Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 117/ШШ2021/0049

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ан хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн .. дугаартай  шийтгэлийн хуудас  хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Улсын байцаагч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Т” ХХК-д шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...ямар зөрчил үйлдэгдсэн болохыг бичээгүй, нотлох баримтыг дурдаагүй, ямар хуулийн зүйл заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэх нь тодорхойгүй бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 3.000.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, хуулийн этгээдэд хууль ёсны төлөөлөгч тогтоох тогтоол үйлдээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  4.14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын А байцаагч Н.Бын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Т” ХХК-д 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдох  “2020 оны 8 сарын 26-ны өдрийн .. дугаартай Т ХХК-д холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” хэрэгт төлбөр төлөгдсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасанчлан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 02 сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай бичигт нэмэлт санал байхгүй бөгөөд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын а   хяналтын улсын  байцаагч Н.Бд   хариуцуулан “Т ХХК-д   холбогдох 2020 оны 08-р сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах”  прокурорын дүгнэлтийг[2] /нэхэмжлэл/  гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.1 дүгээр  зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуульд заасныг дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т ”баталсан удирдамжийн дагуу хянана” гэж заасанчлан  Дундговь аймгийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг[3] үндэслэн,  энэхүү шалгалтаас хойш 30 хоногт  багтаан нэхэмжлэл ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг   зөрчөөгүй тул хэрэг үүсгэн[4] хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.   

2. Т ХХК 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг  биелүүлж,  мөн өдрийн ХААН банкны шилжүүлгийн   баримтаар[5] 3000000 /гурван сая/ төгрөг төлснийг үндэслэн прокуророос актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг  өөрчилж бичгээр[6] ирүүлсэн.

3. 2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа[7] өөрчилж ирүүлсэн тул  хуульд заасан холбогдох ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн[8], нэхэмжлэгчийн[9] ”шүүхэд өөрчилж  гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна, гаргасан зөрчлийг бол үгүйсгээгүй харин шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь хууль бус болохыг  тогтоох үндэслэл  мөн  гэж үзэж байна” гэх,  хариуцагч н.Бын[10] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар өгснөө дэмжиж байгаа, шийтгэл оногдуулахдаа нотлох баримтыг нэрлэн заагаагүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг  тогтоогоогүй, ямар хуулийн ямар зүйл заалтаар шийтгэл оногдуулж буйг бичээгүй,торгуулийг нэгжээр илэрхийлээгүй зэрэг зөрчлийг акт гаргах явцдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн,   хариуцагчийн зөвшөөрлийг батлахад  татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжийн үр дагаврыг  ойлгосон, “Т” ХХК нь барилгын аюулгүй  ажиллагааны журам зөрчиж, талбайн зураггүй газарт,  ажиллуулбал зохих этгээдийн эзгүйд  уг краныг  ажиллуулж унагаасан  зөрчлийг гаргасан байдаг, тухайн үед уг  компанийн холбогдох албан тушаалтнууд өөрсдөө бүгд байлцсан, харилцан саналыг нь авч байж шийдсэн, түүнээс оролцогчийн эрхийг нь хангаагүй хохироосон зүйл бол байхгүй, ослын дүгнэлтийн акт гаргах тухайд бол уг байгууллага өөрөө энэ хүсэлтээ холбогдох байгууллагад гаргавал бид түүнийг нь үндэслэн  гаргаж өгөх боломжтой гэдгийг тухайн үед Эр захиралд болон Б гуайд хэлсэн ойлгосон гэж бодож байна” гэх, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Бын[11] “шүүхийн хэлэлцүүлэгт тус компанийн төлөөллөөр оролцож байна,хэрэг материалтай танилцсан, прокуророос манай компанид  торгууль оногдуулсан актыг хүчингүй болгуулах саналыг дэмжиж  хүсэлтээ бичгээр өгсөн, барилгын  талбайд кран унагасан зөрчил бол гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ энэ шийтгэлийн хуудсаар оногдуулсан 3000000 /3сая/ төгрөгийг  манайхаас чухам хэн хариуцах нь компанийн хувьд ойлгомжгүй тодорхойгүй байдлаар үлдсэн учраас бид ослын дүгнэлт акт гаргаж өгөхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хүссэн,энэ ажиллагаа хийгдээгүй учир актыг хууль бус болохыг тогтоох шаардлагыг зөвшөөрөхгүй байсан юм.Тодруулбал тухайн үед буюу зөрчил гарахын урьд өдөр орсон борооны улмаас кран унасан уу, эсхүл аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас унасан уу гэдгийг тогтоогоогүй,талбайн зургийн хувьд анхны зураг  8метрээр өөрчлөгдөж газрын маргаан  үүссэний улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн зэргийг судалж үзээч л гэж хүссэн. Хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын учир холбогдлыг ойлголоо, хариуцагчийн зөвшөөрлийг батлахад  татгалзах зүйлгүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг танилцуулсан, ойлголоо, шийтгэлийн хуудаст холбогдуулан 2021 оны 09-р сарын 26-ны өдрийн дотор ямар нэгэн гомдол гаргаагүй,тухайн үед шийтгэлийн хуудастай танилцсан мэдсэн” гэх хэргийн оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  тайлбарыг тус тус үндэслэн хариуцагчийн  зөвшөөрлийг  баталж  хэргийг хэрэгсэхгүй болгов. Шүүх гуравдагч этгээдээр Т ХХК-г  татаж хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан[12], эрхийг хангасан[13] тул компанийн болон өөр бусад  этгээдийн эрхийг зөрчихгүй гэж үзнэ. 

4. Т ХХК-ий 000.. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд[14] Н.Эыг захирлаар томилсон бүртгэлийг 2006.05.03-нд бүртгэсэн, тус компанийн ерөнхий захирлын 2020.01.22-ны 14/21 тоот тушаал[15], 2021.02.09-ний өдрийн 08/21 тоот нэг жилээр олгогдсон итгэмжлэл[16], иргэний үнэмлэх[17], Б.Бын жолооны үнэмлэх[18]  зэрэгт үндэслэн холбогдох ажиллагааг хэрэгжүүллээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111дүгээр зүйлийн 111.1, 69-р зүйлийн 69.2-т заасныг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар  зүйлийн 67.1-т заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  М.Үийн нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын А хяналтын  улсын байцаагч  Н.Бд  хариуцагдах  “2020 оны 08 сарын 26-ны өдрийн .. дугаартай  шийтгэлийн хуудас хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, 49 дүгээр  зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус  баримтлан  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

3. “Т” ХХК өөрт учирсан хохирлоо иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхтэйг  тайлбарласугай.

4. Энэ захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.С

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 6 талд

[2] Хэргийн 1-2 талд

[3] Хэргийн 13-15 талд

[4] Хэргийн 16-17 талд

[5] Хэргийн 9 талд

[6] Хэргийн 33 талд

[7] Хэргийн 34 талд

[8] Хэргийн  талд

[9] Хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэх

[10] Хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэх

[11] Хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэх

[12] Хэргийн 25-27 талд

[13] Хэргийн 19-22, 28-29 талд

[14] Хэргийн 10 талд

[15] Хэргийн 31 талд

[16] Хэргийн 30 талд

[17] Хэргийн 11-р талд.

[18] Хэлэлцүүлгийн тэмдэглэлээс үзэх