Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2014/0680/З |
Дугаар | 221/MA2017/0161 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/MA2017/0161
2017 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2017/0161 | Улаанбаатар хот |
Л.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 824 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Л.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэгч Л.*******, Д.******* нар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.Мөнхтөрд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, тахилтын 6 дугаар гудамж, 133 тоот хаягт байрлах газрыг иргэн Л.*******д, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, тахилтын 6 дугаар гудамж, 104 тоот хаягт байрлах газрыг иргэн Д.*******өд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүсчээ. Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 824 дүгээр шийдвэрээр: “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 104 тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Д.*******өд эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32,2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.Мөнхтөрд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 133 тоот хаягт байрлах газрыг иргэн Л.*******д эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ. Гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Насанд хүрээгүй байсан гэх үндэслэлийн тухай. Гуравдагч этгээд Ц.Мөнхтөр 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны 133 дугаар хаягт байрлах маргаан бүхий газрыг өмчилж авахаар хүсэлтээ гаргасан боловч тухайн цаг хугацаанд хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дахин гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноор тухайн газрыг эзэмших эрх үүссэн. Гэтэл анхан шатны шүүх анх газар эзэмших хүсэлт гаргасан цаг хугацаанд Ц.Мөнхтөрд газар эзэмших эрх үүссэн мэтээр нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргаж буй нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Харин сүүлд буюу 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дахин газар эзэмших хүсэлт гаргаснаар уг хүсэлтийг Засаг дарга шийдвэрлэж газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгосноор гуравдагч этгээд Ц.Мөнхтөр уг газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд энэ цаг хугацаанд тэрээр 18 насанд хүрсэн байсан нь бичгийн нотлох баримтаар нотлогддог. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн ишилсэн байх ч энэхүү зохицуулалт нь хувийн эрх зүйн харилцаа, тодруулбал хувь хүмүүс, хувийн байгууллагын хооронд үүсэх гэрээний харилцаа дахь хэрэглэгдэх зохицуулалт юм. Гэвч газрын харилцаа нь хувь хүмүүсийн хооронд биш харин иргэн, төр гэсэн субъектүүдийн хооронд явагддаг харилцаа юм. Иймд Иргэний хууль дахь тус заалтыг үндэслэн Ц.Мөнхтөрийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй. 2.Тухайн газар оршин суудаггүй гэх үндэслэлийн тухай. Энэхүү маргааны гол зүйл нь газар олгосон захирамж хуульд нийцэж байгаа эсэх тухай бөгөөд энэ асуудалд тухайн газар эзэмшигч нь тухайн газарт оршин суугаа, оршин суугаа эсэх нь онцын ач холбогдолгүй. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчлсан байх бөгөөд энд нь хүсэлт гаргагч нь тухайн газарт оршин суудаг байх гэсэн үндэслэл шаардлага байдаггүй. 3.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухай. Анхан шатны шүүх “...2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар Ц.Мөнхтөрд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ” гэж дүгнэсэн. Гэвч энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан, цаашлаад Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Эндээс үзэхэд эзэмшил нь хуульд нийцсэн аргаар олж авснаар үүсэх бөгөөд тодорхой эрхийн гэрчилгээгээр баталгааждаг байна. Өөрөөр хэлбэл хуульд үл нийцэх байдлаар аливаа эд хөрөнгийг олж авсан, цаашлаад зохих зөвшөөрөлгүй бол эзэмшил, тэр дундаа газар эзэмших эрх үүсдэггүй. Иймээс төрийн байгууллагын зохих зөвшөөрөлгүй, маргаан бүхий газарт амьдарч байсан нэхэмжлэгч нарын үйлдэлийг тухайн газрыг эзэмшиж буй үйлдэл гэж дүгнэх нь Иргэний хууль, Газрын тухай хуультай үл нийцэх юм. Иймд гуравдагч этгээдэд Ц.Мөнхтөрд газар эзэмших эрх олгосон 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь дээр дурдсанчилан хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд алдаатай үйлдэл юм. Дээрхээс гадна анхан шатны шүүх шаардлага хангаагүй баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн. Энэ тухайгаа анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байх бөгөөд ингэхдээ гуравдагч этгээд тухайн баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан. Гэвч бид энэхүү баримтыг хүлээн зөвшөөрсөн биш, харин маргааныг хянан шийдвэрлэхэд онцын ач холбогдолгүй гэсэн үүднээс тухайлсан тайлбар, хүсэлт гаргаагүй. Гэвч анхан шатны шүүх тус баримтыг үнэлж, гол үндэслэлээ болгосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна. Иймээс дээрх нөхцөлийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 824 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт тодруулбал, гуравдагч этгээд Ц.Мөнхтөрд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ. ХЯНАВАЛ: Шүүх бүрэлдэхүүн давж заалдах гомдлын шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 551 магадлалд заасан ажиллагааг бүрэн явуулж, холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулан маргааныг зөв шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Мөнхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн энэ хуульд заасны дагуу газар эзэмшиж ашиглана” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд Ц.Мөнхтөрийн тухайд 2007 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт гаргах үедээ 18 насанд хүрээгүй байснаас гадна уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан газар эзэмших хүсэлт гаргах шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл эзэмшихийг хүссэн газрын хаяг, байршил нь тодорхойгүй буюу нэгж талбарыг харуулсан тойм зураггүй эзэмших хүсэлт гаргасан байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн хавсралтаар түүнд “Тахилтын 6-133 тоот хаяг”-аар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь ойлгомжгүй, энэ талаарх анхан шатны шийдвэр үндэслэл бүхий болжээ. Тухайн үед хорооны Засаг даргаар ажиллаж байсан А.Уранчимэг дээрх өргөдөлд “Тахилтын 6-133 тоот хашааны газрыг Ц.Мөнхтөр эзэмшдэг...” гэсэн цохолт хийж өгсөн байдаг ч шүүхэд гэрчээр татагдаж өгсөн мэдүүлэгтээ уг газар хоосон байсан болохыг тодорхойлсон. Харин нэхэмжлэгч Л.******* дээрх хаягт байрлах газрыг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эзэмших хүсэлт гаргахдаа хуульд заасан шаардлагыг хангаж, газрын кадастрын зураг хийлгэсэн, түүнчлэн бодит байдалд уг газарт 2010 онд мансардтай 2 давхар тоосгон байшин, гараж барьсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон, энэ тохиолдолд гуравдагч этгээд Ц.Мөнхтөрийн 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрыг түүнд эзэмшүүлснээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байна. Үндсэндээ 133 тоот хаягт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг тус тус оршин суудаг тухай хорооны Засаг даргын тодорхойлолт нь энэхүү маргааныг үүсгэх гол үндэслэл болсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, харин газар эзэмших харилцаа, газар эзэмшигчид тавигдах шаардлагыг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хууль байхад уг маргаанд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжийн талаарх зохицуулалтыг заавал хамтатган дүгнэх шаардлагагүй, гэвч энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй. Газар эзэмшүүлэхэд тухайн иргэнийг уг газартаа заавал амьдран суух шаардлага хуулиар тавигдаагүй ч олон жилийн турш суурьшин амьдарч байгаа, мөн эзэмшихийг хүссэн өргөдлийг хуульд заасаны дагуу гаргасан нэхэмжлэгчийн газарт гуравдагч этгээд Ц.Мөнхтөрийн өргөдлийг үндэслэн давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус. Өөрөөр хэлбэл 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Ц.Мөнхтөр дахин газар эзэмших хүсэлт гаргахад хэдий нь уг газарт суурьшил үүссэн байгааг хариуцагч шалгаж тогтоогоогүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ч цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Л.*******д тухайн газрын эзэмшил бодитоор үүссэн, харин гуравдагч этгээд Ц.Мөнхтөрийн хувьд газар эзэмших эрх хууль зүйн талаасаа зөрчилгүй мэт боловч бодитоор эзэмшил анхнаасаа үүсээгүй байх тул хуулийн дээрх заалт энэ тохиолдолд зөрчигдөхгүй. Хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан нэхэмжлэгч Л.*******ын 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан газар эзэмших өргөдөлтэй холбогдуулан уг өргөдлийг тухайн үед гаргасан эсэхэд гуравдагч этгээдийг бус харин хариуцагч маргаагүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дүгнэгджээ. Иймд гомдлын “...гуравдагч этгээд тухайн баримтын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарласан...” гэх шаардлага үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд өмгөөлөгч О.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
|
|
|