Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/253

 

 

 

 

 

 

 

   2022          3            03                                             2022/ДШМ/253

 

             Н.Э-т холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийнөмгөөлөгч Я.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2103000940128 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З овогт Н-гийн Э, 1983 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ................. дүүргийн .. дүгээр хороо, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Н.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны 16 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 16 дугаар гудамжны замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн 81-16 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээ асаагаад урагш хөдлөхдөө тээврийн хэрэгслийн урд талд сууж байсан Ж.Б-ыг дайрсны улмаас Ж.Б-ын амь нас хохирч, мөн дүрмийн 3.5.а.б.г-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг өөрчлөх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э-гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Н.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн Н.Э-т биечлэн 3 жил 60 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Э-т оногдуулсан 3 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүхийн шатанд хохирогчид 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-гээс 6.319.949 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нас барсан гэм хор учруулсан төлбөрийг нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Э-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Н.Э миний бие 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ванганжил, Жигмэджамц, Одонтуяа, Алтанхуяг, Пүрэвсүрэн талийгаач Б бид нар бүтэн өдөр Алтанхуягийн гэрт архи ууцгаасан. Миний машиныг Жигмэджамц жолоодож Ванганжилийг гэрт нь хүргэж өгөөд буцаж явах замдаа би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсанаа унтсан байсан. Тэгээд сэрэхэд машины гадна талд буюу миний сууж байсан талд Жигмэджамц нь талийгаачийн толгой хэсгээр нь тэвэрчихсэн, талийгаачийн цээжин хэсгийн хувцас нь сөхөгдөөд ил гарчихсан байдалтай байцгааж байсан. Жигмэджамц надад “Машинаар чинь ухарч байгаад энийг мөргөчихлөө” машинаа холдуулчих гэж хэлсэн. Би айж сандарсандаа машинаа унаад явчихсан. Тухайн үед унтаж байгаад дөнгөж сэрсэн, үйлдлээ бүрэн ухамсарлах чадвар байгаагүй. Би энэ талаараа байцаалтад удаа дараа мэдүүлсэн боловч байцаагч “жолоочийн суудал дээр сууж байсан” гэж бичээд чамайг хорино шүү гэж загнаж байгаад гарын үсэг зуруулсан. Би энэ авто ослыг хийгээгүй, Жигмэджамц хийсэн гэхэд Жигмэджамцыг оруулж ирээд нүүрэлдүүлсэн ба тэгэхэд нь “чи надад машинаар чинь ухарч байгаад мөргөчихлөө гэж надад хэлээ биз дээ” гэхэд дуугарахгүй зогсоод байсан. Дараа нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Чинбатаас “чамайг гаднаас оруулж ирээд Этэй нүүрэлдүүлж асуусан уу” гэхэд Жигмэджамц “нүүрэлдүүлсэн” гэж хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн /2-р хх-139/ байгаа. Ийм байтал Жигмэджамц бид хоёрыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй, надаас байцаалт авч байхдаа гаднаас хэрэг үйлдсэн хүнийг нь оруулж ирээд нүүрэлдүүлж байцааж миний эрхийг зөрчсөн. Шүүх хуралдаан дээр прокурор надтай хатуу ширүүн харьцаж, доог тохуу хийсэн асуулт асууж байсан. Энэ нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэлийн 104 тал дээр буюу 2-р хх 134 хуудасны ард талд бий. Яахаараа гэрчийн мэдүүлгийг буруу гээд байгаа юм, яахаараа тэр үед нь хэлээгүй юм гэх мэтчилэн маш дээрэнгүй хандаж байсан учраас би маш их сандарч юу гэж хариулсанаа мэдэхгүй байна. Хэргийн талаар ярих гэхээр, чи урд нь санахгүй байна гээд байсан, яасан одоо санаад эхэлсэн үү, тэгээд юу санаж байна гэх мэтээр доог тохуу хийсэн асуулт асууж байсан учраас би цааш нь прокурорын асуултад хариулаагүй.

Уг шүүх хуралдаанд миний сонгож авсан өмгөөлөгч Чинбатыг үг хэлэхээр прокуророор урдаас нь маргалдаад, сүүлдээ хэрэлдээд, нэмэгдээд шүүгч нь хүртэл орж гурвуулаа гурвалжин, дөрвөлжин хэрүүл болж байгаад шүүгч нь хурлаа хаяаад гараад явсан. Тэгээд 5-6 минутын дараа орж ирээд хурлаа үргэлжлүүлсэн. Энэ талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Х.Хандсүрэн “Өнөөдөр Эийн хэргийг шийдвэрлэхийн тулд хурлын явцад ойлголцоогүйгээс болоод бага зэрэг маргаан гарсан, ийм зүйл байж болохгүй. Ер нь сүүлийн үеийн залуу шүүгч, прокурорууд хүнтэй харьцахдаа чанга дуугаар харьцвал мундаг шүүгч, прокурор юм шиг боддог. Энэ бол ёс зүйн алдаа гэдгийг цаашид ухамсарлах хэрэгтэй гэж бодож байна. Шүүх, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа хэн аль нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэж дахин хэлэх зүйтэй гэж хэлж байсан /Энэ нь 2-р хх 145 хуудас буюу шүүх хуралдааны тэмдэглэлийн 27 дугаар хуудсанд байгаа/. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр прокурор Дэлгэрмаа  нь шүүх хуралдааны дэг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрдөг ба анхан шатны шүүх хурал явуулахдаа зохион байгуулалт дээр алдаа гаргасан, шүүх хурал замбараагүй үргэлжилж явагдсан гэдгээ хэлдэг /Энэ нь 2-р хх-170 хуудасны ард давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудсанд байгаа/. Прокурор Дэлгэрмаа нь шүүх хуралдаан дээр хэргийн талаар мэтгэлцэх гэдэг ойлголтоо маргалдах, хэрэлдэх байдлаар хэрэгжүүлдэг болохыг шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Анхан шатны шүүхийн шүүгчээс прокурорыг шүүх хуралдааны дэг зөрчлөө гэж 3 удаа сануулж байсан боловч ямарч хариуцлага тооцоогүй.

Мөн өмгөөлөгч Чинбат нь прокурор Дэлгэрмаатай яллах, өмгөөлөх тал дээр маргалдаж байсны улмаас намайг өөр өмгөөлөгч аваарай, тэгэхгүй бол чамд хүнд ял оногдуулна шүү гээд байсан учраас би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралд орохоос 5 хоногийн өмнө өмгөөлөгч Я.Энхжаргалыг сонгож авсан.

Осолын бүдүүвч зураг /1-р хх 11/ дээр нь ногоон өнгийн балаар сараачсан 2 арзгар зураасыг тайлбарласан зүйл бичигдээгүй учраас би одоо болтол ойлгоогүй, анх хавтаст хэргийн материалтай танилцаж байхдаа тэр ногоон балаар зурсаныг байцаагчийнх нь бал нь гарахгүй болохоор сараачсан юм байхдаа, тэгээд улаан бал нь гарч дээ гэж бодож байсан.

Пүрэвсүрэнг байцаахдаа хэлгүй, дүлий гээд хэлмэрч авч байсан юм байна гэж ойлгосон. Гэтэл гэрч Пүрэвсүрэн, Алтанхуяг хоёрын байцаалтын доор өмгөөлөгч Сайнбаярт уншиж танилцуулав гэж бичсэн байсан. Би хэргийн материал уншиж байхдаа “эд нар бүгдээрээ өмгөөлөгч авсан юм байна, бүгд байцаалтаа өмгөөлөгчтэй өгсөн юм байна” гэж ойлгосон. Сайнбаяр гэх хүн Пүрэвсүрэнгийн хэлмэрч нь юм уу, өмгөөлөгч нь юм уу. Яагаад гэрч Алтанхуягийн байцаалтад байлцсан болохыг ойлгохгүй байна. Гэрч Алтанхуяг нь хэлгүй, дүлий хүн биш байтал хэлмэрчтэй байцаасаныг ойлгохгүй байна /1-р хх-88, 92/.

Би гэрч Пүрэвсүрэн гэх хүнтэй хэрэг болдог өдөр хамт Алтанхуягийн гэрт архи уусан. Энэ талаар Пүрэвсүрэн өөрөө мэдүүлгээ өгсөн байдаг. Шар үстэй, намхан биетэй, жинсэн өмдтэй, өмд нь будаг, замаска болсон байсан гэж мэдүүлсэн мөртлөө намайг машины жолоочийн суудал дээр нүүрээ будаад сууж байхад нь харсан мэтээр таньж олуулах ажиллагаа хийлгүүлээд, түүнийгээ нотлох баримтаар үнэлсэн байдаг. Тэр хүн надтай өдөржин хамт байж, намайг хиам идээд сууж байсан гэж хүртэл хэлсэн байснаа огт харж байгаагүй хүнийг харуулж байгаа юм шиг таньж олуулах ажиллагаа хийлгэснийг огт ойлгохгүй байна. Пүрэвсүрэн, Жигмэджамц хоёр нь нэг гудамжинд олон жил хамт амьдарсан хүмүүс болохоор Пүрэвсүрэн, Жигмэджамцын талд юу ч гэж худлаа мэдүүлэг өгөх боломжтой. Бүтэн өдөр хамт байсан хүнээр нь гэнэт таньж олуулах ажиллагаа хийлгээд, түүнийгээ прокурор нотлох баримтаар үнэлж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Арай арга яадсан өрөвдмөөр арга байна.

Жигмэджамц, Пүрэвсүрэн, Алтанхуяг нар нь нэг гудамжинд амьдардаг бие биенийгээ сайн таньж мэддэг найзууд. Одонтуяа, Жигмэджамц нар эр, эмийн харилцаатай. Эд нар бие биенийгээ хаацайлж удаа дараа, худал мэдүүлэг санаатай өгч байна. Алтанхуяг, Жигмэджамц, Одонтуяа нар нь мэдүүлгээ өөрчилж худал мэдүүлэг өгч байгааг мэдсэн хэрнээ эдгээр хүмүүсийн худал мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, намайг яллаж хохироож, Жигмэджамцад ял завшуулж байна. Энэ хүмүүс одоо ч архидан согтуурсан хэвээрээ Жигмэджамцын хэргийг Э үүрчихсэн бид нар худлаа мэдүүлэг өгсөн гэж яриад явж байна. Ярьсан яриаг нь хүртэл ярианы бичлэг хийгээд тэр хавийн хүмүүс нь надад өгсөнийг шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгөхөд прокурор Дэлгэрмаа нь согтуу хүний л яриа байна гээд урдаас загнаад байсан мөртлөө Жигмэджамцаас 2021 оны 4 дүгээр сарын 06-ны орой 21 цагт мэдүүлэг аваад, тэр өдөртөө эрүүлжүүлээд маргааш нь бид нар хамтдаа эрүүлжүүлэхээс гарсан юм. Үүнээс үзэхэд согтуу хүнээс мэдүүлэг авч ноцтой зөрчил гаргасан байна. Худал мэдүүлэг өгөөд байгаа хүмүүсийг 4 удаа байцаахдаа ч хариуцлага тооцоогүй.

Мөрдөгч нь гэр бүлийнхээ гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлаж, мэдүүлгээ өгөх эсэхийг асуухгүйгээр байцаалт авсан ба энэ нь хууль зөрчиж авсан. Энэ мэдүүлгээ прокурор Дэлгэрмаа нь шүүх хурал дээр миний эсрэг ашиглаж, миний эрх зүйн байдлыг дордуулсан /1-р хх-97, 100/.

Энэ гэмт хэргийг би үйлдээгүй гэж удаа дараа мэдүүлэг өгөөд байхад огт шалгаж үзэхгүйгээр, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоохгүйгээр илтэд нэг талыг барьж зөвхөн Жигмэджамцын мэдүүлгээр намайг яллаж байгаад маш их гомдолтой байна.

Өмгөөлөгч Я.Энхжаргал нь анхан шатны шүүх хуралдаан дээр дүгнэлтээ 30 минутад танилцуулах цаг авах гэсэн боловч өгөөгүй, дүгнэлтээ танилцуулж байх үед нь зогсоож гүйцэд хэлэх боломжоор хангаагүй. Ял шийтгэл оногдуулах хуралдаан дээр өмгөөлөгч 10 минут ярих хугацаа өгөөч гэхэд өгөөгүй, намайг өмгөөлөх эрхээр минь хангаж өгөөгүй. Тиймээс бичгээр дүгнэлтээ өгсөн. Уг дүгнэлт  дээрх процессын ноцтой зөрчлүүдийг шалгаж, уг зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч өгнө үү. Өмгөөлөгч Я.Энхжаргал нь прокурорын яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан ноцтой, ноцтой зөрчлүүд болон хууль зөрчиж бүрдүүлсэн, процесс алдаануудыг хавтаст хэргийн хуудас бүрээр дүгнэж хэлсэн. Өмгөөлөгч Энхжаргалын дүгнэлтийг гүйцэд хэлүүлэхгүйгээр зогсоож дараа нь прокурор Дэлгэрмаа нь “энэ өрөө камертай биз дээ, бичлэг хийгдэж байгаа биз дээ, ингэж санаанаасаа зохиож худлаа юм хэлэхгүй шүү, өөрөө ярьсан зүйлээ хариуцна шүү, хавтаст хэрэгт энэ хэлээд байгаа зөрчлүүд байхгүй, чанга, хурдан ярьснаар хэрэг нотлогдоггүй шүү” гэж байсан. Прокурор Дэлгэрмаа нь хавтаст хэргээ бүрэн гүйцэт уншиж танилцахгүйгээр, зөрчлүүдээ мөрдөн байцаалтын ажиллагаанд байхад нь хянаж, алдааг залруулахгүйгээр намайг яллаж байгаа болох нь харагддаг.

Прокурор Дэлгэрмаа нь хавтаст хэргээ огт уншиж танилцаагүй болох нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Б.Жигмэджам, Ванганжил нар Н.Э-гийг согтуу байна гэж хэлсээр байхад зөрж автомашинаа хөдөлгөөд урдаа байсан талийгаач Ж.Б-ыг дайрсан байдаг. Уг ослын улмаас талийгаач нас барсан. Гэмт хэрэг гарахад байсан гэрчүүд мэдүүлгээрээ нотолдог гэж улсын яллагч хүний амнаас гармааргүйгээр гүтгэж тайлбар хийсэн байдаг. Тэр үед Ванганжил байгаагүй гэртээ бууж үлдсэн болохыг бүх гэрчүүд нотолдог. Талийгаачийг намайг дайрсан гэж Жигмэджамцаас өөр хүн гэрчилдэггүй, бүгд л хэргийн дараа талийгаачийг Жигмэджамц тэврээд сууж байсан гэж мэдүүлээд байхад бүгд гэрчилдэг гэж давж заалдах шатны шүүхэд хавтаст хэрэгт авагдсан баримтаас өөрөөр зохиож тайлбараа өгсөн байдаг. Маш ноцтой зөрчил гэж бодож байна /2-р хх-170/.

Миний бие хэрэг гардаг өдөр Ванганжилтэй машин дотор архи хуваан ууж байгаад архиа үлдээгээд унтсан, унтаад сэрэхэд бол эрүүл болсон байсан. Түүнээс хойш нэмж архи уугаагүй, дараа нь замын цагдаа дээр очоод драйгер багаж үлээлгээд болохгүй байна гээд дахин, дахин үлээлгээд наадахаа барьж бай гээд зураг авч байсан. Надаас цус авч миний согтолтын зэргийг тогтоогоогүй, мэдүүлгийг нэг ч удаа шалгаж өгөөгүй, ах, эгчээс минь мэдүүлэг авахдаа төрсөн дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээр нь хангаагүй гэх мэтээр маш олон үйлдлээс үзэхэд хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим надад огт хэрэгжээгүйд маш их гомдолтой байна.

2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч Сэржмядаг нь “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, ослыг харсан ганц хүн гэх Жигмэджамцын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, аль мэдүүлгийг үнэн зөвд тооцох нь ойлгомжгүй байна. Тухайн үед талийгаач нь хүнд зодуулсан гэх мэдүүлэг бас байдаг. Тиймээс мэдүүлгийг нэг мөр болгож ирүүлэх, энэ хэрэг шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой эсэхийг тогтоох шаардлагатай байна. Дээр дурьдсан нөхцөл байдлыг тодруулахтай холбогдсон ажиллагааг хийх, шинээр гэрч асуух, мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, туршилт хийх, таньж олуулах ажиллагааг хийх гэх мэт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв гэж захирамж гаргасан атлаа шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагаанууд огт хийгдээгүй, хавтаст хэрэгт нэг хуудас цаас ч нэмэгдээгүй байхад өөрийнхөө өмнө гаргасан захирамжаасаа буцаж хэт нэг талыг барьж, нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр ял шийтгэл оногдуулсан. Зөвхөн Жигмэджамцын мэдүүлгээр хавтаст хэргийг бүрдүүлж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Миний Жигмэджамцыг мөргөсөн гэх мэдүүлэгт огт ажиллагаа хийлгүйгээр намайг хууль бусаар буруутгаж, бодит үнэнд нийцээгүй шийдвэр гаргаж надад хилсээр ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.

Н.Э миний бие нь хийгээгүй хэрэгт хэлмэгдэж Жигмэджамц гэгчид хилсээр гүтгүүлж хорих ял эдэлж байгаадаа маш их гомдолтой байна. Миний гаргасан гомдол хүсэлтийг минь хүлээн авч эрхэм шүүгч та бүхэн уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Жигмэджамцын үгэнд орж хэргийн газраас автомашинаа хөдөлгөж холдуулсан. Энэ үйлдлээсээ болж өөртөө дахин нэг зүйл анги нэмэгдүүлж 3 жил 60 хоногийн нээлттэй хорих ял авсандаа маш их харамсаж байна. Автомашинаа холдуулсан гэм буруутай үйлдэл дээр надад маргах зүйл байхгүй. Харин намайг хүн мөргөж, хүний амь насанд хүрсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Намайг гэм буруугүй болохыг нотлох 2-3 гэрчүүд шинээр гарч ирсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаавал шинээр гарч ирсэн гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Байцаагч хэргийг хэт нэг талын барьж, дутуу мөрдөн шалгасан гэж үзэж байна. Уг хэргийг мөрдөн байцаалтад буцаавал намайг болон Жигмэджамц, Ванганжил, Одонтуяа, Алтанхуяг, Пүрэвсүрэн нараас дахин мэдүүлэг авч, шалгуулах хүсэлтэй байна. Иймд миний давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Н.Э-гийн өмгөөлөгч Я.Энхжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бүх л нотлох баримтаар миний үйлчлүүлэгч Н.Э нь гэм буруугүй болох нь бүрэн тогтоогдсон байдаг. Гэтэл хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэтэрхий нэг талыг барьж анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, процессын ноцтой зөрчилтэй нотлох баримтуудыг үнэлж миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулсан.

Уг гэмт хэрэг хэний буруутай үйлдлээс болсон болох нь тогтоогдоогүй, хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгдээгүй, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох гэхээсээ илүүтэй гагцхүү Н.Э-гийг буруутгах талыг барьж хэтэрхий өрөөсгөлөөр яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх ч энэ талаас нь харж хэргийг шийдвэрлэсэн. Тухайн осол хэрэг болох үед ослын газарт Н.Э, Б.Жигмэджамц хоёр байсан. Өөрөөр уг хэргийг үзэж харсан нэг ч хүн байхгүй ба энэ хоёр хүн нь бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгдөг.

  • Н.Э нь намайг унтаад сэрэхэд Б.Жигмэджамц “ухарч байгаад машинаар чинь хүн мөргөчихлөө, машинаа холдуулчих гээд талийгаач Быг тэврээд миний машины зүүн талд сууж байсан. Тэгэхээр нь би машин дотроо жолоочийн суудал руу шилжиж суугаад айсандаа машинаа жолоодоод явсан. Тэгээд ойролцоох худагийн тэнд аваачиж тавьсан” гэж ,
  • Б.Жигмэджамц нь “Э машины түлхүүрээ надаас булаацалдаж аваад машинаа жолоодоод урагшлахдаа машины урд сууж байсан талийгаач Быг мөргөж, дээгүүр нь гараад буцаж ухрахдаа дахин дээгүүр нь гараад явчихсан гэж мэдүүлдэг,

Мөрдөгч хэргийг шалгахдаа Н.Э-гийн мэдүүлгийг шалгаж тогтоох талаар ганц ч ажиллагаа хийгээгүй, Б.Жигмэджамцыг байцаалт болгондоо мэдүүлгээ өөрчилж өгсөөр байхад мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөрдөн байцаалтын туршилт хийх зэрэг хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих, хэргийг нотлоход чухал ач холбогдолтой, хойшлуулшгүйгээр хийгдэх нэг ч ажиллагаа хийлгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэгээс илтэд зөрүүтэй байдал үүсээд байхад Б.Жигмэджамцын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүх Н.Э-т ял шийтгэл оногдуулахдаа, прокурор яллахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн тус хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”-уудыг бүрэн шалгаж тогтоогоогүй,

Мөрдөн байцаалт болон хэрэг хянан шийдвэрлэх явцад миний үйлчлүүлэгч Н.Э-гийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

 

Нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй талаар:

а. “Автомашины доод эд ангийг ачигч машинаар өргүүлэн үзэхэд, арчигдсан гэх ул мөр харагдахгүй байна” гэсэн автомашинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тоос шороо нь арчигдаагүй болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 27-30/,

б. ШШҮХ-н шинжээчийн 1958 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн 81-16 УНЧ улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гадна болон доод эд ангиуд дээр тоос шороотой толбогүй байв. Гадна болон доод эд ангиуд дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй болно”. /1-р хх 121-122/,

в. ШШҮХ-ийн 1959 дугаартай дүгнэлтэд “Ж.Б-ын өмсөж явсан гэх хар өнгийн малгай, хар өнгийн пүүз, хөх хөндлөн судалтай футболк, хар өнгийн зузаан цамц, эрээн өмд, хүрэн бор өнгийн хилэн өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн оймс дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй” /1-р хх 162/ гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд автомашины доод эд ангиудын тоос шороо ямар нэг гадны биетээр арчигдаагүй болохыг, мөн талийгаачийн хувцсанд доод эд ангиудын шороо, тоос болон тосонд арчигдсан гэх ул мөр байхгүй болохыг тогтоосон байна.

Эндээс үзэхэд, талийгаачийг автомашины урд дугуйгаар дайрч дээгүүр нь гараад дахин ухараад дээгүүр нь гарахад машины доод эд ангиудад үүсэн тоос шороо нь талийгаачийн бие болон өмсөж байсан хувцасанд арчигдахгүй байх боломжтой эсэхийг шалгаж тогтоогоогүй. /Уг нь автомашины урд хэсгийн доод эд ангиас газар хүртэл хэмжихэд 28 см байдаг/.

ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 1190 дугаартай дүгнэлтэд /1-р хх 128-140/ “Зүүн урд хаалга болон зүүн хойд хаалга, зүүн хойд талын далбааны нарийн хэсгийг дамжиж хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөр нь хар өнгийн гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан гэмтэл байна. Автомашины гадаргуугийн шороо арчигдсан байдлаас дээрх гэмтэл нь үүсээд удаагүй шинэ гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хуучин үүсгэгдсэн байна.

Урд бамбайн улсын дугаарын доор байрлах хэсэгт 6x12 см хэмжээтэй талбайд хагарсан, гадаргууг саарал өнгийн будагч бодисоор будсан /зураг 14/, урд бамбайн баруун буланд газраас дээш 6x7 см хэмжээтэй талбайд будаг халцарсан /зураг 17/ дээрх гэмтлээс доош 17 см зайд 7x28 см хэмжээтэй талбайд будаг халцарсан гадаргууг саарал өнгийн будагч бодисоор будсан, урд бамбайн зүүн буланд газраас дээш 43 см зайд 18x22 см талбайд будаг халцарсан, түүнээс доош 3 см зайд 12x155 см хэмжээтэй талбайд будаг халцарсан тухайн гадаргууг саарал өнгийн будагч бодисоор будсан /зураг 11, 12, 13/ байна гэжээ.

Уг автомашины урд гупер нь олон хэмжээний хуучин эвдрэлтэй байна гэсэн дүгнэлт гарсаар байхад

- Автомашины урд хэсгээрээ хүн мөргөхөд дээрх дурдагдсан гэмтэл сэвтэй гуперт эвдрэл үүсэх үү,

- Эсвэл ямар нэг эвдрэлийн ул мөр үүсэхгүй байх боломжтой юу,

- Хагараад будаг нь халцарсан гуперээр дахин ямар нэг биетийг мөргөхөд уг халцарсан будагууд хууларч унах уу,

- Яагаад уг автомашины урд гуперт шинээр үүссэн эвдрэлийн ямар ч ул мөр байхгүй байгаа талаар ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

       Тухайн “Тоёота Приус” маркийн автамашины урд гуперийн доод хэсгээс газар хүртэл хэмжихэд 23 см зайтай байна. Талийгаачийн жин, өндөр, цээж болон бүсэлхийн тойрог хэсгийг цогцосны үзлэгээр тогтоох боломжтой байсан. Ядаж л талийгаачийн хувцсанд үзлэг хийхдээ хувцасны размерийг авч талийгаачийн биеийн өргөний хэмжээг тогтоож Приус маркийн машины гупер доогуур гуперт эвдрэл гэмтэл үүсгэхгүйгээр багтаж орох, мөн доод эд ангийн тоосонд хувцас биеээрээ арчигдахгүйгээр 2 удаа дайрагдах боломжтой юу, эсвэл огт боломжгүй эсэхийг тогтоох талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

Зогсож байсан автомашин богино зайд хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин, масс бүхий хөдөлгөөнтөй биетийг дайрах үед тухайн биетийг тодорхой зайд түрж байгаад дээгүүр нь гарах боломжтой.

Ямар нэг овор хэмжээ бүхий хөдөлгөөнтөй биетийг хөдөлгөхгүйгээр шууд бага оврын суудлын автомашины дугуйгаар дээгүүр нь гарах ямар ч боломжгүй, осол хэргийн хувьд хөдөлгөөнтэй биет нь хүн байгаа тохиолдолд тодорхой хэмжээний жин, өндөр, өргөн зузаантай байгаа. Тийм учраас 0 милльтэй зогсож байгаад хөдөлж байгаа машин нь тухайн биетийг хэсэг зайд түрж байгаад дугуйгаараа дээгүүр нь гарах боломжтой. Ингэж түрэгдэх үед тухайн хүний хувцас болон биеийн гадаргуу арьс, түүний доорх зөөлөн эдэд түрэгдсэний улмаас буюу дугуй болон хатуу газрын гадаргуутай харилцан үрэлцэх хүчний үйлчлэлээр хувцсанд нидрэгдсэн язарсан урагдал, арьсанд чирэгдэж түрэгдсэн зулгаралт язралт няцралт бүхий гэмтлүүд үүсэх ёстой. Гэтэл ШШҮХ-ийн шинжээчийн 709 дугаартай дүгнэлтэд “Талийгаач Ж.Б-ын цогцост зүрхний дээд, доод хөндийн тараагуур судасны урагдал, үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт /200.Омл/, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт голт уушгины угийн цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун бөөрний дээд булчирхайн ар хананд цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, баруун 2, 3, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга өвчүүний хугарал цус хуралт. Нурууны нугаламд цус хуралт, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэжээ. /1-р хх 104-108/,

Түүнчлэн ШШҮХ-ийн шинжээчийн 1191 дугаартай дүгнэлтийн 2 дахь хариултад “бор өмдөнд гарсан 40x65 мм шинэ гогодолт, хар алаг цамцанд гарсан 90x40 мм шинэ гогодолт тус бүр тээврийн хэрэгслэлээр хүнийг дайрах, мөргөх үед тээврийн хэрэгслэлийн хатуу үзүүртэй эд анги болон эд ангийн үзүүрээр гогодож үүсэх боломжтой” гэжээ. /1-р хх 151-153/,

Эндээс үзэхэд, талийгаачийн бие болон хувцсанд автомашинд түрэгдэж түлхэгдсэний улмаас үүссэн гэх гэмтэл, ул мөр үүсээгүй байна. Иймд автомашин 0 милээс хөдлөхдөө хүний бие дээгүүр ямар ч түрэх нидрэх ул мөр үүсгэхгүйгээр дугуйгаараа дээгүүр нь 2 удаа гарах боломжтой талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй.

       Шинжээчийн 1191 дугаартай дугнэлтээр тогтоогдсон бор өмдөнд 40x65 мм, хар алаг цамцанд 90x40 мм шинэ гогодолт үүссэн байна. Энэ нь тээврийн хэрэгслээр хүнийг дайрах, мөргөх үед тээврийн хэрэгслийн хатуу үзүүртэй эд анги болон эд ангийн үзүүрээр гогодож үүсэх боломжтой гэжээ. /1хх 151-153/ Эдгээрийг см-т шилжүүлэхэд 4x6.5см, 9x4 см гэсэн хэмжээсүүд юм. Б.Жигмэджамцын мэдүүлгээр Н.Э амь хохирогчийг урд дугуйгаараа дайраад дахиад ухарч дээгүүр нь дайрч гараад явсан гэдэг.

Тэгвэл талийгаачийн хувцсанд үүсэн энэ жижиг хэмжээтэй гогодолтууд нь 1.9 тн жинтэй тээврийн хэрэгслээр гогодож татаад дайрч гарах үед үүсэх боломжтой юу, өөрөөр хэлбэл, хүний хүчнээс давсан үйлчлэлээр гогогдож татахад 4-9 см хэмжээтэй ханзарч урагдах уу эсвэл бүр хүү татагдаад цуурагдах уу гэдгийг тодруулж байж нотлох баримтаар үнэлэх шаардлагатай байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй.

ШШҮХ-ийн шинжээчийн 1191 дугаартай дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургуудаас харахад /1-р хх 154-156/ талийгаачийн хувцсанд үүссэн гогодолтууд нь их биеийн дагуу буюу босоо хэлбэртэй урагдалт байдаг.

Хэрвээ талийгаач автомашины доогуур 2 удаа дайрагдах үед үүссэн бол уг хувцасны гогодолтууд авто машины явж байгаа чиглэлийн дагуу хөндлөн байрлалтай байх ёстой. Үүнийг огт шалгаж тогтоохгүйгээр, туршилт хийхгүйгээр нотлох баримтаар үнэлсэн.

Прокурор яллах дүгнэлт дээ гэрч Пүрэвсүрэнгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнийг анхан шатны шүүх мөн нотлох баримтаар тооцож, шийтгэх тоггоолын үндэслэл болгосон. Тэгэхдээ Пүрэвсүрэнгийн мэдүүлгээс хэргийг нотлоход чухал ач холбогдол бүхий хэсгийг санаатайгаар орхигдуулсан болох нь харагддаг.

Пүрэвсүрэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгээс “...Хашааны гадаа харсан чинь хашааны хаалганд тулгаж хамараа харуулж зогссон цагаан өнгийн машинд дотор шар үстэй, будаг замаск болсон сүүлд ирдэг эмэгтэй жолоон дээр нь суугаад нүүрээ будаад машин нь асаалттай байсан...” /1-р хх 88/ гэсэн мэдүүлгээс уг автомашин урагшлах боломжгүйгээр зогссон талаар мэдүүлсэн байхад энэ хэсэгт үнэлэлт өгөхгүйгээр, энэ хэсгийг орхигдуулж, сүүлд ирдэг эмэгтэй жолоон дээр суугаад нүүрээ будаад машин нь асаалттай байсан гэх хэсгийг тасалж аваад таниулах ажиллагаа хийж Н.Э-гийг яллах үндэслэлээ болгосон байдаг. Үүнийг ямар санаа зорилготойгоор мэдүүлэгт чухал ач холбогдол бүхий хэсгийг орхигдуулж мэдүүлэг дундаас таслан авч үүнийгээ нотлох баримтаар үнэлж яллах үндэслэлээ болгож байгаа нь ойлгомжгүй байна. Пүрэвсүрэнгийн мэдүүлгээр автомашин нь хашааны хаалганд тулгаж хамараа харуулж зогссон байхад гэрч Б.Жигмэджамц, Одонтуяа нарын мэдүүлээд байгаа шиг талийгаач Б нь уг автомашины урд тамхи татаж суух зай байгаагүй. Түүнчлэн Н.Э нь автомашинаа жолоодож урагшаа яваад талийгаачийг мөргөөд дээгүүр нь гарах үйлдэл хийх ямар ч боломжгүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Мэдүүлгийг газар дээр нь шалгаж, машин яг хаана зогсож байсан, талийгаач машины урд талд суух зай байсан эсэх, Н.Э машинаа жолоодоод урагшлах боломжтой юу, боломжгүй юу гэдгийг тогтоох талаар ямар ч ажиллагаа хийгээгүй.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байцаагч нарын илтгэх хуудсанд Эийг Зоригтбаатар гэгчтэй явж байхад баривчилсан гэсэн байдаг. Зоригтбаатараас гэрчээр мэдүүлэг тухайн үед аваад Э анх уулзаад юу гэж хэлсэн, би хүн дайрчихлаа гэсэн юм уу, Жигмэджамц хүн дайрчихлаа гэсэн юм уу, мөн илтгэх хуудас бичсэн цагдаа нарт юу гэж мэдүүлж байсан талаар асууж тодруулах зэрэг хэрэгт нотолбол зохих ажиллагаануудыг огт хийж гүйцэтгээгүй.

 

Н.Э-гийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан талаар:

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан А/138, А/131 тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан байтал Н.Э-гийг Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хязгаарлаж, тухайн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа журмын дагуу цуснаас шинжилгээ авч согтолтын зэргийг тогтоох байтал, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч драйгер багаж үлээлгэж согтолтын зэргийг тогтоож хүнд гэмт хэрэгт яллаж байна. Н.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг дээрх журамд заасны дагуу цусны шинжилгээгээрээ тогтоолгуулах эрхийг нь хассан тул, согтолтын зэргээ цусны шинжилгээгээр тогтоолгуулах эрхээр нь хангуулах,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мэдүүлэг авах хүмүүсийг тус тусд нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж Н.Э-гээс байцаалт авахдаа Б.Жигмэджамцыг өрөөнд дуудан оруулж ирж нүүрэлдүүлсэн болох нь Б.Жигмэджамцын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо өөрөө Этэй нүүрэлдсэн /2-р хх 139/ гэж мэдүүлсэнээр тогтоогддог. Үүгээрээ дээрх хуулийн тухайн заалтыг зөрчиж мэдүүлгээ хэнээс ч хараат бусаар өгөх эрхийг нь хязгаарласан,

Н.Э-гийн хувийн байдлыг тогтоох зорилгоор төрсөн эгч Н.Энхжаргал, төрсөн ах Н.Энхболд нараас байцаалт авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дахь хэсэгт заасны дагуу өөрийн болон гэр бүлийнхээ гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлаж, мэдүүлгээ өгөх эсэхийг асуухгүйгээр байцаалт авсан /1-р хх-97, 100/ тул хууль мэдэхгүйн улмаас төрсөн ах, эгч нь төрсөн дүүгийнхээ эрх зүйн байдлыг дордуулж мэдүүлэг өгсөн,

Н.Э нь болсон хэргийн талаар нэг л мэдүүлэг өгдөг, уг хэргийг үйлдээгүй Б.Жигмэджамц үйлдсэн болохыг удаа дараа мэдүүлээд байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлдэггүй. Н.Э-гийн мэдүүлгийг огт шалгаагүй, цагаатгах, ял хөнгөрүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд Н.Э-гийг тухайн хэргийг үйлдээгүй болохыг нотлоод байхад огт үнэлэлт дүгнэлт өгөхгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг таслан авч Н.Э-гийн эсрэг ашиглаж байгаа нь Н.Э-гийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч бусад оролцогчид энэ хуульд заасан тэдний эрх үүргийг тайлбарлана” гэсэн байтал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Эт “Өмнөх шүүх хуралдаан дээр эрх үүргийг чинь тайлбарлаад өгчихсөн юм чинь” гээд эрх үүргийг нь тайлбарлаж өгөхгүйгээр шүүх хуралдаанд ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээж оролцохоо мэдэх эрхийг нь хязгаарласан.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Короновируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилготойгоор Монгол Улс Өршөөл үзүүлэх тухай хууль батлан гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Н.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эцсийн үгэндээ “хилс хэрэгт хэлмэгдэж байна” гэсэн тул түүнийг өнөөдрийн шүүх хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд хамруулах эсэх асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй байна гэсэн шалтгаанаар Өршөөлийн тухай хуульд хамруулаагүй. Шүүх шийдвэртээ Өршөөлийн хуулийг хэрэглэх заалтыг буруу хэрэглэсэн. Өршөөлийн тухай хуулийн 6.2, 5.1-д заасны дагуу өршөөлд хамруулахад мөн хуулийн 4.2 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байх ёстой гэж хуулийн заалтыг шүүгч өөрөө буруу ойлгож хэрэглээд өршөөлийн хуульд хамрагдах эрхийг нь зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, осол хэрэг гарсан газарт хийсэн хэргийн газрын үзлэг, тухайн ослын схем буюу бүдүүвч зураг нь чухал ач холбогдолтойгоос гадна хэргийн газрын үзлэг, хэмжилтийн бүдүүвч буюу ослын бүдүүвч зураг нь техникийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгодог.

Гэтэл тухайн хэргийн газрын үзлэг нь /1-р хх 8-9/ ослын бүдүүвч зурагнаасаа /1-р хх 10-11/ илтэд зөрүүтэй байдаг.

Хэргийн газрын үзлэгт хэмжээсүүд дутуу, А цэгээс В цэг хүртэл 4.3х ... гээд тоогоо бичилгүй дутуу орхисон,

Хэргийн газрын үзлэгт зүүн талын дугуйн мөр 1.1х2.1 м, баруун дугуйн мөр 1.5x5.1 м хэмжээтэй байв гэж тэмдэглэгдсэн байдаг.

Гэтэл хэмжилтийн бүдүүвч зурагт огт ийм хэмжилт байхгүй, харин зүүн дугуйн мөрний урт 1.1 м, зүүн дугуйн мөрний эхлэл хэсгээс зүүн талын гудамж хүртэл хэмжихэд 2.1 м, баруун дугуйн мөрний урт 1.5 м, баруун дугуйн мөрний эхлэл хэсгээс баруун гудамж хүртэл хэмжихэд 5.1 м гэж тэмдэглэгдсэн байхад хэргийн газрын үзлэгт огт өөр хэмжээсүүдийг хооронд нь харьцуулж дугуйн мөрний хэмжээ болгон тэмдэглэсэн нь ноцтой зөрчил юм.

Хэргийн газрын үзлэгээр зүүн дугуй нь 1.1х2.1 м өргөнтөй, баруун дугуйн нь 5x5.1 м өргөнтөй дугуйтай автомашинаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж харагдаж байна. Тэгвэл Н.Э-гийн жолоодож хүн дайрсан гэх “Тоёота Приус” маркийн автомашины зүүн дугуй нь 2.1 м, баруун дугуй нь 5.1 м өргөнтөй биш юм.

Ослын бүдүүвч зураг дээр дугуйн мөрүүдийн эхлэлээс 2 талын гудамж хүртэл хэмжихдээ хэдэн тоот хаалга хүртэл хэмжсэн үү, хашааны шон хүртэл хэмжсэн үү гэдэг нь тодорхойгүй ямар ч тэмдэглэл байхгүй, ойлгомжгүй. Хэргийн газрын үзлэгийн хэмжээс, ослын бүдүүвч зураг дээрх хэмжилтүүд нь тэс зөрүүтэй байхад уг зөрүүг арилгахгүйгээр ертөнцөд байхгүй хэмжээс бүхий дугуйтай авто машины хэмжилтийг хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл юу нь ойлгогдохгүй зүйлсийг хэмжсэн хэмжилт бүхий хэмжилтийн бүдүүвч зургийн алдаа зөрчлүүдийг хянаж, засуулахгүйгээр шууд нотлох баримтаар үнэлж ял шийтгэл оногдуулж байгаа нь маш ноцтой зөрчил юм.

Мөрдөгч өөрийнхөө учрыг нь ч ойлгохгүй хийсэн хэргийн газрын үзлэг, хэмжилтийн бүдүүвч зураг дээрээ үндэслэж магадлагаа гаргасан байдаг. Энэ магадлагааг мөн л яллах, шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож хууль зөрчсөн.

Хэргийн газрын үзлэгт А цэгээр амь хохирогч автомашинд дайрагдсан гэх байдлаар нь осол болсон гэх газарт байсан Б.Жигмэджамцаар заалган мөн хэргийн газар дээр амь хохирогчийн зүүн талд тод үүссэн автомашины дугуйн мөрөөр үндэслэн авсан болохоо тэмдэглэсэн байдаг. Гэтэл Б.Жигмэджамц нь талийгаачийг автомашинд дайрагдсан буюу хэвтээ байдалд дайрагдсан гэж А цэгийг заасан атлаа дараа нь мэдүүлгүүдээ өөрчилж өгөхдөө автомашины урд сууж байхад нь Э машинаараа мөргөж дайрсан гэж мэдүүлдэг ба мөрдөгч прокурор шүүгч нар нь Б.Жигмэджамцын мэдүүлгийг нотлох баримт болгож үнэлэхдээ талийгаач Ж.Б-ыг автомашины урд сууж байхад нь мөргөсөн мэтээр яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгосон атлаа мэдүүлгээс нь зөрүүтэй хэргийн газрын үзлэг буюу хэвтээ байрлалд байхад нь авсан А цэгт үнэлэлт өгөхгүйгээр өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтуудын зөрүүг арилгахгүйгээр хэвтээ байрлалд дайрагдсан гэх А цэг, авто машины урд сууж байгаад мөргөгдсөн гэх А цэгийн аль алийг нь нотлох баримтаар үнэлж, яллах дүгнэлт, ял шийтгэл оногдуулах шийдвэрийнхээ үндэслэл болгож авсан, талийгаачийн мөргөгдсөн А цэг 2 болчихсон байхад энэ зөрчлийг арилгаагүй. Гэрч Б.Жигмэджамц болон Одонтуяа нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн байцааж, мэдүүлгийн зөрүүг арилгах байтал олон дахин байцааж Жигмэджамцын мэдүүлэгтэй адил болгох замаар мэдүүүлгийн зөрүүг арилгасан. Гэрч Одонтуяагаас 4 удаа мэдүүлэг авсан байдаг. Ингэхдээ Жигмэджамцын мэдүүлэгтээ нийлэх хүртэл нь байцаасан байдаг.

2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ талийгаач авч явах гээд байхаар нь айж зугатаад хашааны гадаа байсан машины арын багаажинд орж нуугдсан. Э уг авто машины жолоочийн сандал дээр суугаад Цээгий гэгчээс түлхүүр аваад ухрах үйлдэл хийгээд нилээн яваад буцаж урагшаа явсан. Машинаа худаг дээр үлдээгээд буцаад тэд нар дээр ирсэн тэгэхэд Жигмэджамц талийгаачийн толгойг өвдөг дээрээ тавиад сууж байсан /1-р хх 74-75/,

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлэхдээ Э, Жигмэджамцтай маргалдаж байгаад Түлхүүрээ аваад машинаа ухраагаад гудамжны үзүүрт очсон. Жигмэджамцаас машиныхаа түлхүүрийг аваад өөрөө жолоодоод ухраад явсан. Алтанхуяг, Жигмэджамц талийгаач, түүний найз, Э бид нар хашаанаас гарч ирээд машины хажууд зогсож байсан. Талийгаач болон түүний найз 2 надад манайд очиж архи ууя гэж хэлээд байхаар нь цуг явахгүй гээд багаажинд суусан /1-р хх 76-77/.

2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэхдээ Алтанхуягийн гэрээс гарч ирэхэд талийгаач тамхи татаад машины урд талд жолоочид харагдах зайнд сууж байсан. Э намайг багаажинд нь ороод доошоо хараад хэвтэж байхад Э машин бариад урагшаа эргэх гэж байгаад яаанаа нэг юм болчихлоо гээд машинаа хойш ухраасан. Тэр хооронд би багаажнаас гарч урд суудал дээр суусан. Тэгээд цонхоор харахад Жигмэджамц талийгаачийн толгойг түшээд өвдөг дээрээ тавьчихсан, Алтанхуяг гэрээсээ гарч ирж байгаа харагдсан /1-р хх 78-79/.

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө Ванганжил, талийгаач 2 манайд очъё гээд баруун гараас зуураад байхаар нь айгаад машины багаажинд орж суусан. Э, Жигмэджамцтай маргалдаж байгаад түлхүүрээ булааж аваад машинаа жолоодсон, талийгаач машин урд талд сууж байсан. Хэлгүй ах гадаа байгаагүй Алтанхуягийн гэрт нь үлдсэн байх. Алтанхуяг гэртээ байсан. Нийт 7 хүн байж байгаад Ванганжил осол болохоос өмнө гэртээ харьсан /1-р хх 80-81/.

Гэрч Жигмэджамц нь 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэг өгөх бүрд нь эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулсан баталгааг уншиж танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг боловч мэдүүлэг бүхэн нь зөрүүтэй.

2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа архи ууж унтаад босоод гудамжинд алхаж явтал “Тоёота Приус” машин ухарч байгаад танихгүй эрэгтэй хүний цээжин дээгүүр нь дайраад гарчихсан /1-р хх 66-67/.

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өмнөх мэдүүлгээ архи уусан, согтуу байсан болохоор айсандаа худлаа мэдүүлсэн гээд дахин мэдүүлэг өгөхдөө Ванганжилийг хүргэж өгчихөөд буцаад Алтанхуягийнд ирэхэд Алтанхуяг, Одонтуяа, Б 3 архи уугаад сууж байсан. Тэгээд Хуягаагийн гэрээс гарч салхинд гарч архи уухаар тохиролцоод гэрээс гарсан чинь Э уурлаад машиныхаа түлхүүрийг булаагаад авчихсан. Тэгээд би машины ар талд зогсож байсан чинь Э урагшаа хөдлөөд урд талд нь сууж байсан Б гэх залууг жолоочийн эсрэг талын дугуй буюу зөв талын дугуйгаар цээжин дээгүүр нь гарчихсан.Тэгээд шууд буцах үйлдэл хийхдээ буцаад Б гэх хүний цээжин дээгүүр гарсан /1-р хх 68-70/.

2021 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Э руль дээр 2 хөлөө тавиад түлхүүр өг гэж хашгирч байгаад миний баруун кармаанаас түлхүүрээ булааж аваад манёвр хийгээд эргэх гэж байгаад урд талд нь сууж байсан Быг мөргөөд дээгүүр нь гараад зогссон. Хүн дайрлаа гээд орилсон чинь буцаж ухраад дээгүүр нь гараад яваад өгсөн /1-р хх 71-72/.

Прокурор, шүүгч нь Одонтуяа, Жигмэджамц нарын аль мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ өөр хоорондоо зөрүүтэй 3, 4 өөр мэдүүлгүүдээс аль мэдүүлгийг нь ямар үндэслэлээр сонгож авсан болох нь тодорхойгүй.

2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр сонсгол хэл ярианы бэрхшээлтэй гэх Пүрэвсүрэнгээр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд хэлмэрч П.Сайнбаярыг оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Мэдүүлэг авахад орчуулагч хэлмэрч оролцуулах бол түүнд эрх үүргийг тайлбарлан, санаатайгаар худал орчуулах, эсхүл хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна” гэсэн заалтыг зөрчиж П.Сайнбаярт хууль сануулж гарын үсгийг зуруулаагүй зөрчил гаргасан /1-р хх 36-40/. Ингэж хууль зөрчиж хийсэн таниулах ажиллагааны тэмдэглэлийг шүүх, прокурор нотлох баримтаар үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хавтаст хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны урд хуудсанд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр П.Пүрэвсүрэнг байцаахдаа П.Сайнбаярыг хэлмэрчээр томилсон тогтоолд гарын үсэг зуруулсан /1-р хх 32/ баримтаа хавсаргасан боловч, энэ нь бүтэн сарын дараа таниулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд үйлчлэхгүй, дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хууль сануулж гарын үсэг зуруулах хуулийн заалтыг зөрчсөн.

Гэрч Алтанхуягаас мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй гэсэн тул ээж Долгоржавыг байцаалтад байлцуулсан байдаг. Тэгэхдээ ээж Долгоржаваас нь бичиг үсэг мэддэг талаар асууж тодруулаагүй байцаасан байдаг ба Алтанхуягийн байцаалтад “Өөр мэдэх зүйл байхгүй гэснээр байцаалтыг 20 цаг 30 минутанд дуусгаж тэмдэглэлийг гэрч П.Пүрэвсүрэн, өмгөөлөгч П.Сайнбаярт уншуулж танилцуулан гарын үсэг зуруулав /1-р хх 92/. Дохионы хэлмэрч П.Сайнбаяр нь хэзээдээ өмгөөлөгч болсон болох, Алтанхуягийн мэдүүлгийг яагаад Пүрэвсүрэн, Сайнбаяр нарт уншиж танилцуулсан болох, тэгсэн мөртлөө Алтанхуяг болон ээж Долгоржаваар нь гарын үсэг зуруулсан зэрэг нь ойлгомжгүй.

Алтанхуягийн мэдүүлэг нь гэмт хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Гэтэл Алтанхуяг нь мэдүүлэгтээ “...Огт энэ хүмүүсийг хараагүй, мэдэхгүй хамт архи, дарс уугаагүй унтаж байгаад босоод гэрээ цэвэрлэж байгаад хальт хашааны гадаа харахад талийгаачийг Жигмэджамц тэврээд сууж байсан...” гэж санаатайгаар худал мэдүүлэг өгдөг. Тухайн өдөр талийгаач Б, Жигмэджамц, Одонтуяа, Э, Ванганжил, Пүрэвсүрэн, Алтанхуяг гэсэн 7 хүн нийлж архидсан болох нь тогтоогддог. Алтанхуягийнд архидаж өнжисөн талаараа бүх гэрчүүд болон Э гэрчилдэг.

Гэтэл шүүгч прокурор илт худал мэдүүлэг өгсөн, мөн бичиг үсэг мэдэхгүй, байцаалтад хамт байлцсан ээж Долгоржав нь ч гэсэн бичиг үсэг мэдэх эсэх нь тодорхойгүй, Алтанхуягийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээд “хашааны гадаа харахад Жигмэджамц талийгаачийг тэврээд сууж байсан” гэх мэдүүлгийг таслан авч яллах, шийтгэх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг.

Үүнээс дүгнэлт хийхэд хэний юу ч гэж худлаа мэдүүлэх хамаагүй зөвхөн Эийг л яллах нотлох баримтуудыг түүж цуглуулан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад ямар ч үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн яллах чигийг барьсан болох нь харагддаг.

ШШҮХ-ийн шинжээчийн 709 дугаартай дүгнэлт дутуу, мөрдөгчийн тавьсан асуултад гүйцэд хариулаагүй. Мөрдөгчийн шинжээчээс асуусан 2 дахь асуулт “Хэрэв ямар нэг гэмтэл бэртэл учирсан бол хэдийд ямар хүчин зүйлийн хичнээн удаагийн үйлчлэлээр үүссэн байна вэ, уг гэмтэл бэртэл үүсэх үедээ амь хохирогчийн амь насанд аюултай байсан эсэх, гэмтэл бэртэл авсан дараалалыг тогтоох гэсэн асуултанд” ... “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл байна...” /1-р хх 104-108/ гээд уг гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болох асуултад хариулаагүй, мөрдөгч мөн шинжээч эмчээс мэдүүлэг авахдаа ч энэ талаар тодруулж асуугаагүй байна /1-р хх 225-226/.

Задлан шинжилгээгээр талийгаачийн биед үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоох нь тухайн хэргийг бодит байдлыг тогтооход хамгийн чухал нотлох баримт болох байтал үүнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Учир нь, Жигмэджамцын гэрчлээд байгаа шиг Э нь үнэхээр автомашинаар талийгаачийг 2 удаа дайрсан байна уу, эсвэл талийгаачийн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна уу гэдгийг тогтоох нь тухайн хэргийн шийдвэрлэлтэнд онцгой ач холбогдолтой юм. Гэтэл прокурор яллах, шүүх шийтгэх тогтоолдоо шүүх эмнэлэгийн шинжээчийн дутуу гаргасан дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Ослын газарт авагдсан гэрэл зурагт амь хохирогчийн цамц сөхөгдөөд цээж нь хэсэг нь ил гарсан, мөн өмдний дээд хэсэг тоосонд арчигдсан ул мөртөй байдаг. Хувцсанд үүссэн урагдал нь цамцны суга өмдний шуумаг хэсэгт байдаг, мөн 4-9 см хэмжээтэй жижиг хэмжээний гогодолтууд зэргээс үзэхэд талийгаачийг ямар нэг зуйлийн доороос татаж чирж гаргасан байх магадлалтай. Учир нь, хойд гупер хэсэг газраас 35 см өндөртөй тул хойд гупер доороос автомашины шороо тоос арчигдахгүйгээр татаж гаргах боломжтой эсэхийг шалгаж тогтоохгүйгээр орхигдуулсан. Жигмэджамц анх өөрөө мэдүүлэхдээ “...Приус маркийн машин ухарч байгаад танихгүй эрэгтэй хүний дээгүүр гарчихсан, Одонтуяа мэдүүлэг бүртээ талийгаач авч явна гээд гараас татаж чангаагаад байсан учраас талийгаачаас нуугдах гэж машины багаажинд орж суусан гэдэг. Мөн Эийг машинаа жолоодоод ухраад явсан. Багаажны шалан дээр хэвтэж байхад ямар нэг юм дээгүүр гарч байгаа нь мэдэгдээгүй гэж мэдүүлдэг...”, Э нь “...Жигмэджамц анх ухарч байгаад чиний машинаар хүн мөргөчихлөө гэж хэлсэн гэдэг...” мөн Жигмэджамц, Одонтуяа нарыг эр эмийн харьцаатай талаар мэдүүлсэн зэргээс үзэхэд Жигмэджамц ухрах үйлдэл хийж байхдаа талийгаачийг мөргөж дээгүүр нь гараад машин доороос татаж гаргаад тэвэрч байх үед Э сэрсэн талаар огт ажиллагаа хийгдээгүй. Мөрдөн байцаалтын хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад хуулийн хүрээнд зохих дүгнэлт хийгээгүй зэргээс болж хэн нэгнийг хилс хэрэгт шийтгэж, хэн нэгэнд ял завшуулах боломжоор хангасан байх вий гэдэг дээр онцгой анхаарч зайлшгүй хийгдэх ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгож хариуцлага тооцуулна”, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл гэрч хохирогч сэжигтэн яллагдагч нараас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг нэгжлэг туршилтыг давтан хийх ажилагаа явуулж болно” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах байтал зөвхөн хэт нэг талыг барьж Н.Э-гийг яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэнээс хэрэгтээ хяналт тавьж ажиллаагүй болох нь дээрх зөрчил бүхий нотлох баримтуудаас харагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолд “1-р хх-63, 67, 92 талд авагдсан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэсэн атлаа гэрч Б.Жигмэджамцын “...бид нар Хуягаагийн гэрээс ... осол болох үед Н.Э их согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх 67-72/, гэрч Ц.Алтанхуягийн “...Гэрийн үүдэнд гарсан чинь Цээгий цагдаа дуудсан байсан. Удаагүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх 92/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэжээ. Тогтоолд 63, 67, 92 талд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүйг тэмдэглэх нь зүйтэй гэсэн атлаа дээрх нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн байгаа нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Гомдолд дурьдагдсан нотолбол зохих ажиллагаануудыг зайлшгүй хийж гүйцэтгэснээр хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтуудын ноцтой зөрчлүүдийг арилгах, хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү.

Шүүхээс хэргийг прокурорт буцаасан тохиолдолд Н.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийнөмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Э-гийн давж заалдах гомдолд дурдсан асуудлыг залруулж хэлэхэд анхан шатны шүүх хуралдаан дээр Чинбатын шүүгчтэй хэрэлдсэн гэж байгаа асуудал нь өмгөөлөгчийн талаас болсон асуудал, тэр нь дээр шүүгч, прокурорын буруутай үйл ажиллагаа байхгүй. Шүүгдэгч Н.Э өнөөдрийн шүүх хуралдаан дээр ингэж ярьж байгаа болохоос анх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь юу ч санахгүй байна гэсэн байдаг. Гэнэт сүүлийн шүүх хуралдаанаас эхэлж бүгдийг санадаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 угаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Хүний эрхийг зөрчсөн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн зүйл байхгүй. Өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ганцхан прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлийн хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянасан. Анхан шатны шүүх хуралдаан хууль ёсны дагуу, хүний эрхийг зөрчсөн зөрчилгүй явагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Жигмэдцамц, Одонтуяа нарыг оролцуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан зөрчлүүд нь үндэслэлгүй байна. Эдгээр асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэж байсан. Шүүх хуралдаан удаан хугацаагаар завсарлаж, энэхүү зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтуудын уялдаа холбоо, бүх зүйлийг үнэлж дүгнэсний эцэст шийдвэрээ гаргасан. Процессын зөрчил болон хүний эрх зөрчигдсөн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гомдол гаргаж, Авлигатай тэмцэх газар болон Дотоодын аюулгүй байдлыг хангах хэлтэс гэх мэт газруудаар шалгуулахад ямар нэгэн зөрчил байгаагүй. Хэрэг прокурор, шүүхийн байгууллага дээр ирэхэд шүүх, прокурорыг гүтгэж байгаа нь ёс зүйгүй байна. Шүүх хуралдааны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мэдүүлгүүдийг энэ тэндээс нь авч, эвлүүлж байгааг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байхгүй. Шүүгдэгч Н.Э нь 16 цаг 50 минутад хэрэг үйлдсэн. Хэргийн газрыг орхиж зугтаачихаад 22 цагт буюу 7-8 цагийн дараа баригдахдаа 2.09 хувийн согтолттой байсан. Драйгер багажаар шалгахад маш их согтолттой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч орж байсан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь түр авч гараад янз бүрийн юм зааж өгч, асуудлыг өөр байдал руу эргүүлсэн. Шүүгдэгч Н.Э өөрөө хохирлоо төлөхөө илэрхийлж, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн байгааг шүүх шийдвэртээ дурдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Н.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны 16 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 16 дугаар гудамжны замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэрч Б.Жигмэджамцын “...Бид нар Хуягаагийн гэрээс гарч салхинд гарч архи уухаар болоод гэрээс гарсан чинь Н.Э согтуу машин барих гээд байхаар нь би түлхүүрийг нь өгөхгүй гэсэн чинь Н.Э уурлаад түлхүүрээ булаагаад авчихсан юм. Тэгээд би машины ар талд тамхи татаад зогсож байсан чинь Н.Э машинаа асаагаад урагшаа хөдлөхдөө машины урд талд явган сууж байсан Ж.Б гэх залууг жолоочийн эсрэг талын дугуй буюу зөв талын дугуйгаар цээжин хэсгээр нь дайраад дээгүүр нь гарчихсан. Тэгээд шууд буцаж ухрах үйлдэл хийх үедээ дахиад Ж.Б гэх хүний цээжин хэсгээр дайраад ухарсаар байгаад гудамжны үзүүрт ирээд доошоо уруудаад явчихсан юм. Тэгээд би нөгөө дайруулсан залуу дээр очиж толгойг нь түшиж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Осол болох үед Н.Э их согтуу байсан...” гэх /1-р хх 67-72/,

Гэрч Ч.Одонтуяагийн “...Н.Э жолоочийн суудал дээр суугаад машинаа бариад, би арын багаажинд талийгаачаас нуугдаж суусан. Н.Э машиныг ухраагаад гудамжны үзүүрт очиж гудамж руу уруудаж яваад засмал зам руу ороод хойшоо өгсөөд 780 дугаар худгийн гадаа очиж машиныг тавиад бид хоёр буугаад Алтанхуягийн гэр рүү алхаад буцаж очсон. Алтанхуягийн гэрийн гадаа очиход талийгаач зам дээр хэвтсэн байдалтай толгойг нь Жигмэджамц өвдөг дээрээ тавьсан сууж байсан. Цагдаа тухайн үед ирсэн байсан. ... Талийгаач болон талийгаачийн найз хоёр надад “манай гэрт очиж архи ууя” гэж хэлээд байхаар нь хамт явахгүй гээд арын багаажинд суусан юм. Н.Э автомашиныг жолоодоод ухрах үйлдэл хийхдээ хүн мөргөсөн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. ... 780 дугаар худгийн гадаа машинаа тавиад машинаас буугаад би Н.Э-т “нөгөө хэдийгээ үлдээчих муухай юмаа хоёулаа буцаж очих уу” гэж хэлээд бид хоёр буцаад алхаад очтол талийгаач нас барсан байсныг мэдээд Н.Э “би айгаад байна” гэж хэлээд яваад өгсөн. Н.Э надад хүн мөргөсөн гэж хэлээгүй...” гэх /1-р хх 75-81/,

Гэрч П.Пүрэвсүрэнгийн “...Шар үстэй, будаг, замаск болсон сүүлд ирдэг эмэгтэй машины жолоонд дээр суугаад нүүрээ будаад машин нь асаалттай байсан. Машин дотор өөр хүн харагдаагүй. Би буцаж хашаан дотор жорлон ороод хашааны хаалгаа онгойлгож харсан чинь машин байхгүй, талийгаач гудамжинд дээш харсан байдалтай хэвтэж байсан. Би машинаар тэр хүнийг дайраад явсан гэж бодсон. Тэр шар үстэй эмэгтэй талийгаач нар бүгд их архи уусан. Миний уур хүрээд хамаг байдаг чадлаараа хашааны хаалга нүдсэн. Хуягаа гэрээсээ гараад ирсэн, нөгөө цуг байсан хүмүүс бүгд алга болсон зугтаасан байх. Би талийгаачийн баруун гарын судасыг чагнаж үзэхэд цохихгүй байсан. Тэгээд тэнд явсан танихгүй хүнийг дуудаад өөрийнхөө чадлаар заасан, тэр хүн дуудлага өгсөн байх...” гэх /1-р хх 88/,

Гэрч Ц.Алтанхуягийн “...Гэрийн үүдэнд гарсан чинь Цээгий танихгүй нэг эрэгтэй хүнийг өвөр дээрээ суулгасан машин дээгүүр нь гараад зугтаачихлаа гэсэн. Намайг доошоо гүйж очоод цагдаа дууд гэж Цээгий хэлсэн, би доошоо гүйгээд утас хайсан боловч олдоогүй буцаж ирэхэд Цээгий цагдаа дуудсан байсан. Удаагүй цагдаа нар ирсэн...” гэх /1-р хх 92/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцсот хийсэн шүүх эмнэлгийн 709 дугаартай дүгнэлтэд “Талийгаач Ж.Б-ын цогцост зүрхний доод, дээд хөндий тараагуур судасны урагдал үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт 200.Омл, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт, голт уушгины угийн цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун бөөрний дээд булчирхайн ар хананд цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, баруун 2, 3, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, өвчүүний хугарал, цус хуралт. Нурууны нугаламд цус хуралт. Цээжинд цус хуралт, цээж, зүүн тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх /1-р хх 104-115/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын “...Талийгаачийн цогцост тогтоогдсон зүрхний дээд, доод хөндий тараагуур судасны урагдал, үнхэлцэгийн хөндий дэх цус хуралдалт 200.Омл, зүрх уушгины тараагуур судасны угт цус хуралт, голт уушгины угийн цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, баруун бөөрний дээд булчирхайн ар хананд цус хуралт, элэгний эдийн няцрал, урагдал, цус хуралт, баруун 2, 3, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, өвчүүний хугарал, цус хуралт. Нурууны нугаламд цус хуралт. Цээжний цус хуралт гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Цээжний зүүн хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь машины дугуйнд дайрагдах үед үүсэх боломжтой. ... Цээжний баруун хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт. Зүүн тохой, шилбэний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах, цохигдох үед үүсэх боломжтой. Мөн тухайн гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой...” гэх /1-р хх 225-226/,

Мөр  судлалын шинжилгээний лабораторийн 1191 дугаартай дүгнэлтээр “...Бор өмдөнд гарсан 40х65 мм шинэ гогодолт, хар алаг цамцанд гарсан 90х40 мм шинэ гогодолт тус бүр тээврийн хэрэгслээр хүнийг дайрах, мөргөх үед тээврийн хэрэгслийн хатуу үзүүртэй эд анги болон эд ангийн үзүүрээр гогодогдож үүсэх боломжтой...” гэх /1-р хх 151-157/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 8-16/, Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх 36-40/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 5/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Э-гийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн Н.Э-т биечлэн 3 жил 60 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Харин шүүгдэгч Н.Э-гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хасах, өршөөн хэлтрүүлэх үндэслэлүүдэд хамаарагдаж байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Э нь осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч “...сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй...” талаараа мэдүүлсэн /2 дугаар хавтаст хэргийн 236 дугаар тал/ байх тул түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна...” гэсэн бөгөөд шүүгдэгч Н.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нд “2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 6.300.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулах” талаар бичгээр илэрхийлж, 1.000.000 төгрөгийг төлсөн /2 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар тал/ нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Н.Э-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасч шийдвэрлэх нь зүйтэй.   

Түүнчлэн Н.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасанд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, уг зүйл, хэсэгт зөвхөн үндсэн ялаас 2 жилийг хасахаар заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Э-гийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Э-гийн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн хэсгийг, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын хамт хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын 3 жил 60 хоног хугацаагаар хорих ял гэснийг 1 жилийн хугацаагаар хорих ял гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧ                                         Д.МӨНХӨӨ

 

                                        ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ