Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/251

 

 

 

 

 

 

 

  2022           3            03                                             2022/ДШМ/251

 

 

       М.А-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.А,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.А-т холбогдох эрүүгийн 2106000002577 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

........ овгийн ..............ын А, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, “.................” ХХК-д ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хорооллын .. дугаар хотхоны ... тоотод бүртгэлтэй боловч ............... дүүргийн .. дугаар хороо, ................. дугаар гудамжны ........ тоотод түр оршин суух, /РД: ..................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

М.А нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 27 дугаар гудамжны 588 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.А-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-гийг эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар М.А-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.А давж заалдах гомдолдоо: “...М.А нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баязүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 27 дугаар гудамжны 588 тоотод гэртээ намайг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Миний хамар хугарч, зүүн талийн 4, 5, 6, 7 дугаар хавирга, баруун талын 3, 5 дугаар хавирга мөгөөрсөн төгсгөл хэсгээр зөрөөгүй хугаралтай. Хоёр талын уушги орой хэсгээр парасептел энцефаломаляцийн өөрчлөлттэй, өшиглүүлж зодуулж 4 хавирга хугарсан, уушги гэмтээд зүүн талын плеврийн хөндийд 4.0 см хүртэлх зузаантай шингэнтэй уушги ус авахуулсан. Цээжний зүүн хэсгээр хугарлын орчмын зөөлөн эдэд хавантай, шинээр хамарын дээвэр зөрүү хугаралтай. Миний Портер маркийн 25-46 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлэхээр нь хэлсэн үнээр зарахгүй гэхэд найздаа авч өгөх гэсэн юм. Найзынх нь нэрийг мэдэхгүй. Намайг 4-5 удаа өшиглөж зодоод, хөмсөг сэт цохиж гэмтээгээд оёдол тавиулсан. Хүний утсаар эхнэр Нямсүрэнгийн утасны дугаарыг өгч залгуулж дуудуулснаар эхнэр удалгүй ирж Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын 4 хавирга хугарсан, зүүн хөмсөгт 3-4 оёдол тавиулж эход харуулсан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын натариатчдын танхим “Нийслэлийн тойрог” №336 дугаартай нотариатад очиж иргэд хоорондын хэлцэл хийж М.А нь эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Аын 5009434240 дугаарын дансанд хийхээр харилцан тохиролцсон боловч уг хугацаа нь дууссан. Мөн миний 3310 Нокиа маркийн 40.000 төгрөгөөр авсан гар утсыг эвдлэн ажиллахгүй болгож буцааж өгсөн. Надад худалдан авсан бичиг нь байгаа. 40.000 төгрөгөө гаргуулан авмаар байна. М.А-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан байна. Миний бие цаашид гарах эмчилгээний зардал, эмчид үзүүлсэн эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь хорих ял оногдуулж өгнө үү. Би маш их гомдолтой байна. ...” гэжээ.  

Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлоо дэмжиж байна. Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч М.А-гийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд уг үйлдэл, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хэм хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, зохих ял шийтгэлийг оногдуулсан. Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Уг мөнгийг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө барагдуулсан. Цаашид гарах хохирлыг төлөх тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчоос ял хөнгөдсөн, хорих ял оногдуулах талаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хорих ял оногдуулах санкц байхгүй. Хохирогч хохирлын баримтаа нотлох баримтын шаардлагад нийцүүлэн бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. М.А-гийн хувьд мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчөөс туслалцаа аваагүй байх үедээ хохирогчтой тохиролцож гэрээ, хэлцэл байгуулсан байсан. Хохирол төлбөрийг төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар гаргаж өгсөн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс эмчилгээний болон бусад зардлаа прокурор, шүүхийн аль ч шатанд гаргаж өгөөгүй. Өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээ зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирогчийн гомдолд дурдсан ял хөнгөдсөн зүйл байхгүй. Шүүх оновчтой, зөв ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, М.А нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 27 дугаар гудамжны 588 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А-ын “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед найз Аийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 28 дугаар гудамжинд байрлах гэрт 0.5 граммын “Хараа” нэртэй 1 шил архи хувааж ууж байхад найз А миний “Портер” маркийн 25-46 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр зарчих гэж хэлэхээр нь би 3.500.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь чиний машиныг 3.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд нүүр хэсэгт 3-4 удаа цохиж, толгой болон цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөж зодсон...” /хх 8-9/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10392 дугаартай “...Б.А-ын биед цээжний зүүн талын 5, 6, 7, 8 дугаар хавирга, хамар ясны далд хугарал, дагз, зүүн чамархайн хуйх, хамар уруул, зүүн чих орчимд зулгаралт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 35-37/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 48-50/, шүүгдэгч М.А-гийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс М.А-гийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч М.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн төдийгүй түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Б.А-ын “... М.А-т хөнгөн ял шийтгэл оногдуулсан байна. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь хорих ял оногдуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь, хохирогчийн давж заалдсан гомдолд ямар нотлох баримтыг үндэслэж, хуульд заасан аль хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрхэн яаж хангаж байгаа талаар дурьдаагүйгээс гадна хууль заасан хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч М.А-гийн үйлдэлд тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

            Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.А нь өөрт учирсан гэм хор, түүнтэй холбоотой зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул хохирогчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.

Иймд хохирогч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

               ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

              ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

 

          ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ