Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 117/ШШ2021/0061

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мд холбогдуулан гаргасан “2021 оны 06 сарын 02-ны өдрийн .. дугаартай Б.Э холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: "Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, Дундговь аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч ажилтай Ж.М нь “...Б.Э нь тусгай зөвшөөрөлгүй хайрга тээвэрлэсэн ...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Эыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хянав.

Материалд цугларсан холбогдогч Б.Эын “... нийт 5 машин хайрга буюу 110тн хайрга тээвэрлэсэн. Хайрга тээвэрлэх зөвшөөрөл Ц.Тт байгаа гэсэн 1 рэсийг 60.000 төгрөгөөр явсан. Мэдээгүй зөвшөөрөлтэй л гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 2-3 хуудас/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл “... Д багийн нутагт өрхийн хадны асралтын баруун урд амнаас 5 машин хайрга тусгай зөвшөөрөлгүй хүн зөөж тээвэрлэсэн ...” болох нь гэрчийн мэдүүлэг, өөрийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна ...” үйлдсэн /хх-ийн 4-5 хуудас/, гэх нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр .. дугаартай шийтгэлийн хуудсанд “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д баг өрхийн хаднаас тусгай зөвшөөрөлгүй хүн хайрга тээвэрлэсэн..” гэх үндэслэлээр Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд” гэх заалт байх бөгөөд ерөнхий заалтаар шийтгэл оногдуулсан байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “ашигт малтмалын орд ашигласан” гэх хуулийн заалтын аль заалтыг хэзээ, хаана, хэн зөрчсөн болохыг улсын байцаагч нотлон тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон, эсхүл борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан хуулийн заалтыг зөрчсөн этгээдийг олж тогтоохгүйгээр хуульд байхгүй зүйл заалт буюу холбогдогч Б.Эын машинаараа хөлсөөр тээвэрлэсэн үйлдэлд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 4.14 дүгээр зүйл “...Нотлох баримт...” , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” /эх заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мгийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр .. дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Эыг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Ж.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 11 сарын 29ий өдрийн.. дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Дундговь аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.М нь Б.Эийг тусгай зөвшөөрөлгүй хайрга тээвэрлэсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 200000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь”Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд” гэх заалт бөгөөд ерөнхий заалтаар шийтгэл оногдуулсан. Мөн Зөрчлийн  тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “ашигт малтмалын орд ашигласан” гэх хуулийн заалтын аль заалтыг хэзээ, хаана, хэн зөрчсөн болохыг улсын байцаагч нотлон тогтоогоогүй гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.М дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч Б.Э 2021 оны 06 сарын 03-ны өдөр “Төрийн сан 10008..  Д Татварын торгууль” дансанд торгуулийн 200000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор улсын орлогод төлөгдсөн мөнгийг  Б.Э буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Сайнцагаан сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мд холбогдуулан гаргасан “2021 оны 06 сарын 02-ны өдрийн .. дугаартай Б.Э холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Төрийн банкны мемориалын баримтаар төлөгдсөн торгуулийн 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Бийн Э //-т олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

 

 

[1] Хавтаст хэргийн 11-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн   24-р хуудас

[4] Хавтаст хэргийн  25-р хуудас