Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

                             

                                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ц.Оюунчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цацрал,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Г.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан гэмт хэрэгт Г.Бадамхандыг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201726010740 дүгээр эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Начин заан” ХХК-ийн Хархорин салбар хариуцсан зээлийн мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 3, дүү, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14 дүгээр гудамж, 296 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 36 дугаар гудамж, 02 тоотод түр оршин суух, Боржигин овогт Ганбаатарын Бадамханд /РД:ЕЙ92122704/.

Г.Бадамханд нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Начин Заан” ломбардны 6 дугаар салбарт барьцаа хариуцсан зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа иргэн Д.Энхтуяагийн барьцаанд тавьсан буюу итгэмжлэн өгсөн 149 грамм жинтэй 999-ийн сорьцтой алтан гинжийг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бадамханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирлоо төлнө ” гэв.       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс “Начин заан” ХХК-ийн Хархорин салбарт ажиллаж эхэлсэн. Энхтуяа гэж хүний манай ломбарданд тавьсан 149 грамм алтан гинжийг би өөрөө үнэлж барьцаанд авсан. Уг гинжийг Г.Бадамханд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хулгайлж авсан байсан. Г.Бадамханд тушаал дэвшээд төв салбар уруу явах болоод түүний ажлыг хүлээлцэж байхад уг алтан гинж алга болсон байсан. 2 дугаар сарын 16-ны өдөр барьцааны дэвтэр дээр Г.Бадамханд уг гинжийг байгаа мэтээр сэм бүртгэсэн байсан. Манай компани 1 грамм алтыг 150000 төгрөгөөр тооцож иргэн Энхтуяад нийтдээ 22 350 000 төгрөг төлсөн. Г.Бадамханд одоогоор нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. Компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна” гэв.     

Эрүүгийн 201726010740 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цацралын: “...2017 оны 4 дүгээр сарын 01-нд ажил хүлээлцэж, барьцааны эд хөрөнгийг тоолж авах үед Д.Энхтуяа гэх хүний 2017.02.07-ны өдөр барьцаанд /падааны дугаар 75702/ тавьсан 149 граммтай 999-ийн сорьцтой эрэгтэй хүний том гинж байхгүй байсан. ..Тэгээд өдрийн бичлэгийг үзтэл 13 цаг өнгөрч байхад арын өрөөний дараалсан 4 сейфний зүүн гар талын сейфний түлхүүрийг дээр нь байх түрхүүрийн хайрцагнаас авч онгойлгон дээд талын тавиур дээр байгаа алтны хайрцгийг татаад 149 граммтай алтан гинжийг цаасан ууттай нь аваад доод талынх нь тавиур дээр тавьсан. Тэгснээ буцааж гараа хийгээд цаастай нь хамт уг гинжийг зүүн гартаа атгаж аваад сейфээ хаагаад баруун буланд байх камер тусдаггүй хэсэгт очиж байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-23/,

Гэрч А.Мөнхзулын: “Би уг ломбарданд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс барьцааны няраваар ажиллаж эхэлсэн. Энэ өдөр би өмнө нь ажиллаж байсан гэх эмэгтэйгээс барьцааны үнэт эдлэлүүдийг хүлээж авахдаа нэг бүрчлэн үзэж, тоолж авсан. Тэгээд том хэмжээтэй алт, үнэт эдлэл болон хөөрөгний барьцааны падааныг харж байгаад эд зүйлтэйгээ тулгаж бичсэн. Тэгээд өдрийн цайны цаг өнгөрч байхад би босоод ариун цэврийн өрөө орчихоод ирсэн. Тухайн үед би Бадамхандыг миний эд зүйлс бүртгэсэн цаас нь дээр нэмж падааны дугаар бичсэн байсныг мэдээгүй. Харин 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр камер шүүж байгаад мэдсэн. Камерийн бичлэг дээр намайг ариун цэврийн өрөө орсны дараа Бадамханд арын өрөө рүү орж ирээд миний падааны дугаар бичсэн цаасан дээр 75702 гэсэн дугаарыг бичсэн байсныг мэдсэн. Ингээд камер шүүгээд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 23 минутад Бадамханд сейф онгойлгоод цаасан ууттай үнэт эдлэл авч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч М.Баасандалайн: “2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Сайн” ломбардны L-34 салбарт ажиллаж байсан. Тухайн үед өмнө нь үйлчлүүлж байсан эмэгтэй орж ирээд “...алтан гинж барьцаанд тавья” гэхээр нь үзэхэд 999-ийн сорьцтой гинж байсан. Миний өөрийн жин 120 граммыг даадаг учир дэлгүүрийн жин дээр жинлээд “150 грамм болж байна” гээд 11250000 төгрөгт барьцаанд тавихаар болоод бэлнээр 5750000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь дансаар хийсэн. Манайд өмнө нь барьцаанд тавьсан байсан алтан гинжээ зөрүүлж авсан. Уг гинж нь хүүтэйгээ 2800000 гаруй төгрөг болсон. 2017 оны 3 дугаар сарын эхээр ирээд гинжээ 11600000 гаруй төгрөгөөр аваад явсан. Гэхдээ хамт ирсэн 2 хүнээс мөнгө аваад байсан болохоор тэр 2 хүндээ зарж байгаа юм байна гэж ойлгосон. Өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-43/,

Гэрч Н.Болорцэцэгийн: “...Би интернетэд “алт, монетан эдлэл авна” гэсэн зар тавьсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын эхээр цагаан сарын дараахан над руу нэг эмэгтэй утсаар залгаад “эрэгтэй хүний алтан гинж байна. Хархорины Сайн ломбарданд тавьсан байгаа. Танайх хэдээр авдаг юм” гэхээр нь “сорьц нь хэд билээ гэж асуутал 999-ийн сорьцтой, солонгос алтан гинж” гэхээр нь “хаана байгаа юм, очиж үзье” гээд цаг тохироод уулзсан. Тэгээд гинжний граммыг нь 90000 төгрөгөөр тохироод уг гинжийг ломбарднаас би чөлөөлж аваад нүд нь дээр нь уг гинжийг хайчлаад жинг нь үзтэл 148 грамм болохоор нь би 13410000 төгрөгөөр бодож авсан. Гинж зарсан хүүхэнд “ийм их граммтай зүйлээ зарж байж дараа нь ямар нэг асуудалгүй биз дээ” гэхэд “асуудал байхгүй, манай ахын гинж байгаа юм. Би машин авч унах гэж барьцаанд тавьсан. Одоо ажлаа бүтээчихсэн юм чинь чөлөөлүүлээд хэдэн цаасны зөрүү хараад зарчихья” гэж хэлсэн. ...Тухайн үед гинжийг голоор нь тасалж үзэж аваад 50 орчим граммыг нь манай нөхөр Б.Өлзийжаргал Бямбаа гэх залууд зарсан. Үлдсэн алтыг нь алт, монет авна гэсэн хүмүүст хуваагаад зарсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

Шүүгдэгч Г.Бадамхандын: “2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өглөө ажил дээр 10 цагт ирсэн. Тухайн өдөр 149.0 граммын 99-ийн сорьцтой алтан гинжийг ...салбарын эрхлэгч Н.Цацрал үйлчлүүлэгчээс барьцаанд авч 11.000.000 төгрөгийн зээл олгосон. Тухайн үед би хажууд нь байсан учраас тэр гинжийг авах санаа төрсөн. Гинжийг сейфнээс аваад камер тусдаггүй буланд очиж гутлынхаа түрийнд хийж гараад хувцас сольдог өрөөнд очиж цүнхэндээ хийсэн. Маргааш өглөө нь буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Хархорин захын замын урд байдаг “Сайн” нэртэй ломбардад 11250000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Би их хэмжээний өрөнд орсон байсан. ...Өөрийн ломбарданд тавьсан эд зүйлсээ аваад, олон хүнд жижиг сажиг өр зээлтэй байсан учраас түүнийгээ төлсөн. 2017 оны 3 дугаар сарын ихээр буюу цагаан сарын дараа фейсбүүкээс зар харж байгаад ломбарднаас зээл чөлөөлдөг ченжтэй утсаар холбогдоод “манай ахын гинж юм, би өөрөө Солонгосоос авч ирж байсан” гэж хэлээд 1 граммыг нь 90000 төгрөгөөр тооцож бодоод 13.410.000 төгрөгөөр гинжийг зарсан” гэх мэдүүлэг /хх-53-54/,

Шүүгдэгч Г.Бадамхандын: “...Манай ахын гинж юм, цагаан сараас өмнө машин авч унах гэсэн юм” гэж хэлээд “Сайн” ломбарданд барьцаанд тавьсан. ...Болорцэцэг гэх хүнийг интернэтээс зар хайж байгаад мэдсэн. Тэгээд утсаар нь холбогдоод алтан гинж хэдэн төгрөгөөр авч байгаа талаар асуухад “ямар сорьцтой вэ” гэж асуухаар нь “999-ийн сорьцтой солонгос алтан гинж” гэж хэлсэн. Тэгээд Хархорин захын “Сайн” ломбардны байранд уулзаад 1 граммыг нь 90000 төгрөгөөр бодоод 13410000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнийхөө 11600000 гаруй төгрөгийг нь “Сайн” ломбардын барьцаа чөлөөлөх болон хүүнд төлсөн. Зөрүү болгож авсан 1800000 орчим төгрөгөөр нь “Нэкст” электроникс төвөөс гэртээ 32 инчийн Hisense загварын зурагт 600000 төгрөгөөр, интернэтээс зар харж байгаад 500000 төгрөгөөр хөргөгч худалдаж авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлыг төлөх маш их хүсэл байгаа ч төлбөрийн ямар ч боломж байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-58-60/,

“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-105-112/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, барьцаат зээлийн гэрээ /хх-98-99/, гэрч А.Батбаярын мэдүүлэг /хх-36-37/, хорооны тодорхойлолт /хх-83/, гэрч Д.Төрхүүгийн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Б.Өлзийжаргалын мэдүүлэг /хх-35-36/, гэрч Т.Амар-Амгалангийн мэдүүлэг /хх-37-38/, гэрч Г.Сундуйдоржийн мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-81/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-79-80, 82-90/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.Бадамханд нь “Начин заан” ХХК-ийн “Хархорин” салбарт барьцаа хариуцсан зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хархорин салбарт иргэн Д.Энхтуяагийн барьцаанд тавьсан буюу итгэмжлэн өгсөн 149 грамм жинтэй 999-ийн сорьцтой алтан гинжийг авч хувьдаа завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-24-26, 104-107/, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Бадамхандыг хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бадамханд нь 5 нас, 5 сартай хүүхдийн хамт амьдардаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2655 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед ...бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Бадамхандад баривчлах ял оногдуулах хууль зүйн боломжгүй байх тул түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2400000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.   

Гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага “Начин заан” ХХК-д 22 350 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Г.Бадамхандаас 22 350 000 төгрөгийг гаргуулж “Начин заан” ХХК-д олгох нь зүйтэй.     

Шүүх ял оногдуулахдаа Г.Бадамхандыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч Г.Бадамхандын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр худалдан авсан гэх 600000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Hisense брэндийн хар өнгийн ЛЕД зурагт, 500000 төгрөгийн үнэ бүхий Samsung брэндийн цагаан саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчийг хэрэгт битүүмжилснийг хүчингүй болгох нь зүйтэй. Хэдийгээр шүүгдэгч хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “дээрх /алтан гинж/ эд зүйлийг бусдад худалдаад илүү гарсан мөнгөөр нь зурагт, хөргөгч авсан” гэж мэдүүлж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар “сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, түүнчлэн “өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж заасныг үндэслэн тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг харгалзан дээрх зурагт, хөргөгчийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.      

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар “...зайлшгүй хэрэгцээт хоол хүнс, гал тогооны хэрэгсэл...”-ийг хураан авахыг хориглосон болохыг тэмдэглэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Бадамханд урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Бадамхандыг хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар шүүгдэгч Г.Бадамхандыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Г.Бадамханд торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Бадамханд урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Бадамхандаас 22350000 /хорин хоёр сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч “Начин Заан” ХХК-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бадамхандад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бадамхандад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР