Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00890

 

                                                         “Эс Би Логистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02653 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1023 дугаар магадлалтай,

“Эс Би Логистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Н.Гантулгад холбогдох           

            Гэрээний үүрэгт 2.287,12 ам.доллар буюу 4.590.478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

              Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатарын гаргасан тайлбарт: “Тус компани нь олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Япон улсаас Монгол улс руу автомашин оруулж ирдэг бизнес эрхлэгч нар бүгдээрээ аль нэгэн тээвэр зуучийн компаниар үйлчилгээ авдаг. Иргэн Н.Гантулга нь тэдний нэг бөгөөд “Эс Би Логистикс” ХХК-иас олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээг авсаар ирсэн. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа нь ялангуяа Япон улсаас автомашин тээвэрлэх тээвэрлэлтийг зохион байгуулах үйлчилгээ нь хуульд заасан заавал бичгийн хэлбэрийн хэлцлээр баталгаажих шаардлагагүй бөгөөд үйлчилгээний онцлог, тухайн салбарын нөхцөл байдлаас хамаарч талууд бичгээр гэрээ хийдэггүй нийтлэг талтай. Хариуцагч Н.Гантулга болон манай компани нар хоорондоо мөн тохирсон хэлцлээ бичгээр гэрээ болгож байгаагүй, тогтвортой харилцаа, харилцан итгэлцэл дээр суурилж хамтран ажиллаж байсан. Н.Гантулгын захиалгаар олон удаагийн тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлж байсан боловч 2015 оны 01 дүгээр сард автомашин тээвэрлүүлэн авчруулсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Манай компанийн нягтлан бодогч Н.Гантулгатай тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл тооцоог баталгаажуулсан байдаг. Уг тооцоо нийлсэн актаар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар талуудын хооронд үүссэн тооцоо нь Н.Гантулгаас “Эс Би Логистикс” ХХК-д 2.287,12 ам.доллар төлөхөөр байсныг аль аль тал нь хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан болно. Иймд тус компаниас иргэн Н.Гантулгад үзүүлсэн тээвэр зуучийн үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болох 2.287,12 ам.доллар буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханш 2.007,10 төгрөгт шилжүүлснээр 4.590.478 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тухайн үед тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурахдаа хэдэн төгрөгийн үлдэгдэл байсан, хэдэн төгрөг төлсөн гэдгээ мэдэхгүй байсан учир тулгах боломжгүй байдалд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Энэ бол хариуцагчийн өөрийнх нь асуудал. Хариуцагч манайд хэдэн төгрөг төлсөн, одоо хэдэн төгрөг төлөх ёстой гэдэг талаараа баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хавтаст хэрэгт нэг ч баримт гаргаж өгөөгүй. Мөн Замын-Үүдээс баримт авч чадаагүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч татгалзлаа өөрөө нотлож, нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Нэхэмжлэгч “Эс Би Логистикс” ХХК нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх болон ямар нэгэн байдлаар хүний гарын үсгийг дуурайлгаж зурсан зүйл байхгүй. Хариуцагчийн хувьд энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч, эвлэрье, төлье, 2-3 жилийн хугацаанд багтаагаад төлнө гэсэн саналууд тавьдаг байсан. Гэтэл одоо тооцоо буруу байна, миний гарын үсэг биш гэх мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гэсэн санаа зорилго агуулж, иймэрхүү байдлаар санал хүсэлт гаргах боловч өөрийн энэ тайлбарлаж байгаа зүйлээ нотлох баримт огт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийг талуудын тооцоо нийлсэн баримт дээр үндэслэж гаргасан байгаа.” гэжээ.

             Хариуцагч Н.Гантулгын гаргасан хариу тайлбарт: “Миний бие “Эс Би Логистикс” ХХК-тай хамтарч ажиллаад үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийт төлөх ёстой 3.700 ам.доллараас 1.413 ам.долларыг өдийг хүртэл төлж барагдуулсан. 2014 онд 25.000.000 төгрөгийг бусдад залилуулснаас болж өөрийн хийж байсан бизнесийг тогтвортой үргэлжлүүлж чадахаа больсны улмаас төлбөрийг гүйцэд барагдуулж чадаагүй. Үлдэгдэл төлбөр болох 2.287 ам.долларыг сар сард нь бага багаар, одоо ажиллуулж буй авто засварын газрын орлогоос сард доод тал нь 200.000 төгрөгөөр барагдуулж байгаад боломжтой болохоороо төлбөрийг нэг мөр барагдуулж дуусгаж төлнө гэсэн хариуг бичгээр гаргасан. Надаас нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хувьд хоёр контэйнерийн үнийн дүн нэхэмжилсэн. Тооцоо нийлсэн үнийн дүн гэж ярьж байгаа зүйл нь тээврийн хөлс хэдэн төгрөг байгаад, түүнээс хэдэн төгрөг төлөөд, хэдэн төгрөг үлдсэн бэ гэдэг тооцоог нэхэмжлэгч байгууллагын ажилтан над дээр ирээд дэвтэр үзүүлээд, ерөнхийдөө ийм үнийн дүн байгаа шүү гээд гарын үсэг зуруулаад явсан. Гэхдээ энэ нэхэмжлэлд хавсаргасан шиг баримт байгаагүй. Одоо нэхэмжлэлийг тулгаад үзэхээр Улаанбаатар хүртэл тээвэрлэсэн контейнер 2.700 ам.доллар гэж байгаа боловч бодит байдал дээр гааль дээрээс авсан лавлагаан дээр 2.400 ам.доллар байх жишээтэй. Иймд нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байна. Хэргийн материалд хавсаргасан тооцоо нийлсэн акт, зээлийн төлбөрийн баримт гэсэн толгойтой баримт байгаа. Анх намайг шүүхэд дуудахад хэргийн материалтай танилцаад шүүгчийн туслахад би хэлж байсан. Акт дээр зурагдсан Н.Гантулга гэсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг хэн дуурайлгаж зураад, тэр материалыг бүрдүүлээд хэргийн материалд хийчхэв гэдэг асуудал байгаа. Надтай ирж тооцоо нийлэхдээ ямар ч зээлийн үлдэгдэл гэсэн толгой байхгүй, дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл одоо хэрэгт байгаа нь тооцооны үлдэгдэл, зээлийн эргэн төлөлт гэсэн толгойтой цаас дээр Н.Гантулга гээд зурчихсан байгаа нь миний гарын үсэг биш. Ямар зорилгоор гарын үсгийг минь дуурайлгаж зурсныг би мэдэхгүй байна. Гарын үсэг зурсан баримтын нэг хувь надад үлдээгүй. Үлдэгдэл ийм байна гээд надад үзүүлэхэд тухайн үед тулгах баримт надад байгаагүй учир итгээд гарын үсгээ зурсан. Би огт төлбөр төлөөгүй биш, ихэнх төлбөрийг төлсөн, багахан дүн үлдсэн бөгөөд боломжит хугацаандаа төлж барагдуулаарай гэсэн саналыг тавьж утсаар холбогдоод явж байсан. Контейнер явуулахад н.Энхбат гэдэг хүн миний өмнөөс “Эс би Логистик” ХХК-тай тээврийн хөлсийг тохирсон.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/02653 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гантулгаас 1.987,12 ам.доллар буюу 3.988.766 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Эс Би Логистикс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 601.712 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88.398 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 78.770 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1023 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1023 дугаар магадлалаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч ИХШХШТухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хариуцагчийн иш татан маргаж буй хэргийн 7 дугаар хуудасны өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримт ИХШХШТухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм” гэж дүгнэсэн хэрнээ энэхүү баримтын доороос 3 дахь мөрөнд байгаа 6.400 ам. доллараас Н.Гантулгын төлсөн гэх 4.112,88 долларыг хасч гарсан үлдэгдэл болох 2.287,12 ам.доллараас 300 ам.долларыг хасч хариуцагч Н.Гантулгаас 1.987,12 ам доллар буюу 3.988.766 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон тооцооллыг нотолгооны ач холбогдолгүй гэж зөв дүгнэсэн хэрнээ энэхүү тооцооллоор гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг /хх-ийн 7 дугаар хуудас/ хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн магадлалын 5 дугаар хуудасны дээрээс 1 дэх мөрөнд “... нэхэмжлэгч нь зөвхөн DFSU6935503 дугаартай чингэлгийн тооцооны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хүсэлтэд дурдсан SNBO 8164329 тоот чингэлгээр маргаан үүсээгүй тул хэрэгт хамааралгүй хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах боломжгүй” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн үндэслэлээ DFSU 6935503 дугаартай чингэлгийн тооцооны үлдэгдэл гэж дурдаагүйгээр барахгүй 2015 оны 1 дүгээр сард автомашин тээвэрлүүлэн авчруулсан тээврийн хөлс гэж тодорхой бичсэн байгаа. Гэтэл DFSU 6935503 дугаартай чингэлэг 2015 оны 01 дүгээр сард биш 02 дугаар сард ирсэн байдаг. Эндээс харахад нэхэмжлэгч байгууллага яг хэдэн тоот чингэлгийн тээврийн хөлс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй байдаг. Иймээс хариуцагч Н.Гантулга энэ байдлыг тодруулах үүднээс анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж 2015 оны 01 дүгээр сард “Эс Би Эл логистикс’’ ХХК-иар тээвэрлүүлсэн SNBO 8164329 тоот чингэлэг, DFSU 6935503 дугаартай чингэлгийн тээврийн хөлсний баримтыг Гаалийн ерөнхий газраас тус тус гаргуулахаар хүсэлт гаргасан боловч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/11363 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Энэхүү хүсэлт хангахаас татгалзсан захирамжийн үндэслэх хэсэгт тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ Ш32016/10254 дүгээр шүүх хуралдаан хойшлуулах захирамжаар хариуцагч Н.Гантулгын нотлох баримт гаргуулахаар хүссэн DFSU 6935503 дугаартай чингэлэгтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй ” гэжээ. Гэтэл тэрхүү шүүх хуралдаан хойшлуулах захирамж нь зөвхөн Монгол банкны ханшийн лавлагаа гаргуулахаар хойшилсон болох нь захирамжаас тодорхой харагддаг. Ийнхүү анхан шатны шүүх нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх хуралдаан хийж ИХШХШТухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр баталжээ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1023 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.      

     Нэхэмжлэгч “Эс Би логистикс” ХХК нь хариуцагч Н.Гантулгад холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 287,12 ам.доллар буюу 4 590 478 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “…төлбөрийг цувуулаад төлж байсан, нэхэмжилсэн хэмжээнээс төлбөрийн үлдэгдэл бага байх ёстой” гэж маргажээ.

         Нэхэмжлэгч “Эс Би логистикс” ХХК нь тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч Н.Гантулга нь нэхэмжлэгч компанитай тохиролцон Япон Улсаас Монгол Улс руу автомашин тээвэрлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд үүссэн харилцааг тээвэрлэлтийн гэрээ гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн байна.

  Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр DFSU 6935503 дугаартай контейнер тээвэрлүүлсний хөлсний үлдэгдэл төлбөр 2.287,12 ам.доллар болох талаар тооцоо нийлж зээлийн тооцооны хуудас гэсэн баримтыг үйлдсэнийг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгожээ.

         Хариуцагч Н.Гантулга нь 2016 оны 03 дугаар сарын 29-нд шүүхэд хандаж DFSU 6935503 дугаартай чингэлгийн, SNBO 8164329 дугаартай чингэлгийн тээвэрлэлтийн хөлсний баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зөв ба уг баримт хавтаст хэрэгт ирсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь зөвхөн DFSU 6935503 дугаартай чингэлгийн тооцооны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хүсэлтэд дурдсан SNBO 8164329 тоот чингэлгээр маргаан үүссэн гэж үзэх нөхцөл тогтоогдсонгүй.

DFSU 6935503 дугаартай чингэлгийн тээврийн хөлс 2.400 ам.доллар болох нь нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдсон ба энэ нь нэхэмжлэгчийн анх нэхэмжлэлдээ дурдсан 2.700 ам.доллар гэх тайлбараас зөрсөн тул талуудын тооцоо нийлж тохиролцсон 2.287,12 ам.доллараас эргэн төлөлтийн 300 ам.долларыг хасч тооцон нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

        Хариуцагчийн төлбөр төлсөн гэх баримт нь өөрт нь хамааралтай, өөрөө гаргах боломжтой баримт боловч тэрээр тайлбар, татгалзлаа нотлох баримтыг гаргаагүй,  түүний иш татан маргаж буй хэргийн 7 дугаар хуудасны өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж тээвэрлэлтийн гэрээний үлдэгдэл төлбөрт  1.987,12 ам.доллар буюу 3.988.766 төгрөгийг хариуцагч Н.Гантулгаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/02653 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1023 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Н.Гантулгын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 78.770 /далан найман мянга долоон зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                    ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН