Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 117/ШШ2021/0062

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мд холбогдуулан “2021 оны 6 сарын 2-ны өдрийн ... дугаартай С.Мд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  /дүгнэлт/ 2021 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С сумын Б хяналтын улсын байцаагч ажилтай  Ж.М  “...С.М нь тусгай зөвшөөрөлгүй хайрга тээвэрлэсэн...” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч С.Мыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг хянав.

Материалд цугларсан холбогдогч С.М “... нийт 5 машин хайрга буюу 115 тн хайрга тээвэрлэсэн. Хайрга тээвэрлэх зөвшөөрөл надад байхгүй Ц.Тт байгаа гэсэн 1 рэсийг 100.000 төгрөгөөр явсан. Мэдээгүй зөвшөөрөлтэй л гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 2-3 хуудас/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл Д багийн нутагт өрхийн хадны асралтын баруун урд амнаас 5 машин хайрга тусгай зөвшөөрөлгүй хүн зөөж тээвэрлэсэн...” болох нь гэрчийн мэдүүлэг, өөрийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна...” үйлдсэн /хх-ийн 4-5 хуудас/, гэх нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсанд “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д баг өрхийн хаднаас тусгай зөвшөөрөлгүй хүн хайрга тээвэрлэсэн...” гэх үндэслэлээр С.Мыг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд” гэх заалт байх бөгөөд ерөнхий заалтаар шийтгэл оногдуулсан байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан”, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “ашигт малтмалын орд ашигласан” гэх хуулийн заалтын аль заалтыг хэзээ, хаана, хэн зөрчсөн болохыг улсын байцаагч нотлон тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон, эсхүл борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан хуулийн заалтыг зөрчсөн этгээдийг олж тогтоохгүйгээр хуульд байхгүй зүйл заалт буюу холбогдогч С.Мыг машинаараа хөлсөөр тээвэрлэсэн үйлдэлд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 4.14 дүгээр зүйл “...Нотлох баримт...” , 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэх заалтуудыг тус тус зөрчжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мигийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр.. дугаартай шийтгэлийн хуудсаар С.Мыг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Ж.М  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 11 сарын 29ий өдрийн .. дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн С сумын Б хяналтын улсын байцаагч Ж.М иргэн С.Мыг тусгай зөвшөөрөлгүйгээр  хайрга тээвэрлэсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 200 нэгж буюу 200000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулсныг зөрчилд холбогдогч С.М 2021 оны 06 сарын 03-ны өдөр биелүүлж төлсөн болох нь  баримтаар[2] тогтоогдож байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан гэх үндэслэлээр уг актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт[3] бичиж ирүүлсэн.

Хариуцагч Ж.М прокурорын дүгнэлтийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав.Иймд дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 200000 төгрөгийг  орон нутгийн орлогоос буцаан гаргуулж  зөрчилд холбогдогч С.Мад  олгох нь хуульд нийцэх тул түүнийг гуравдагч этгээдээр татаагүй болно.

Захирамжид давж заалдах журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[5] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Сайнцагаан сумын Б хяналтын улсын байцаагч Ж.Мд холбогдуулан “2021 оны 6 сарын 2-ны өдрийн .. дугаартай С.Мд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай” захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2021 оны 6 сарын 2-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 200 нэгжтэй тэнцэх буюу 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж С.Мд /РД:/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хх-ийн 11

[2] Хх-ийн 12

[3] Хх-ийн 1-2

[4] Хх-ийн 24

[5] Хх-ийн 25