Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 367

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гид холбогдох эрүүгийн 201726020316 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кастл” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, БН-16-15 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Г. Шүүгдэгч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 18 тоотод Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, цохин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Эмчилгээний зардалд 1,400,000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Баримтаар нотлогдсон хохирлыг төлнө гэв. 2 Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч Гийн өгсөн: “... О тооцоо хий гээд түрүүвчээ гаргасан. Би түрүүвч рүү нь харсан чинь 20,000-30,000 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр би От чи мөнгөгүй болсон байна шүү дээ байрны түрээсийн мөнгө өгөх болчихоод байхад гэж хэлсэн. Тэгсэн О би өөрөө мэдэж байна гэж над руу уурлаад ганцаараа түрүүлээд гарсан. ... гэрт ороход О над руу дайраад уурлаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан ... О шүүгээнээс хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэр үед Санчир хутгыг салгасан О над руу дайраад цохих гэхэд нь би зөрүүлээд Оийн нүүр рүү нь нэг удаа цохисон ... Тэрнээс хойш 3 хоногийн дараа Оийн ах гэх хүн над руу залгаад Оийн эрүү нь хугарсан байна гэж хэлсэн Тэгээд Оийг дагуулж эмнэлэгт үзүүлж, 250,000 төгрөгөөр гэмтлийн зураг авахуулсан. Би төрсөн ах Очирбатаас 1,200,000 төгрөг Оийг ээжид эмчилгээний зардал гэж өгсөн. Мөн Оийн нийгмийн даатгалыг нь төлөх гэж ахад нь 100,000 төгрөг, От өөрт нь 140,000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтад хохирогч Оийн өгсөн: “... бид 3 нилээн согтсон байсан учир би архи уухгүй гэж хэлсэн. Гэтэл Г ширээн дээрээс хундагатай архи аваад миний өмдөн дээр асгасан. Тэгэхээр нь би Гид чи яагаад өмдөн дээр архи асгаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би шууд баарнаас гараад гэр рүүгээ явсан. Гэтэл араас Г Санчирын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 51-р байр 18 тоот хөлслөн амьдарч байсан гэрт хүрээд ирсэн. ... Тэгээд Г манай гэрт орж ирээд надтай муудалцаад чи яагаад хаяад явсан юм бэ, чи угаасаа ийм шүү дээ гэж хэлээд бид хоёр муудалцсан. Гэтэл Г намайг эрүү рүү цохисон. Би тэр үед хойшоо тархиараа саваад юм мөргөсөн. Тэгээд ухаан алдаад унасан. Тэгээд би нэг сэрсэн чинь өглөө болсон байсан. Миний баруун нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, толгойн орой хэсгээрээ хагарсан, үүдний 3 шүд хөдөлсөн, дэр цус болсон байсан ... 2 хоногийн дараа гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Тэгээд зураг авахуул гэж хэлсэн. Би 240,000 төгрөгөөр томографикийн зураг авахуулаад ... 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлсэн чинь, эрүү хугарсан, эрүүний ям чинь өрөвссөн байна гэж хэлсэн. ... Санчир надад “чи хутга барьж Г руу дайрч агсарсан, би хутгыг чинь авч салгахад Г чамайг цохисон. Тэгээд чи арагшаа алхаж байгааад унахдаа ширээ мөргөсөн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дүгээр хуудас/ Мөрдөн байцаалтад гэрч У.Санчирын өгсөн: “... бааранд О, Г 2 хоорондоо ярьж байх үед нэгнийгээ пизда гэж хэлснээс болж маргалдсан. Тэгээд бид 3 шөнө 4 цагийн үед “Сий” баарнаас гараад хамт гэртээ ирсэн. ... О нилээн согтсон байдалтай Г руу агсарч дайраад чамайг хутгална гээд байсан. Г чаддаг юм бол намайг хутгал гэж хэлээд От хутга авч өгсөн. ... Би тэр хутгыг аваад эргээд харсан чинь О Г руу нэлээн агсарч, хэл амаар доромжлон дайрах үед Г Оийн нүүр рүү 1 удаа цохисон. О хойшоо алхаж байгаад унахдаа хажууд нь байсан чулуун ширээг мөргөсөн. О унахдаа ширээ мөргөж ухаан алдсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ 3 Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн: “... Үзлэгээр Оийн биед учирсан гэмтлүүдээс эрүү ясны буланд хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 1 удаагийн улмаас хамтдаа үүсэх боломжтой. Харин баруун зовхинд хуралт, хуйханд сорви зэрэг гэмтлүүд нь тус тус 1 удаагийн цохилтын улмаас үүснэ. Эдгээр гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 37, 38-р шүд авсан нь эрүүний хугаралыг эмчлэх үед авагдсан. Эрүүний хугарал гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. Баруун зовхинд хуралт хуйханд сорви гэмтлүүдээс хуйханд сорви гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний хугарал гэмхтэл нь цохилтын улмаас үүсэх боломжтой. Уналтын улмаас үүсэх боломж бага ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1774 тоот: 1. Оийн биед эрүү ясны зүүн буланд хугарал, 38, 37-р шүдийг авсан, баруун зовхинд хуралт, хуйханд сорви, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид 2 шүдний унасан нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10 хувь алдагдуулна. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/ болон, - Хохирол төлсөн баримт /хх-н 49/, - Хохирлын баримтууд /хх-н 74-86, 96-107/, - Хохирогч Оийн өвчний түүхийн хуулбар /хх-н 90-95/, Шүүгдэгч Гийн хувийн байдалтай холбоотой: Мөрдөн байцаалтад гэрч Д.Хоролмаа мэдүүлэхдээ: “... Г дөлгөөхөн зантай, хүнтэй маргалдаад байдаггүй, эвтэй харьцдаг, ааш зангийн хувьд буруу муу зүйл байхгүй, асуудалд хүлээцтэй ханддаг, бөх барилддаг болохоор ноён нуруутай, ах дүү, хамаатан садан дундаа нэр хүндтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 56/ - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/ - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 70/ - Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 36-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 18 тоотод Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь эрүү ясны зүүн буланд хугарал, 38, 37-р шүдийг авсан, баруун зовхинд хуралт, хуйханд сорви, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Гийн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч О, гэрч У.Санчир, шинжээч эмч Т.Номинцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1774 тоот дүгнэлт, хохирогч Оийн өвчний түүхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Гийн үйлдсэн хэрэг нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх хэдий ч 2015 оны шинэчилсэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Гид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. Хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,501,300 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргажээ. /хх-н 74-86, 96-107/ Шүүхээс хавтаст хэргийн 74-78, 82, 84-85, 97, 99, 101, 103, 105-107 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байх тул хохирогч Оийн нэмэмжлэлийн шаардлагаас 1,760,117 хангаж, 741,183 төгрөгийг хэлэлцэхгүй орхив. Шүүгдэгч Г нь хохирогч От 1,400,000 төгрөгийг төлсөн, энэ талаар хохирогч маргаагүй байна. Иймд шүүгдэгч Гоос 360,117 төгрөгийг гаргуулж, хохирогч От олгож шийдвэрлэлээ. Хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй. 5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.12, 36.13, 36.14, дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г хохирогч От 1,400,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Гийг торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гоос 360,117 /гурван зуун жаран мянга нэг зуун арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогч От олгож, хохирогч О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Гид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ