Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/55

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Хохирогч:Р.О,

Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж-д холбогдох эрүүгийн 1727000400020 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ч.Ж

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ч.Ж. нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт эхнэр Р.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж нь мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Р.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Бат-Өлзий суманд оёдолын газар ажилдаг. Тухайн өдөр найрны дээл оёод ажил ихтэй байсан учраас гэртээ оройтож орсон. Манай нөхөр хоолоо идэж байсан. Би ороод орондоо ороод унтах гээд хэвтэж байсан. Нөхөр хоолоо идчихээд орондоо ороод хэвтсэн. Манай нөхрийн дүү нь манай нөхрөөс зээлсэн мөнгөө миний дансанд хийсэн байсан. Бид хоёр тэр асуудлаас болоод маргалдсан. Тэгээд намайг цохиж зодсон гэв.

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би нүдээрээ харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Миний төрсөн эгч байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №324 тоот актын:

1.Р.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацрын төвгөр баруун доод эрүү, зүүн гарын бугалага, зүүн даланд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Ж-ийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ч.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт эхнэр Р.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Р.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №324 тоот актын “...1.Р.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хацрын төвгөр баруун доод эрүү, зүүн гарын бугалага, зүүн даланд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.Ж-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ж нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Р.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хохирогч Р.О нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй Ч.Ж-ийн эзэмшлийн 9 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 02-28 ӨВР улсын дугаартай “Исузү бигхорн” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ж-г 520 /таван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ж-д оногдуулсан 520 /таван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ч.Ж-ийн эзэмшлийн 9 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 02-28 ӨВР улсын дугаартай “Исузү бигхорн” маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Б.САРАНТУЯА