Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/60

 

     

 

 

 

 

       2022           1             12                                       2022/ДШМ/60                                                          

 

                              З.Б, М.Б, Ж.Бнарт

                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор Б.Ганбулган, Г.Ууганбаатар,

иргэний хариуцагч “Бэрэн Групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын өмгөөлөгч Л.Хатанбаатар, Б.Мөнхбаяр,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо, Б.Энхбат

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Б.Батбаяр,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2068 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай эсэргүүцлээр З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох эрүүгийн 1702000000075 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаан овгийн З.Б, 1974 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, .........................,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч хийх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

            2. Боржигон овгийн М.Б, 1970 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 нөхөр, 4 хүүхдийн хамт .................,

            3. Алтан овгийн Ж.Б, 1963 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Барилгын үйлдвэрлэлийн удирдлага зохион байгуулалт мэргэжилтэй, “Идэр” их сургуулийн Гадаад харилцаа, оюутны хөгжил хариуцсан дэд захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ................,

Шүүгдэгч З.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-Барилга хот байгуулалтын яамны “Гадаад хамтын ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн зохицуулалтын” хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бд “Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31- ний өдрийн 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулах үүрэг өгсөн,

-Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 тоот тогтоолын нэгдүгээр заалтад “төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд орон сууцыг худалдан авах арга хэмжээ авахыг зөвшөөрсүгэй” гэж, уг заалтын хэрэгжилтийг хангуулахыг Барилга хот байгуулалтын сайд, З.Бд зөвшөөрөл олгосон шинжтэй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, яамны ажлын албаны мэргэшсэн төрийн албан хаагчид “шударга өрсөлдөөний хууль зөрчсөн”, “сонгон шалгаруулалт зөрчсөн” тухай мэдээлсээр байтал Засгийн газарт хандаж, тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох талаар санаачилга гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй,

-Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бгийн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн группХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй этгээд болох М.Бд олгосон,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

-Барилга хот байгуулалтын яамны “Төрийн захиргааны удирдлагын газрын дарга”- аар ажиллаж байсан М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулан,

2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч  М.Б нь Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн Албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн хэм хэмжээг зөрчин,

-М.Б нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

-Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Ж.Бнь Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа М.Б, З.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж,

-“Бэрэн групп” ХХК-ийн барьж байсан Нийслэлийн орон сууцны 7 дугаар хорооллын 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний 298 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахад,

-Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргэж өгч,

“Бэрэн групп” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан” ...энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг” ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар, М.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар, Ж.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотолж ирүүлээгүй байна.

            Тодруулбал: яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч З.Б “...Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар шүүхэд ирүүлсэн байна.

            Гэтэл мөрдөгч, прокурор нь шүүгдэгч З.Бгэм буруутай гэх дээрх үйлдлийн улмаас 177 иргэнд бүгдэд нь, эсхүл 25 иргэнд эрх ашиг сонирхлын төлөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан эсэх нь ойлгомжгүй, хохирол, хор уршгийн хэмжээ тодорхойгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарах учир хохирол, хор уршгийг нотолж ирүүлэх шаардлагатай байна.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан байна.

Гэтэл прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа дээрх үйлдлээс гадна хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр буюу давтан гэмт хэрэг үйлдсэн агуулгаар тусгасан байх боловч, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч З.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “...хүнд хор уршиг учирсан...” гэх тухайн зүйлийн нэг шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй нөхцөлд хүргэж байна.

Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хууль тогтоогч “давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” байхыг шаардсан.

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай тогтоолд “...шүүгдэгч З.Б нь албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илт хэтрүүлсэн, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас дээрх үр дагавар бий болсон, эсхүл тодорхой сэдэлт зорилгоор “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгож өөртөө шууд бусаар ашигтай байдал үүсгэсэн аль нь болох, энэхүү үйлдэлд тухайн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ямар байдлаар холбогдсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул З.Бүйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, зүйлчлэлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдлыг бий болгожээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэх үндэслэлээр /13хх 7-8/ шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Гэтэл мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэснийг зөрчиж, шүүхийн шийдвэрт заасан дээрх ажиллагааг нэр төдий хийж тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, хохирол хор уршигтай холбогдуулан дахин шинжээчийн дүгнэлт гаргуулан 7972 мкв 223 ш орон сууцны зах зээлийн зарагдах боломжит үнэ цэнэ 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 13.765.463 төгрөг гэж гаргасан байхад /13хх 165-182/ хохирлыг 14.993.676.800 төгрөгөөр тогтоож нотлогдсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтад “...улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн хохирол учирснаас, одоогоор 1.305.223.684 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй болно.” гэжээ. Ийнхүү 1.305.223.684 төгрөгийн хор уршиг төлөгдөөгүй гэж үзэх аваас төлөгдсөн гэх 13.688.453.116 төгрөгийн хор уршгийг шүүгдэгч нар хэрхэн яаж төлж барагдуулсан талаар хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах тул зайлшгүй нотолж ирүүлэх шаардлагатай.

4. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолд: “...2.Худалдан авах орон сууцны үнэ болох 15.000.000.000 /арван таван тэрбум/ төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б, Сангийн сайд Б.Болор нарт даалгасугай. 3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан төлбөрийг векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрсүгэй...” гэж /1хх 192/, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Энгийн вексельд: “...үндсэн төлбөр 14.993.676.800 төлбөр хийгдэх хугацаа 365 хоног, ...2017-6-9 өдөр төлнө. Төлбөр хариуцагч Сангийн яам...” гэх баримт /2хх 33/,

Векселийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн хооронд хийх төлбөр тооцоонд векселийг хэрэглэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.” 3 дахь хэсэгт “"Энгийн вексель бичигч” гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн нийлүүлэгч, ажил, үйлчилгээ үзүүлэгчид төлөхийг баталж вексель бичсэн төлбөр хариуцагчийг хэлнэ.” 5 дахь хэсэгт "Вексель эзэмшигч" гэж уг векселиэр гэрчлэгдсэн эрхийг эзэмшиж байгаа иргэн ба хуулийн этгээд бөгөөд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөр нэхэмжлэгчийг хэлнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Хууль тогтоогч Векселийн тухай хуулийг батлахдаа иргэн, хуулийн этгээд бараа, ажил үйлчилгээг дараа төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авах харилцааг зохицуулсан байна. Тодруулбал худалдан авагч тал нь өөрт хэрэгцээтэй байгаа бараа ажил үйлчилгээг сонгон шалгаруулалт явуулах замаар бус бараа ажил үйлчилгээ нийлүүлэгчийг өөрөө сонгож тухайн иргэн, хуулийн этгээдээс бараа ажил үйлчилгээг ямар нөхцөлөөр, хэрхэн яаж худалдан авах харилцааг зохицуулжээ.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт нь Төрд харьяалагдах хуулийн этгээд өөрт шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ өөрт байгаа бэлэн хөрөнгөөр худалдан авах, ийнхүү худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулж хамгийн бага үнийн санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээс авах харилцааг зохицуулсан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудыг нарийвчлан судалж шүүгдэгч нарын үйлдэлд дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахиж, хэргийн бодит байдлыг тогтоож, нотолбол зохих асуудлыг баримтаар нотолж ирүүлэхийг үүрэг болгон хуульчилсан байхад мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийж ирүүлсний улмаас шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Бөмчлөлийн Ү-2204002746 бүртгэлийн дугаартай орон сууц, шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн Г1423001563 дугаар бүхий газар битүүмжлэгдсэнийг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” гэх 2 хавтаст 385 хуудас зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэв.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудын хувьд “ Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Б, Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Б, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Б нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөв 14.993.676.800 төгрөгийн хохирол учруулсан,

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон бууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпораци Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэнийг хохирол учирсан болох нь тодорхойгүй, давтан үйлдлийн талаар яллах дүгнэлтэд дурдаагүй гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Учир нь хэргийг прокурорт буцаалгүйгээр шүүгдэгч З.Б, Ж.Б, М.Б нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн шийдвэрлэх боломжтой юм. Дээрх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийг прокуророос хэрэглэсэн боловч тэдгээрийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хууль эрх зүйн байдлын нь дээрдүүлсэн байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хууль нь давтан үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, хорих ялын доод хэмжээг 6 сараар тодорхойлсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх нөхцлийг бүрдүүлснээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Шүүгч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “давтан” үйлдлийг яллах дүгнэлт дурдах ёстой мэтээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “ Хууль ёсны байх” зарчим, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын хувьд “хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй, шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг нэр төдий хийсэн, дахин шинжээчийн дүгнэлтэд 13.688.453.116 гэсэн байхад хохирлыг 14.993.676.800 төгрөг тогтоосныг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоохоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий яллагдагч нараас удаа дараа мэдүүлэг авсан, мөн шүүхийн шатанд сэдэлт санаа зорилгыг тогтоохоор шүүгдэгч нараас мэдүүлэг авсныг үнэлэлгүй сэдэлт санаа зорилгыг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь заалт гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

Шүүгдэгч З.Б, Ж.Б, М.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 14.993.676.800 төгрөгийн үнэ бүхий гэрээ “Бэрэн групп” ХХК-тай байгуулж, тухайн мөнгийг “ Бэрэн групп” ХХК-д олгосон нь энэ гэмт хэргийн хувьд хохирол гэж үзэх үндэслэлийг бий болгосон.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 16.15 дугаар зүйлийн 2, 39.6 дугаар зүйлүүдийг зөрчсөн болно.

Шүүгчийн захирамжийн 4 дэх заалтын хувьд “ Векселийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулиудыг нарийвчлан судалж, шүүгдэгч нарын үйлдэлд дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д "Мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг; гэж заасан.

Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийг судалж, дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон мөрдөн шалгах ажиллагаа биш тул шүүгчээс хууль судалж, дүгнэлт хий гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэнэ” гэж заасныг зөрсөн гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/2068 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч “Бэрэн Групп”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хохирол бүрэн тогтоогдоогүй, тодорхойгүй ойлгомжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  гэж дүгнэсэн. Иргэний хариуцагч талын байр суурь шүү хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолоор баталсан түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Барилга хот байгуулалтын яамтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолын 1 дүгээр хэсэгт “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсвийн хүрээнд 7 дугаар хороололд баригдаж байгаа “Бэрэн групп” ХХК-ийн барьж буй 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцад худалдан авах арга хэмжээг Барилга хот байгуулалтын сайд З.Бд зөвшөөрсүгэй” гэсэн байдаг. Уг тогтоолыг хэрэгжүүлэх мөнгийг улсын төсөвт тусгаж, шийдвэрлүүлэхийг Сангийн сайдад даалгасан байдаг. Ажил, үйлчилгээ биш үл хөдлөх хөрөнгө худалдан авсан учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй. Энэ гэрээ болон Засгийн газрын тогтоол нь 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Монгол Улсын Их Хурлаас баталсан 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 болон хавсралтын 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Хангай хотхоны 3 дугаар блокны 3 дугаар орц 223 айлын орон сууцыг 14.993.000.000 төгрөгөөр худалдан авах” гэсэн байдаг. Засгийн газраас тогтоол болон Монгол Улсын Их Хурлаас хууль батлан гаргасан байхад прокурор яллах дүгнэлт үйлдсэн. “Бэрэн групп” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагч гэдэг. “Бэрэн групп” ХХК нь улсад болон иргэдэд ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Хохирол тодорхойгүй байгаа. Гэрээний үнийн дүнгээр хохирлыг тооцно гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр ханшийн зөрүү гэх асуудал яригдсан. Анхан шатны шүүх хохирол тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуульд зааснаар шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар хэнд ямар хохирол учирсан нь тодорхойгүй. “Бэрэн групп” ХХК нь Монгол Улсын Их хурлаас баталсан хууль болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.  

Иргэний хариуцагч “Бэрэн Групп”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.  

Шүүгдэгч З.Бөмгөөлөгч Л.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Яллах дүгнэлт нь улсын яллагчийн байр суурийг тодорхойлох гол баримт бичиг атал Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргээр зүйлчилж байгаа болон ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдгийг яллах дүгнэлтэд тодорхойлж чадаагүй. Анхан шатны шүүхээс гэм бурууг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн тогтоолд тусгагдсан зүйлс мөрдөн байцаалтын явцад огт шалгагдаагүй. Нотлогдсон мэтээр яллах дүгнэлт үйлдэж, шүүх дүгнэлт хийгээд шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагагүй явдал юм. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх ёсгүй учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой заасан байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд прокурор нь хууль баталсан үйл ажиллагаанд эрх зүйн дүгнэлт хийх гэж байгаа мэт байдал харагдаж байгаа боловч энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Ямар хохирол учирсан бэ гэдгийг тогтоосны дараагаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан үйл ажиллагааг бүрэн гүйцэд шалгаагүй. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн түүний өмгөөлөгч Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих үйл баримт нотлогдож чадаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн зүгээс улсад учирсан 972.448.955 төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулж, улсыг хохиролгүй болгож өгнө үү гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийн хавсралтад хохирлыг 1.305.000.000 төгрөг гэсэн байдаг бол шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хийсэн тайлбартаа хохирлыг 14.900.000.000 төгрөг гэсэн байдаг. Хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хохирлыг зөв зүйтэй тогтоох ёстой. Засгийн газрын 2016 оны 298 дугаартай тогтоол нь тухайн оныхоо төсвийн хуульд тусгагдсан. Засгийн газрын тогтоол болон хуулийн хавсралтад үнийн дүнг тусгасан байхад түүн дээр шинжээч томилсон нь хуульд нийцэж буй эсэх талаар дүгнэлт хийнэ үү. Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох ёстой гэж заасан байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолд заасны дагуу хохирлын тооцоог нэг мөр тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй гэж дүгнэсэн. Прокурорын эсэргүүцэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нараас удаа дараа мэдүүлэг авсан учраас түүгээр сэдэлт, зорилгыг тогтоох боломжтой гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээр хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоох ёсгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Векселийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн судлах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ хэрэг нь дээрх хуулиудтай холбоотой байгаа учраас энэ хэргийн үнэн зөвийг тогтоох, хэрэг мөн эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бгийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 5 жил гаруй хугацаанд шалгагдсан. Энэ хугацаанд ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаа нь тодорхойгүй байна. Улсын Дээд шүүхэд хэрэг очих хүртэл маш олон хүсэлт гаргаж байсан. Албан тушаалаа хэрхэн буруу ашигласан, “Бэрэн групп” ХХК-д ямар давуу байдал бий болгосон, улсад ямар хохирол учруулсан бэ гэдэг талаар хүсэлтүүд гаргаж байсан. Улсын Дээд шүүхээс прокурорт хэрэг буцсан боловч ямар нэгэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Хохирлыг тодорхой болгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хохирол тогтоогдоогүй хэвээр шүүх дээр хэрэг ирсэн. 14.000.000.000 төгрөг эсвэл 900.000.000 төгрөг, 1.300.000.000 төгрөгийн хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй. Прокуророос Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслэн шалгасан. Гэтэл энэ харилцаа нь зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаггүй Векселийн тухай хуулиар зохицуулагддаг. Хууль хэрэглээний асуудал нь Үндсэн хууль зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг хууль бусаар тогтоосон. Засгийн газрын вексель бичих эрх бүхий этгээд нь Сангийн яам юм. Векселийн тухай хуулиар зохицуулагдаж Засгийн газар худалдан авсан 223 айлын орон сууцыг бэлэн мөнгөөр худалдан авсан мэт, тендер зарлах ёстой байсан мэтээр дүгнэсэн нь буруу байсан. Вексель бичсэн Сангийн яамыг хохирогч гэж үзсэн. Түрээсийн байранд 25 хүн оруулсанд буруутай юм уу эсвэл 177 хүн оруулсанд буруутай юм уу гэдгийг тогтоож өгнө үү гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Түрээсийн байранд хүн оруулах эрх бүхий субъект нь Төрийн орон сууцны корпорац юм. Барилга хот байгуулалтын яаманд ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтүүдийг Албан бичиг хэрэглээний журмын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу сайд шилжүүлж өгөх үүрэгтэй болохоос орон сууцад оруулах эрх бүхий этгээд биш. Түрээсийн байранд хүн оруулсан гэх үйлдлийг тогтоож өгнө үү гэдэг хүсэлт гаргасан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн төрийн албан хаагчдыг хамт шалгаад бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Хэргийн зүйлчлэл маш олон удаа өөрчлөгдсөн. Ямар хэргээр зүйлчилж байгааг мэдэхгүй байна. 3 өөр хэргийн дугаартай байсныг прокурорт хэргийг буцаагаад нэг хэргийн дугаартай болгож байсан. Гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээх үүрэгтэй. Гэхдээ ямар хэрэгт буруутгагдаж байгаа болон хэнд ямар хохирол учруулсан бэ гэдгээ мэдэхгүй 5 жил шалгагдаж байна. Энэ хэргийг шийдвэрлэх боломжтой хугацаа байсан. 5 жилийн хугацаанд нэр төр, амьдралаараа хохирч байна. Прокурор, мөрдөгч нар хайхрамжгүй хандсан. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэх гэж 2 өдөр хуралдаад прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бэрэн групп ХХК-тай ямар нэгэн харилцаа байхгүй. З.Б, М.Б нартай үгсэн хуйвалдаж гэмт хэрэг хийгээгүй. Засгийн газрын 2016 оны 298 дугаартай тогтоолыг би боловсруулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад би ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдэг нь харагддаг. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр болон өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Прокурор, мөрдөн байцаагч нар нь энэ хэргийн үнэн зөвийг тогтоогоогүй. Миний хувьд Засгийн газрын тогтоол гарсан, “Бэрэн групп” ХХК-иас орон сууц худалдан авч байгаа талаар мэдээгүй. Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, шийдвэрийг биелүүлэн ажиллаж байсны төлөө хэрэгт холбогдсон. ...” гэв.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа М.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үүрэг чиглэл өгч, гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан,

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг “Түрээсийн орон сууцны корпораци” Төрийн өмчид үйлдвэрийн газарт аваад бүртгэлийг зогсоосон байхад, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэд, үүнээс 25 иргэн нь З.Бтэй шууд болон шууд бус хамааралтай /өөрийн жолооч, сонгуулийн штабт нь ажиллаж байсан нэг намын гишүүн хүмүүс, нөхөр Т.Түвшинжаргалын дүү гэх мэт/ хүмүүсийн материалыг Түрээсийн орон сууцны корпорац Төрийн өмчид үйлдвэрийн газарт хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн,

Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон байхад буюу /Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдсөн/, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нь бодитоор хэрэгжүүлэлгүй, эрхгүй албан тушаалтнаар түүний өмнөөс хэлцэл дээр гарын үсэг зуруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч  М.Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх түр хугацаа дуусгавар болсон, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч С.Магнайсүрэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Засгийн газрын 85 дугаар тогтоолоор ажлаас түр чөлөөлөгдөн, мөн өдрөө ажлын байрандаа биеэр ирсэн, ажлын байрны тодорхойлолтоор гүйцэтгэвэл зохих чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байхад түүнд ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгохгүйгээр,

Засгийн газрын тогтоол албажаагүй байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн баригдаж байсан, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол “Хангай” хотхоны нийт 7975.36 мкв талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр “төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй байгуулах худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах эрхийг, албаны чиг үүргийн хувьд хэрэгжүүлэх эрхгүй эрх нь дуусгавар болсон цаг хугацаанд гэрээг байгуулан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ж.Бг Барилга, хот байгуулалтын яамны үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа З.Б, Ж.Бнартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, “Бэрэн групп” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн, ашиглалтад ороогүй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол Хангай хотхоны 223 айлын нийт 7975.36 м2 талбай бүхий орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуун/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар “Бэрэн групп” ХХК-ийн удирдлагатай яриа хэлэлцээр хийж, Барилга, хот байгуулалтын яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсан материал, Засгийн газрын тогтоолын төсөлд “Бэрэн групп” ХХК-ийн нэрийг шууд заан оруулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан” ...энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ...” гэснийг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг” ...улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14.993.676.800 төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” талаар яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан. Яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “...Энэ хэргийг давтан үйлдсэн уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж тус тус заажээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т заасан этгээдийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч, эсхүл гадаад улсын түүнтэй адилтгах албан тушаалтан, олон улсын байгууллагын албан тушаалтан зэргийг хамааруулсан байна.

Өөрөөр хэлбэл, Б нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ Монгол Улсын Их хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд буюу Засгийн газрын гишүүний албан тушаалыг эрхэлж байсан тул түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзэх бөгөөд  2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр хэргийг зүйлчилбэл түүний хувьд эрх зүйн байдал нь дордохоор байна.

 Хавтаст хэрэгт  2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр болон Барилга хот байгуулалтын яамыг төлөөлж ТЗУГ-ын дарга болон ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Б нар 14.993.676.800 төгрөгийн үнэ бүхий “Түрээсийн 223 айлын орон сууц худалдах, худалдан авах гэрээг” байгуулж /1хх 227-239/, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 116/614 дугаартай Төлбөр баталгаажуулах гэрээ /2хх 49-50/, төлбөр биелүүлэх гэрээний биелэлтийг дүгнэсэн акт /2хх 51-52/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Мөн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хангай хотхоны 223 айлын орон сууц 2016 оны 6 дугаар сарын байдлаар 14.078.320.073 төгрөг” гэсэн тайлан /1хх 141-156/, Хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай “7.972 мкв 223ш орон сууцны зах зээлийн зарагдах боломжит үнэ 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 13.765.082.463 төгрөг гэж тооцоолов” гэсэн /13хх 165-182/ 2 удаагийн дүгнэлт хэрэгт авагдсан байх тул эдгээр нотлох баримтуудад үндэслэн хохирлын талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзэв. 

Түүнчлэн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмын дагуу шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор “...шүүгдэгч З.Б нь албан тушаалаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илт хэтрүүлсэн, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсны улмаас дээрх үр дагавар бий болсон, эсхүл тодорхой сэдэлт зорилгоор “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгож өөртөө шууд бусаар ашигтай байдал үүсгэсэн аль нь болох, энэхүү үйлдэлд тухайн компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд ямар байдлаар холбогдсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй тул З.Бүйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөх, зүйлчлэлийг тодорхойлоход бэрхшээлтэй байдлыг бий болгожээ.” гэж дурдсан. Гэтэл прокурор “Бэрэн групп” ХХК-ийн оролцоог шалгах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн байх тул энэ талаар магадлалд дурдаж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарт урьд авсан хувийн баталгаа болон зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2068 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З.Б, М.Б, Ж.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч З.Б, М.Б, Ж.Бнарт урьд авсан хувийн баталгаа болон зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ