Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 321

 

 

 

                                              

 

 

 

 

 

           

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

гэрч Э.Бадамлянхуа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч О.Далантай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О.Далантайг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010478 дугаар хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 46 дугаар гудамж, 35 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 5 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 409 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Отгонбаярын Далантай, /РД:УШ91122171/.

Шүүгдэгч О.Далантай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 9-5 тоотод суух иргэн О.Лхамсүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн Эл Си Ди зурагт, зурагтын удирдлага, шар өнгийн гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 426000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Далантай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэргийг хийсэн нь үнэн болохоор шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Гэрч Э.Бадамлянхуа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 201726010478 дугаар хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:

Хохирогч О.Лхамсүрэнгийн: “Би 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн чинь манай гэрийн хаалганы цүүг эвдээд хулгай орж, гэрийн хоймор хэсэгт байсан Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт алдагдсан байсан. Эхнэр Бадамлянхуа надад хэлэхдээ “2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ...эхнэрийн дүү Бадмаараг эхнэрийн гар утас руу залгаад танай гэрт хулгай ороод эд зүйл алдагдсан байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд хулгай орсон байсан гэсэн. ...Би алдагдсан Самсунг маркийн 32 инчийн зурагтыг 2016 онд 300000 төгрөгөөр худалдан авч байсан, 300000 төгрөгөөр үнэлнэ. Зурагтны удирдлага 6000 төгрөг, DDISH олон сувгийн антены удирдлагыг 6000 төгрөг, шар өнгийн өвлийн гутлаа 2016 онд 150000 төгрөгөөр худалдан авсан, энэ үнээр үнэлнэ. Зурагтаа буцааж авсан болохоор ямар нэгэн гомдол санал алга, нэхэмжлэх зүйл гэвэл гутал, удирдлагынхаа зардлыг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-11-13, 95/,

Гэрч Д.Энэбишийн: ”Би 2017 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Эрээн хотоос ирсэн чинь хүү Элбэгбаяр Лхамсүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орж, эд зүйл алдагдсан байна гэж надад хэлсэн. Хулгай ордог шөнө хүү Элбэгбаяр, ач охин Бадмаараг нар гэртээ байсан. Гэхдээ урд талд байдаг Лхамсүрэнгийн гэрт хулгай орохыг мэдээгүй гэсэн. Манай ойр орчимд урьд нь хулгай орж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч Н.Ганзоригийн: “...Зүс таних Далантайтай архи хувааж уучихаад гэрээс гараад Баянхошууны тойрог руу хамт явсан. Тэгээд тойргийн хойд талд нэг гудамжинд явж байгаад миний шээс хүрээд байхаар нь би нарийн гудамж руу ороод бие зассан. Тэр үед Далантай хаашаа явсан нь мэдэгдэхгүй гэнэт байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би ганцаараа яваад буцаад гэртээ харьсан. Тэгтэл хэсэг хугацааны дараа ойролцоогоор 30-40 минутын дараа Далантай нэг зурагт барьчихсан манай гэрт ороод ирсэн. Тэр үед би Далантайгаас энэ юун зурагт юм бэ, хаанаас аваад ирж байгаа юм бэ гэж асуутал Далантай миний зурагт байгаа юм, түр танайд тавьчихъя гэж хэлээд гэрт тавьсан. Би Далантайтай нийлж хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-100/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-52, 105/, гэрч Б.Баатарын мэдүүлэг /хх-97/, гэрч О.Ариунболдын мэдүүлэг /хх-99/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-122/, шүүгдэгч О.Далантайн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, хохирогчийн хүсэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4-т заасныг буюу гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлалгүйгээр мөрдөн байцаалтын шатанд буюу 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрч Э.Бадамлянхуагаас мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн байх тул түүнийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.  

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “Шар гутлын болон удирдлаганы үнэ гэх 156.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шар гутал авсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн зурагт 270.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд энэ нь хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй” гэж тайлбар гарган мэтгэлцэв.

Гэвч хэрэгт авагдсан хохирогч О.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх-11-13, 95, 144/, эд зүйлийн үнэлгээ /хх-52, 105/, шүүгдэгч О.Далантайн “...Хойморын мөлхөө тавилганы голд Самсунг маркийн 32 инчийн зурагт байсан. Би зурагтны хажууд байсан 2 ширхэг удирдлагыг зурагтны хамт аваад гэрээс гарсан. ...Харин гутал авсан эсэхийг сайн санахгүй байна, би нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-37-39, 109/ зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

Мөн “хулгайн гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу Хулгайлах гэмт хэргийн тайлбарт тодорхой заасан байх тул үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэжээ. Иймд шүүгдэгч О.Далантайн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл бөгөөд хохирлын хэмжээ шаардахааргүй байх тул хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.      

Шүүгдэгч О.Далантай согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 9 дүгээр гудамж, 05 тоотод суух иргэн О.Лхамсүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн орон байранд нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт, удирдлага, шар өнгийн гутал зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 426000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Лхамсүрэнгийн “...манай гэрийн хаалганы цүүг эвдээд хулгай орж, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт, DDISH олон сувгийн антены удирдлага, шар өнгийн өвлийн гутал алдагдсан” гэх мэдүүлэг /хх-11-13/, гэрч Д.Энэбишийн “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өглөө ирсэн чинь Лхамсүрэнгийн монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орж, эд зүйл алдагдсан байна гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Н.Ганзоригийн “...Тэгтэл хэсэг хугацааны дараа ойролцоогоор 30-40 минутын дараа Далантай нэг зурагт барьчихсан манай гэрт ороод ирсэн. Би энэ юун зурагт юм бэ, хаанаас аваад ирж байгаа юм бэ гэж асуутал Далантай миний зурагт байгаа юм, түр танайд тавьчихъя гэж хэлээд манай гэрт тавьсан...” гэх мэдүүлэг /хх-100/, хэргийн газрын үзлэг /хх-4-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-40/, эд зүйлийн үнэлгээ /хх-105/, шүүгдэгч О.Далантайн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч О.Далантайг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч О.Далантайн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх тул 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулах нь шүүгдэгчид оногдуулах хорих ялын дээд хэмжээ ихэсч, түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнэсэн болно.  

Шүүх учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Лхамсүрэнд 426000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас шүүгдэгч зурагт, удирдлагыг биет байдлаар, бусад эд зүйлийн үнийг мөнгөн хэлбэрээр төлж хохирлыг бүрэн барагдуулсан, мөн хохирогч “О.Далантайд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирлоо бүрэн авсан бөгөөд түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэснийг тус тус харгалзан шүүгдэгч О.Далантайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Далантай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс  2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 64 /жаран дөрөв/ хоног урьдчилан хоригдсон болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Далантайн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмтхэрэгт О.Далантайг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон зөвтгөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын Далантайг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Далантайг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. О.Далантайд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар О.Далантай 64 /жаран дөрөв/ хоног урьдчилан хоригдсоныг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Далантай бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар О.Далантайд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Далантайд урьд авсан хувийн баталгаа гаргасан арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Далантайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР