Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1160

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ   

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч У.******* түүний өмгөөлөгч Б.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2605016840578 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

   Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Гэрэлт цолмон ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Богд вилла хотхон ******* байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

******* овогт ******* ******* /РД:******* /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч У.******* нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2026 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 03 дугаар хороо, Өгөөж ХХК-ийн урд замд Тоёота кроун ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.******* нь 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2026 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 02 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 03 дугаар хороо, Өгөөж ХХК-ийн урд замд Тоёота кроун ******* УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэж шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 0.80% /хх-ийн 02-03 дугаар хуудас/,
  2. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэвэр /хх-ийн 23-25 дугаар хуудас/
  3. У.*******ын жолоодох эрхийн лавлагаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа /хх-ийн 07-22 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч А.Марал гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзсэн тул шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна..”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчулуу шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна..” гэв.

 

   Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч У.*******т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч У.*******т “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Улсын яллагч А.Марал эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч У.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчулуу шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч У.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.*******т оногдуулсан 4,000.000 /дөрвөн сая/төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.*******т сануулсугай.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.