Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч А.Энхцацрал,

шинжээч Б.Ундармаа,

шүүгдэгч, хохирогч З.Алтанзаяа, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,  

шүүгдэгч Б.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч, хохирогч Б.Энхбаяр, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б.Энхбаярыг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт З.Алтанзаяа, Б.Ууганбаатар нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012639 дүгээр 2 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Жаргалант сум, Буурлын 1 дүгээр баг, Рамын 1 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух,

урьд нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хойд овогт Зурмаагийн Алтанзаяа, /РД:ПМ88071712/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 8 дугаар гудамжны 06 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн Жаргалант сум, 2 дугаар баг, Салхит хэсгийн 9-3 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Байгалмаагийн Ууганбаатар, /РД:КЮ84020517/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Жаргалант сум, 2 дугаар баг, Өгөөмөр Салхитын 2 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогтой Буяндэлгэрийн Энхбаяр, /РД:ПА82030712/,

З.Алтанзаяа нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн “бусдыгаа дуулуулсангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Энхбаярт хүч хэрэглэн хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Ууганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” караокены орчим бусдыг илтэд үл хүндэтгэн шалтаг, шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн З.Алтанзаяад хүч хэрэглэн нүүрэн тус газар нь өшиглөн бие махбодид нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөн зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл, хамар ясны зөрүүтэй гэмтэл зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Б.Энхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Солонго” караокены орчим З.Алтанзаяатай “бусдыгаа дуулуул гэж хэллээ” гэх ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж бие махбодид нь “дух ясны цөмөрсөн хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Алтанзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй” гэв.

Шүүгдэгч Б.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 201626012639 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч З.Алтанзаяагийн: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 17-18 цагийн орчим Улаанбаатар хотод ирээд Хархорин захын ард байдаг зочид буудалд нэг өрөө аваад бөөнөөрөө хонохоор болсон. Энхбаяр, Очирдаваа, Ууганбаатар, Сансар бид тав дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Энхбаяр, Очирдаваа бид гурав мөнгөө нийлүүлээд дахиад нэг шил архи авсан. Орой 21 цагийн үед байх би “хэдүүлээ караокед нэг цаг дуулчихаад амрах уу” гэж санал тавиад бүгдээрээ “тэгье” гээд дэмжсэн. Караокед ороод нэг шил архи, 10 шил пиво захиалаад караокед нэг цаг орчим суусан байх. Тэгсэн Ууганбаатар, Энхбаяр бид 3 гадаа гараад тамхи татаж байтал Энхбаяр нь Ууганбаатар бид хоёрт “та нарыг хотод танил талтай, архи уусан ч хаана ч гэсэн явж чадна” гээд Ууганаа руу “чи хүнтэй сайхан зодолддог гэсэн байхаа, надтай сайхан зодолдоё” гээд өдөөд байсан. Ууганбаатар, Энхбаяр хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнээ заамдаад цохилцож байхаар нь дундуур нь орж салгасан. Гэтэл ямар шалтгаангүйгээр миний толгой руу цементэн чулуугаар цохиод, би ухаан алдаж унасан. Сансар надад хэлэхдээ “чамайг чулуугаар цохиод ухаан алдаад унасан байхад чинь Ууганбаатар чиний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн” гэсэн. Ууганбаатар намайг зодож байхыг санахгүй байна. Би нээх согтуу байгаагүй, эрүүл байсан. Ууганбаатар, Энхбаяр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан болохоос би Энхбаяртай муудалцаж хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Энхбаяртай ноцолдож дээр доороо орсон зүйл байхгүй. Энхбаярын биед учирсан гэмтлийг би учруулаагүй, би хүлээн зөвшөөрөхгүй, Ууганбаатар учруулсан. Очирдаваа, Сансар нар караоке дотор байсан. Зодоон болохыг хараагүй байх. Надад учруулсан хохирлын мөнгө буюу эмчилгээний зардлыг өгвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-26/,

“...Энхбаяр ах гарч ирээд шууд намайг алгадахаар нь би заамдаад авахад намайг эргүүлээд заамдсан. Заамдалцаад ухарч байгаад Энхбаяр ах бид хоёр сааданд тулаад саад руу давж унасан. Тэгтэл Ууганбаатар тамхи татахаар гарч ирээд бид хоёрыг салгахад Энхбаяр Ууганбаатарыг “чамд ямар хамаатай юм, чиний гар хөлөөр барилцаж аваагүй” гэж хэлсэн. ...Ууганбаатар Энхбаяр ахтай барилцаад авсан. Би дундуур нь орж Энхбаярыг хойш нь түлхээд Ууганбаатарыг цааш нь түлхчихээд явж байтал араас чулуугаар толгойн хажуу хэсгээс Энхбаяр цохиод, тэр дороо би унасан. Тэгтэл Ууганбаатар миний нүүрэн хэсгийн зүүн тал руу өшиглөсөн. Тэгээд ухаан алдаад унасан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан. Тэгээд 3 хоногийн дараа Ховд аймгаас эцэг, эх, ах, дүү нар ирсэний дараа хагалгаанд орсон. Миний гавал яс цөрөмсөн, зүүн ухархайн яс, хамрын яс хугарсан. Би хагалгаа хийлгээд гавал тархины тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлээд Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний нүдний ухархайгаар хатгаж өвдөнө, дотор муухайрна, толгой хатгаж өвдөөд байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Ууганбаатар миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж байхад би ухаан алдаагүй байсан. Тэгээд миний нүүр рүү өшиглөөд би ухаан алдаад унасан. Энэ талаар Сансар “чамайг Ууганбаатар өшиглөж байхад Ууганбаатарыг салгаад аваад явсан” гэж өөрөө хэлсэн. Би Энхбаяртай караоке дотор байхдаа караокены микрофоноос болж маргалдсан. Эхлээд Энхбаяр намайг түрүүлж цохисон. Саадан дотор Энхбаяр бид хоёр цохиолцоогүй, заамдалцсан байсан. Би гомдолтой байна, би группт орох гэж байгаа. Цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж чадахааргүй болоод байна. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Намайг хагалгаанд орох үед Ховд аймгаас манай эцэг, эх, төрсөн ах, дүү нар болох нийт 10 хүн ирсэн. Тэд нарын тээврийн хэрэгсэл хөлслөж ирсэн зардал 1400000 төгрөг, намайг эргэж тойроход гарсан 200000 төгрөгийн зардал, эмчилгээнд зориулж ээж 1300000 төгрөгийн тэтгэврийн зээл, ор хоногийн төлбөр 50000 төгрөг зэрэг бодит гарсан зардлыг нэхэмжилж байна. Толгойн комьпютер томографт харуулсан 120000 төгрөг, 100000 төгрөг, 120000 төгрөг, Жаргалант суманд байхдаа 303300 төгрөгийг эм тариа хувиараа авч хэрэглэсэн. Эдгээр мөнгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг  /1-хх-27-28/,

“...надад нийт 4516985 төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс хохирлын мөнгө гэж Энхбаяр надад 570.000 төгрөг, Ууганбаатар 100.000 төгрөгийг өгсөн. Одоо баримтаар нийт 3846985 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-хх-205-206/,

Хохирогч Б.Энхбаярын: “...Тэгээд буцаад буудлын өрөөндөө орохдоо гаднаас нэг шил архи аваад ууж байтал Ууганаа, Сансар нар үсээ засуулахаар гадагшаа гарсан. Намайг усанд орж байхад Алтанзаяа надаас дахиад нэг шил архи авъя гээд байхаар нь би 5000 төгрөг өгсөн. Очирдаваа, Алтанзаяа хоёр дэлгүүрээс нэг шил архи авчирч бид нар хувааж уусан. Гаднаас Ууганаа, Сансар нар том савтай пиво барьчихсан орж ирсэн. ...Намайг караокены өрөөнд дуу дуулж байхад Алтанзаяа надаас микрофоныг булааж аваад хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд бид хоёр караокены өрөөнд муудалцаад хэрүүл хийсэн. Тамхи татахаар гадагшаа гараад зогсож байтал араас нэг нь гарч ирээд намайг “яахаараа дандаа ингэж байдаг юм, эсрэг зөрүүдэлж байх юм, хэрүүл хийгээд байхаар гар утсаа өгч бай, манай эхнэр одоо ирчихсэн байгаа байх” гэсэн чинь “юу яриад байгаа юм, дандаа сонин, сонин юм ярьж байх юм” гээд намайг барьж аваад боож унагаад зодсон. Намайг газар унагаж байгаад толгой, хүзүү, цээжин бие рүү хөлөөрөө өшиглөж боосон. Миний бие гомдолтой байна. Намайг эхлэж зодож биед гэмтэл учруулсан. Миний эмчилгээний зардал гэж надад мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-хх-30-31/,

“...Ууганбаатар намайг зодоогүй. Караокены гадна байхад Алтанзаяа намайг бооход Ууганбаатар ирж салгасан, надад гар хүрээгүй. Миний биед учирсан гэмтлийг Алтанзаяа учруулсан. Би Алтанзаяагаас эмчилгээний зардал нэхэмжлээгүй...” гэх мэдүүлэг /1-хх-32/,

Гэрч М.Баттөмөрийн: “...манай зөөгч Доржпалам над дээр ирээд “гадаа хүмүүс зодолдож байна” гэж хэлэхээр нь бид хоёр хамт гарсан. Тэр үед караокены урд талын хайсан дотор хоёр хөлөө урагш нь жийгээд суучихсан нэг залуу байсан. Тэр залуугийн нүүрэн хэсэг нь тэр чигтэй цус болчихсон байсан. Харин хайсны гадна түүнтэй хамт үйлчлүүлж байсан өндөр биетэй, намхан биетэй хоёр залуу цаашаа явж байхаар нь би араас нь очоод “цагдаа иртэл та хоёр хүлээ” гэж хэлээд буцаж дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /1-хх-208-210/,

Гэрч Г.Доржпаламын: “...Тэгээд Ууганбаатар хайсыг давж ороход Алтанзаяа гэх хүн Энхбаяр гэдэг хүний нуруун дээр нь дараад хэвтчихсэн байсан. Ууганбаатар тэр хоёр дээр очоод дээр нь байсан Алтанзаяаг үсдээд арагш нь татахад Алтанзаяа хойшоо нуруугаараа унасан. Тэр үед Алтанзаяа босох гээд өндийж байхад Ууганбаатар Алтанзаяагийн нүүрэн тус газар нь 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед Алтанзаяа, Ууганбаатарт хариу үйлдэл үзүүлээд ноцолдсон. Тэгэхэд Энхбаяр босч ирээд газраас хэмжээг нь би дүрсэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хоёр гартаа чулуу мэт зүйл аваад Алтанзаяа руу шидсэн. Тэр үед манай ресепшн “хүүе, хүн аллаа, чулуу аваад шидчихлээ, хурдан явж салга” гэж надад хэлсэн. Тэгээд би 3 давхраас гадагшаа гүйж гарахаар явж байхдаа 1 давхарт байсан Баттөмөрийг дагуулаад гарсан. Тэгээд Баттөмөр бид хоёрыг гарч ирэхэд Алтанзаяа хайсан дотор өвдөглөөд суучихсан нэг гараараа нүүрний дух, зулай хавьцаа нь дараад байсан бөгөөд түүний толгойноос цус гарч байсан. Тэр үед замын цаанаас таксины жолооч ах ирээд “наад хүмүүс чинь нэгнийгээ алах нээ” гээд Энхбаяр руу заагаад “энэ залуу чулуугаар цохичихлоо” гэж хэлж байсан. Тэр жолооч “энэ чулуугаар сая цохичихлоо” гээд газар байсан нэг чулууг зааж байсан...” гэх мэдүүлэг /1-хх-37-38, 216-217, 2-хх-01/,

Гэрч Д.Одончимэгийн: “...Намайг цонхоор харахад намхан залуу нь хэвтэж байгаа залуугийн толгой хэсэг рүү нь бараан өнгийн блок, бетон шиг зүйлээр цохисон. Харин өндөр залуу нь нүүрэн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Тухайн үед би энэ үйл явдлыг хараад самгардсан. Тэр үед зөөгч Доржпалам 3 дугаар давхарт гараад ирчихсэн цонхоор харж байсан. Тэгэхээр би “хүүе хүн аллаа” гээд Доржпаламыг доош нь буулгасан. ...Замын цаанаас таксины жолооч зам хөндлөн гараад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1-хх-218-220/,

Гэрч Б.Дархисүрэнгийн: “...Захирал өчигдөр шөнө “манай гадаа зодоон болсон, тэр хайсан дотор байгаа чулууг аваачиж хая” гэж хэлсэн. Тэгээд хайсан дотор байсан цементэн чулууг би хаяхаар өргөөд явж байхад өрөөсөн булан дээрээ цус болсон байхаар нь тэр чулууг өргөж аваачаад караокены хойд талд гаргаж, хогийн цэгийн тэнд аваачиж тавьсан. Тэгээд өдөр нь цагдаагаас хүн ирээд хураагаад яваад явсан...” гэх мэдүүлэг /1-хх-39/,

Гэрч Б.Сансарын: “...намайг анх гэрчээр байцаалт өгөхөд Энхбаяр намайг “Алтанзаяагийн толгой руу чулуугаар цохиогүй гээд хэлээд байцаалтаа өгчих гээд байсан...” гэх мэдүүлэг /1-хх-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.16-ны өдрийн 10436 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн цементэн чулуун дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна” гэжээ /1-хх-58/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт 2017.05.12-ны өдрийн 650 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. З.Алтанзаяагийн биед дух ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтлүүд учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх сэтгэц эмгэг судлалын 403 дугаар дүгнэлтээр З.Алтанзаяа нь сэтгэцийн олдмол эмгэгтэй болсон ба олдмол эмгэг нь сэтгэцийн өвчин мөн гэсэн байна. “Тархи доргилтын дараах хам шинж” сэтгэцийн олдмол эмгэг буюу сэтгэцийн өвчин нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5 заалтад хамаарахгүй болно. Учир нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5 заалт нь үлдэц уршигт байдал гэсэн шалгуураар хүнд зэрэгт хамаарах ба үүнд тархины гэмтлийн улмаас тархинд бүтцийн эргэшгүй өөрчлөлт гарсантай холбоотой үүссэн уналт таталтын өвчин /эклампси/, зан төрхийн өөрчлөлт, сэтгэл гутрал, дэмийрэл, солиорол, шизофрени, ойгүйдэл, оюун ухааны хомсдол зэрэг сэтгэцийн өвчнүүд хамаарна. З.Алтанзаяад дээрх сэтгэцийн өвчнүүдийн шинж тэмдэг илрээгүй, харин толгой өвдөх, толгой эргэх, мартамхай болох, уур уцаартай болох, нойрны хямрал зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна. 4. Алтанзаяагийн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал бүхий хүнд гэмтэл нь “тархи доргилтын дараах хам шинж” сэтгэцийн эмгэг өвчнийг үүсгэж болно. Бусад гэмтлүүд нь сэтгэцийн өвчин, эмгэгийг үүсгэхгүй. 5. Дээрх дух ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд болох зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал болон зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөн зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл, хамар ясны зөрөөтэй хугарал гэмтэл, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал болон тархи доргилт гэмтэл нь дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-хх-236-237/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.01.13-ны өдрийн 55 дугаар дүгнэлтэд: “1. З.Алтанзаяа нь “Тархи доргилтын дараах хам шинж” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно. 2. З.Алтанзаяа нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. З.Алтанзаяа нь 2016.10.27-ны өдөр буюу хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 4. З.Алтанзаяа нь архи согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ буюу хэрэг болох үед хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан байна. 5. З.Алтанзаяа нь гэмт хэрэг үйлдэхийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. 3.Алтанзаяа хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1-хх-63-65/,

Шинжээч эмч С.Байгальмаагийн: “...уг дүгнэлтэнд тусгагдсан өвчин болон эмгэг гэсэн нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. ...Сэтгэцийн эмгэг гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт. Өвчний олон улсын ангилалд зааснаар тухайлбал шизофрени, тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэг зэргээс гадна архи тамхины хамааралтай болох, архаг ядаргаа болон компьютер тоглоомонд донтох зэргийг сэтгэцийн эмгэг буюу сэтгэцийн өвчинд хамааруулан ойлгодог. Тархи доргилтын дараах хам шинж хэмээх сэтгэцийн эмгэг нь тархинд хүнд гэмтэл авсны дараа илэрдэг хам шинж бөгөөд толгой өвдөх, толгой эргэх, мартамхай болох, уур уцаартай болох, нойрны хямрал зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг бөгөөд уг эмгэгийн үед солиорлын шинж тэмдэг илэрдэггүй болно. З.Алтанзаяад тархи доргилтын дараах хам шинж хэмээх сэтгэцийн эмгэг нь мартамхай болох, амархан уурлах, үе үе толгой хатгуулж өвдөх, удаан явахад толгой эргэж, нүд бүрэлзэх, нойрондоо муудах зэрэг шинж тэмдгүүдээр илэрч байсан. Харин З.Алтанзаяад уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, сэтгэл гутрал, дэмийрэх солиорох зэрэг шинж тэмдгүүд байгаагүй. Цаашид эдгэрэх эсэх нь эмчилгээний үр дүн, дэглэм баримтлахаас хамаарна” гэх мэдүүлэг /1-хх-244-245/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн: “...Дух ясны цөмөрсөн хугарал нь хатуу биетэй чулуу, бетон, блок, төмөр гэх мэт зүйлээр цохиход үүсэх боломжтой. Харин 2.4.1 /хөнгөн/ заасан гэмтлүүд нь чулуу, блок, бетон, төмөр зэрэг хатуу биетэй зүйлээр цохиход үүсэх боломжгүй. Харин гараар цохих өшиглөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. З.Алтанзаяагийн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Бусад хөнгөн гэмтлүүд нь мөн адил унах үед үүсэх боломжгүй. ...3.5.5-д зааснаар хамаарах өвчин бол эдгэрэх боломжгүй. З.Алтанзаяагийн хувьд эмчилгээний үр дүн, дэглэм зэргээс хамааран бүрэн эдгэрэх боломжтой” гэх мэдүүлэг /2-хх-2-5/,

Шүүхийн эмнэлгийн үзлэг хийсэн 2016.11.02-ны өдрийн 14892 дугаар актын дүгнэлтэд: “1. Энхбаярын биед тархи доргилт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1-хх-53/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Б.Энхбаярт учирсан гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. ...Цохиж зодоход үүсэх боломжтой. Куртик юм уу цамцнаас заамдахад хүзүүний зулгаралт үүснэ. Б.Энхбаярын хэсэг газрын үзлэгт “хүзүүний баруун дээд хэсэгт” 0,5x5 см, 0.5x8 см, 05x4 см хүрэн улаан өнгийн зулгаралттай байсан бөгөөд уг хүзүүний зулгаралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах боломжтой. Учир нь хэмжээгээрээ гэмтэл нь багтах бүрэн боломжтой. Хүзүүнд учирсан гэмтэл нь заамдахад үүснэ” гэх мэдүүлэг /1-хх-241-243/,

Шүүгдэгч З.Алтанзаяагийн яллагдагчаар өгсөн: “...Энхбаяр намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би мөн адил Энхбаярыг заамдсан. Энхбаяр намайг 2 удаа гараараа алгадсан, би бас зөрүүлээд гараараа 1 удаа дух хэсэг рүү нь цохисон. Энхбаяр бид 2 заамдалцсан байдалтайгаар маргалдаж яваад караокены урд талын хайс нь дээр тулж ирээд хайсанд тээглэж дотогш газар руу хоёулаа заамдсан байдалтайгаар унасан. ...Энхбаяр бид хоёрыг хайс давж унахад Ууганбаатар хүрч ирээд миний араас үснээс хойш татахад би хоёр өвдөг нь дээрээ босч эргээд Ууганбаатар руу харахад Ууганбаатар намайг цохих шиг болсон. Тэр үед Энхбаяр миний толгой дээр тас хийгээд чулуугаар цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /2-хх-18-20/,

Шүүгдэгч Б.Энхбаярын яллагдагчаар өгсөн: “...Нэг мэдэхэд Алтанзаяа бид хоёр караокены урд талын хайс дотор хоёулаа унасан байсан. Би доор нь дээшээ харсан байдалтай, Алтанзаяа миний дээр байсан. Тэгж байтал Ууганбаатар бид хоёр дээр ирчихсэн Алтанзаяаг татаад босгох шиг болсон. Тэгэхээр нь би хоёр хөл дээрээ босоод зогссон. Би их согтуу байсан болохоор цааш нь юу болсныг санахгүй байна. Алтанзаяа миний дээр байхдаа намайг боосон учир хэсэг хугацаанд манарсан байсан. Тэгээд нэг ухаан ороход цагдаагийн газар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /2-хх-24-26/,

Шүүгдэгч Б.Ууганбаатарын яллагдагчаар өгсөн: “...Би Алтанзаяаг өшиглөсөн. “Солонго” караокены урд талын хайс дотор Алтанзаяа, Энхбаяр хоёр дээр доороо ороод, бие биеийгээ заамдаад барьцалдаад авчихсан байсан. Би тэр хоёр дээр очоод салгах гэтэл тэр хоёр салахгүй байсан. Тэгэхээр нь би Алтанзаяагийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр айсандаа Алтанзаяагийн мөр хэсэг рүү өшиглөсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн. Би түүний нүүрэн хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /2-хх-30-31/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-15-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-хх-21-23/, гэрч Г.Доржпаламын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-187-188/, Б.Ууганбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-189-191/, Б.Энхбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-192-194/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-195-198/, туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-хх-199-202/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-109, 113, 123/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-108, 112, 122/, хорооны тодорхойлолт /1-хх-110, 114-116, 124/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.15-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол /1-хх-148-151/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см өндөр, 22 см өргөн, 11 кг блок чулууг оролцогчдоор таниулан шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Алтанзаяа согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Солонго” караокены орчим олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж иргэн Б.Энхбаярт хүч хэрэглэн хоолойг нь боож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ууганбаатар согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Солонго” караокены орчим олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж иргэн З.Алтанзаяад хүч хэрэглэн нүүрэн тус газар нь өшиглөн эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, мөн зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл, хамар ясны зөрүүтэй гэмтэл зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Б.Энхбаяр согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Солонго” караокены орчим олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж иргэн З.Алтанзаяагийн толгойн тус газарт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “дух ясны цөмөрсөн хугарал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч Б.Энхбаяр, Б.Ууганбаатар, З.Алтанзаяа нарын мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Түүнчлэн уг хуульд “ганцаараа танхайрах”, “давтан, ялтай байдал” гэх ойлголтууд байхгүй болсон, мөн танхайрах гэмт хэргийг “бүлэглэн зөрчих” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Энхбаярын үйлдлийн улмаас хохирогч З.Алтанзаяагийн бие махбодид хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирсан, шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдлийн улмаас хохирогч З.Алтанзаяагийн бие махбодид хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан, мөн З.Алтанзаяагийн үйлдлийн улмаас хохирогч Б.Энхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан тул тус тусад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болох “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Энхбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Алтанзаяа, Б.Ууганбаатар тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.Энхбаяр 570000 төгрөг, шүүгдэгч Б.Ууганбаатар 2000000 төгрөгийг тус тус хохирогч Б.Алтанзаяад төлсөн, хохирогч Б.Энхбаяр нь шүүгдэгч З.Алтанзаяагаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 11 килограмм, 16см урт, 22см өргөнтэй блок чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт Б.Энхбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт З.Алтанзаяа, Б.Ууганбаатар нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Харчин овогт Буяндэлгэрийн Энхбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Хойд овогт Зурмаагийн Алтанзаяа, Боржигон овогт Байгалмаагийн Ууганбаатар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Алтанзаяаг 400 /дөрвөн зуу/ цаг, шүүгдэгч Б.Ууганбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярын эдлэх 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Алтанзаяа, Б.Ууганбаатар нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 11 килограмм, 16 см урт, 22 см өргөн блок чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч З.Алтанзаяа, Б.Ууганбаатар нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч тус бүрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                

 

 

            ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР

                         

     ШҮҮГЧИД                                                Т.АЛТАНТУЯА

                                                                                   

                                                                                    Г.МӨНХЗУЛ