| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00251/И |
| Дугаар | 152/ШШ2024/00234 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2024/00234
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Д-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн иргэн Ж.Д нь Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 5,000,000 (таван сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Ж.Д нь гэрээнд заасны дагуу 5,000,000 (таван сая) төгрөгийг төлөхгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас Увс аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 5,000,000 (таван сая) төгрөгийн хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд..иргэн Ж.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төрийн байгууллага хохирч байгаа тул төрийг хохиролгүй болгож нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.18 зүйл, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Иргэн Ж.Д нь ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд иргэн Ж.Д нь талуудын байгуулсан ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан эргэн төлөлт хийх хуваарийн дагуу эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй буюу 5,000,000 (таван сая) төлөөгүй байх тул гэрээний 1.3, 3.5 дахь хэсэгт зааснаар 5,000,000 (таван сая) гаргуулж Увс аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсэн зохицуулалтын дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иргэн Ж.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ж.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ээж Ж.Д нь ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 5,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 6 дугаар сараас эхлэн 2025 оны 5 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 416,700 төгрөгөөр төлж барагдуулна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Д нь Увс аймгийн Прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн үнийн дүн болох 5,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Ж.Д нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ажлын байрыг дэмжих эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр тохиролцсон боловч Ж.Д 5,000,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 134 дугаартай албан бичгээр Увс аймгийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ж.Д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ 2024 оны 6 дугаар сараас эхлэн 2025 оны 5 дугаар сар хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 416,700 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Д-оос 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн 50 хувь буюу 47,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ж.Д нь 5,000,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 47,475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР