Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 515

 

Б.В-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, Б.В-д холбогдох 1838003150159 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг, Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт Б-н В.

Б.В- нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.В-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.В-г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...зэвсэг хэрэглэж санаатай” гэснийг “болгоомжгүйгээр” гэж, б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.В-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “3 жил 6 сарын” гэснийг “1 жилийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшин гаргасан эсэргүүцэлдээ “...Шүүгдэгч Б.В- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ...хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.В- нь хохирогч Н.Т-д учруулсан гэмтлийг ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан ямар захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад ямар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан болох нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгааг дурдалгүйгээр хохирогч Н.Т-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч Б.В-гийн мэдүүлэгт хөтлөгдөн үндэслэлгүй хэргийн зүйлчлэлийг өөрчлөн эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн алдаа гаргажээ. Мөн “Энэхүү гэмт хэрэг нь шүүгдэгч болон хохирогч хамт архи ууж өөрсдийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож чадахааргүй согтуурсан үед үйлдэгдсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдлоо” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалттай агуулгын хувьд зөрчилдөж байна. Хохирогч Н.Т- нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэрээс гарахад В- миний хэвлий рүү нэг удаа дүрчихсэн ... би бол огт хутга аваагүй. Намайг хутга аваад бараг өөрийгөө хутгалчихсан юм шиг В- мэдүүлэг өгсөн. Би эрүүл ухаантай хүн байж, юу гэж өөрийгөө хутгалах вэ дээ ... гэсэн мэдүүлэг өгсөн байтал давж заалдах шатны шүүх хохирогч Н.Т-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.В-гийн үйлдэлд гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Б.В-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хөтлөгдөж хэргийн зүйлчлэлийг яллагдагчид ашигтайгаар өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.В- нь “хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж санаатай гэм буруугийн талаар маргаантай байхад шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл гаргав” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Б.В-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх Б.В-гийн үйлдсэн гэмт хэргийн санаа, зорилго эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Энэ хэрэгт хохирогч Н.Т- нь айлд согтуу орж, агсам тавьсан, хэл амаар доромжилсон ба түүний буруутай үйлдэл байдаг. Хутга хаана байсан, хэн гэрээс авч гарсан гэдгийг хэрэгт шалгасан зүйл байхгүй, эргэлзээтэй байдаг. Иймд Б.В-гийн гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй, эргэлзээтэй байсан тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Амартүвшингийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Н.Т- нь хутгалуулсны улмаас түүний биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс тасарсан, дотуур цус алдсан учраас мэс засалд орж, эмчилгээ хийлгэсэн. Анх хохирогч мэс засалд орсны дараа наркозоос гараад анхны мэдүүлэг өгөхдөө хэнд хутгалуулснаа тодорхой хэлээгүй боловч 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ Б.В- бид хоёр маргалдаад гадаа гараад, намайг хэвлийн тус газар хутгалсан гэж тодорхой хэлдэг. Анхан шатны шүүх шүүх хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болсон. Шүүгдэгч нь Н.Т-ыг хэн хутгалсныг тодорхой хэлдэггүй боловч хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр уг хэргийг Б.В- үйлдсэн болох нь тодорхой байдаг. Уг хэргийн гол гэрч болох Банзадмаа гэх хөгшин Б.В-, Н.Т- нарыг муудалцаад гэрээс зууралдаад гарсны дараа “чи намайг яаж байгаа юм бэ” гэх дуу гарахад намайг В- хутгаар дүрчихлээ гэж хохирогч Н.Т- хэлсэн гэдэг. Хэрэг үйлдсэн гэх хутга нь Банзадмаа гэх гэрчийн ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг хутга байсан ба эд мөрийн баримтаар хураагдсан. Анхан шатны шүүх Б.В-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Б.В-д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн тул хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Б.В-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.В- нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Т-ын хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Б.В-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилж, түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.В-, хохирогч Н.Т- нар архи ууж, согтуурсан үедээ хоорондоо маргалдаж шүүгдэгч, хохирогчийг хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх буюу эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэргийн бодит байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэх, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг илтэд үндэслэлгүй хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.   

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН