Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 104/шш2024/00211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд 1985 онд Нийтийн ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш илгээлтээр Нийтийн аж ахуй үйчилгээний удирдах газарт оёдолчноор ажилласан. Улмаар Нийтийн ахуй үйлчилгээ нь 1992 онд хувьчлагдан Тахь-ко ХК болж өөрчлөгдөн уг компанийн үйлдвэрт ээлжийн технологичоор 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн үед ажиллаж томилж чөлөөлж байсан талаарх тушаал шийдвэр байхгүйн улмаас нийгмийн даатгалын байгууллагаас цуг ажиллаж байсан хүмүүсээ дагуулаад шүүх дээр очиж ажилласан жилээ тогтоолгоод ир гэсэн. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нийтийн ахуйн үйлчилгээнд болон Тахь-ко ХК-д оёдолчин, ээлжийн технологичоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  2..Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

2.1. Үндэсний архивын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 234 дугаартай Тахь-Ко ХК-ийн 1994 оны баримт шилжиж ирээгүй тул Б.*******д холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх албан бичиг (хх-ийн 06 хуудас)

2.2. Үндэсний архивын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03-07/538 дугаартай .. Тахь-Ко ХК-ийн 1991-1993 оны тушаалыг шүүж үзэхэд Б.*******д холбогдох баримт байхгүй болно.. гэх албан бичиг (хх-ийн 07 хуудас)

2.3 Нийслэлийн архивын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0126 дугаартай Тус архивт Тахь-Ко ХК-ийн баримт хадгалагддагүй тул Б.*******д лавлагаа олгох боломжгүй гэх албан бичиг (хх-ийн 08 хуудас)

2.4 Нэхэмжлэгч Б.*******гийн сургууль төгссөн гэх үнэмлэхний хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр (хх-ийн 09 хуудас)

 2.5 1991, 1996 онд авахуулсан гэх фото зураг (хх-ийн 16 хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч гийн ийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би 1978-1995 он хүртэл Оёдлын үйлдвэрийн нэгдэлд ажиллаж байсан, Оёдлын үйлдвэрийн нэгдэл Тахь-Ко ХК болж өөрчлөгдсөн ба дотроо ,, гэх 3 салбар үйлдвэртэй байсан. Б.******* нь тус үйлдвэрт ажиллаж байсан хэдий ч яг хэдээс хэдэн он хүртэл ажиллаж байсныг санахгүй байна... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 11-12, 24-26 хуудас),

Гэрч  гийн *******ы 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би Оёдлын үйлдвэрийн нэгдэлд 1972-199 оны хүртэл ажилласан, Б.******* 1985-1995 он хүртэл цехийн технологичоор ажилласан байсан нь үнэн.. гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 14-15, 32-34 хуудас),

2.6 Нийслэлийн архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/438 дугаар албан бичгээр олгосон Тус архивт Оёдлын үйлдвэрийн нэгдэл болон Тахь Ко ХК-ийн баримт хадгалагддаггүй болно гэх тодорхойлолт (хх-ийн 45 хуудас)

2.7 Үндэсний архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/345 дугаар албан бичгээр олгосон ..Манай сан хөмрөгт Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахь-Ко ХК-ийн 1972-1993 оны баримтууд хадгалагдаж байна. Тус үйлдвэр, компанийн баримтаас шүүж үзэхэд Б.*******д холбогдох баримт байхгүй болно гэх албан бичиг (хх-ийн 46 хуудас)

2.8 Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 240 дугаар албан бичгээр ирүүлсэн Тахь-Ко ХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа... (хх-ийн 47-48 хуудас)

2.9 Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маяг (хх-ийн 52 хуудас) зэрэг баримтууд байна.

 

3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. 

Нэхэмжлэгч Б.******* нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тасралтгүй Нийтийн ахуй үйлчилгээний Оёдлын үйдвэрийн нэгдэл, Тахь-Ко ХК-д оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан эрхийхээ хүрээнд хэрэгт нэмэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн ба Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Тахь-Ко компанийн 1972-1993 оны баримт Үндэсний архивын газар болон Нийслэлийн архивт хадгалагдаж байгаа боловч нэхэмжлэгч Б.*******д холбогдох баримт байхгүй, түүнийг 1985-1995 онд ажиллаж байсан гэдгийг нотлох баримт байхгүй болох нь Үндэсний архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/345 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг тухайн компанид ажиллаж байсан гэдгийг нотлох баримт архивт байхгүйгээс гадна гэрч Ч. нь нэхэмжлэгч Б.*******г хэдээс хэдэн онд ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй хэмээн гэрчийн мэдүүлсэн, нэхэмжлэгч Б.*******г тухайн байгууллагад ажиллаж байсныг нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Оёдлын үйлдвэрийн нэгдлийн дурсамж гэх номноос ******* гэх нэртэй холбогдох хэсгийг гаргаж ирүүлсэн боловч уг номонд хэдэн онд ажиллаж байсан талаарх баримт нотолгоо байхгүй, 2 хувь фото зураг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу 1996 оны зураг байна.

Иймд шүүхээс хэрэгт цугларсан түүний нэр дээрх ХААТР-1 маягтад 1987 онд Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орсон гэх бичилттэй, гэрч С.*******ы мэдүүлгийг баримтаар үнэлж нэхэмжлэгч Б.*******г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Нийтийн ахуй үйлчилгээний Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчноор ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 Харин үлдэх хугацаанд ажилласан байдлыг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлээс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нийтийн ахуй үйлчилгээний Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА