| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00212/И |
| Дугаар | 152/ШШ2024/00237 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00237
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Н.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-т холбогдох,
Гэм хорын хохирол 38,289,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч Л.А нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Н.Д ХХК-тай 22-314012623 тоот Хүнд машин механизмын даатгалын гэрээ байгуулан shaanxi.SX42555V344 маркийн 34-86 УАО улсын дугаартай хүнд даацын машин механизмыг даатгуулсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.Бнь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 65 дахь км замд даатгуулагч Л.А-ны shaanxi.SX42555V344 маркийн 34-86 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас зорчих хэсгийн баруун тал руу гарч тээврийн хэрэгслийг унагааж зам тээврийн осол гаргаж улмаар даатгуулагч Л.А-д хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын (Гашуунсухайт) гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа О.Ч-ийн ирүүлсэн тодорхойлол, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тогтоосон байдал, осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон байна. Манай компанийн зүгээс даатгалын гэрээний үүргийн дагуу даатгуулагч Л.А-д учирсан хохирол болох 38,289,280 / гучин найман сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг 2022 оны 8 сарын 31-ний өдөр нөхөн төлсөн болно. Иймд Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7 болон даатгалын гэрээнд заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилждэг тул дээрх төлбөрийг даатгалын буруутай этгээд болох Г.Б-аас 38,289,280 /гучин найман сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Д ХХК-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад миний бие дараах тайлбарыг гаргаж байна. 2022 оны 6 сарын 28-ны өдөр болсон авто ослын улмаас Н.Д ХХК-ийн зүгээс даатгуулагч Л. А-д учирсан хохирол болох 38.289.280 төгрөгийг нөхөн төлсөн байна. Миний бие Номин даатгалын надаас нэхэмжилсэн дээрх мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн компанитай харилцан тохирч нэхэмжилсэн мөнгийг дараах байдлаар төлж өгөхөөр тохиролцож байна. Мөнгө төлөх хуваарь, дараах байдлаар төлнө. Төлбөрийг төлөхдөө cap бүрийн 25-ны өдөр төлбөрийг шилжүүлнэ. Үүнд:
1. 2024 оны 6 сарын 25-ны өдрөөс 2025 оны 6 сарын 25 хүртэлх хугацаанд cap бүр 500,000 төгрөг, тухайн жилдээ нийт 6,000,000 төгрөг төлнө.
2. 2025 оны 6 сарын 25-аас 2026 оны 6 сарын 25 хүртэл cap бүр 1,000,000 төгрөг, тухайн жилдээ нийт 12,000,000 төгрөг төлнө.
3. 2026 оны 6 сарын 25-аас 2027 оны 6 сарын 25 хүртэлх хугацаанд cap бүр 1,690,700 төгрөг, тухайн жилдээ нийт 20,289,20 төгрөг тус тус төлж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.Б миний бие оролцож байгаа бөгөөд 2024 оны 05 сарын 20-ны өдөр Г.Б-ын гаргасан хүсэлттэй танилцлаа. Нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын хохирол болох 38,289,280 /гучин найман сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 349,396 төгрөгийг нийт 38,638,676 төгрөгийг гаргуулах бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д ХХК нь хариуцагч Г.Б-т холбогдуулан гэм хорын хохирол 38,289,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б гэм хорын хохирол 38,289,280 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Б үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,396 төгрөгөөс 174,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 174,698 төгрөгийг, хариуцагч Г.Б-аас
174,698 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Д ХХК-нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Б нь гэм хорын хохирол 38,289,280 /гучин найман сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг /2024 оны 6 сарын 25-ны өдрөөс 2025 оны 6 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 500,000 төгрөг, тухайн жилдээ нийт 6,000,000 төгрөгийг, 2025 оны 6 сарын 25-ны өдрөөс 2026 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл cap бүр 1,000,000 төгрөг, тухайн жилдээ нийт 12,000,000 төгрөгийг, 2026 оны 6 сарын 25-ны өдрөөс 2027 оны 6 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 1,690,700 төгрөг, тухайн жилдээ нийт 20,289,20 төгрөгийг/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 349,396 /гурван зуун дөчин есөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгөөс 174,698 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерөн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 174,698 / нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерөн найм/ төгрөгийг, хариуцагч Г.Б-аас 174,698 /нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерөн найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Д ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Г.Б заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР