь тогтоогдсон. Үүнээс үзвэл, Г.Дэрэмд “Номтын хар толгойн зүүн” гэх байршилд газар эзэмшүүлсэн Баяржаргалан сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар захирамж, түүний хавсралтын 5 дугаар дахь хэсэг Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчөөгүй нь тогтоогдож байна.

3.8. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, 40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.., гэж заасан бөгөөд газар давхацсан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар Газрын тухай хуульд заасан журмаар “Номтын хар толгойн” зүүн талд байрлах газрыг эзэмшсэн Г.Дэрэмийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ч.Тогост 2007 онд эзэмшүүлсэн газартай давхцуулан 2008 онд Г.Дэрэмд газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн  Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, тухайн захирамжийн  улмаас нэхэмжлэгч Г.Дэрэмийн Номтын хар толгойн зүүнд байршилтай газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус  заасныг баримтлан Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал 557.172 төгрөгийг хариуцагч Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын Төрийн сангийн 1601400292 тоот дансанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахыг Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дэрэмд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОДСҮРЭН

 

 

 

[1]Монгол улсын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан /Legalinfo.mn/