| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2021/0050/З |
| Дугаар | 117/ШШ2021/0063 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 117/ШШ2021/0063
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Б.Таас Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” .. дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 20 минутад хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоолоор Дундговь аймгийн Х, Ө, С, Г, Б сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх орон нутгийн замын хажууд амьдарч буй нэр бүхий малчид бидний Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлд “Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ”, 2 дахь хэсэгт “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн хуулийн 18 дахь хэсэгт “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, ....эрхтэй” гэж заасныг тус тус зөрчиж бидний эрүүл аюулгүй орчинд мал аж ахуйгаа эрхлэн амьдрах эрхэд халдаж “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.1.7, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргаж малчин иргэдийн эрх ашгийг ноцтой хөндсөн байна. Үүнд:
Дээрх тогтоолын тогтоох хэсэгт: Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дах хэсэгт “тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх шаардлагыг хангасан” байхаар заасан атал Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “... нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж заасны дагуу “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг гаргахдаа хуулийн дээрх заалтыг тэмдэглэх буюу үндэслэх хэсэгт заасан байх шаардлагыг хангаагүй байна.
Тогтоолын 1 дэх хэсэгт: Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээгүүр ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад оруулах өөрчлөлтийг хавсралтаар баталсугай гэжээ.
Үүнээс дүгнэхэд өмнө нь манай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр ашигт малтмал тээвэрлэх орон нутгийн замын маршрут тогтоосон талаарх төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарч байсан гэж ойлгогдож байгаа ба хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ашигт малтмал тээвэрлэх замын маршрут тогтоосон шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Тогтоолын 3 дахь хэсэгт: Маршрутын дагуух орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж барих, засварлах арчилж хамгаалах талаар аж ахуй нэгж байгууллагад үүрэг, чиглэл өгч биелэлтийг нь хангуулах, орон нутгийн чанартай зам ашигласны төлбөр тогтоож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, уг маршрутын дагуу аж ахуйн нэгж тус бүрт бүтээгдэхүүн тээвэрлэх маршрут батлаж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосугай гэжээ.
Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байх бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах, замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж заасны дагуу уг эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байтал аймгийн Засаг даргад үүрэг болгож, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан илт хууль бус үйлдэл юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.1.7, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудад заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь орон нутгийн чанартай авто замаар “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” тогтоол гаргахдаа хууль
зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байх тул Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн .. дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Т.ын ... нэхэмжлэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Тухайн тогтоол нь Үндсэн хууль болон ЗЗНДНТУТХ-д холбогдох хууль тогтоомжид үндэслэн аймгийн ИТХТ-ийн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр юм. Нэхэмжлэгчийн зүгээс тус тогтоолыг илт хууль бус гэж үзэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "өмнө нь ийм тогтоол гарч байсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №. дугаар тогтоолоор “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрут батлах тухай” тогтоол гарсан байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй тогтоол нь дээр дурдсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэ тухай тухайн тогтоолд тодорхой дурдсан байгаа юм.
3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62.1-т зааснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” бүрэн эрхтэй байдаг. Ашигт малтмал тээвэрлэх маршрутад өөрчлөлт оруулах тогтоолыг гаргахдаа авто замын тухай хууль болон захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтад нийцүүлэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй Б.Тын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна.
Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн .. дүгээр “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Х, Ө, С, Г, Б сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх орон нутгийн замаар ашигт малтмал буюу нүүрс тээвэрлүүлэхээр шийдвэр гаргасан нь орон нутгийн чанартай замын дагуу амьдарч буй малчин иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж уг тогтоол болох захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Б.Таас Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” .. дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Таас Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмал тээвэрлэх замын маршрутад өөрчлөлт оруулах тухай” .. дүгээр тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ В.Ц