| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2026/0638/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/600 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцээеэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/600
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Чимэдцээеэ /цахимаар/,
шүүгдэгч Д.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “9” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Д-гийн А-д холбогдох эрүүгийн “2509042790543” дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Т овгийн Д-гийн А, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмчилгээний арга зүйч мэргэжилтэй, “***” ХХК-ийн туслан гүйцэтгэх *** ХХК-ийн өөр үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг хийе гэсэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед банк руу цалингийн зээлийн хүсэлт явуулсан байсан. Цалингийн зээл хэд гарах боломжтой талаар хүсэлт өгсөн байсан. Тэгэхэд аппликейшны зээлээ дараад танд зээл гарах боломжтой гэхээр нь бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Цалингийн зээлийн хүсэлт явуулсан гэсэн тодорхойлолт гаргуулах гэсэн чинь банк тийм баримт өгдөггүй юм гэж байсан. Хохирлыг бүрэн төлсөн, гэм буруугаа зөвшөөрч байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь иргэн Ц.Б-д “...Худалдаа хөгжлийн банкнаас 24.000.000 төгрөгийн зээл судлагдсан байгаа юм аа, 1.500.000 төгрөг өгье...” гэж хэлэн итгүүлж 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *** нэртэй барилга дотор байхдаа түүнээс 4 удаагийн шилжүүлгээр нийт 15.000.000 (арван таван сая) төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн *** тоот дансаар шилжүүлсэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь үүрэн телефоны *** дугаараас Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь хуудас/, хохирогч Ц.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь хуудас/, хохирогч Ц.Б-аас гомдлын хамт гаргаж өгсөн 4 удаагийн шилжүүлэг хийсэн гүйлгээг харуулсан хуулганы зураг /хавтаст хэргийн 9 дэх хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6/1815 дугаартай “...Д.А нь тус банканд ямар нэгэн өр зээлгүй, зээл судлуулж байгаагүй болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 42 дахь хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 6/16057 дугаартай албан бичиг болон *** тоот дансны хуулга, түүнд мөрдөгч үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-46 дахь хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 15.000.000 төгрөгийг хохирогч Ц.Б-д нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Д-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.