Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1933

 

З.Э-, Э.Э-нарын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо    даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01896 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Э-, Э.Э-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “АБ” ХХК-д холбогдох,

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль, өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасанбат, Н.Хэрлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч банкнаас 3 төрлийн зээл авсан бөгөөд уг зээлээ төлөөд явж байхад тус компанийн эдийн засагч н.Энхтөр нь бүх зээлүүдийг чинь нэгтгэе гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан. Дараа нь банкны эдийн засагч н.Орхонтуул “та 42 хувийн хүү төлж байгаа тул хүүг нь багасгаад өгье” гэж хэлээд хүсэлт бичүүлснээр дахиад гэрээ байгуулсан. Хариуцагчтай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг 2.3 хувийн хүүтэй, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээгээр 13 440 000 төгрөгийг мөн 2.3 хувийн хүүтэй, 2015 оны  3 дугаар сарын 19-ний өдөр swipe зээл буюу 5 000 000 төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн.  Уг зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байхад  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр банкнаас дуудаад олон жижиг зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг нэг дор хийчих гээд нэгтгэе гэдэг саналыг тавиад тус өдрөө 2237 тоот дугаартай зээлийн гэрээг байгуулсан. 2237 тоот зээлийн гэрээ нь нэхэмжлэгч нартай байгуулсан дээрх 3 зээлийн гэрээнээс гадна А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 11 500 000 төгрөгийг нэмээд нийт 33 500 000 төгрөгийн зээл олгосон мэтээр байгуулж,  жилийн хүүг 42 хувь гэсэн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Энэ гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4452 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж байгаа нь  энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчид огт мөнгө олгоогүй боловч зээлийн хүү нь өндөр байна, яагаад ийм гэрээ байгуулагдсан гэдэг асуудал яригдаад банкинд хүсэлт өгснөөр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цуцлагдсан. Гэхдээ өмнөх 4 гэрээний үлдэгдэл нь нийтдээ 20 000 000 төгрөг байна, барьцаа хөрөнгө чинь хүрэлцэхгүй байгаа учраас 5 000 000 төгрөгийг бэлнээр нэмж өгөөд ганц зээл болгоод авчих гэж яриад 15 000 000 төгрөгийн буюу сүүлийн 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан  тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэрээнүүд юм. Зээлийн дагуу бэлнээр мөнгө олгоогүй, зээлдэгчийн зөвшөөрөлгүй зээлүүдийг нэмж нэгтгээд хүүг нь ихэсгэж авсан, мөн бусдын зээлийг төлүүлж байгаа нь хууль бус гэрээ болсон гэж үзэж байна. А.Амаржаргалын зээлийн гэрээний үүргийгЗ.Э-д хариуцуулсан нь хууль бус болсон. Зээлийн үлдэгдлийг дахин зээл хэлбэрээр авсан мэтээр олгосноос болж 2.3 хувийн хүүтэй зээл нь /swipe/ ороод ирэхээр 2.1 хувийн хүүтэй болох ёстой байтал 3.5 хувь болсон тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болсон байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд гэвэл хамгийн эхний 0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8 729 144 төгрөг байсан. 110 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл нь 8 485 490 төгрөг, swipe зээлийн үлдэгдэл нь 4 072 856 төгрөг нийтдээ 21 287 490 төгрөгийг банкинд төлөх ёстой байсан. Гэтэл нэгтгэснээс хойш нэхэмжлэгч тухайн банкинд 22 342 016 төгрөгийг төлсөн.  Ингээд төлөөд явж байгаад хүү нь өндөр болохыг мэдэнгүүтээ хүсэлт өгөөд цуцлахад төлсөн 22 342 016 төгрөгнөөс нь ердөө 1 342 000 төгрөгийг үндсэн төлөлтөнд хасагдаад үлдсэн нь банкны хүү гэдэг агуулгаар аваад үндэслэлгүй хөрөнгөжсөн. Сүүлд 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа 15 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр байгуулсан нь хууль бус. Нэхэмжлэгч нар нь нийт               21 287 490 төгрөг төлөх үүрэгтэй боловч 27 342 016 төгрөгийг төлсөн. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх талаар очиход “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тогтооё гэж бодвол таны 2 машины болон swipe зээлийн гэрээний төлөлтийг бид нар аваагүй гэсэн үг, өнөөдрийг хүртэл хүү алданги хэдэн төгрөг болох вэ, тэрийгээ бодож үзээрэй, шүүхээр маргаад яв, эсхүл сүүлийн 4452 тоот зээлийн гэрээний үүргээ дуугүй биелүүлээд яв, тэр нь та нарт ашигтай” гэсэн хариу өгсөн. Ингээд өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг төлөөд дуусчихаад байхад төлөөгүй гээд үүргээ дуусгавар болгохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болно гэж заасан байдаг. Зээлийн гэрээг нэгтгэж эргэн төлөлтийг авч байгаа нь тухайн банкны асуудал. Хууль мэдэхгүй иргэнийг дуудаад өөрсдийн давуу байдлаа ашиглаад эвтэйхэн санал тавьж байгаа мэт боловч эсрэгээрээ эрх ашгийг нь зөрчсөн гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь нэгтгэхээс өмнөх зээлийн гэрээг төлөөд дуусгаж байна гэдэг санаа бодлоор л өнөөдрийг хүртэл энэ мөнгийг банкинд төлж ирсэн. Тийм учраас үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 3 гэрээний үлдэгдлийг төлөөд дууссан учраас уг гэрээнүүдийг дуусгавар болсныг тогтоолгож, илүү төлсөн 9 634 526 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АБ” ХХК нь иргэн Э.Энхжавхлантай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 140229 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 15 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 110 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр 13 440 000 төгрөгийг 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн Э.Э-5 000 000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр жилийн 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай тус тус зээлсэн. Мөн зээлдэгч А.Амаржаргал 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2107001105 тоот орон сууц барьцаалсан шуурхай зээл өгч 15 000 000 төгрөгийн зээлийг жилийн 43 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Ингээд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь буюу зээл төлөх хугацаа явагдаж байсан ч зээлдэгч нар буюу Э.Э-А.Амаржаргал нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Уг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөр нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог байсан. НэхэмжлэгчЗ.Э- нь А.Амаржаргалын хамт  ирж, Э.Энхжавхлангийн нэр дээрх 3 зээл, өөрийн нэр дээрх 1 зээл, нийт 4 зээлийг нэгтгэж нэг зээл болгох талаар хүсэлт манай банкинд гаргасан бөгөөд уг хүсэлт нь хэрэгт авагдсан. Хүсэлтийнх нь дагуу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2107002237 тоот зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгчЗ.Э- оролцсон. Зээл болон барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зээлийн хувийн хэргийн талаар зохицуулсан байдаг. Хувийн хэрэгт зээлийн хүсэлт нь байдаг бөгөөд уг хүсэлтэд  зээлийн хүү, зээлийн зориулалт, хугацааны талаар тусгагддаг. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар эхний 140229 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 8 729 144 төгрөг, н.Энхжавхлангийн нэр дээр 110 тоот зээлийн гэрээ нь 8 485 494 төгрөгийн, 5 000 000 төгрөгийн swipe зориулалтын зээлийн үлдэгдэл нь 4 072 857 төгрөг, А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 429 695.53 төгрөг, нийт 30 000 000 гаруй төгрөгийн үлдэгдэл байсан. Талууд харилцан тохиролцоод 4 зээлийн үлдэгдлийг нэгтгэх талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийнх нь дагуу банк 33 500 000 төгрөгийн зээл олгосон. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлийн дансанд гүйлгээ орсноор зээл олгосонд тооцно гэж заасан байдаг. 33 500 000 төгрөгийн зээлийн гэрээнд А.Амаржаргал үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгчЗ.Э- нь хамтран зээлдэгчээр оролцсон. А.Амаржаргалын дансанд 33 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ талаарх дансны хуулга хэрэгт авагдсан байгаа. Үүнээс зээл олгосны шимтгэл 167 500 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 40 000 төгрөгийг авч 33 287 500 төгрөгийг харилцагч А.Амаржаргал нь өөрийн харилцахын данснаас зарлага гаргаснаар 4 зээлийг төлсөн гэж ойлгох тул 4 зээлийг хаасан нь тодорхой. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг дуусгавар болгосон гэж үзэхгүй, харин 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүргийг талууд харилцан тохиролцож сольсон асуудал гэж үзэж байгаа. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээлийг 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл олгох шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн зээлийн дансны харилцах данс руу 15 000 000 төгрөг орж, нэхэмжлэгч нь тухайн данснаас мөнгөө авсан нь дансны хуулгаар харагдана. Нэхэмжлэгчийн депозит дансны үлдэгдэл 5 000 000 төгрөгт нэмж 15 000 000 төгрөгийн зээл олгоод нийт 20 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй данс байснаас зээл олгосон шимтгэлд 75 000 төгрөгийг суутгаад 19 925 000 төгрөгийн зарлага гаргаж нэхэмжлэгч өөрөө авсан. Энэ нь гүйлгээний баримттай байдаг. Нэхэмжлэгч нь 19 925 000 төгрөгийг бэлнээр авч явсан байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 3 зээлийн үлдэгдлийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль бодогддог журамтай. Гэхдээ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, шинэ зээлээр үүргийг сольчихсон тул зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 4 зээлийг нэгтгээд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 33 500 000 төгрөгийн 2107002237 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулах мөнЗ.Э-тай байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 12 918 848 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2237 тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 33 500 000 төгрөгийг зээлж аваагүй. Тус гэрээ нь 17/0229 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэлд 8 729 146 төгрөг, 110 дугаартай гэрээний үлдэгдэл 8 541 775 төгрөг, 1078  дугаартай гэрээний үлдэгдэл 4 072 856 төгрөг, н.А.Амаржаргалын 2107001105 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 11 429 695 төгрөгийг нэгтгэсэн зээлийн гэрээ тул энэ гэрээний дагуу огт мөнгө аваагүй. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нэхэмжлэгч төлөлт хийж явж байгаад “АБ” ХХК-д гэрээ цуцлах хүсэлт өгсөн, банк хүлээж аваад зөвшөөрөөд тэр дор нь гэрээг цуцлангуутаа 4452 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг 4452 тоот зээлийн гэрээг байгуулахдаа таны авсан зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл нь 20 000 000 төгрөг байна, таны төлсөн мөнгө нь 22 342 016 төгрөг байна, төлөх ёстой үндсэн зээлээс 1 287 490 төгрөг л хасагдсан байна, үлдэх нь төлөгдөөгүй байна гэдэг. 2237 тоот нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ нь хүүг нь өсгөхөөс гадна эргэн төлөлтийн график дээрээ 8, 9 сар орчим хүүг урьдчилаад авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Үндсэн зээл нь төлөгдөхгүй хуримтлагдсан. 4452 тоот зээлийн гэрээний дагуу огт мөнгө аваагүй, мөн уг гэрээ байгуулагдах эрх зүйн үндэслэл байгаагүй учраас зээлийн гэрээний үүрэгт 12 429 312 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 282.4, 451.1 дэх хэсэгт  хэсэгт заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон болохыг тогтоож,  зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн  11 284 542  төгрөгийг хариуцагч “АБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчЗ.Э-, Э.Э-нарт олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 56.1.10, 282 дугаар зүйлийн 282.4, 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт зааснаар  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж, 12 918 848 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох автомашин, тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн “АБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 112 950 /400 500+157 900+554 550/ төгрөг, хариуцагчийн төлсөн 389 823 /319 623+70 200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 112 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Маргаан бүхий зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бодит хийгдсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нотариатаар гэрчлүүлсэн, зээлдэгч буюу нэхэмжлэгчЗ.Э- гарын үсэг зурсан ба Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болоод түүнд нийцүүлэн бүрдүүлсэн хэсгүүд болох /зээлийн хүүний тооцоолол/ зээлийн хувийн хэрэг, зээл авахын тулд зээлдэгчээс гаргаж өгсөн баримтуудыг шүүх үнэлээгүй. Зээлийн хувийн хэрэг, зээл авахыг хүссэн өргөдөл, анкет, зээл барьцааны гэрээний гарын үсэг зурсан хэсэг, хэрэгт авагдсан дансны хуулга, 15 000 000 төгрөг авсан гэх зарлагын гүйлгээний баримт зэргийг огт дүгнээгүй зөвхөн хариуцагч банкийг буруутгаж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоололоор дүгнэлт гаргаж байгаа нь хангалтгүй бөгөөд талуудын хүсэл сонирхол болоод зээлдэгч буюу нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн хийгдсэн харилцаанаас болж банк хохирох ёсгүй юм. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн МУ-ын Дээд шүүхийн 001/ХТ2019/00813 дугаар тогтоолд заагдсан барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын эрх ашиг хөндөгдөж буйг, мөн зээл хүүний тооцоололыг нарийн шинжлэн судлан тооцоо нийлэх ёстой гэдгийг огт анхааралгүй, бүртгэлийн программаас гарсан банкны тооцоололыг хайхралгүй юуг үндэслэн, яаж тооцон хариуцагч банкнаас 11 284 542 төгрөг гаргуулж шийдсэн гэдэг нь учир дутагдалтай байна.

Мөн 4 зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, үлдэгдэлтэй байсан зэрэг хангалттай нотлох баримт байгаа. Дээрхи зээлүүдийг нэгтгэн хийсэн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн 2107002237 тоот зээлийн гэрээг банкны буруутайгаар хийгдсэн хэмээн ямар нэгэн нотлох баримгүйгээр буруутган шийдэж байгаад харамсалтай байна. Гэтэл банкинд 2107002237, 2100004452 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй үлдэгдэлтэй байсаар байтал түүнийг төлсөн мэтээр дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж байгаа нь хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь, хэргийг эхний зарласан өдрөө шийдвэрлэсэн, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хурал давхардсан баримтыг шүүхэд өгсөн байхад түр хугацаанд хойшлуулсан. НэхэмжлэгчЗ.Э-, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн болон барьцааны гэрээнд ганцаараа оролцож, олгосон зээлийг авч ашигласан нь хангалттай баримт бичиг, дансны хуулгууд, зарлагын баримт 2107002237 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох түүний бэр А.Амаржаргалын /гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдах....”Би энэ зээлүүдийг огт мэдэхгүй, Энхтуяа эгч л мэднэ,” огт анхаарч үзэн дүгнээгүй/, Улсын Дээд шүүхээс А.Амаржаргалыг бие даасан гуравдагч этгээдээр оролцуулах хэрэгтэй хэмээн дүгнэсээр байхад түүнийг биелүүлэлгүй шийдвэр гаргаж байгаа нь Улсын Дээд шүүхийн тогтоол эцсийн хүчин төгөлдөр байна гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг шүүх зөрчиж, нэхэмжлэгчийн тайлбарыг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсэн байна. 2107002237 тоот зээлийн гэрээнд нэхэмжлэгч хамтран зээлдэгчээр, 2100004452 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр оролцон зээлийн төлбөрүүдийг төлсөн гэдэг нь хангалттай баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч зээлийн гэрээнд оролцоогүй гэж дүгнэсэн нь буруу. Мөн 183/ШШ2018/02646 тоот шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн төлсөн 22 342 016 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байхад 11 284 542 төгрөг гаргуулахаар шийдэж байгаа нь зээл, хүүний тооцоолол хийгээгүй нь харагдаж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт, “АБ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг огтоос дурьдаагүй, нэхэмжлэгч талын холбогдолтой бүхий л зүйлийг дурьдан бичсэн байна. Сөрөг нэхэмжлэл дээрхи гаргаж өгсөн дансны хуулгууд, мөн зээл хүүний тооцоолол, нэмэгдүүлсэн хүүний зохицуулалт зэргийг хайхралгүй зөвхөн нэхэмжлэгчийн тодорхой төлсөн мөнгийг нэмж, хасч гаргаж байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2107002237, 2100004452 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 32 334 438 төгрөгийг гаргуулан барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

 

НэхэмжлэгчЗ.Э-, Э.Э-нар нь хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулж тус банктай байгуулсан   2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452  тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, гэрээгээр илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээний үүрэгт 19 415 590 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж 12 918 848 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14/02-29 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулж, 15 000 000 төгрөгийг санхүүгийн түрээс зориулалттай,  жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар санхүүгийн түрээсийн зээлийг бэлэн бусаар олгосон, барьцаанд Тоуоtа Cгоwn-204 Hybrid маркийн 41-37УНК улсын дугаартай  автомашин, тоног төхөөрөмжийг барьцаалжээ.

 

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14/02-110 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг байгуулж, 13 440 000 төгрөгийг санхүүгийн түрээс зориулалттай, жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар түрээсийн зээл бэлэн бусаар олгосон, барьцаанд Toyota Prius-20  маркийн 29-43УБҮ улсын дугаартай автомашин, тоног төхөөрөмжийг барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч З.Энхжавхлан  2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр  АБтай 2107001078 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг Swipe зээлийн зориулалтаар жилийн 10 хувийн  хүүтэй, 6 сарын хугацаатай бэлэн бусаар олгосон, зээлийн барьцаанд Найман шарга караокены орлогыг барьцаалсан байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар болон дээр дурдсан 3 зээлийн болон барьцааны гэрээнүүд  хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14/02-29 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 8 729 144 төгрөг, 14/02-110 тоот санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 8 485 490 төгрөг, 2107001078 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4 072 856 төгрөг нийтдээ 21 287 490 төгрөгийн үлдэгдэлтэй байсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

 

АБ нь зээлдэгч А.Амаржаргал болон хамтран зээлдэгчээр С.Даваасүрэн, З.Э- нар оролцсон 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 дугаар зээлийн гэрээг байгуулж,  уг гэрээгээр 33 500 000 төгрөгийн зээлийг  ОСБШЗ /Орон сууц барьцаалсан шуурхай зээл/ зориулалтаар жилийн 42 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгохоор, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж гуравдагч этгээд С.Даваасүрэнгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Гэвч дээрх 2107002237 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгоогүй, дээр дурдсан 3 зээлийн гэрээний үүрэгт болон А.Амаржаргал, С.Даваасүрэн нарын АБтай байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2107001105 тоот 15 000 000 төгрөгийн орон сууц барьцаалсан шуурхай зээлийн үүрэгт тус тус  шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрч А.Амаржаргалын мэдүүлэг болон зээлийн болон кредит дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн АБнаасЗ.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  2100004452 тоот зээлийн гэрээг дахин байгуулж бизнес зориулалтаар жилийн 25.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 15 000 000 төгрөгийг  олгохоор, уг үүргийн гүйцэтгэлийг хангах  хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан боловч мөн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг  зээлдэгчид олгоогүй байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, 2107002237 дугаартай  болон 2100004452 дугаартай  зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчЗ.Э-д бодитоор шилжүүлээгүй үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй асуудлаар дүгнэсэн, өмнөх хүчин төгөлдөр 3 гэрээний үүргийн үлдэгдлийг буруу тооцсон, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн  зэрэг алдаа гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...гэрээний дагуу огт мөнгө олгоогүй... зээлийн гэрээг байгуулсан  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээд төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ болсон...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байхад шүүх  нэхэмжлэлд заагаагүй Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2-т  зааснаар ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж дүгнэсэн нь, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг хэрэглэсэн нь тус тус хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Мөн нэхэмжлэгч Э.Энхжавхлангийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн swipe зээлийн үлдэгдэл нь 4 072 856 төгрөг байхад уг гэрээний үлдэгдлийг 1 884 450 төгрөгөөр тооцсон, нэхэмжлэгч илүү төлсөн 9 634 526 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж            11 284 542  төгрөгийг хангаж шийдвэрлэсэн зэрэг алдаа гаргасан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1-д заасан зохицуулалтуудаар банкны зээлийн гэрээнд заасан тодорхой зориулалтаар зээлийг ашиглах нь зээлийн гэрээний үндсэн нөхцлийн нэг болох нь тус тус тодорхойлогдсон байхаас гадна зээлийн ашиглалтын талаарх зээлдүүлэгчийн эрх, үүргийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2-ын 7, мөн зүйлийн 6, 26 дугаар зүйлд зохицуулсан байна.

Гэвч дээр дурдсан 2107002237 дугаартай  болон 2100004452 дугаартай  зээлийн гэрээнүүдэд банкны зээлийн зориулалт, зээл ашиглалтын агуулга хуульд зааснаар тодорхойлогдсон боловч бодит байдал дээр хэрэгжээгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг  олгоогүй, зээлийн  дансанд гүйлгээний утга дээр зээл олгов гэсэн бичилт хийсэн өдөр гэрч А.Амаржаргалаар мемориалын баримтанд гарын үсэг зуруулан авч өөр зээлийн төлбөрт дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч тал энэ үйл баримтыг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байна.  /ххи-ийн 33, 63, 104-105, 209, 219, 248/

 

Өмнөх зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор зээл олгох гэрээ байгуулж, зээлийн үнийн дүнг дээр дурдсан 3 зээлийн болон гэрч А.Амаржаргал нарын орон сууц барьцаалсан шуурхай зээлийн үлдэгдэл үнийн дүнд нийцүүлж, зээлийн  дансанд гүйлгээ хийсэн бичилт хийсэн өдрөө өмнөх болон бусдын зээлийн төлбөрт бүхэлд нь шилжүүлж авсан зэрэг нь утга агуулгаараа Иргэний хуулийн болон  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2107002237 тоот зээлийн гэрээг, мөн  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  2100004452 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь  хууль хэрэглээний хувьд зөв боловч энэ талаар хийсэн шүүхийн  дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж байна.

 

Анхан шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгчЗ.Э- 2107002237 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд  22 342 016 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2100004452 тоот  зээлийн гэрээний эргэн төлөлтөд 5 230 016 төгрөг нийт 32 572 032 төгрөгийг АБинд төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн энэ дүгнэлтийг үгүйсгээгүй болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулсан болно.

 

Мөн шүүх нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээний дагуу 9 265 800 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээний дагуу 10 137 240 төгрөг үүрэгтэй байсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

Харин  Э.Энхжавхлангийн 2015 оны  3 дугаар сарын 19-ний өдрийн swipe зээлийн үлдэгдэл нь 4 072 856 төгрөг байхад  1 884 450 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэсэн нь буруу болсон тул нийт   23 475 896 төгрөгийг дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар хариуцагчид төлөх үүрэгтэй байснаас 32 572 032 төгрөгийг АБинд төлсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт   илүү төлсөн 9 096 136 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзлээ.  

 

Дээрх байдлаар 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14/02-29 тоот зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14/02-110 тоот зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2107001078 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул энэ талаарх шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүх 2107002237 дугаартай  зээлийн гэрээ болон 2100004452 дугаартай  зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчЗ.Э-д бодитоор шилжүүлээгүй үйл баримтыг тогтоож  үндсэн нэхэмжлэлийг хангаж, эдгээр зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэснээс гадна Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдаагүй гэрээний үүргийг шаардсан тул зээлийн гэрээний үүргийг шаардсан болон барьцаа хөрөнгөөр үүргийн  гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01896 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “56.1, 58.2.1, 282.4” гэснийг хасч, “451.1” гэснийг “56.5” гэж,                                 “...11 284 542 төгрөгийг хариуцагч “АБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчЗ.Э-, Э.Э-нарт олгосугай” гэснийг “9 096 136  төгрөгийг хариуцагч “АБ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчЗ.Э-, Э.Э-нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 538 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дах заалтын “56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58.2.1, 56.1.10, 282 дугаар зүйлийн 282.4” гэснийг хасч, 3 дах заалтын “хариуцагчаас 1 112 950” гэснийг “хариуцагчаас 789 088” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 389 823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                               Н.БАТЗОРИГ