Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 

                                        

 

 

  2022          03           03                                      2022/ДШМ/11

 

 

 

 

М.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

нарийн бичгийн дарга А.Раднаабазар нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.Гочигсүрэнд холбогдох эрүүгийн 2136000000238 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын ******* багт багт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /*******/ регистрийн дугаартай,

 

2.******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн Дөргөн сумын ******* багт оршин сууж байхдаа хиймэл түнх хийлгэх хагалгаанд орсон мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэн, 2018 оны 08 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт гаргасны дагуу тус сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Я.******* материалыг хүлээн авч, халамжийн сангийн “Вайс”программд шивэлт хийснээр 6,000,000 төгрөгийн халамжийн тусламж үйлчилгээг хууль бусаар авсан,

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын ******* багт оршин сууж байхдаа түнхний үе солиулах хагалгаанд орсон мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ц.*******гийн нэр дээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт гаргасны дагуу тус сумын хөдөлмөр халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Я.******* материалыг хүлээн авч, халамжийн сангийн Вайс программд шивэлт хийснээр 6,000,000 төгргөийг иргэн Ц.*******гийн Төрийн банкны ******* тоот дансаар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргуулан авч халамжийн тусламж үйлчилгээг төрөөс хууль бусаар авсан,

Мөн Ховд аймгийн Дөргөн сумын ******* багт оршин сууж байхдаа түнхний үе солиулах хагалгаанд орсон мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, О.*******ын нэр дээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн, Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт гаргасны дагуу тус сумын хөдөлмөр халамж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Я.******* материалыг хүлээн авч, халамжийн сангийн Вайс программд шивэлт хийснээр 6,000,000 төгрөгийг иргэн О.*******ын Төрийн банкны тоот дансаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргуулан авч халамжийн тусламж үйлчилгээг хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 2022/ШЗ/20 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 Хэрэгт иргэн М.Сүрэнхүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн Ц.*******гийн тахир дутуугийн тэтгэвэрт тогтоосон тухай Хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны акт авагдсан байгдаг.

Ц.******* нь мэдүүлэг өгөх чадвартай эсэх, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс мэдүүлэг авах шаардлагатай, Ц.******* нь 2018 онд ямар өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсныг мөрдөн шалгах ажиллагаар тогтоож, холбогдох баримтыг хэрэгт тусгах нь зүйтэй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн Ц.*******г асран хамгаалж хамтран амьдарч буй иргэн М.Сүрэнхүүг шүүх хуралдаанд оролцуулж шаардлагатай мэдээллийг тодруулах боломжгүй ажиллагаа гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарыг чирэгдүүлсэн шийдвэр гэж үзэхээр байна

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн этгээдийн нас барсныг нас барсан тухай лавлагаагаар бус нас барсны гэрчилгээгээр нотлогдоно гэж тайлбарлаж хэлсэн боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Шүүхийн буцаасан үндэслэл нь М.******* нь Ц.******* гэх хүний нэр дээр “түнхний үе солиулах хагалгаанд орсон” гэх үндэслэлээр баримтуудыг бүрдүүлж 6.000.000 төгрөгийг халамжаас авсан гэж яригддаг.

Гэтэл Ц.******* гэх хүн хөгжлийн бэрхшээлтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг нотлоогүй.  Ц.******* гэх хүн шүүхэд мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоох зүйтэй. Тус мөнгө нь Ц.******* гэх хүний данс руу шилжиж орсон мөнгийг Ц.******* өөрөө эсхүл түүний асран хамгаалагч нь банкны харилцах данснаас зөвхөн өөрөө очиж авах эрхтэй байдаг. Ц.******* нь 2018 онд өвчтэй байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй гэж тайлбарлах нь буруу. Учир нь тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалт нь хэдэн хувь байсан, мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх нь хэрэг шийдвэрлэх ач холбогдолтой. Иймд Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн, хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

            1.Шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж дараах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр М.*******д холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:

2.1.Анхан шатны шүүх нь яллагдагч М.******* нь   2018 онд иргэн Ц.*******гээс иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтыг  авсан эсэх, тэрээр биечлэн банкинд очиж халамжийн мөнгийг гаргаж авсан эсэх,мөн Ц.******* нь хөгжлийн бэрхшээлтэй гэх боловч түүнийг өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чадахгүй, мэдүүлэг өгөх чадваргүй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн М.Сүрэнхүүгийн /яллагдагчийн эгч/ мэдүүлэг, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актаар түүнийг бусдын асрамжид байгаа, мэдүүлэг өгөх чадваргүй гэж үзэх үндэслэлгүй байна.  

            2.2. иргэн Ц.******* нь мэдүүлэг өгөх чадвартай эсэх, түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдсон эсэхийг тодруулж, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс мэдүүлэг авах шаардлагатай, мөн   Ц.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт буюу тэрээр 2018 онд ямар өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, холбогдох нотлох баримтыг хэрэгт цуглуулах  зэрэг ажиллагааг   хийлгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

3.Анхан шатны шүүх М.*******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа анхан шатны шүүхийн дээрх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд   М.*******д холбогдох хэргийг   хохирогч П.Батнасан, гэрч Н.Ариунтуяа, Я.*******, Б.Батсайхан, М.Сүрэнхүү нарын мэдүүлгүүд, халамжийн үйлчилгээний “Вайс” цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ц.*******гийн халамжийн сангаас хөнгөлөлт тусламж авсан баримт материалууд, Ц.*******гийн Төрийн банк дахь 1106600048037 дугаар дансанд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн тухай хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг анхан шатны  шүүхээс мөрдөн шалгах  ажиллагааг  хийлгэхээр шүүгчийн  захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            6.Хэрэг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2021/ШЗ/20 дугаар шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож, М.*******д холбогдох эрүүгийн 2136000000238 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл   М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                                  ШҮҮГЧ                                        Л.АЛТАН

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА