Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 276

 

                          

 

 

 

 

 

 

 

 

       

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ганчимэг,

иргэдийн төлөөлөгч Г.Цэнд-Аюуш,

хохирогч Ц.Отгондэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч М.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт М.Баатарбилэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010435 дугаар 1 хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баруун-Уулын 32 дугаар гудамж, 39 тоотод оршин суух хаяг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007.02.22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008.10.24-ний өдрийн 271а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоос 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009.10.05-ны өдөр 291 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010.12.22-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 15 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013.01.17-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Хөл аваачин овогтой Мягмарсүрэнгийн Баатарбилэг /РД:ИЗ83081011/.

М.Баатарбилэг нь урьд танхайн хэрэгт шийтгүүлж, ялын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр оёдлын гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журам зөрчин догшин авирлан, хохирогч Ц.Отгондолгорыг зэвсгийн чанартай зүйлс болох алхаар баруун хөмсөг тус газарт нэг удаа цохиж, бие махбодид нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Баатарбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ц.Отгондэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрийнхээ ойролцоо айлд байсан. Хүүхдүүд Баатарбилэг ах ирж байна гэхээр нь уулзахгүй гэж хэлсэн, яваад өгсөн байсан. Баатарбилэг алх бариад буцаад ирсэн. Хоёр хүүхэдтэйгээ нийлээд алхыг нь авах гэж байгаад чадалгүй цохиулсан. Яагаад гэрээс алх барьж ирээд намайг цохисныг мэдэхгүй. 85000 төгрөг авсан. М.Баатарбилэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.           

Эрүүгийн 201726010435 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Ц.Отгондолгорын: “2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Мябямба эгчийнд ажилд нь туслаад байж байхад манай хүү Пүрэвжав ирээд “Таныг Баатарбилэг ах дуудаж байна” гэсэн. Тэгэхээр нь “3авгүй байна. Одоо харь гээд хэлчих” гээд явуулсан. Удалгүй Баатарбилэг жалгын урд талд хашгираад байна гэсэн чинь Мябямба эгчийн хүү Золжаргал гараад “Отгондолгор эгч завгүй байна, яах гээд байгаа юм” гэж хэлчихээд явчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд удалгүй Төгөлдөр гүйж ирээд “Баатарбилэг ах алх бариад ирж байна” гэхээр нь би түрүүлээд гэрээс гараад өөдөөс нь очоод “Наад алх өг, яах гэж байгаа юм” гээд 2 гараас нь барьсан чинь миний хүү Тэмүүжин, Пүрэвжав хоёр алхыг нь авах гээд чадахгүй байх хооронд Баатарбилэг миний баруун хөмсөг орчим алхаараа 1 удаа цохисон. Тэр үөд Золжаргал ирээд Баатарбилэгийг дарж газар хэвтүүлж байгаад цагдаад дуудлага өгч, барьж өгсөн. Миний хөмсөгний тэндээс цус гараад байсан. Би цусыг нь өөрөө тогтоосон, эмнэлэг рүү явж үзүүлж чадаагүй. Баатарбилэг 85000 төгрөгөөр толгойн зураг авахуулж өгсөн. Би эмнэлгээр явж чадаагүй болохоор надад эмнэлгийн холбоотой баримт байхгүй. Миний баруун нүд хөхөрч хавдсан, баруун хөмсөг гэмтсэн, мөн толгой өвдөөд байсан. Баатарбилэг согтуу байсан. Намайг зодож цохих шалтгаан байхгүй. Бид хоёр хэрүүл маргаан хийгээгүй. ...Намайг цохисон манай төмөр иштэй алхыг би хэргийн газраас аваад өөрөө цагдаагийн газар ирж хураалгасан. ...М.Баатарбилэг манай хүргэн Мөнхжаргалтай найз болохоор хааяа манайхаар орж гардаг. Өс хонзон, өр авлага бол байхгүй. ...Миний баруун хөмсөг, толгойд учирсан гэмтэл зүгээр болсон болохоор би одоо Баатарбилэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул Баатарбилэгт холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-14-15, 16/,

“...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу л шийдвэрлэж өгнө үү. Би Баатарбилэгтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Зүгээр л танидаг хүмүүс байгаа юм. Би Золжаргалтай ямар ч холбоо байхгүй. Гэр ойрхон болохоор танидаг. Золжаргал надаас дүү, зүгээр эгч дүүгийн харилцаатай. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Гэрч О.Золжаргалын: “2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 19-20 цагийн үед би гэртээ ээж, Отгондолгор эгч нарын хамт юм хийгээд байж байхад Отгондолгор эгчийн хүүхэд нь ирээд “Ээж таныг Баатарбилэг ах дуудаж байна” гэсэн. Отгондолгор эгч “Яах гээд байгаа юм. Золжаргалаа чи гараад явуулчих” гэхээр нь би гараад “Яв, яах гээд байгаа юм, Отгондолгор эгч энд юм хийж байна” гэхэд Баатарбилэг Отгондолгор эгчийн гэр лүү яваад өгсөн. Тэгээд би гэртээ ороод байж байхад Отгондолгор эгч гэрээс гараад явсан. Удалгүй “ёо ёо” гээд орилохоор нь би гараад харсан чинь Отгондолгор эгчийн баруун хөмсөг орчмоос цус гарчихсан, Отгондолгор эгч төмөр иштэй алх гартаа барьчихсан зогсож байсан. Баатарбилэгээс л булааж авсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би очоод Баатарбилэгийг газарт унагаагаад дарж байгаад цагдаад би дуудлага өгсөн. Тэр үед Баатарбилэг “Хөгшин чинь тасарчихсан байна. Газар унаад л ухаан орж байна. Юу болсон бэ. Би сая юу хийчихвээ” гээд байсан. Баатарбилэгтэй би хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байхгүй. ...Отгондолгор эгч надад хэлэхдээ “Баатарбилэг энэ алхаар цохичихлоо” гэсэн” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч В.Мягмарсүрэнгийн: “...М.Баатарбилэг хэлэхдээ “Нэг эмэгтэй хүн цохичихсон. Тэгээд цагдаад шалгагдаж байгаа” гээд өглөө гэрээс гардаг. Өөр зүйл надад хэлээгүй. Буруу замаар л явчих гээд байх юм” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Насанд хүрээгүй гэрч Б.Пүрэвжавын: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний орой бүрэнхий болсон байх үед Баатарбилэг ах манай гэрт нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд ээжийг асуухаар нь “Золжаргал ахынд байгаа” гэж хэлэхэд тийшээ явсан. Золжаргал ахын үүдэнд очоод ээжийг дуудаж хашгираад байсан. Тэр үед Золоо ах гарч ирээд “Цаашаа яв, яах гээд байгаа юм” гэхэд Баатарбилэг ах манай гэрлүү яваад манай төмөр иштэй алхыг бариад буцаж ирсэн. Тэр үед ээж өөдөөс нь гарч ирээд “Боль, алхаар яах гэж байгаа юм” гээд алхыг авах гээд байсан. Тэгээд ах Тэмүүжин бид хоёр бас алхыг нь авах гээд чадахгүй байж байхад тэр алхаар ээжийн баруун нүд рүү нь цохичихсон байсан. Энэ үед Золжаргал ах гарч ирээд Баатарбилэг ахыг дарж унагаагаад, цагдаад дуудлага өгсөн. Ээжийг тэр алхаар яг яаж цохисон талаар би харж чадаагүй. Ээжийн баруун нүдний хөмсөг орчмоос цус их гараад байсан. Тогтохгүй л гараад байсан. Тэгээд ээж юмаар дарж байгаад тогтоосон байх. Баатарбилэг ах ээжээс өөр хүн цохиж зодоогүй. Баатарбилэг ах ээжтэй нэг сүртэй хэрүүл маргаан үүсгээгүй. ...Баатарбилэг ах хааяа манайхаар ирдэг. Мөнхжаргал ахын найз нь...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Насанд хүрээгүй гэрч О.Тэмүүжингийн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед би хичээлээ тараад гэртээ ирсэн байсан. ...Баатарбилэг ах манай гэрт согтуу орж ирсэн. Тэгээд ээжийг асуухаар нь “Золжаргал ахынд байгаа” гэж хэлэхэд тийшээ явсан. Манай төмөр иштэй алхыг бариад буцаж ирэх үед ээж өөдөөс нь гарч ирээд “Боль, алхаар яах гэж байгаа юм” гээд алхыг авах гэсэн. Мөн би дүү Пүрэвжавын хамт алхыг нь авах гээд чадахгүй байж байхад тэр алхаар ээжийн баруун нүд рүү нь цохичихсон юм шиг байна лээ. Ээжийн баруун нүднээс цус гарч байсан. Тэр үед Золоо ах гүйж ирээд Баатарбилэг ахыг дарж унагаагаад, цагдаад дуудлага өгсөн. Баатарбилэг ах мөн нэг гараараа ээжийн нэг мөрнөөс нь барьчихсан байсан. Алхаа баруун гартаа барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

М.Баатарбилэгийн сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз Мөнхжаргалын гэрт нь очоод 0.5 граммын 1 шил Монгол стандарт архи, 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл пиво хувааж уучихаад орой 20 цагийн үед байхаа би цагийг нь яг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн Мөнхжаргалын гэрээс гараад доошоо уруудаад Отгондолгорын гэрт нь орсон чинь хүүхдүүд нь байсан. Тэгээд тэндээс гараад хэсэг муудчихсан байна лээ. Нэг сэргэсэн чинь намайг нэг залуу дарчихсан, Отгондолгор “Чи намайг алхаар цохичихлоо” гээд баруун нүдний тэндээс цус гарчихсан нүд нь хавдчихсан байсан. Тэгээд цагдаа ирээд намайг авч цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Отгондолгорыг зодох шалтгаан надад байхгүй. Бидний дунд ямар нэгэн өр авлага, өс хонзон байхгүй. Би Отгондолгорын баруун нүдний дээд хэсэгт алхаар 1 удаа цохисон гэж Отгондолгор хэлсэн. Би яг цохисон үйлдлээ санахгүй байгаа. Бас яагаад Отогдолгорыг цохих болсноо мэдэхгүй байна. Төмөр иштэй, дунд зэргийн хэмжээтэй алх байсан. “Энэ алхаар намайг цохичихсон” гэж Отгондолгор надад хэлж байсан. Өөрөө их согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-32-33/,

М.Баатарбилэгийн яллагдагчаар өгсөн: “...Тэр айл нь ойрхон болохоор очиж Отгондолгорыг дуудсан чинь Золоо гээд залуу гарч ирээд “Отгондолгор эгч завгүй байна, яв гэж байна” гэхээр нь би уур хүрээд буцаж Отгондолгорын гэрт нь ороод төмөр иштэй алхыг аваад буцаад жалга гараад явж байхад өөдөөс Отгондолгор ирээд миний барьж байсан алхыг авах гээд байхаар нь нэг удаа Отгондолгорын баруун талын нүд орчимд нь цохисон чинь Отгондолгорын баруун хөмсөг орчмоос цус гарч байсан. Энэ үед Золоо гээд залуу хүрч ирээд намайг дарж унагаагаад цагдаад дуудлага өгчихсөн байсан. Отгондолгорыг зодож цохих шалтгаан байхгүй. Хэрүүл маргаан үүсгээгүй. Зүгээр л намайг алх барьж байхаар Отгондолгор авах гээд зууралдаад байсан учраас би Отгондолгорыг алхаараа цохичихсон” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.02.20-ны өдрийн 2850 дугаар дүгнэлтэд: “1.Ц.Отгондолгорын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-41/,

Шинжээч Т.Чимэд-Очирын: “...Дээрх гэмтлүүд нь алхаар нэг удаа цохих үед үүсэх боломжтой. Алхаар цохих үеийн хүчнээс болон цохигдох өнцгөөс хамаарч ясанд гэмтэл учирдаг. Дээрх тохиолдолд харьцангуй зөөлөн хүчээр цохигдсон учраас ясанд гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,

хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6/, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-30/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-93/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-94-96/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алхыг таниулж шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Баатарбилэг нь урьд танхайн хэрэгт шийтгүүлж, ялын хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр оёдлын гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журам зөрчин догшин авирлаж, хохирогч Ц.Отгондолгорыг зэвсгийн чанартай зүйлс болох алхаар баруун хөмсөг тус газарт нэг удаа цохиж, бие махбодид нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд шарх, тархи доргилт бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-32-33, 35-36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Түүнчлэн уг хуульд “ганцаараа танхайрах”, “давтан, ялтай байдал” гэх ойлголтууд байхгүй болсон, мөн танхайрах гэмт хэргийг “бүлэглэн зөрчих” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Отгондэлгэрийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан тул хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч М.Баатарбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч М.Баатарбилэг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 82 /наян хоёр/ хоног урьдчилан хоригджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож (82х15000 төгрөг), М.Баатарбилэгт оногдуулсан дээрх торгох ялаас 1230000 /нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг эдэлсэнд тооцлоо.

Шүүх ял оногдуулахдаа учруулсан хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Баатарбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Баатарбилэгийг “гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34 см урт, төмөр иштэй алхыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Баатарбилэгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт М.Баатарбилэгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хөл аваачин овогтой Мягмарсүрэнгийн Баатарбилэгийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баатарбилэгийг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар М.Баатарбилэгийн урьдчилан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Баатарбилэг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Баатарбилэг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баатарбилэгийг сулласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн төмөр иштэй, 34 см урт алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Баатарбилэг бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Баатарбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Баатарбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР

                                     

                                          ШҮҮГЧИД                                 Т.АЛТАНТУЯА

                                                                                                           

                                                                                                  Г.МӨНХЗУЛ