Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00230

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, Увс АЗЗА ТӨХК-д холбогдох,

        Ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, байрны хөнгөлөлт чөлөөлөлт /ХХОАТ/, жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 15,352,600 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгч: Д.Б,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

          Хариуцагч Р.Т-т шүүх хуралдааны товыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Ирцийн асуудлаар гаргах саналгүй, нэгэнт хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч Д.Б  нь Увс АЗЗА ТӨХК-д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, байрны хөнгөлөлт чөлөөлөлт /ХХОАТ/, жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 15,352,600 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

        1.1. Миний бие 2016 оноос 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс-АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224/МА2023/00022 дугаар магадлалаар хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилогдож ажиллаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн ажилгүй байсан хугацааны цалин 9,222,205 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 4,250,148 төгрөг, байрны хөнгөлөлт чөлөөлөлт 880,247 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 15,352,600 төгрөгийг Увс АЗЗА ТӨХК-аас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгаж өгнө үү. Учир нь намайг жирэмсэн байхад ажлаас халсан бөгөөд сүүлийн 6 сар шимтгэл төлсөн байх ёстой гээд Нийгмийн даатгалын байгууллагаас миний жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгоогүй, мөн шимтгэл төлөлт тасарсан тул байрны хөнгөлөлт чөлөөлөлтөө авч чадаагүй, өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч авсан өмгөөлөгчийн хөлсөө гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү... гэжээ.

       2. Хариуцагч Р.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б  нь нэхэмжлэлдээ манай байгууллагаас 15,352,600 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1,000,000 төгрөг өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн. Тухайн хөлс нь иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр төлөгддөг төлбөр тул хөдөлмөрийн тухай хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа биш ээ. Иймд тус өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүргийг манай байгууллага хүлээхгүй. Мөн амаржихын дараах болон өмнөх тэтгэмжид 4,250,148 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь Д.Б хэдийгээр ажлаас чөлөөлөгдсөн ч нийгмийн даатгалын сангаас энэхүү тэтгэмжийг авдаг тул дахин давхардуулан манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жирэмсний амралт авахын өмнөх 12 сарын цалин гэх баримт, цалингийн тооцооны баримт, Увс-Авто зам засвар, арчлалт ТӨХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 дугаар Ажлаас халах тухай тушаал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар Д.Б үгийн нэхэмжлэлтэй, Увс АЗЗА ТӨХК-д холбогдох иргэний хэргийн тухай магадлал, Увс-Авто зам засвар, арчлалт ТӨХК-ийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тухай тушаал, Д.Б-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Увс-АЗЗА ТӨХК-ийн удирдлагын ажилчдын цалингийн фонд гэх нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч Увс АЗЗА ТӨХК-д  холбогдох 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс, байрны хөнгөлөлт чөлөөлөлт /ХХОАТ/, жирэмсний болон амаржсаны тэтгэмж нийт 15,352,600 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

         Миний бие 2016 оноос 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс-АЗЗА ТӨХК-ийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 224/МА2023/00022 дугаар магадлалаар хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилогдож ажиллаж байна. Иймд шүүхийн шийдвэрийг үндэслэн хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн ажилгүй байсан хугацааны цалин 9,222,205 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 4,250,148 төгрөг, байрны хөнгөлөлт чөлөөлөлт 880,247 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 15,352,600 төгрөгийг Увс АЗЗА ТӨХК-аас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгаж өгнө үү. Учир нь намайг жирэмсэн байхад ажлаас халсан бөгөөд сүүлийн 6 сар шимтгэл төлсөн байх ёстой гээд Нийгмийн даатгалын байгууллагаас миний жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгоогүй, мөн шимтгэл төлөлт тасарсан тул байрны хөнгөлөлт чөлөөлөлтөө авч чадаагүй, өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч авсан өмгөөлөгчийн хөлсөө гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү...гэжээ.

          3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

        Д.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б  нь нэхэмжлэлдээ манай байгууллагаас 15,352,600 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1,000,000 төгрөг өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн. Тухайн хөлс нь иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр төлөгддөг төлбөр тул хөдөлмөрийн тухай хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа биш ээ. Иймд тус өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүргийг манай байгууллага хүлээхгүй. Мөн амаржихын дараах болон өмнөх тэтгэмжид 4,250,148 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь Д.Б  хэдийгээр ажлаас чөлөөлөгдсөн ч нийгмийн даатгалын сангаас энэхүү тэтгэмжийг авдаг тул дахин давхардуулан манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

          5. Увс АЗЗА ТӨХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/12 дугаар Ажлаас халах тухай тушаалаар Д.Б г тус ТӨХК-ийн туслах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан туслах нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

          5.1. Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          5.2. Улмаар хариуцагч Увс АЗЗА ТӨХК-ийн захирал дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох тухай тушаалаар Д.Б г 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн туслах нягтлан бодогчийн ажилд томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

         5.3. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлсийг тухайн иргэн нь иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр төлөгддөг төлбөр тул хөдөлмөрийн тухай хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа биш. Иймд өмгөөлөгчийн хөлсийг төлөх үүргийг манай байгууллага хүлээхгүй, мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас энэхүү тэтгэмжийг авдаг тул дахин давхардуулан манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан нь үндэслэлтэй байна.

        6. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 9,222,205 төгрөгийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх 1,880,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     6.1. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

        6.2. Нэхэмжлэгч Д.Б-гийн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, байрны хөнгөлөлт чөлөөлөлт /ХХОАТ/ 880,247 төгрөг нийт 1,880,247 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч авсан, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гаргасан зардал байх тул хариуцагчаас шаардах үндэслэлгүй, мөн байрны хөнгөлөлт чөлөөлөлтөд 880,247 төгрөг гаргуулах тухай шаардлага нь нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Иймд 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,222,205 төгрөгийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,880,247 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Харин нэхэмжлэгч Д.Б нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,250,148 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт-ыг хавсаргахаар заасан ба энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

      Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,250,148 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзав.

         7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 9,222,205 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 162,505 төгрөгийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,222,205 төгрөгийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,880,247 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Б гийн ажилгүй байсан 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-д даалгасугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,250,148 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 9,222,205 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 162,505 төгрөгийг хариуцагч Увс АЗЗА ТӨХК-иас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БОЛОР