Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 229

 

Ш.Ж-гийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны

Төрийн нарийн бичгийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь               

Шүүгчид:                     Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0026 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0195 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0026 дугаар шийдвэрээр Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-гийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалын Ш.Ж-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0195 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0026 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1” гэснийг хасч, “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасны дагуу Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоо хасагдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх хууль зүйн боломжтой байсан. Энэ хууль зүйн үндэслэл огт бий болоогүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус” гэж тайлбарлаж, маргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг хэрэглэх ёстой байтал уг хуулийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хасагдсан талаар нотлох баримт байхгүй, хариуцагч албан тушаалаас нь чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй ба уг албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр тогтоогдож байгаа болно.

4. Хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөхдөө “Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэн” гэж тайлбарлаж, “орон тоо хасагдсан” гэх боловч уг үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх хууль зүйн үндэслэл огт байгаагүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх “хариуцагч нь дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу ажилтан, албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч Ш.Ж-г бусад ажилтан, албан хаагчдын адил Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна” гэх дүгнэлт нь хуульд үндэслээгүй, илтэд үндэслэлгүй болно. Иймээс нэхэмжлэгч Ш.Ж-г зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан хууль зүйн үндэслэл бүрдсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх ёстой байтал уг үндэслэл болон нэхэмжлэгчийн төрийн алба хаах бүрэн эрхэд хуульд заасан үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

5. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Захиргааны ерөнхий хуулийг зорилгынхоо хүрээнд тайлбарлаж хэрэглэх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгох ба Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасан үндэслэл бүрдээгүй байх тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх “Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтооно” гэж дүгнэлт хийсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч Ш.Ж-гийн төрийн алба хаах эрхэд халдах буюу төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 23.4-т зааснаар бий болно. Хэрэгт авагдсан баримтаар орон хасагдсан нөхцөл байдал огт тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар няцаалт өгч чадаагүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй гэж буруу тайлбарласан. ...Иймд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

7. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” Б08 дугаар тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолыг үндэслэл болгож тус яамны нийт албан хаагчдыг тус тусын албан тушаалаас чөлөөлсөний дотор Ш.Ж-г Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн, нэхэмжлэгч Ш.Ж нь “...газрын даргын орон тоо хасагдаагүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр уг актын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

8. Нэхэмжлэгч Ш.Ж-г Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б09 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүүгийн хэлтэст дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, сургалт, нийгмийн асуудал, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон, мөн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б65 дугаар тушаалаар “өөр ажилд шилжих болсон” гэх үндэслэлээр уг албан тушаалаас чөлөөлж “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын мэдэлд шилжүүлсэн, Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Стратеги, төлөвлөлтийн албаны менежерээр томилсон, “тушаалын үндэслэл, хэвлэмэл хуудас, дардас буруу байсан” гэж 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/06 дугаар тушаалаар өмнөх Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/38 дугаар тушаалаар дахин томилсон, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирлын 2017 оны 10 дугаар 26-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01839 дүгээр шийдвэр”-ийг үндэслэн “менежер”-ийн албан тушаалд эгүүлэн томилсон, Ш.Ж-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу тус Төвийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор заасан, илт хууль бус “захиргааны акт”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “шинж”-ээр тодорхойлсон ба илт хууль бус акт иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол шүүх уг актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой.

10. Харин, хариуцагч Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны Б08 дугаар тушаалаар яамны нийт албан хаагчдыг тус тусын албан тушаалаас чөлөөлөхдөө Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолыг үндэслэсэн, уг үйл баримтад холбогдуулан Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасныг авч үзвэл, албан хаагчдыг эрхэлж буй ажил, албан тушаалаас нь “чөлөөлөх” шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байсан гэж үзнэ.

11. Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Засгийн газрын дээрх 3 дугаар тогтоолоор Сангийн яамны зарим газар, хэлтсийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй болсонтой холбогдуулан нэхэмжлэгч Ш.Ж-г Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр томилох болсон талаар түүнд хариуцагчаас мэдэгдэж, саналыг нь сонссон, ийм шийдвэрийг Ш.Ж зөвшөөрсөн нь “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” гэх 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн баримтаар тогтоогдсон, Ш.Ж нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтнээр, тус яамны харъяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд менежерээр тус тус ажилласан байх бөгөөд тэрээр ажил албан тушаалыг нь өөрчилсөн уг шийдвэрүүдтэй маргаагүй зэргээс үзвэл хариуцагчийн гаргасан 2017 оны Б08 дугаар тушаалын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

12. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-гийн хяналтын журмаар гаргасан “...Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хэвээр байхад уг албан тушаалаас чөлөөлсөн, чөлөөлөх үндэслэл байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

13. Харин, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт баримталсан хуулийг зөвтгөж, өөрчилсөн нь зөв боловч мөн шийдвэрт хуулийн нэрийг буруу бичсэн алдааг залруулаагүй орхигдуулсан нь буруу тул шийдвэр, магадлалын “Тогтоох” хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0026 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0195 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн” гэснийг “Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ