Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/252

 

 

 

 

 

 

 

  2022           3           03                                           2022/ДШМ/252

 

 

         Г.Д-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогч Н.Т, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Д-т холбогдох эрүүгийн 2111005961057 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ын Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ................................. ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ..................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Г.Д нь 2021 оны 6 дугаар сарын 02-ноос 3-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх нулимсны сувгийн тасрал, ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д-гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-гийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-гээс нийт 8.326.124 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Т-т олгож, 1 жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Т-ийн цалингийн зөрүү гэж нэхэмжилсэн 4.773.633 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулйн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидийг хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Г.Д нь тухайн үед болсон зодооныг  салгасан, найзыгаа хамгаалсан мөн хохирогч Г.Т-ийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй.

Гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, төлж байгаа.

 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Н.Т-т эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 3.326.124 төгрөгийг хохирогчийн Хаан банкны дансанд шилжүүлэн төлсөн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Өршөөлийн тухай хуульд хамруулах бүрэн боломжтойг анхаарч үзнэ үү.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийг торгох ялаар шийтгэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд тохиолдлын чанартай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-т хохирол төлбөрийн асуудал байгаа учраас хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нь нотлох баримтгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Г.Д-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, багш хүн юм. Цалин, хөлс тодорхой хэмжээгээр авдаг, өөрийн гэсэн орлоготой хүн. Шүүгдэгч өөрийн боломж бололцоогоороо хохирогчид учирсан 8.326.124 төгрөгийг хохирлоос өнөөдрийн байдлаар 7.176.124 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 1.100.000 төгрөгийг хохирогчтой ярилцан тохиролцож, ирэх долоо хоногт шилжүүлэн төлөхөөр болсон. Хохирогч өөрөө шүүх хуралдаанд оролцож байгаа учраас энэ талаарх тайлбараа хэлэх байх. Шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд энэхүү гэмт хэргийн зүйлчлэл хамаарч байгаа. Шүүгдэгч Г.Д нь Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин учраас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд гардаг. Албадан ажил хийлгэх ял авахаар тэмцээний бэлтгэлд нь хүндрэл үүсэж байгаа. Үлдэгдэл хохирол төлбөрийг ирэх долоо хоногт төлж барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөр дээр үл ойлголцол үүссэн байдаг. Хохирол төлбөрийг төлсөн. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч Г.Д өдөр болгон над руу залгаж холбогдсон. Хохирол төлбөрийг барагдуулсан. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Бид хоёр аман байдлаар тохиролцсон байгаа. “...Би удахгүй хагалгаанд орно. Тэрхүү төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэнэ шүү...” гэхэд “...Тэрэн дээр ямар ч асуудалгүй. Би чамайг ямар ч хохиролгүй болгож өгнө...” гэж шүүгдэгч Г.Д надад хэлсэн. Бид хоёр ярилцаад тохиролцсон байгаа. ...” гэв.

Хохирогч Н.Т-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбаруудтай танилцлаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн. Шүүгдэгч Г.Д нь хохирол төлбөрийг төлсөн. Одоо 1.150.000 төгрөг хохирол дутуу байгаа юм шиг байна. Мөн шүүгдэгч нь хохирогчтой уулзаж, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой хохирол болон үлдэгдэл хохирол төлбөрийг харилцан тохиролцсон гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдолд хэлэх санал байхгүй байна. ...” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Д нь хохирогчид нэг ч төгрөг төлж барагдуулаагүй, хохирол төлбөр төлөхөө илэрхийлээгүй байсан. Анхан шатны шүүх 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 8.326.124 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч нь хохирогчид нийт 7.176.124 төгрөгийг төлж барагдуулсан байна. Мөн үлдэгдэл 1.150.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, үүнтэй холбоотой тайлбарыг хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэлж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой, нөхцөл байдал тогтоогдож байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Г.Д нь 2021 оны 6 дугаар сарын 02-ноос 3-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ийн нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх нулимсны сувгийн тасрал, ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Т-ийн “...Тэнгис кино театр дээр Зэлмийг буулгахаар Цэцэг төвөөр хойшоо яваад Хүнсний нэг рүү зүүн гар тийш эргэх гээд уулзвар дээр иртэл хажууд нэг сараал өнгийн BMW машин ирж зогсоод цоноо доошлуул гээд байсан. Жолооч маань цонхоо доошлуулаад юу болсон гэхэд нөгөө хүмүүс хажуугаар ирж хааж зогсоод нэг машин араас ирээд хаагаад зогссон. ... Тухайн үед Зэлэм тэр шар үстэй залууг таньдаг болохоор баахан юм яриад байсан. Тэгээд Зэлэм нөгөө хүмүүсийн нэгэнтэй нь шууд зодолдож эхэлсэн. Бүгд бужигнаад зодолдоод  эхэлсэн. Би тэгэхээр нь зодооныг салгахаар машинаас буугаад Бумбаярыг салгаж авахаар очоод тэнд байгаа хүмүүсийг түлхээд давхралдаад унасан. Тэгээд босох гэж байхад нэг биеэрхүү цагаан цамцтай, хууз сахалтай, булчинлаг залуу нь миний нүүр рүү өшиглөөд би зам дээр хэвтээд босож чадаагүй. Нүдээ нээх гэтэл нүдэнд юм тороод байхаар нь би юм гоожчихлоо гэж бодсон. Машин руугаа гүйгээд орж суугаад толинд харахаад нүүр битүү цус болсон байсан...” гэх /хх 31/,

Гэрч Э.Эрдэнэбаатарын “...Т дунд нь ороод салгаад явж байтал нэг нөхөртэй ноцолдоод газар унаж байгаа харагдсан бөгөөд Тийг газраас босоод ирж байхад нь нөгөө сахалтай, бакь биетэй залуу Тийн нүүр рүү өшиглөсөн. Тэр үед Т нүүрээ дараад зам дээр хэвтсэн ... Т тухайн үед нүүрээ дарсан чигтээ машинд ороод суусан. Бид хэд араас нь машиндаа ороод Тийг харсан чинь нүүр нь нил цус болсон, нүд нь хавдсан байсан...” гэх /хх 49/,

Гэрч Т.Зэлмийн “...Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зодоон хийх ямар нэгэн тэнхэл байгаагүй болохоор тэндээсээ холдоод зогссон байсан. Тийг хэн цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед надад цохиулсан өндөр, том биетэй залуу одоо больцгоо гээд хүмүүсийг салгаад яваад байсан. Т тухайн үед Оюунболдыг цохиж унагаад ноцолдоод байсан бөгөөд тухайн үед тэр өндөр залуу өшиглөчихсөн юм шиг байгаа юм...” гэх /хх 38/,

Шүүгдэгч Г.Д-гийн “...Оюунболд газар уначхаад босож ирэхгүй байсан ба нөгөө залуу дээрээс нь цохиод байхаар нь би хажуу талаас нь явж очоод нэг удаа өшиглөсөн...” гэх /хх 9-12/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4849 дугаартай дүгнэлт: “Н.Т-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, шарх, нулимсны сувгийн тасрал, ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” /хх 77-78/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-26/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 27-28/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Д-гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хэргийн үйл баримтын талаар гэрч, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Д нь хохирогч Н.Т-ийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал  нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Г.Д-гийг тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах “...Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү ... миний үйлчлүүлэгчийг торгох ялаар шийтгэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү...” хоёрдмол утга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд тус шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав “шүүгдэгчийн Г.Д-гийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөх талаар тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Учир нь, шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлын заримыг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан 8.326.124 төгрөгөөс 7.176.124 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад төлж, үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрсөн болох нь тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын гаргасан давж заалдах гомдлоом “Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөх” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                              ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ