Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч А түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ, шүүгдэгч Ц түүний өмгөөлөгч С.Санжаажамц, хохирогч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А, Ц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020168 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн А, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 574 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Монгол Улсын иргэн Ц, 26 настай, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2005 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ял шийтгүүлж 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 109 дүгээр өршөөл үзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Холбогдсон хэрэг: Шүүгдэгч А нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Торгоны зам” худалдааны төвд цаа бугын арьсан гутал зардаг иргэн Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч өөрийн 901998** дугаарын утсан дээрээ хуурамч мессеж үзүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.250.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг шилжүүлэн авсан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг иргэн Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, Бгийн гар утсанд өөрийн гар утаснаас хуурамч мессеж 2 удаа илгээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.066.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Гранд плаза” төвийн булган шуба худалдаалдаг лангууны худалдагч Тт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч Тийн гар утсанд өөрийн 901993**, 901998** дугаарын утаснаас хуурамч мессеж явуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.800.000 төгрөгийн булган шубаг шилжүүлэн авсан, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Аll star” нэртэй спорт барааны дэлгүүрийн худалдагч Ст “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, Сийн гар утсанд 903985** дугаарын утаснаас хуурамч мессеж илгээж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.070.000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртик, футболк, өмд зэргийг шилжүүлэн авсан, Шүүгдэгч Ц нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны 13 цаг 30 минут орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг иргэн Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, Бгийн гар утсанд өөрийн гар утаснаас хуурамч мессеж 2 удаа илгээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.066.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Гранд плаза” төвийн булган шуба худалдаалдаг лангууны худалдагч В.Түмэнцэцэгт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч В.Түмэнцэцэгийн гар утсанд өөрийн 90199364, 90199864 дугаарын утаснаас хуурамч мессеж явуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.800.000 төгрөгийн булган шубаг шилжүүлэн авсан, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Аll star” нэртэй спорт барааны дэлгүүрийн худалдагч Сонорчимэгт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, Сонорчимэгийн гар утсанд 90398541 дугаарын утаснаас хуурамч мессеж илгээж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.070.000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртик, футболк, өмд зэргийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв. Шүүгдэгч Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Нэмж ярих зүйлгүй” гэв. Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 09- ний өдөр манай лангуунд А орж ирээд 41 размерын гутал авахаар болоод дараа нь 42 размерын гутал эхнэртээ авна гэсэн. Тэгээд тооцоогоо картаар хийнэ гэхээр нь “манайх карт уншихгүй, доод давхарт байдаг Миний дэлгүүрийн АТМ-ээс мөнгийг чинь авъя” гээд доош буусан. Тэнд очоод А “АТМ карт уншихгүй байна, мобайлаар тооцоогоо хийе” гэсэн. Тэгэхээр нь би “миний гар утсанд мессеж ирэхгүй” гэдгээ хэлсэн. Тэгэхэд А “миний гар утсанд мессеж ирнэ, та тэгээд шалгачих” гэсэн. Тэр хооронд би ном уншаад анхаарал маань сарнисан байсан. Тэгтэл А “эгч ээ мессеж ирсэн шүү, та дансны дугаар, нэрээ шалгаарай” гэж хэлсэн. Тэгээд хартал миний гар утсанд 1.480.000 төгрөгийн орлого орлоо гэсэн мессеж ирэхээр нь итгээд 2 гутлаа өгч явуулсан. Удалгүй Хаан банк орж дансаа шалгахад мөнгө ороогүй байсан. Би тэр үед Аын гар утасны дугаарыг асуухад надад скайтелийн дугаар өгсөн. Мөнгө дансанд ороогүй байхаар нь гар утас руу нь залгахад “би Хархорин зах дээр байна. Маргааш очиж болох уу” гэхээр нь зөвшөөрсөн. Маргааш нь ирэх юм болов уу гэж бодоод хүлээхэд ирээгүй. Тэгэхээр нь би Нарантуул захын Хаан банкин дээр очиж дансаа шалгахад мөн л мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь дахиад залгахад “би тань руу очиж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд хүлээсэн. Би гар утас руу нь олон удаа залгахад заримдаа гар утас нь дуудаад авахгүй, заримдаа гар утас нь холбогдохгүй байсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар залилуулсан гэж өргөдөл бичиж өгсөн. Надад 1.480.000 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн байцаагч надад зах зээлийн ханшнаас доош хэмжээгээр хохирлоо хэлэх хэрэгтэй гэхээр нь 1.280.000 төгрөг болгож энэ хэмжээгээр тогтоогдсон. 2017 оны 6 дугаар сараас хойш Ц надад 500.000 төгрөг өгье гээд утсаар яриад байхаар нь би 1.280.000 төгрөгийг бүтнээр нь авна гэж хэлсэн. Ц над руу олон удаа залгасан. Би зарим тохиолдолд гар утсаа авч амжихгүй үе байсан. Тэгээд би залуу хүмүүс юм байна гэж бодоод уучилж, хохирлоо 1.000.000 төгрөг болгосон. 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг Цгаас хүлээж авсан. Тэгээд хохирол барагдуулсан гэж бичиж өгье гэхэд Ц “ганц хохирол барагдуулсан гэж бичээд хэрэггүй. Харин гомдолгүй гэдэг бичиг хийгээд өг” гэж гуйсан. Гэхдээ надад гомдолгүй гэж бичиг хийж өгөхөд хэцүү байсан. Учир нь би Олон улсын хэмжээний тэмцээнд орох ёстой байсан ч энэ хэргээс болж уг тэмцээнээсээ хоцорсон. Би 1.280.000 төгрөгийг бүрэн авах хүсэлтэй байгаа учраас 280.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар: 1. Шүүгдэгч А нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торгоны зам” худалдааны төвд цаа бугын арьсан гутал зардаг иргэн Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж өөрийн 90199864 дугаарын утсан дээрээ хуурамч мессеж үзүүлж хуурч 1.250.000 төгрөгийн үнэ бүхий 2 хос цаа бугын арьсан гутлыг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Бгийн “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Торгоны зам худалдааны төвийн 2 давхарын цаа бугын арьсан худалдааны лангуун дээр байж байтал 16 цагийн орчим 30 орчим насны 175-178 см өндөртэй, хар бараан өнгийн куртиктэй, куртикныхаа малгайг өмссөн хар нүдний шил зүүсэн, хүзүүндээ шар өнгийн өргөн гинж зүүсэн, хуруундаа өргөн шар өнгийн бөгж зүүсэн бор царайтай залуу орж ирээд цаа буган гутлын үнийг асуугаад “42 размерын гутал авъя, та бүх 42 размерын гутлаа гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би бүх гутлыг гаргаж үзүүлсэн. Тэгтэл тэр өрөөсөн гутал өмсөж үзээд шууд авахаар болсон. ...Тэгээд тэр залуу надад уншуулчих банкны карт үзүүлэхээр нь “би манайх карт уншдаггүй ээ, хоёулаа доош бууж “Миний дэлгүүр” оръё, тэнд АТМ зөндөө байгаа” гээд тэр залууг дагуулаад уг хоёр хос гутлыг бариад “Миний дэлгүүр” лүү ороход тэр залуу АТМ-д картаа уншуулахад “мөнгө гарахгүй байна” гээд над руу мөнгөө мобайлдахаар болоод надаас миний нэр болон дансны дугаар аваад өөрийн гар утсан дээрээ бичсэн. Тэгээд удалгүй надад мессеж үзүүлээд “та хараарай, гүйлгээ амжилттай боллоо, 1.485.000 төгрөг шилжлээ дансанд үлдэгдэл 500.000 төгрөг” гэсэн мессеж үзүүлсэн. Тэгээд би итгээд түүнээс гар утасны дугаарыг аваад өөрийн гар утаснаас тэр дугаар руу залгахад миний дуудлага тэр барьж байсан гар утсанд очихоор нь итгээд лангуу руугаа явсан. Түүнээс хойш би банк гарч дансаа шалгамаар санагдаад “Хаан банк” орж дансаа шалгахад ямарч орлого ороогүй, гүйлгээ хийгдээгүй байсан. Маргааш өдөр нь “Нарантуул” дээр банк орж дахин дансаа шалгахад орлого ороогүй байсан. Ингээд нөгөө залуугийн 90199864 дугаар луу залгаад “орлого ороогүй байна, чи яаралтай ир гэхэд тэр залуу “би очиж байна” гэж хэлсэн боловч ирээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 86 дугаар хуудас/ “42 размерийн цаа бугын арьсан гутал, 40 размерийн цаа бугын арьсан гутал зэргийг нийт 1,250,000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ”. /хэргийн 1 дүгээр хавтас 87 дугаар хуудас/ Шүүгдэгч Аын яллагдагчаар өгсөн “2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” худалдааны төвд ганцаараа очоод цаа бугын арьсан гутал зардаг лангуун дээр очоод хоёр ширхэг цаа бугын гутлын нийт үнэ 1.250.000 төгрөгөөр аваад тэр худалдагчид нь гүйлгээ амжилттай хийгдлээ гэх мессэж харуулаад тэгээд яваад өгсөн. Тэгээд тэр хоёр годон гутлыг “Нарантуул” дээр нийлүүлээд 480.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 2. Шүүгдэгч А, Ц нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрт булган малгай худалдаалдаг иргэн Бд төлбөрийг мобайлаар төлнө гэж хуурч, Бгийн гар утсанд өөрийн гар утаснаас хуурамч мессежийг 2 удаа илгээн 1.066.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг булган малгайг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Бгийн “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрийн 2 дугаар давхарын 311 дүгээр лангуун дээрээ худалдагч хийгээд байж байсан юм. Тэгтэл 30 орчим насны цэнхэр өнгийн куртик өмссөн, доогуураа жинсэн өмдтэй, ноосон малгайтай эрэгтэй, 30 орчим насны хөх өнгийн урт куртиктэй, шаргал өнгийн ноосон малгай өмссөн эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд булган малгай худалдаж авна гээд малгай үзэцгээсэн. Тэгээд тэр эмэгтэй нь өөртөө малгай үзэж байгаад хар өнгөтэй саравчтай чихтэй 330.000 төгрөгөөр зарж байсан малгайг сонгоод “мобайл банкаар мөнгө шилжүүлнэ” гэсэн. Тэгээд миний дансыг асуугаад “шилжүүлчихлээ” гээд хүлээгээд байсан. Тэгтэл орж ирэхгүй байсан болохоор нь “яасан юм бол шалгаадах” гэсэн чинь “миний утас нэгжгүй болохоор шилжээгүй байна, би ааваасаа нэгж аваадахъя” гээд миний утсаар “аав руугаа залгая” гээд авсан ба аавтайгаа ярьж байх шиг байсан. Тэгээд дуусаад миний утсыг буцааж өгөөд жаахан байж байтал надад мессеж ирсэн. Тэгээд би хаанаас ирсэнийг нь хараагүй боловч 330.000 төгрөг таны дансанд орлоо гэсэн утгатай байх шиг байсан. Тэгээд би малгайг нь өгөөд явуулсан. 30-40 метр яваад нөгөө хоёр хүн буцаж ирсэн. Тэгээд “ерөөсөө ээж, аав хоёртоо малгай авна” гэсэн. Тэгээд малгайнуудаас үзэж байгаад эрэгтэй буудаг хар малгай, эмэгтэй 71 загварын хар малгайг авъя гээд 736.000 төгрөг бас мобайлд шилжүүлнэ гэсэн. Тэгээд жаахан хүлээж байтал миний утсанд мессеж ирэх шиг болсон боловч би яг харснаа сайн санахгүй байна. Түүний дараа “би таны утсаар нэг яриадахъя” гэхээр нь гар утсаа өгсөн ба нэг хүнтэй ярих шиг болоод буцаагаад өгсөн. Тэгээд нөгөө хоёр хүн чинь малгайнуудаа аваад гарсан. Тэгээд би гарсных нь дараа 20 орчим минут өнгөрсний дараа өөрийн дансаа шалгатал над руу эхний 330.000 төгрөг болон сүүлийн 736.000 төгрөг шилжиж ороогүй байсан. Ямар учиртайг нь “Хаан банк”-ны лавлахаас асуухад ямар ч гүйлгээ хийгдээгүй байна гэсэн. Тэгээд би гайхаад цагдаад хандахаар шийдсэн. ...2-3 хоногийн дараа манай бэр Нандингэрэл нь “фейсбүүк дээр Гранд плаза төвөөс залилуулсан гээд сэжигтэй этгээдүүдийн зургийг тавьсан байна. Та хараад үзээч таныг залилсан хүмүүс байж магадгүй” гэхээр нь би нөгөө зургуудыг үзтэл нөгөө намайг залилсан этгээдүүд яг мөн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 94-95 дугаар хуудас/ “... Эрэгтэй нь миний утсыг гуйж аваад эрэгтэй нь л яриад байсан. Аав руугаа яриад Хаан банкны лавлах руу яриад байна гэж байсан. Эмэгтэй нь минийхээр ярих уу гэж хажуунаас нь асууж байсан. Бас “за хурдал хурдал яараад байна” гэж эрэгтэйдээ хандаж хэлсэн. Тэр хоёр хоорондоо яриад эрэгтэй нь “дансанд мөнгө үлдсэн үү” гэхэд эмэгтэй нь “байгаа байгаа долоон зуун хэдэн мянга” гэж байсан. Мобайлаар мөнгийг нь шилжүүлнэ гэж яг хэн нь хэлснийг би одоо санахгүй байна. Би 330.000 төгрөгийн үнэтэй малгай 1 ширхэг, 450.000 төгрөгийн үнэтэй малгай 1 ширхэг, 286.000 төгрөгийн үнэтэй малгай 1 ширхэгийг нийт 1.066.000 төгрөгөөр зарж байсан малгайгаа тэдэнд залилуулан. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 96 дугаар хуудас/ “Саравчтай, чихтэй, хар өнгийн эмэгтэй хүний булган малгай нэг ширхэг 330,000 төгрөг, хажуудаа цэцэгтэй, савхин оруулгатай, хар өнгийн эмэгтэй хүний булган малгай нэг ширхэг 286.000 төгрөг, чих нь буудаг, хар өнгийн эрэгтэй малгай нэг ширхэг 450.000 төгрөг, нийт 1.066.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хэргийн 1 дүгээр хавтас 97 дугаар хуудас/ Шүүгдэгч Аын яллагдагчаар өгсөн “2016 оны 12 сарын 26-ны өдөр би аав, ээждээ булган малгай авч өгнө гэж төрсөн эгч Цг хороолол дээр дуудаад Баянгол дүүргийн 14 хороо “Ачлал” их дэлгүүрийн булган малгайны лангуун дээр очоод нэг эрэгтэй, хоёр эмэгтэй булган малгай нийтдээ гурван ширхэг 1.066.000 төгрөгийн үнэ бүхий малгайг худалдаж аваад мөн өмнөх аргаараа утсыг нь гуйж аваад өөрийнхөө дугаарыг хадгалаад хуурамч мессеж явуулсан, Тэгээд гурван малгайг “Нарантуул” зах дээр очоод гурвууланг нь 500.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг./хэргийн 2 дугаар хавтас, 113 дугаар хуудас/ Шүүгдэгч Цгийн яллагдагчаар өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дүүтэйгээ уулзаад манай дүү аав, ээж хоёрт малгай авах гэсэн юм. Тэгээд үзээд сонголцоод өгөөч гэсэн. Тэгээд бид хоёр хороолол гэх газарт очоод том дэлгүүрт ороод аав, ээж хоёрт малгай сонголцоод надад бас нэг малгай авч өгсөн. Тэгээд нийт гурван булган малгайг нэг сая орчим төгрөгөөр авахаар болоод манай дүү мобайлаар тэр хүн рүү мөнгө шилжүүлээд байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 3. Шүүгдэгч А, Ц нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо “Гранд плаза” төвийн булган шуба худалдаалдаг лангууны худалдагч В.Түмэнцэцэгт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч В.Түмэнцэцэгийн гар утсанд өөрийн 90199364, 90199864 дугаарын утаснаас хуурамч мессеж явуулж 1.800.000 төгрөгийн булган шубаг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч В.Түмэнцацралын “…Би “Гранд плаза” худалдааны төвийн 2-6 дугаар лангууг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн түрээсэлж эмэгтэй бэлэн хувцас, булган шуба зэргийг худалдаалдаг. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ажил дээрээ эд зүйлээ худалдаалаад сууж байсан. Тэгтэл үл таних эрэгтэй, эмэгтэй 30 орчим насны хоёр залуу хамт орж ирсэн. Тэгээд эмэгтэй нь надад таарах малгайтай булган шуба байна уу гэж асуусан ба тэгэхээр нь би өөрийнхөө шубануудыг үзүүлсэн. Тэгээд тэр хоёр залуу өмсөж үзээд таарсан. Тэгээд “олон газар явалтгүй эндээс авчихъя, аавыг мөнгийг нь шижлүүл гэж хэлье, утсанд маань нэгж байдаггүй та утсаа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд утсаа өгсөн. Тэгтэл утсаар хий хоосон ярьсан “ааваа эндээс шуба авах болчихлоо та мөнгө шилжүүл” гэж ярьсан. Тэгээд миний утсыг надад буцаагаад өгчихөөд “өө дансны дугаарыг чинь өгөх юм байна” гэж хэлээд дахин миний утсыг гуйсан тэгэхээр нь би дахин утсаа өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй надаас миний утсыг аваад нэг юм бичээд байсан ба тэгэхээр нь би утсыг маань авах гэж байна гэж хардаад “утсаа авъя та нар нэгжээ аваад ярьчих” гэсэн ба тэгээд утсаа авсан”. Тэгтэл “за за” гэж яриад гарсан тэгээд 5 орчим минутын дараа гарч яваад орж ирсэн. Тэгээд “эгчээ саяын шубыг ууталчих” гэж хэлсэн ба “мөнгөө авна” гэтэл “аав одоо данс руу шилжүүлье” гэсэн” тэгэхээр нь би “миний данс руу шижлүүлчих” гэж хэлсэн. Тэгтэл тэр эрэгтэй нь “би өөрийн данс руу шилжүүлээд дараа нь таны данс руу шилжүүлье” гэж хэлсэн тэгснээ “за за орчихлоо” гэж хэлээд над руу шижлүүлж байна гэсэн. Тэгээд тэр өөрийн утсан дээрээ миний данс руу мобайлдаж байгаа мэт бүх үйлдлүүдийг миний нүдэн дээр хийгээд явуулсан ба тэгтэл мессеж нь миний утсанд ирсэн. Тэгэхэд миний дансанд 65 төгрөгийн үлдэгдэл байсан. Дээр нь шубаны 2.150.000 нэмэгдэж орсон мессеж ирсэн. Тэгээд үлдэгдэл 2.210.776 төгрөг гэж үлдэгдэл маань гарч ирсэн. Тэгээд би мөнгө ороод ирлээ гэж бодоод шубыг өгөөд явуулчихсан юм. Тэгээд дараа нь маргааш нь очиж мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би орхичихоод тэгээд нөгөөдөр нь би мобайлаар хүүхэд рүүгээр 50 мянган төгрөгийг шилжүүлсэн, Тэгээд үлдэгдлээ хартал 15 төгрөг байсан. Тэгээд гайхаад өөрийн утсыг үзтэл миний утсан дээр 90199364, 90199864 гэсэн дугаар утсыг миний утсан дээр +131917 гэдэг нэрээр хадгалсан байсан. Тэгээд тэр хоёр дугаараар мессеж надад ирэх тохиолдолд ирж байгаа хүний нэр ХААН банкаар гүйлгээ хийгдэж байгаа мэт нэрээр харагдаж харин дотор нь гүйлгээ хийгдлээ гэсэн гэсэн яг л мобайл банкаар мөнгө шилжиж ирж байгаа мэт мэдээлэл бичсэн бас миний дансны үлдэгдэлийг харчихаад шубаны үнийг нэмж шилжүүлж байгаа мэт харагдахаар мессеж бичиж явуулсаныг мэдэж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/ “Эмэгтэй нь анх орж ирэхдээ л надад таарах малгайтай шуба байна уу гэж орж ирсэн. Би ч хүн байгаагүй болохоор босоод нэг шуба өмсүүлсэн чинь эмэгтэйд шууд таарсан. Тэгсэн чинь “таарч байна авъя авъя” гээд байсан. Тэгээд эрэгтэй нь надаас хоёр удаа гар утсыг маань авч ярьсан. Эхлээд “аавтайгаа ярина” гэж авсан. Дараа нь “код явуулах гэсэн юм” гэж авсан. Би “нэгжээ аваад яриач” гэхэд “уутлаад тавьчих” гэсэн. Тэгээд эргэж ирээд эрэгтэй нь утсаа гаргаад харуулаад “шилжүүлчихлээ” гэсэн миний утсанд ч мессеж ирсэн. Миний утсан дээр байсан “Хаан” банкнаас ирсэн мессежүүдийг устгасан байсан. Дансны дугаарыг бол мобайлаар шилжүүлнэ гэхээр нь би хэлж өгсөн байсан. Тэр мессежийг нь харахад миний өмнөх дансны үлдэгдэл дээр нэмэгдээд мөнгөн дүн нь яг таарч байсан. Тэгэхээр нь миний утсан дээрээс дансны үлдэгдлийн талаарх мэдээллийг авсан, түүн дээрээ шубаны үнээ нэмсэн байсан. Эмэгтэй нь саравчтай булган малгайг доошоо дараад нүүрээ нуусан маягтай байсан. Хоорондоо нэг их юм яриагүй, эрэгтэй нь “аав одоо дансанд мөнгө хийнэ” гээд байсан. Гэхдээ тэр эмэгтэй нь ямар ч гэсэн хамсаатан” гэсэн мэдүүлэг. / хэргийн 1 дүгээр хавтас, 48 хуудас/ Гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр 50-52 дугаар хуудас/ “Булган шуб 1.800.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ний баримт”. /хэргийн 1 дүгээр хавтас, 53 дугаар хуудас/ Шүүгдэгч Аын яллагдагчаар өгсөн “2016 оны 12 сарын 26-ны өдөр өөрийн эгч Цгийн хамт “Гранд плаза”-гийн 2 давхарт байрлах булган шуба худалдаалдаг лангуун дээр очоод эмэгтэй хүний булган шуба нэг ширхэгийг 1.800.000 төгрөгөөр худалдаж аваад мөн урьдны аргаар утсыг нь гуйж аваад өөрийнхөө дугаарыг хадгалаад хуурамч мессеж явуулж авсан. Тэгээд би булган шубыг нь ломбарданд тавина гэж такситай явж байгаад ломбард руу ороод гараад ирэх хооронд таксины жолооч яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 4. Шүүгдэгч А, Ц нар нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо “Аll star” нэртэй спорт барааны дэлгүүрийн худалдагч Д.Сонорчимэгт “төлбөрийг мобайлаар төлнө” гэж хуурч, Сонорчимэгийн гар утсанд 90398541 дугаарын утаснаас хуурамч мессеж илгээж 2.070.000 төгрөгийн үнэ бүхий пүүз, куртик, футболк, өмд зэргийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/ Хохирогч С.Цэрэнжаргалын “2017 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө манай Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Спорт барааны лангууны худалдагч Сонорчимэг нь над руу “орлогоо хийх гэсэн чинь өчигдөр орой би 2.800.000 төгрөгний үнэ бүхий бараа эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд залилуулчихлаа” гэж хэлэн уйлаад ярьсан. Тэгээд би цагдаад хандах тухай зөвлөсөн. Би дэлгүүр дээрээ 11 цаг орчим очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийсэн. Би Тумбааш дэлгүүрийн камерыг үзэхэд 19 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай дэлгүүрээс бараа авч байгаа бичлэгийг “сиди” дээрээ буулган авсан. Дандаа шинэ Америкаас ирсэн пүүз байсан. Манай худалдагч охин нэг бүрчлэн мэднэ. Би нэг бүрчлэн санахгүй байна. Ямар ч байсан 2.800.000 төгрөг болсон. ...Манай худалдагчаар 10 жил ажиллаж байгаа. Манай худалдагч маш итгэлтэй охин байгаа юм.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 64-66 дугаар хуудас/ “Манайх барааг АНУ-аас өөрсдөө сар бүр явж авчирдаг. ...Одоо бид зарсан үнээрээ буюу 2.070.000 төгрөгөөр тооцож хохирлоо нэхэмжилж байна. Барааг АНУ-аас авчирсан үнээр тооцох боломжгүй. Бараанд явсан замын зардал, дэлгүүр байрны түрээс, худалдагчийн цалин, гаалийн татвар гээд олон зардал нэмэгддэг.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 67-68 дугаар хуудас/ Гэрч Д.Сонорчимэгийн “2017 оны 01 дүгээр сарын 15-ны оройн 18 цаг 45 минутын орчим би Баянгол 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “All star” нэртэй спорт барааныхаа лангуун дээр сууж байсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай лангуунаас пүүз сонирхож байгаад эрэгтэй нь хоёр пүүз өмсөж үзэн “энэ пүүзийг авмаар байна. Ер нь сонголтоо хийчихлээ, харин та эгчээ пүүзээ сонго аав мобайл банкаар мөнгө шилжүүлнэ гэсэн ш дээ” гээд хоорондоо ярьсан. Тэгтэл хамт байсан эгч гэх эмэгтэй нь нилээн олон эмэгтэй пүүз сонирхож үзсэн бөгөөд давхар “нөхөртөө пүүз авна” гээд эрэгтэй пүүз давхар үзсэн. Харин дүү нь гэх залуу “дүүдээ дахин нэг пүүз сонгон авна” гээд хайж байгаад эрэгтэй нь Гранет 2 загварын 42 размерын ягаан өнгийн 360.000 төгрөг, нөгөө нь цагаан өнгийн 400.000 төгрөгний үнэ бүхий 2 пүүз, 25.000 төгрөгний үнэ бүхий хөх өнгийн эрэгтэй фудболк нэг ширхэг, биеийн тамирын саарал өнгийн 50.000 өмд авсан. Энэ хооронд эрэгтэй нь эмэгтэй рүүгээ” эгчээ аав руу залгах гэсэн чинь гар утасны нэгж дуусчихлаа таньд нэгж байна уу гэж хэлтэл эмэгтэй нь “эгчийнх нь ч гэсэн нэгж дуусчихлаа яанаа” гэж хэлсэн. Тэгтэл эрэгтэй нь надаас “гар утсаа өгөөч би аав руугаа залгах гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгсөн. Энэ хооронд эмэгтэй нь Найк загварын 40.5 размерийн эрэгтэй 350.000 төгрөг, Гранет 2 загварын ягаан өнгийн 41 размерын эрэгтэй 360.000 төгрөг, Гранет 2 загварын хар өнгийн 360.000 төгрөгний 43 размерийн нөхөртөө авна гэж хэлээд нийт 3 пүүз биеийн тамирын хар өнгийн 50.000 төгрөг, хүүдээ Найк брэндийн хар өнгийн куртик 100.000 төгрөг, мөн 25.000 төгрөгний фудболк зэргийг тус тус авна гэж уутанд хийлгэсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр нийлээд 5 пүүз, хоёр ширхэг өмд, нэг ширхэг куртик, хоёр ширхэг фудболк авахаар болон 2.800.000 төгрөг болсон. Энэ үед эрэгтэй нь “аав руугаа ярих гэсэн чинь гар утсаа авахгүй байна” гэж хэлэн миний гар утсыг буцаан өгсөн. Би тооцоогоо хийх гэсэн чинь эрэгтэй нь “эгчээ би өөрийнхөө авсан зүйлийн тооцоог хийлээ шүү” гээд надаар тооцоог бодуулсан чинь 510.000 төгрөг боллоо гэж хэлтэл нөгөө залуу “олон юм авч байхад та хямдруулахгүй юм уу” гэхээр нь би “500.000 төгрөг өгчих 10000 төгрөг хаслаа” гэж хэлсэн чинь нөгөө залуу “мобайл банкаар тооцоог хийнэ” гэдгээ хэлээд миний Хаан банкны 5029596311 дугаарын дансыг авсан. Тэгтэл миний гар утсанд “Хаан банкны 131917 гэсэн дугаараас таны дансанд 500.000 төгрөгний гүйлгээ орлоо” гэсэн захиа ирсэн. Харин эмэгтэйгийн тооцоо 1.210.000 төгрөг болсон. Тэгтэл эмэгтэйн гар утас дуугарч ярьж байснаа гар утсаа унтраасныхаа дараа дүү гэх залуудаа “аав чиний данс руу мөнгө хийсэн гэж байна, чи данснаасаа миний тооцоог хий” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө дүү гэх залуу нь “за” гэж хэлэн мөн өмнөх аргаараа миний дансны дугаарыг аваад 1.210.000 төгрөг хийсэн гэсэн захиаг миний утсанд илгээсэн байсан. Би тооцоо хийгдсэн гэж бодсон бөгөөд харин нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр дэлгүүрээс гараад явсан. Энэ үед цаг 19 цаг 45 минут болсон байсан. Харин би маргааш өглөө 11 цагийн орчим 2.080.000 төгрөгөө авах гэсэн чинь миний дансанд ямар нэгэн гүйлгээ ороогүй залилуулснаа мэдээд гар утсаа сайн харсан чинь нөгөө залуу миний гар утсаар ярих гэж аваад өөрийнхөө гар утсны дугаарыг 131917 дугаар гэж тэмдэглэн над руу худлаа Хаан банкны өмнөөс мөнгө орлоо гэсэн захиа явуулан хууран залилсан болохыг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 69-72 дугаар хуудас/ Д.Сонорчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар хуудас/ ХААН банкнаас гүйлгээ хийсэн тухай мессежний гэрэл зургууд, “ +131917” гэж дугаар хадгалагдсан тухай гэрэл зураг. /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/ Эд зүйлийг үнэлгээ. /хэргийн 1 дүгээр хавтас 76-77 дугаар хуудас/ Шүүгдэгч Аын яллагдагчаар өгсөн “2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хорооллын “All star” гэх дэлгүүрт өөрийн төрсөн эгч Цгийн хамт орсон. ...Дэлгүүрт ороход 35 орчим насны эмэгтэй худалдагч байсан бөгөөд пүүзнүүдээс үзэж байгаад Гранет загварын пүүз дөрвөн ширхэгийг авсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 400,000 төгрөг, Карбон гранет загварын пүүз нэг ширхэг 360.000 төгрөг, Найз чук пассет завгарын 350.000 төгрөг, бэлтгэлийн өмд хоёр ширхэгийг тус бүр 50.000 төгрөг нийт 100.000 төгрөг, футболк хоёр ширхэгийг нэг ширхэг нь 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг болсон. Тэгээд нийт тэр дэлгүүрээс 2.070.000 төгрөгийн бараа худалдаж аваад “дансанд мөнгө байна, данс руу чинь мобайлаар хийчихье” гэж хэлээд тэр эмэгтэйгээс “та утсаа түр өгч байгаач” гэж хэлээд өөр лүүгээ залгаж дугаарыг нь мэдэж аваад өөрийнхөө дугаарыг тэр хүний гар утсан дээр 131917 гэсэн дугаар болгож хадгалаад тэр эмэгтэйд гар утсыг нь буцааж өгөөд дараа нь өөрийнхөө дугаараас “Хаан банкны гүйлгээ амжилттай хийгдлээ орлогоо 2.070.000 төгрөг орлоо” гэж мессеж явуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 112-113 дугаар хуудас/ “Би 2016 оны 12 сарын сүүлээр фейсбүүк дээр гар утсаа зарна гэж зар тавьсан бөгөөд Ариунаа гэх эмэгтэй надтай утсаар яриад утсыг чинь авъя гээд Саппоро дээр уулзахаар болоод уулзаад миний данс руу мобайл руу 200.000 төгрөг хийчихье гээд тэгэхээр нь би хийчих гээд утсаа өгсөн чинь миний утсанд 200.000 төгрөгийн орлого орлоо гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би гар утсаа тэр эмэгтэйд өгчихөөд Хаан банкин дээр очоод мөнгөө авах гэсэн чинь мөнгө ороогүй байсан. Тэгээд тэр мессежийг үзсэн чинь тэр эмэгтэй өөрийнхөө дугаараас хуурамч мессеж явуулсан байсан. Тэгээд би залилуулсанаа мэдээд ийм аргаар мөнгө олж болдог юм байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 112 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч А, Ц нар нь бусдыг хуурч шунахайн сэдэлтээр, зориуд санаатай үйлдлээр хохирогч нарын утсыг яриад өгье гэж авч “Хаан банкны интернет банкны +131917” гэсэн кодыг хохирогч нарын утсанд өөрсдийн дугаарын нэр болгон хадгалж, улмаар “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн мессеж илгээж төлбөр төлөгдсөн мэтээр хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А, Ц нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Бд 1.250.000 төгрөгийн, Бд 1.066.000 төгрөгийн, В.Түмэнцэцэгт 1.800.000 төгрөгийн, С.Цэрэнжаргалд 2.070.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч А нь ганцаараа нэг удаагийн үйлдлээр бусад гурван удаагийн үйлдлийг А, Ц нар бүлэглэж үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “Гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг үйлдэхээр шууд санаатайгаар нэгдэж бүлэглэж гүйцэтгэх хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэв. Шүүгдэгч А, Ц нар нь хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хуурах аргаар өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад хохирол учруулахад зориуд хүргэж үйлдсэн тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Хохирогч С.Цэрэнжаргалаас “А, Ц нар нь миний хохирлыг барагдуулж хохиролгүй болгосон нь үнэн болно” гэсэн, хохирогч Бгаас “... А, Ц нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн, хохирогч В.Түмэнцэцэгээс “... А, Ц нараас хохирлоо бүрэн барагдуулсан тул /булган шубээ бүрэн бүтэн авсан/ цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн, хохирогч Бгаас “ ... Ааас 1.000.000 төгрөг бэлнээр хүлээн авлаа. Цаашид Ат хохирол, гомдол байхгүй /цаашид нэхэмжлэх зүйл байхгүй/” гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Иймд хохирогч Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.250.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг төлөгдсөнөөс үлдэгдэл 250.000 төгрөгийг шүүгдэгч Ааас гаргуулж хохирогч Бд олгуулах нь зүйтэй бөгөөд А, Ц нар нь бусад хохирогч нарт учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Аыг энэ хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Мөн шүүгдэгч Цг энэ хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. Шүүгдэгч нарын өмнө яллагдагчаар татагдаж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт “ ... хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 148.3 дахь хэсэгт “... таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгч А, Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч А, Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй бөгөөд ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт “ ... хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын доод хэмжээнээс дээш ял оногдуулах нь тэдгээрийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байгаа тул уг ялын доод хэмжээнд дүйцүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч А нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 192-194 дүгээр хуудас/ Шүүгдэгч Аын дээрх хянан харгалзах хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэхь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу түүний өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч А, Ц нар нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцаас шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ: “Шүүгдэгч Ц урьд хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан ба залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Тэрээр 2 дугаар ангиасаа сургуулиас завсардсан тул бичиг үсэг мэддэггүй. Тэрээр дүүтэйгээ хамт байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагчаас сонсгож байгаа хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэрээр 4 сартай жирэмсэн юм. Тэрээр улсын яллагчийг хорихоос өөр төрлийн ял сонгох болов уу гээд өөрийн гэм бурууг хүлээсэн байдаг. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс Цгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Шүүгдэгч Ц нь Атай гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн гүйцэтгэх хэлбэрээр оролцсон болох нь: Хохирогч Бгийн “ ...тэр эмэгтэй нь өөртөө малгай үзэж байгаад хар өнгөтэй саравчтай чихтэй 330.000 төгрөгөөр зарж байсан малгайг сонгоод “мобайл банкаар мөнгө шилжүүлнэ” гэсэн. Тэгээд миний дансыг асуугаад “шилжүүлчихлээ” гээд хүлээгээд байсан. Тэгтэл орж ирэхгүй байсан болохоор нь “яасан юм бол шалгаадах” гэсэн чинь “миний утас нэгжгүй болохоор шилжээгүй байна, би ааваасаа нэгж аваадахъя” гээд миний утсаар “аав руугаа залгая” гээд авсан ба аавтайгаа ярьж байх шиг байсан. Тэгээд дуусаад миний утсыг буцааж өгөөд жаахан байж байтал надад мессеж ирсэн. Тэгээд би хаанаас ирсэнийг нь хараагүй боловч 330.000 төгрөг таны дансанд орлоо гэсэн утгатай байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 94-95 дугаар хуудас/ Хохирогч В.Түмэнцацралын “…Тэгээд эмэгтэй нь надад таарах малгайтай булган шуба байна уу гэж асуусан ба тэгэхээр нь би өөрийнхөө шубануудыг үзүүлсэн. ... Тэгээд миний утсыг надад буцаагаад өгчихөөд “өө дансны дугаарыг чинь өгөх юм байна” гэж хэлээд дахин миний утсыг гуйсан тэгэхээр нь би дахин утсаа өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй надаас миний утсыг аваад нэг юм бичээд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 47 дугаар хуудас/ Гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 50-52 дугаар хуудас/ Хохирогч С.Цэрэнжаргалын “... Би Тумбааш дэлгүүрийн камерыг үзэхэд 19 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай дэлгүүрээс бараа авч байгаа бичлэгийг “сиди” дээрээ буулган авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 64-66 дугаар хуудас/ Гэрч Д.Сонорчимэгийн “...Тэгтэл хамт байсан эгч гэх эмэгтэй нь нилээн олон эмэгтэй пүүз сонирхож үзсэн бөгөөд давхар “нөхөртөө пүүз авна” гээд эрэгтэй пүүз давхар үзсэн. ...Энэ хооронд эрэгтэй нь эмэгтэй рүүгээ” эгчээ аав руу залгах гэсэн чинь гар утасны нэгж дуусчихлаа таньд нэгж байна уу гэж хэлтэл эмэгтэй нь “эгчийнх нь ч гэсэн нэгж дуусчихлаа яанаа” гэж хэлсэн. ...Харин эмэгтэйгийн тооцоо 1.210.000 төгрөг болсон. Тэгтэл эмэгтэйн гар утас дуугарч ярьж байснаа гар утсаа унтраасныхаа дараа дүү гэх залуудаа “аав чиний данс руу мөнгө хийсэн гэж байна, чи данснаасаа миний тооцоог хий” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 69-72 дугаар хуудас/ гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн Цгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт нь үндэслэлгүй байна. Мөн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлөх талаар анхаарч байсан тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч Аын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзаад өмгөөлөгчийн санлыг үндэслэлгүй тул шүүгдэгчид хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв. Шүүгдэгч Цг жирэмсэн гэсэн тухай баримтыг шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс нь гаргаж өгчээ. “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт” гэсэн баримт нь Цг жирэмсэн болохыг нотлох хууль зүйн шаардлага хангаагүй баримт тул үнэлэх боломжгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2 хос пүүз, хар өнгийн куртик, хар өнгийн өмдийг зэргийг шүүгдэгч Ааас хураан авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Цг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Цг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2 хос пүүз, хар өнгийн куртик, хар өнгийн өмдийг зэргийг Ат олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар А, Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Аын цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Ааас 250.000 төгрөг гаргуулж хохирогч Бд олгож, А, Ц нар нь бусад хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А, Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ