Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/54

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1727000000016 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.Б нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилалын” байранд өөрийн эхнэр болох хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь мэдүүлэхдээ:

Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэртэйгээ хоолны мөнгө өгчих гээд утсаар ярьсан. Эхлээд утсаа авчихаад дугарахгүй байсан. Би ажил дээр нь очоод дуудсан. Хоолны мөнгө өгчих гэсэн чинь юу байдаг юм гэсэн. Ажил руу орсон чинь эмчилгээнийхээ өрөөнд яваад орчихсон. Би эхнэртээ мөнгө гаргаад өгчих гэж хэлсэн. Уурандаа эхнэрээ алгадсан. Би түрүүвчнээс нь 40.000 төгрөг, 2 виза карт аваад гарсан гэв.

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оын 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим би ажлынхаа цайны цагаар ажил дээрээ байж байхад манай нөхөр С.Б орж ирээд намайг дуудсан. Би ажлынхаа үүдэнд яваад очсон чинь манай нөхөр баруун гараараа миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Би болиоч гэсэн чинь ахиад баруун гараараа миний зүүн хацар руу 1 удаа алгадсан. Би айгаад ажлынхаа сувилагчийн өрөө рүү яваад орсон чинь араас хүрч ирээд баруун гараа зангидаж байгаад миний зүүн талын эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Бид хоёр хоорондоо маргалдсан асуудал байхгүй намайг хардаад ирэж зодсон юм шиг байна лээ. Манай нөхөр намайг ирж цохиж зодохдоо мөнгө аваад ир гэсэн чи яах гэж байгаан гэсэн чинь ууя, идье өлсөөд байна гээд учиргүй цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би С.Б гэдэг хүнийг танина. Бид эхээс тавуулаа би айлыг гурав дах хүүхэд, С.Б миний доод талын дүү байгаа юм. Би ээжээр овоглодог, С.Б ааваар овоглодог юм. Манай ээжийг Б.Г. гэдэг. С.Б 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Бага боловсролтой мэргэжилгүй, Улаанбаатар хотод 1 жилийн цэргийн алба хааж байсан. Одоо Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт эхнэр Ц.Б, 4 хүүхдийн хамт амьдардаг. “Элма-Хужирт”  рашаан сувилалд шавар бэлтгэгчээр ажилладаг. ...Манай дүү үг дуу цөөтэй, хүний үгнээс гардаггүй, дуулгавартай, урд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, их ажилсаг багаасаа хөдөө мал маллаж өссөн. Эхнэр Ц.Б-тэй 2003 онд гэр бүл болж байсан. 4 хүүхэдтэй. Тэр хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. ...С.Б-ын нэр дэр өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Айл гэр болоод тусдаа гарахдаа 5 ханатай монгол гэр бариад тусдаа гарч байсан. тэр гэр нь байгаа. Бусад гэрийнхээ эд хогшлыг эхнэртэйгээ хамт ажил хийж байгаад авсан өөр эд хөрөнгө, мал байхгүй. ...С.Б-ыг 2017 оын 08 дугаар сарын эхээр эхнэрээ зодсон талаар төрсөн дүү Б-аас сонсож мэдсэн. Манай дүү Б хэлэхдээ С.Б ах эхнэрээ зодоод цагдаад баригдсан байна гэж хэлсэн. Б эхнэрээ ганц нэг удаа цохисон гэж эхнэр нь надаа хэлдэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим би ажлынхаа хүмүүстэй хоолондоо орчихоод теннис тоглоод байж байсан чинь манай ажлын үйлчлэгч Ц.Б эгчийг нөхөр нь болох С.Б дуудсан. Ц.Б эгч яваад очсон чинь нөхөр нь ажлын үүдэн дээр алгадсан. Тэгээд нөхрөөсөө зугтааж эмчилгээний өрөө рүү орсон чинь нөхөр нь араас нь хөөж очоод эмчилгээний өрөөн дотор ахиад алгадсан. Нөхөр нь Б эгчийг чи яахаараа утсаа авдаггүй юм гээд бүүр амрагч нарын нүүрэн дээр алгадсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“... Манай ажлыг үйлчлэгч Ц.Б өрөөнд гүйгээд ороод ирсэн. Би тухайн үед надаас юм асуух гэж байгаа юм болов уу даа гэж бодсон чинь нөхөр нь араас нь манай өрөөнд гүйж орж ирээд гараад ир гээд Б-ийг дуудсан чинь Б гараагүй. Тэгсэн орж ирээд нэг удаа алгадсан. Би тэр залууг чи ямар танхай юм олон хүн байхад чи ингэж болохгүй шүү дээ гээд өрөөнөөсөө түлхэж гаргасан. Ц.Б манай өрөөнд байж байгаад нөхрөө явсаны дараа гарсан. Б-ийн манай өрөөнд орж ирэхээс өмнө нөхөр нь үүдэн дээр дуудахаар нь гүйгээд очсон чинь цохисон гэсэн. Тэгээд манай өрөө рүү гүйж орж ирсэн юм байна лээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №289 тоот актын:

1.Ц.Бийн биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Б-ын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Б-ын ажил байдлын талаарх “Элма-Хужирт” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/32 дугаартай тодорхойлолт. /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Хужирт рашаан сувилалын” байранд өөрийн эхнэр болох хохирогч Ц.Б-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №289 тоот актын “...1.Ц.Б-ийн биед тархи доргилт, зүүн шанаа, зүүн гарын бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй 5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Г.А-ийн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч Ц.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Б-ын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай монгол гэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. С.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар С.Б-ын эзэмшлийн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 5 ханатай монгол гэр битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА