| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сампилноровын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/0036/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/93 |
| Огноо | 2026-05-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Э |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2026/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагчаар ахлах прокурор Ц.Эрдэнэбат,
Иргэний нэхэмжлэгч *****
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч ***** ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** ***** нарт холбогдох 2616000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *****, *****, ***** хамт ***** аймгийн ***** сумын ***** хороо *****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** регистрийн дугаартай, ***** овгийн *****-гийн *****.
Монгол Улсын иргэн, ***** оны ***** дүгээр сарын *****-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *****, *****, ***** хамт ***** аймгийн ***** сумын *****багийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***** регистрийн дугаартай, ***** овгийн *****-н *****.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ***** ***** нар бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр 7000 загвартай металл хайгч 1 ширхэг, 1000 загвартай металл хайгч 1 ширхэг, малтуур /илжгэн чих/ 2 ширхэг зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар баг ***** гэх газарт 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Өгье. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *****-ыг дуудаад ***** сум руу дүүгийнх рүүгээ хоол авах гээд явах болсон. 20-ны өглөө наашаа явахдаа Дэрсний ам гэх газраар дайраад явсан. Тэнд 20 жил алт гарч байгаа газар юм. Тэрүүгээр хүн амьтан алт байна гэхээр нь очсон. Тэгээд машинаасаа буугаад 150-200 метр зайнд багажаа бариад явж байтал эргүүлийн цагдаад баригдаж багажаа хураалгасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байгаа ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “... 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***** хамт ***** сум руу идэш авахаар явсан. Би хамт явсан. 19-нд очоод 20-ны өглөө буцах замд Дэрсний ам гэх газраар дайрч бензиндээ нэмэрлэе гээд машинаа зогсоогоод хайгч барьж буугаад 150-250 метрийн зайд яваад шалгалтаар явж байсан цагдаа нартай таарч багажуудаа хураалгасан. Тэгээд л буцсан. Миний буруу ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч ***** мэдүүлэхдээ: “... Энэ металл хайгчийг манай хадам ээжтэй амьдардаг байсан хүн манайд 10 гаруй сая төгрөгийн өртэй байгаад салж явахдаа манайд өгөх байсан мөнгөнийнхөө оронд өгсөн юм. Манайд бараг 2-3 жил болсон. Тэгээд би энийг хэрэглэж мэдэхгүй юм чинь заръя гэж бодоод хүмүүст хэлчихсэн байсан чинь аав, ээж хоёрын хуурай дүү нь авъя гэж байна гээд 12 сарын эхээр дагуулаад ирсэн. Тэгээд энэ ажилладаг юм болов уу яадаг юм бол ах нь шалгаад ирье, ер нь утас нь тасарсан, массалдаг юм байна гэж байсан. Тэгээд ***** ах манайд ирээд авч явсан. Тэгээд барьж үзээд болж байвал мөнгийг нь өгөөд авна, болохгүй бол буцаагаад аваад ирье гэж байсан. Цагаан сарын өмнө сураг тавихад цагдаад хураалгасан гэж байсан. Тэгээд цагдаад хураалгасан гэдгийг нь мэдээд ирсэн. Металл хайгчуудыг би өөрөө авна ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би ***** танина. ***** танихгүй юм байна. ***** нь манай төрсөн аав, ээжийн хуурай дүү байгаа юм. Тухайн хүмүүсийн барьж явсан 7000, 1000 нэртэй металл хайгч багажууд нь миний эзэмшлийн эд зүйл байгаа юм. Надад тухайн металл хайгч багажуудыг манай хадам ээжийн хамт амьдардаг байсан хүн нь өрөндөө өгөөд явсан юм. Тухайн металл хайгч багажуудыг ажилладаг эсэх, хэрэв ажиллахгүй бол засаад 10,000,000 төгрөгөөр худалдаж авна гээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аваад явсан. Тухайн үеэс хойш сураггүй байж байгаад цагаан сарын үеэр цагдаад хураалгасан байгаа гэдгийг нь өөрийн ээжээс мэдсэн. Би өөрийн металл хайгч болох 7000, 1000 гэх нэртэй эд зүйлсийг авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
2. Гэрч *****-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасагт цагдаа жолооч ажил хийдэг. Би Говь-Алтай аймгийн ***** сум руу хяналт шалгалтаар хошууч *****, ахлах дэслэгч *****, ахмад ***** нарын хамт явсан. Тухайн үед ***** сумын 2 дугаар багийн ***** гэх газарт очиход үл таних 2 хүн металл хайгч багажтай алхаж байхаар нь очоод шалгахад 7000 нэртэй металл хайгч, 1000 нэртэй металл хайгч багаж барьсан байсан. Тэгээд тухайн хүмүүсийн барьж явсан металл хайгч багажуудыг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн. Тухайн үед ***** нь 1000 нэртэй металл хайгч барьсан, ***** нь 7000 нэртэй металл хайгч багаж барьсан алхаж байсан. Тухайн үед бид нарыг хяналт шалгалтаар очиход хоёулаа металл хайгч барьсан байсан. Говь-Алтай аймгийн ***** сумын ***** гэх нэртэй газар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
3. Гэрч *****-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэг зөрчил шалгах тасгийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Би Говь-Алтай аймгийн ***** сум руу хяналт шалгалтаар хошууч *****, ахлах дэслэгч *****, жолооч ***** нарын хамт явсан. Тухайн үед ***** сумын 2 дугаар багийн ***** гэх газарт очиход үл таних 2 хүн металл хайгч багаж газар тавиад чихэндээ чихэвч хийсэн байдалтай тус тусдаа илжгэн чих барьсан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслээс 200-300 метрийн зайтай байсан. Тэгээд тухайн хүмүүсийн барьж явсан металл хайгч багажнуудыг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн. Тухайн үед 1000, 7000 нэртэй металл хайгч багаж барьсан алхаж байсан. Тухайн металл хайгч багажнуудыг угсарсан байдалтай байхаар нь хурааж аваад явуулсан. Тээврийн хэрэгсэл дээр нь очиж үзээгүй. Говь-Алтай аймгийн ***** сумын ***** гэх нэртэй газар байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
4. Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би ***** гэх хүнийг танина. Манай төрсөн ах байгаа юм. ***** гэх хүнийг танихгүй. ***** ***** нар нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд буюу хөдөө Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар багийн ***** уулын өвөрт ирсэн. Тухайн хүмүүс нь манайхаас хоол авахаар ирээд 2025 оны 12 дугаар сарын 20-ны өглөө буцсан. Тухайн хүмүүс нь 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын төв рүү явсан. Тухайн хүмүүс нь цагаан өнгийн приус-40 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би тухайн хүмүүсийг металл хайгч багажтай явж байсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
5. Эргүүл хяналт шалгалтаар ***** сумын 2 дугаар баг Өлзийбулаг, Хөх сайр, Элсний ам гэх газарт иргэн ***** ***** нар зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг таслан зогсоож алт олборлоход ашигладаг зүйлсийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 03-04/,
6. Тухайн эд зүйлийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08/,
7. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоол /хх-ийн 09-10/,
8. Хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05/,
9. Хөрөнгийн үнэлгээчин ***** 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №13 дугаартай “1000 металл хайгч 606,000 төгрөг, 7000 металл хайгч 5,511,200 төгрөг, газар малтдаг малтуур 2 ширхэг 80,000 төгрөг. Нийт дүн 6,197,200 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 46-53/,
10. Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р тал/
11. Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 101-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***** ***** нар бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр 7000 загвартай металл хайгч 1 ширхэг, 1000 загвартай металл хайгч 1 ширхэг, малтуур /илжгэн чих/ 2 ширхэг зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар баг ***** гэх газарт 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан болох нь:
1. Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би ***** танина. ***** танихгүй юм байна. ***** нь манай төрсөн аав, ээжийн хуурай дүү байгаа юм. Тухайн хүмүүсийн барьж явсан 7000, 1000 нэртэй металл хайгч багажууд нь миний эзэмшлийн эд зүйл байгаа юм. Надад тухайн металл хайгч багажуудыг манай хадам ээжийн хамт амьдардаг байсан хүн нь өрөндөө өгөөд явсан юм. Тухайн металл хайгч багажуудыг ажилладаг эсэх, хэрэв ажиллахгүй бол засаад 10,000,000 төгрөгөөр худалдаж авна гээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аваад явсан. Тухайн үеэс хойш сураггүй байж байгаад цагаан сарын үеэр цагдаад хураалгасан байгаа гэдгийг нь өөрийн ээжээс мэдсэн. Би өөрийн металл хайгч болох 7000, 1000 гэх нэртэй эд зүйлсийг авмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
2. Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасагт цагдаагийн жолооч ажил хийдэг. Би Говь-Алтай аймгийн ***** сум руу хяналт шалгалтаар хошууч *****, ахлах дэслэгч *****, ахмад ***** нарын хамт явсан. Тухайн үед ***** сумын 2 дугаар багийн ***** гэх газарт очиход үл таних 2 хүн металл хайгч багажтай алхаж байхаар нь очоод шалгахад 7000 нэртэй металл хайгч, 1000 нэртэй металл хайгч багаж барьсан байсан. Тэгээд тухайн хүмүүсийн барьж явсан металл хайгч багажуудыг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн. Тухайн үед ***** нь 1000 нэртэй металл хайгч барьсан, ***** нь 7000 нэртэй металл хайгч багаж барьсан алхаж байсан. Тухайн үед бид нарыг хяналт шалгалтаар очиход хоёулаа металл хайгч барьсан байсан. Говь-Алтай аймгийн ***** сумын ***** гэх нэртэй газар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
3. Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэг зөрчил шалгах тасгийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Би Говь-Алтай аймгийн ***** сум руу хяналт шалгалтаар хошууч *****, ахлах дэслэгч *****, жолооч ***** нарын хамт явсан. Тухайн үед ***** сумын 2 дугаар багийн ***** гэх газарт очиход үл таних 2 хүн металл хайгч багаж газар тавиад чихэндээ чихэвч хийсэн байдалтай тус тусдаа илжгэн чих барьсан цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгслээс 200-300 метрийн зайтай байсан. Тэгээд тухайн хүмүүсийн барьж явсан металл хайгч багажнуудыг хураан авч, эд зүйлд үзлэг хийсэн. Тухайн үед 1000, 7000 нэртэй металл хайгч багаж барьсан алхаж байсан. Тухайн металл хайгч багажнуудыг угсарсан байдалтай байхаар нь хурааж аваад явуулсан. Тээврийн хэрэгсэл дээр нь очиж үзээгүй. Говь-Алтай аймгийн ***** сумын ***** гэх нэртэй газар байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
4. Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ***** гэх хүнийг танина. Манай төрсөн ах байгаа юм. ***** гэх хүнийг танихгүй. ***** ***** нар нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манайд буюу хөдөө Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар багийн ***** уулын өвөрт ирсэн. Тухайн хүмүүс нь манайхаас хоол авахаар ирээд 2025 оны 12 дугаар сарын 20-ны өглөө буцсан. Тухайн хүмүүс нь 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын төв рүү явсан. Тухайн хүмүүс нь цагаан өнгийн приус-40 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би тухайн хүмүүсийг металл хайгч багажтай явж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
5. Эргүүл хяналт шалгалтаар ***** сумын 2 дугаар баг Өлзийбулаг, Хөх сайр, Элсний ам гэх газарт иргэн ***** ***** нар зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг таслан зогсоож алт олборлоход ашигладаг зүйлсийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 03-04/,
6. Тухайн эд зүйлийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08/,
7. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоол /хх-ийн 09-10/,
8. Хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05/,
9. Хөрөнгийн үнэлгээчин ***** 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №13 дугаартай “1000 металл хайгч 606,000 төгрөг, 7000 металл хайгч 5,511,200 төгрөг, газар малтдаг малтуур 2 ширхэг 80,000 төгрөг. Нийт дүн 6,197,200 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 46-53/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч ***** ***** нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр 7000 загвартай металл хайгч 1 ширхэг, 1000 загвартай металл хайгч 1 ширхэг, малтуур/илжгэн чих/ 2 ширхэг зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар баг ***** гэх газарт 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдан ашигт малтмал буюу алт олборлож байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан...” гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг/хх-ийн 27-28/, гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38/, Эргүүл хяналт шалгалтаар ***** сумын 2 дугаар баг Өлзийбулаг, Хөх сайр, Элсний ам гэх газарт иргэн ***** ***** нар зөвшөөрөлгүй хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг таслан зогсоож алт олборлоход ашигладаг зүйлсийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 03-04/, эд зүйлийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 07-08/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоол /хх-ийн 09-10/, хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-ийн 05/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч ***** ***** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох...” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгохоор байна.
Шүүгдэгч ***** ***** нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй байна.
Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***** ***** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***** ***** нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ***** ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***** ***** нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ***** ***** нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзаж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “... ***** ***** нарт ялын доод хэмжээ буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгож өгнө үү…” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...”, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...”, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна...” гэж тус тус заасан бөгөөд шүүх хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон хувийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг зэргийг тус тус харгалзан ял шийтгэлийг оногдууллаа.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** ***** нарт 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэсэн тул шүүгдэгч ***** ***** нарт оногдуулсан 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000/таван сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1(нэг) жил, 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…” 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” тус тус заасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ***** өмчлөлийн 5,511,200 төгрөгийн үнэлгээ бүхий 7000 загвартай металл хайгч 1 ширхэг, 606,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1000 загвартай металл хайгч 1 ширхэгийг тус тус иргэний нэхэмжлэгч *****-д буцаан олгож, 6,117,200 төгрөгийг шүүгдэгч ***** ***** нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий малтуур/илжгэн чих/ 2 ширхэгийг улсын орлогод оруулах нь хууль зүйн ач холбогдолгүй байх тул устгах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нарын Говь-Алтай аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн ***** сумын 2 дугаар багийн ***** гэх газар хүртэл жолоодож ирсэн шүүгдэгч ***** эзэмшлийн ***** ГАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн техник хэрэгсэл гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна шүүгдэгч нар уг ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийг хураан авах, битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, өмчлөгчийн эзэмшил ашиглалтанд байгаа тул шүүх тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой шийдвэр гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн малтуур /илжгэн чих/ 2 ширхэгийг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****-ийн *****, ***** овгийн *****-ын ***** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****, ***** нарыг 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000/таван сая таван зуу мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оногдуулсан торгох ялыг 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *****, ***** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****, ***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч ***** өмчлөлийн 5,511,200/таван сая таван зуун арван нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 7000 загвартай металл хайгч 1 ширхэг, 606,000 /зургаан зуун зургаа мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1000 загвартай металл хайгч 1 ширхэгийг тус тус иргэний нэхэмжлэгч /*****аймгийн ***** сумын ***** баг ***** тоотод оршин суудаг, ***** регистрийн дугаартай/ *****-ын *****-д буцаан олгож, металл хайгчийн үнэ болох 6,117,200/зургаан сая нэг зуун арван долоо мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч ***** ***** нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 80,000/наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий малтуур/илжгэн чих/ 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УУГАНБАЯР