Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 117/ШШ2021/0054

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Х улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 9 сарын 18-ны өдрийн ... дугаартай Н.Хд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг /дүгнэлт/ хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Улсын байцаагч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлөвлөгөөт шалгалт хийж, Дундговь аймгийн Г сумын Е сургуулийн нярав Н.Хыг “...хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрч Б.Н, холбогдогч Н.Хын нарын мэдүүлэг, албан тушаалын тодорхойлолт, Дундговь аймгийн Гсумын 9 жилийн дунд сургуулийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар Н.Х нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл улсын байцаагч Н.Б нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Бийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Хыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г сумын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2018 онд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар сургуулийн тухайн үед ажиллаж байсан удирдлага болон нярав Н.Хд зөвлөгөө зөвлөмж өгч ажиласан. 2020 оны 9 сарын 18-ны төлөвлөгөөт хяналт шалгалтаар зөрчил дутагдал арилаагүй давтагдан гарсан, байгууллагын удирдлагын зүгээс түр орлон гүйцэтгэгч учраас тухайн няравт хариуцлага тооцож арга хэмжээ авч ажилладаггүй, хэлээд ажлыг нь хийлгэж чаддаггүй, шинэ захирал удахгүй томилогдох гэж байгаа, ажлаа өгнө гэх зэрэг шалтгааны улмаас илэрсэн зөрчил дутагдал арилахгүй байх, давтагдан гарч байгаа тул Г сумын ерөнхий боловсролын сургуулийн нярав Н.Хд 2020 оны 09 сарын 18-ны өдөр .. дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 22 дугаартай прокурорын улсын  байцаагчийн шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хулсын байцаагч Н.Баас Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярав Н.Хыг хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3-д зааснаар 300000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулсныг зөрчилд холбогдогч Н.Х 2020 оны 10 сарын 01-ний өдөр биелүүлж төлсөн болох нь  баримтаар[2] тогтоогддог.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс “Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэх үндэслэлээр уг актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт[3] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч улсын байцаагч Н.Б дээрх  прокурорын дүгнэлтэд дурьдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Ийнхүү хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав. Мөн гуравдагч этгээд татахгүй. Иймд дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300000 төгрөгийг  орон нутгийн орлогоос буцаан гаргуулж  олгох нь хуульд нийцнэ.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[5] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 9 сарын 18-ны өдрийн 0152128 дугаартай  Н.Хд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2020 оны 9 сарын 18-ны өдрийн 0152128 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Н.Хд /РД:/ олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

 

 

 

[1] Хх-ийн 9

[2] Хх-ийн 10, 28

[3] Хх-ийн 1-2

[4] Хх-ийн 26-27

[5] Хх-ийн 29