| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2136000000082 |
| Дугаар | 10 |
| Огноо | 2022-03-03 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 10
2022 03 03 2022/ДШМ/10
Х.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш
Шүүгдэгч Х.*******
нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 2136000000082 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 6, хадам ээж, нөхөр, 3 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жагалбай ургийн овогт *******ийн ******* /*******/ регистрийн дугаартай,
2.Жагалбай ургийн овогт *******ийн ******* нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.*******ад байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссын хуралд оруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд иргэн С.*******ын төрсөн эх Х.*******ээс 2018 онд 100000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас: Х.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “иргэн С.*******ын төрсөн эх Х.*******ээс 2016 онд 100000 төгрөг, 2017 онд 100000 төгрөгийн хахууль авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Жагалбай ургийн овогт *******ийн *******ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 3700000 төгрөгийн торгох ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000/нэг зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн 2136000000082 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж
Шүүгдэгч Х.*******ы өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамжны ******* тоотод байрлах улсын бүртгэлийн ҮО213007235 дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/90 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлого, хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаартай “Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар”-ын дагуу төрөлжсөн төрөлжсөн мэргэжлийн эмч үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэх зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу Улаанбаатар хотод шинжилгээнд хамрагдаж ирнэ үү гэсний Х.******* “Надад чирэгдэл учруулсан. Надаас юм харж байгаа юм” байна гэж ойлгосон. Үүнээс 2016, 2017 онд үйлчилж байсан тушаалуудад өөрчлөлт орсон. Эхлээд шууд эмнэлэг тодорхой хэмжээний эмчийн үзлэг, оношилгоо хийж асаргаа шаардлагатай гэж үзэн группт хамруулах боломжтой байсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаартай “Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар”-ын дагуу заавал Улаанбаатар хотод Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хамрагдан зайлшгүй шинжилгээ өгөх шаардлагатай болсон. Уг шинжилгээний дагуу асаргааг сунгах эсэх асуудлыг шийдэхээр журамд өөрчлөлт орсон. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаартай “Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт”-ын “Чих, хамар, хоолойн өвчин“ гээд 3.1-т “2 чихний төрөлхийн дутуу хөгжил” нь хүүхдийн өвчний жагсаалтанд хамаардаг бөгөөд иргэн С.*******ын 2012 оноос хойш халамжийн сангаас асаргааны тэтгэмж авч байсан Эрүүл мэндийн салбар зөвлөлийн шинжээч эмч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хахууль авсан гэдэг нь нотлогдоогүй хэргийг гэрчээр хахууль өгсөн гэх хүмүүсийг оруулж ирснээс өөр нотлох баримт байхгүй.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-т “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн зүйлийн 2-т “Бичмэл нотлох баримт энэ хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан шинжтэй байвал эд мөрийн баримт болно”, 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, 4-т “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээс эхлээд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн, Засаг даргын тамгын газрын зэрэг байгууллагуудын баримтууд дээр Цагдаагийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг нь зөвхөн тухайн байгууллагын хийгдсэн үйл ажиллагаан дээр дарагддаг. Хэрэгт авагдсан баримтууд дотор нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байгаа. Мөн бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй, үнэн зөв гэх баримтууд байхгүй. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Нотлогдвол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй. Шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Х.*******ы өмгөөлөгч Х.Зулхаш давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх 2 үндэслэлээр гомдол гаргасан. Шүүгдэгчийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын гишүүнээр ажиллахдаа С.*******ын хөгжлийн бэрхшээлийг тодорхойлж, халамжид хамруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн С.*******ын төрүүлсэн эх Х.*******ээс 2016 онд 100,000 төгрөг, 2017 онд 100,000 төгрөг, 2018 онд 100,000 төгрөгийн хахууль тус тус авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг бие даасан бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэх Х.*******д холбогдох хэргийг шалгасан боловч прокурорын тогтоолоор тусгаарлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд, хахууль авсан болон өгсөн нэг удаагийн үйлдлээр тус тус 2016, 2017, 2018 онуудад үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтэд тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9-т “Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна” гэж заасан. Дээрх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Хахууль өгсөн гэх Х.*******ийн хэргийг тусгаарласан нь Х.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болсон. Иймд дээрх хэргүүдийг тусгаарлах боломжгүй байсан. Шүүгдэгчид холбогдох хахууль авах гэмт хэргийг хахууль өгөх Х.*******ийн үйлдлээс тусгаарласан нь шүүх хуралдаан дээр Х.*******ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах байдлыг орхигдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчимд нийцээгүй.
Х.*******ийн өгсөн мөнгөний эх сурвалжийг Төрийн банкин дахь хадгаламжийн данснаас нэг удаа 100,000 төгрөг бэлнээр авч Х.*******д өгсөн гэх мэдүүлгийн эх сурвалжийг Х.******* заасан боловч тус эх сурвалжийг мөрдөн шалгахад Төрийн банкин дахь халамжийн тэтгэмжийн данснаас Х.*******ийн хувьд нэг удаа 100,000 төгрөг гарган авсан үйлдэл нотлогдон тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Х.*******ийн тэтгэмжийн дансанд ямар нэгэн хуримтлал бий болоогүй бөгөөд тухайн цаг мөчид 20,000 төгрөг дансанд ороход хэрэглэдэг байсан нь нотлогдсон. Х.Бахтыгүлийн нөхөр Ж.Солдатхан нь “. Манай эхнэр Х.******* нь 2018 оны 04 сарын үед надад "Х.******* эмч С.*******ыг группээс хасах гээд байна. Группээс хасагдахгүйн тулд 100,000 төгрөг өгнө гэж хэлээд 100,000 төгрөг бэлнээр аваад явсан юм. Уг 100,000 төгрөгийг С.*******ын тэтгэмжийн данснаас авч өгсөн. Хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг баримтлан Х.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нотлогдон тогтоогдсоор байхад анхан шатны шүүх уг асуудлыг анхаарч үзэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгчийн үйлдэл нь 2016, 2017, 2018 оны 4 дүгээр саруудад үйлдэгдэж дуусгавар болсон бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж, 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан хууль үйлчилж байсан. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” тус тус заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, тухайн үед мөрдөгдөж байсан 2017 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус буруу хэрэглэж хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдлыг харгалзан үзэж, хуулийг буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан. Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын болон гэм буруугийн талаар зөв дүгнэлт хийсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн хэргээс шүүх 2016, 2017 онуудад хахууль авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 2018 онд хахууль авсан гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг дурдах нь зүйтэй. Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь тус тусдаа гэмт хэргийн шинжтэй, тусдаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг болж хуульчлагдсан байгаа.
Х.*******ийн мэдүүлгээс харахад өөрийн албан тушаалаа хэрэгжүүлсний хариуд хууль ёсны юм шигээр хээл хахууль шаардсан үйлдэл харагдаж байна. 2018 оны хахууль авсан гэх үйлдэлд нь анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд цагаатгах болон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулж буй үндэслэлүүдийг тодорхой, ойлгомжтой дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Х.Зулхаш нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 2136000000082 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
4. Шүүгдэгч Х.******* нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмчээр ажиллахдаа иргэн С.*******ад байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж, 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, тэднийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих салбар комиссын хуралд оруулсны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд иргэн С.*******ын төрсөн эх Х.*******ээс 2018 онд 100000 төгрөгийн хахууль авч, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хүү С.******* нь төрөлхийн хэлгүй, дүлий юм. Би 2012 оноос хойш хүүхдийн асаргааны мөнгө авдаг юм. Би 2015 он хүртэл ямар нэгэн мөнгө, төгрөг өгөхгүйгээр хүүхдийн эмч Х.*******аар өвчтөний картад бичилт хийлгээд түүнийгээ үндэслэж хүүхдийн асаргааны мөнгийг авдаг байсан юм. Мөн л 2018 онд тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Х.******* эмчтэй өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөг өгч бичилт хийлгэж аваад хүүхдийн асаргааны мөнгөө авах болсон. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үед цагдаагаас Бугат суманд групп, халамжтай холбоотой шалгалт ирэхээр нь үнэхээр өвчтэй байж жил бүр мөнгө өгч бичилт хийлгэж авч байгаадаа дургүйцээд Ердос цагдаа дээр өөрийн биеэр хүрч ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн юм.” гэх мэдүүлэг /1-хх-77/,
Гэрч Ж.Солдатханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний хүү С.******* нь 10 настай. Миний хүү С.******* нь төрөлхийн сонсголгүй, ямар нэгэн үг хэлдэггүй, ярьж чаддаггүй, 2 нас хүрээд хэл ороогүй, түүнээс хойш хүүхдийн асаргаа шаардлагатай учраас асаргааны мөнгө авч байгаа. Миний хүү С.*******ын эмчлэгч эмч нь Х.******* гэж эмч байгаа. Халамжийн мөнгө авах хугацааг жил бүр сунгуулдаг юм. Манай эхнэр Х.******* нь 2018 оны 04 дүгээр сарын үед надад “******* эмч *******ыг группээс хасах гээд байна, группээс хасагдахгүй гэвэл надад 100000 төгрөг өг гэж байна, тэр мөнгийг өгөхөөс өөр арга алга” гэж хэлээд 100000 төгрөг бэлнээр аваад явсан юм. Уг 100000 төгрөгийг эхнэр надаас аваагүй. С.*******ын халамжийн мөнгийг өөрөө мэдэж зарцуулдаг, түүнээс цуглуулж байгаад өгсөн юм. ...Х.******* эмч нь манай хүү С.*******ын өвчтөний картад бичилт хийж өгдөг. Хэрвээ Х.******* эмч бичилт хийж өгөхгүй бол халамжийн мөнгөнөөс хасагддаг юм.” гэх мэдүүлэг /1-хх-80-81/,
Гэрч С.Жанылсынгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сар бүр нийгмийн халамжийн сангаас С.******* хүү өөрөө 288000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Асрагч нь 123500 төгрөгийн тэтгэмж, нийт сард 411500 төгрөгийн халамжийн асаргааны тэтгэмж авч байгаа. Тухайн үед асрагч, асруулагч хоёулаа нийт 170000 төгрөг авдаг байсан. 2020 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс уг мөнгө 411500 төгрөг болсон...Би 2019 оны ******* дугаар сард С.*******ын ээж Х.*******ээс та яагаад хүүхдийнхээ халамж, асаргааны мөнгийг сунгуулахгүй байгаа юм бэ, хугацаа нь дууссан байна гэж хэлсэн. Тэгэхэд Х.******* надад эмч Х.******* нь С.*******ыг Улаанбаатар хотод очиж сонсголын бэрхшээлтэй гэдгийг батлуулах ёстой гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /1-хх- 84/,
Иргэн С.*******ын өвчтөний картын хуулбарууд /1-хх-86-104/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Хэргийн үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлуудын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэхээр хангалттай шалгаж тодруулж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг хангасан байна.
5.Прокуророос шүүгдэгч Х.*******ы дээрх үйлдлийн талаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх түүний уг үйлдэл холбогдлыг яллах дүгнэлтэд зааснаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахуул авах” гэмт хэргээр зүйлчлэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тогтоох, мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон гэм буруугийн зарчмуудад бүрэн нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын тухайд:
6.1. Шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах гомдолдоо: “Б.*******ийн Төрийн банкны дансандаа хуримтлал хийгээгүй, 2018 онд данснаас 100000 төгрөгийн зарлага гараагүй...гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй” гэх үндэслэлүүдийг дурдаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгахыг хүсжээ.
Хэрэг авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “гэрч Х.*******ийн “...2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Х.******* эмчтэй өрөөнд нь очиж уулзаад 100000 төгрөг өгч бичилт хийлгэж аваад хүүхдийн асаргааны мөнгөө авах болсон.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Солдатханы “...Манай эхнэр Х.******* нь 2018 оны 04 дүгээр сарын үед надад “******* эмч *******ыг группээс хасах гээд байна, группээс хасагдахгүй гэвэл надад 100000 төгрөг өг гэж байна, тэр мөнгийг өгөхөөс өөр арга алга” гэж хэлээд 100000 төгрөг бэлнээр аваад явсан юм.” гэх мэдүүлэг, гэрч С.Жанылсынгийн “...Х.******* надад эмч Х.******* нь С.*******ыг Улаанбаатар хотод очиж сонсголын бэрхшээлтэй гэдгийг батлуулах ёстой гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг,1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал дахь “ Солдатхан овогтой Алпамсыс 6 настай төрөлхийн хэлгүй, дүлий сонсохгүй эцэг,эхийн асаргаанд учир халамж олгох саналтай” гэх бичилт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь иргэн С.*******ад байнгын асаргаа шаардлагатайг тодорхойлж, комиссын хурлаар оруулахын тулд 2018 оны 04 дүгээр сард Х.*******ээс 100000 төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Шүүгдэгч Х.******* нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд С.Адпамысын картанд байнгын асаргаа шаардлагатайг болохыг тодорхойлсон бичилт хийж өгсний хариуд түүний эх Х.*******ээс100000 төгрөг авсан үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын дээрх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
6.2. Харин шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар “Х.*******д холбогдох хэргийг үйлдэл 2018 оны 4 дүгээр сард үйлдэгдэж дууссан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж хуульчилж байсан боловч хуулийн уг хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан бөгөөд хууль нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.Энэ хуульд тусгагдсан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам, материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.
Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг баримтлан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ы үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түүнийг яллагдагчаар татах хүртэл буюу 2020 он 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл тоолоход гурван жил өнгөрөөгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Х.Зулхаш нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Л.АЛТАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА