Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 368

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Бямбадавга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /2190/, Орчуулагч Х.Даваадэмбэрэл, Шүүгдэгч БНХАУ-н иргэн Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-н иргэн Ч/Ch/ холбогдох эрүүгийн 201726021324 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: БНХАУ-н иргэн, БНХАУ-н Өвөрмонголын өөртөө засах орны Ар хорчин хошууны Шавартай гацаанд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Чин Хаш” ХХК-д уурхайн даргаар ажилладаг. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 20-60 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ч/Ch/, Монгол улсад суух үнэмлэхийн дугаар, паспортын дугаар. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/: Шүүгдэгч БНХАУ-н иргэн Ч/Ch/ нь 2017 оны 6 дугаар сарын 07- ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20-60 тоот гэртээ эхнэр Бгэр бүлийн маргааны улмаас толгойн тус газар нь 2 удаа цохиж биед нь тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч/Ch/ мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 07-ний өдөр эхнэр хүүхдийн хамт хоолонд ороод гэртээ ирээд ам цангаад жимс идэх гэтэл байхгүй байхаар нь уурласан. Тухайн үед жимс идэх гээд хутга барьсан байсан ба би агсам тавьсан. Гэтэл эхнэр зугатахаар нь араас нь барих гэтэл хүзүүн дээр нь цохигдсон. Тэгээд араас нь гартал эхнэр хажуу айлд орсон байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд барьсан” гэв. Хохирогч Бмэдүүлэхдээ: “...тавиур дээрээс заазуур шүүрч авсанаа ээжрүү далайсанаа та хоёр яг одоо зайл гэхээр нь би наанаас нь очсон чинь манай хүүхдийг орхидоо одоо зайл гээд байхлээр нь би тайвшир гэсэн чинь манай нөхөр надруу ална шүү зайл гээд надруу заазуур шидэхлээр нь би бултсан чинь заазуур нь намайг оноогүй. Тэгээд би хүүхдээ аваад гэрээс гарах гээд хаалгаруу гүйсэн чинь ээж газар унасан заазуурыг нь зайлуулсан чинь манай нөхөр дахиж хутга авахлээр нь би хүүхдээ аваад гэрийн хаалгаар гарж байхад араас манай нөхөр миний толгойруу гараараа хоёр удаа цохисон. Тэр үед би амь авраарай гээд орилсон чинь 62 тоот айлын эмэгтэй хүн гэрээсээ гарч ирсэнээ юу болоод байна гээд орилсон чинь манай нөхөр намайг тавихлээр нь би хүүхдээ тэврээд 62 тоот айлын хүн дээр очоод гэрт нь орж нуугдсан....” гэжээ. /1хав 35-36/ Гэрч Ч.Цэвэлмаа мэдүүлэхдээ: “...Б биеэрээ ханаруу шахаад нэг гартаа хар иштэй төмөр хутга барьчихсан нөгөө гараараа Б толгойруу нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед би амь авраарай гээд орилсон чинь хамгийн цаад талын айлын эмэгтэй хаалга онгойлгоод болиоч гээд орилсон. Тэр үед Булганмаа хүүхдээ тэврээд тэр айл руу орсон...” гэжээ. /1 хав 29-30/ Гэрч Б.Батцэцэг мэдүүлэхдээ: “...23 цагийн орчимд хүн орилоод байсан. Тэгэхээр нь би унтаж байгаа хүүхэд сэрээх гээд байхаар нь хаалгаа онгойлгоод харсан чинь нэг хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хөл нүцгэн 61 тоот айлын харалдаа уйлаад утсаар яриад зогсож байсан бөгөөд намайг харсанаа би танай гэрт түр ороодохоё гэснээр нь би нөгөө эмэгтэйг гэртээ оруулсан чинь надад манай нөхөр хутга бариад дайраад байна гэсэн...” гэжээ. /1хав 31-32/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7584 дугаартай дүгнэлтэнд: 1. Бийн биед тархи доргилт үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1хав 41/ Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 хав 45-47/ Хохирлын баримтууд /1хав 48-52/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэх, Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1хав 67,68/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч БНХАУ-н иргэн Ч/Ch/ нь 2017 оны 6 дугаар сарын 07- ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 20- 60 тоот гэртээ эхнэр Бгэр бүлийн маргааны улмаас толгойн тус газар нь 2 удаа цохиж биед нь тархи доргилт буюу хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б/хх 35-36/, гэрч Ч.Цэвэлмаа /хх 29-30/, гэрч Б.Батцэцэг /хх 31-32/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7584 дугаартай дүгнэлт /хх 41/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх 45-47/, хохирлын баримтууд /хх 48-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэх, Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх 67, 68/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч БНХАУ-н иргэн Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч БНХАУ-н иргэн Чнь Монгол улсад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Шүүхээс шүүгдэгч Ч/Ch/-д торгох оногдуулахаар шийдвэрлэсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааг заах, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутгыг устгуулахаар шилжүүллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д “шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн” бол Монгол Улсаас албадан гаргах талаар зохицуулсан ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч Чийг алдандан гаргах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шийдвэрлүүлэхээр даалган шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч/Ch/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч/Ch/ -г 650 /зургаан зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч/Ch/ торгох ялыг 2017 оны 10 дугаар сарын 15-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч/Ch/ иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эд мөрийн хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн бариултай хутгыг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11, 37.2-т зааснаар шүүгдэгч Чийг алдандан гаргах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч/Ch/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ