Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/100

 

 

 

 

 

 

  2022          1             25                                          2022/ДШМ/100                                                

 

 

Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор С.Солонго,

хохирогч М.Э,

хохирогч Ц.Н өмгөөлөгч Т.Урангэрэл,

хохирогч Л.Ж, түүний өмгөөлөгч А.Ганбат,

иргэний хариуцагч З.Э,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч О.Баяржаргал,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Г,

шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Д.Баттөмөр,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1245 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2014250002023 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   1. Улам-Оргих овгийн Д.Б, 1956 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Этүгэн сургуульд багш ажилтай, ам бүл 2, охины хамт, ................,

2. Улам-Оргих овгийн Б.Б, 1981 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, “Биродом ХХК”-ийн бизнес энкобатор төвийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, .......................,

3. Гонжид овгийн Г.Г, 1990 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, хувиараа гар урлал хийдэг, ам бүл 3, эх дүүгийн хамт ..............,

Шүүгдэгч Д.Б нь Б.Бтай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрүүл мэндийн яамнаас зарласан 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг бүтээж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л.Амараас зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөг залилсан,

Шүүгдэгч Б.Б нь:

Б.Мөнхчулуунтай бүлэглэн Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эн Эф Ти ХХК”-ийн захирал Г.Баярсайханд хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүнээс 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 80.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөгийг нийт 90.000.000 төгрөгийг залилсан,

Б.Өлзийсайхантай бүлэглэн “Фейшин хаус ХХК”-ийн захирал Б.Цогтбаярт хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж хуурч, түүнээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилсан,

З.Этой бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номтын Ам” ХХК-ны захирал Г.Баяржаргалд барилгын материал үйлдвэрлэх хөнгөлөлттэй 5 тэрбумын зээл гаргаж өгнө гэж хуурч 100.000.000 төгрөгийг залилсан,

Г.Гтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модерн номадс” ресторанд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Н“барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 40.000.000 төгрөг залилсан,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Беродом ХХК”-ийн байранд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Мд “барилга нураалтын ажил авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөг залилсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг төв” орчим 2014 оны 11 дүгээр сард хохирогч Т.Ад “38 дугаар сургуулийн барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд 15.000.000 төгрөгийг залилан авч нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь ганцаараа:

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нд “ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилга нураах ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөг залилсан,

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Жт “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 2 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж нийт 53.000.000 төгрөг залилсан,

2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын орчим хохирогч А.Мад барилга нураалтын ажил олж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөг залилсан,

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Нд “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 5 тэрбум төгрөг зээл гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгох замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөг залилж бусдад нийт 498.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь:

Б.Бтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Модерн номадс” ресторанд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Н“барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 40.000.000 төгрөг залилсан,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Беродом ХХК”-ийн байранд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Мд “барилга нураалтын ажил авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөг залилсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг төв” орчим 2014 оны 11 дүгээр сард хохирогч Т.Ад “38 дугаар сургуулийн барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд 15.000.000 төгрөгийг залилан авч нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Г.Г нь ганцаараа:

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Өт “барилга нураалтын ажил олж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 7.000.000 төгрөг залилсан,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Саппоро” төвийн орчим 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Бд “барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 12.000.000 төгрөг залилсан,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Нт “барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 30.000.000 төгрөг залилсан,

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Од барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөг залилсан,

Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны салбар дотор хохирогч Ш.Э “гэрэлтүүлгийн ажил авч өгнө хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг залилсан,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Б.Дд “барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг залилж бусдад нийт 149.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б, Д.Б, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан “Гэмт хэрэг гарсан байдал/гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг нотлоогүй, яллах дүгнэлтэд яллагдагч Б.Быг яллагдагч Д.Бтай бүлэглэн, Б.Мөнхчулуунтай бүлэглэн, Б.Өлзийсайхантай бүлэглэн, З.Эх-Оргилтой бүлэглэн, Г.Гтай бүлэглэн бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан буруутгажээ. Гэтэл дээрх нэр бүхий холбогдогч нартай хэрхэн яаж дээрх гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн болох нь тодорхойгүй, бүлэглэж үйлдсэн этгээдүүдийн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогүй, хэрхэн яаж залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болохыг тогтоогоогүй. Мөн гэм буруугийн тал дээр маргасаар байхад нэр бүхий холбогдогч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг хохирогч Б.Цогтбаяр, Г.Баярсайхан нар танилцаад хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг хэн төлөх нь тодорхойгүй талаар бичгээр гаргасан хүсэлтдээ дурдсан байна. Энэ нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг бүрэн нотлоогүй гэж үзнэ. Иймд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж анхан шатны шүүх дүгнэв.

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Б нь “нэр бүхий хүмүүст зээл гаргуулах болон тендерийн ажил авах зорилгоор бусдад авлига хэлбэрээр мөнгө өгсөн, тэдгээр хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна” гэх бөгөөд энэ талаар шүүгдэгч Г.Г болон хохирогч нар мэдүүлсэн байх тул энэ байдлыг шалгаж, өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, тухайлбал Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Дээрх байдал нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн нотлоогүй гэж үзнэ.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн нотлоогүй. Шүүгдэгч Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тодорхой бус өөрөөр хэлбэл уг гэмт хэргийн хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйн улмаас гэмт хэргийн хохирол, хор уршиг тодорхойгүй, шүүгдэгч нарын бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн хохирлыг нарийн тооцоогүй байна. Тухайлбал гэм буруу дээр маргасан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнхчулуун нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөг төлөх ёстойгоос 47.000.000 төгрөг төлсөн болох нь ойлгомжгүй. Гэтэл Б.Мөнхчулууныг иргэний хариуцагчаар тогтоон, мэдүүлэг авахад “би хохирсон, Б.Бын авсан мөнгийг би төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн, хохирогч Г.Баярсайхан нь үлдэх хохирлыг Б.Мөнхчулуун, Б.Б нараас нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч нарыг бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэвэл хохирол, хор уршгийг хэн хэрхэн хариуцах нь тодорхойгүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг нотлоогүй байна. Иймд шүүх “...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...”-г хөтөлбөргүй нотлоогүй гэж үзнэ. Энэ байдал нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, шүүхээс хэргийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.  Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, уг асуудлаар шүүх өөрийн санаачилгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж болох байсан боловч гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх тул анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Б.Б, Д.Б, Г.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт 16.000.000 төгрөгийн үнэ бүхий 20-38 УБВ улсын дугаартай “Ниссан Экстрайл” автомашиныг битүүмжилсэн болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хамт Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэв.

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлоогүй гэсэн атлаа гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэмт буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн нь ойлгомжгүй байна.

Яллах дүгнэлтэд яллагдагч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Д.Бтай бүлэглэн, Б.Мөнхчулуунтай бүлэглэн, Б.Өлзийсайхантай бүлэглэн, З.Этой бүлэглэн, Г.Гтай бүлэглэн бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн талаар:

Яллагдагч Б.Б нь яллагдагч Д.Бтай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрүүл мэндийн яамнаас зарласан 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг бүтээж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Л.Амараас зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөг залилсан,

Яллагдагч Б.Б нь Б.Мөнхчулуунтай бүлэглэн Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эн ЭфТи ХХК”-ийн захирал Г.Баярсайханд хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүнээс 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 80.000.000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг буюу нийт 90.000.000 төгрөгийг залилсан,

Яллагдагч Б.Б нь Б.Өлзийсайхантай бүлэглэн “Фейшинхаус” ХХК-ийн захирал Б.Цогтбаярт хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж хуурч, түүнээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 20.000.000 төгрөгийг залилсан,

Яллагдагч Б.Б нь З.Этой бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номтын Ам” ХХК-ийн захирал Г.Баяржаргалд барилгын материал үйлдвэрлэх хөнгөлөлттэй 5 тэрбумын зээл гаргаж өгнө гэж хуурч 100.000.000 төгрөгийг залилсан,

Яллагдагч Б.Б нь яллагдагч Г.Гтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модерн номадс ресторанд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.Н“барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 40.000.000 төгрөг залилсан,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Беродом ХХК-ийн байранд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Мд “барилга нураалтын ажил авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 20.000.000 төгрөг залилсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төв орчим 2014 оны 11 дүгээр сард хохирогч Т.Ад “38 дугаар сургуулийн барилга нураалтын ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд 15.000.000 төгрөгийг залилан авч нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үйлдэл тус бүрээр яллах дүгнэлтэд тодорхой нэг бүрчлэн дурдаж бичсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхчулуун, З.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Б.Өлзийсайханыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10, 12, 14 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Б.Мөнхчулуун, Б.Өлзийсайхан, З.Э нарыг иргэний хариуцагчаар татаж гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хэн, хэдэн төгрөгөөр хэрхэн хариуцаж төлж барагдуулахыг тодорхой болгож, энэ талаар яллах дүгнэлтийн хавсралтад /хохирлын тооцоонд/ дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй”, 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж тус тус заасан бөгөөд хэргийн оролцогч нараас прокурорын шийдвэрт, дээд шатны прокурорт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй болно.

  1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтэст хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мөнхчулуун, Орон сууц нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнээр ажиллаж байсан З.Э нарыг яллагдагч Б.Баас хээл хахууль авч, эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохоор дэмжсэн албан бичгийг гаргаж өгсөн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шалгаад албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажпын хүрээнд хөнгөлөлтэй зээл гаргаж өгнө хэмээн бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэн Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 826 дугаартай тогтоолоор хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын хүргүүлсэн байдаг.
  2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож, яллах дүгнэлтийн хавсралтад хүн тус бүрээр нарийн тооцож гаргасан байгаа. Яллагдагч Б.Б нь Б.Мөнхчулуунтай бүлэглэн хохирогч Г.Баярсайханаас 90.000.000 төгрөгийг залилсан авч, улмаар 80.000.000 төгрөгийг Б.Мөнхчулуунд өгсөн болох нь хохирогч Г.Баярсайхан, гэрч Ц.Цэрэнбалжир, Д.Б, З.Жаргалмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Б.Мөнхчулуун нь 80.000.000 төгрөгөөс 47.000.000 төгрөгийг хохирогч Г.Баярсайханд хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 43.000.000 төгрөгийг Б.Мөнхчулуунаас гаргуулж хохирогч Г.Баярсайханд олгох, 10.000.000 төгрөгийг Б.Баас гаргуулж, хохирогч Г.Баярсайханд олгох талаар улсын яллагчийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан байгаа. Шаардлагатай бол шүүх хуралдаанд хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарыг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/1245 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Ц.Нөмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг прокурорт олон удаа буцсан бөгөөд тодорхой ажиллагаанууд хийгдсэн. Шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасан ажиллагаанууд хэргийн материалыг бүхэлд нь уншиж судлахад тогтоогдсон. Хэргийн хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу нь тогтоогдохгүй бол тогтоогдохгүй, тогтоогдож байвал тогтоогдсон гээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд гарсан алдаануудыг хэргийг прокурорт буцааж хийлгэх биш хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа прокурор техникийн шинжтэй алдаануудаа засаж, гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэх боломжтой. Иймд хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зөв гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

Хохирогч Л.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Л.Жын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлт хууль зүйн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Б.Б Л.Жаас 53.000.000 төгрөг авсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо аль ч шатанд нэхэмжлэх эрхтэй тул хохирлоо яаралтай төлүүлэх хүсэлттэй байгаа. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүс цагаадаж, гадуур явж байгаад гомдолтой байна. Тэдгээр хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэж үзэж байх тул энэ асуудлыг шалгуулж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч З.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Өмгөөлөгч Т.Урангэрэлийн адил прокурор яллах дүгнэлтээ засаж оруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч О.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тодруулах, нөхөн гаргах боломжгүй нотлох баримтууд шаардлагатай гэж үзэж хэргийг буцаасан. Энэ хэргийн улмаас олон хүний эрх ашиг, амьдрал яригдаж байгаа тул прокурор бүх асуудлыг нэг бүрчлэн дахин шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...4 нотлох баримт шинжлэн судлах хүсэлт гаргасан. Үүнд, “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” мөрдөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг бүхэлд нь шинжлэн судлах хүсэлттэй байна. Учир нь, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн дээрх тогтоолд Б.Бын 09-87УНЧ улсын дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан. Б.Бын “Тоёота Приус” маркийн мөнгөлөг тээврийн хэрэгслийг битүүмжлэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар яллах дүгнэлтэд эд хөрөнгө битүүмжилсэн хөрөнгийн талаар дурдах ёстой. Гэтэл уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн талаар дурдаагүй. “Мөрдөн байцаалт болон хяналтын харьяаллыг өөрчлөх тухай” прокурорын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 826 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг шинжлэн судалсанд тооцъё. “Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Бд эд хөрөнгө барьцаалах 2.000.000 төгрөгийн барьцааг авч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617002294 дугаартай дансанд тушаалгав, мөрдөгч Баттөр” гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар таслан сэргийлэх арга хэмжээний талаар яллах дүгнэлтэд тогтоох ёстой. Гэтэл шүүх барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоогоогүй. Түүнчлэн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг шинжлэн судалсанд тооцъё. Харин прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэхэд, эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд хууль зүйн техник, хэл зүйн талаасаа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татвал зохих этгээдүүдийг яллагдагчаар татаагүй. Б.Мөнхчулуун, З.Э, н.Цэрмаа, Б.Өлзийсайхан, н.Бат-Амгалан нарыг яллагдагчаар татаагүй бөгөөд нэр бүхий 4 хүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгосон. Иргэний хариуцагч нараар оролцож байгаа хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь Д.Б, Б.Б нарын хэрэгт зайлшгүй хамааралтай. Энэ хэргийг хамтад нь шүүхээр оруулж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, эдгээр хүмүүсийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г өмгөөлөгч Д.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Шүүгчийн захирамжид дурдсан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй. Г.Г Б.Бтай бүлэглэн үйлдсэн гэх үйлдэлд зарим этгээдүүдийг яллагдагчаар татаж шалгаж асуудал үүсдэг. Тухайлбал, Ариунзул, Бат-Эрдэнэ, Гэрэлт-Од  нарын хүмүүсийн мэдүүлэг, тэдний үйлдэл нь Г.Г Б.Бтай бүлэглэж үйлдсэн гэдэгтэй адилхан. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг гарцаагүй байх зарчмын үүднээс Г.Гантулгыг Б.Бтай бүлэглэсэн гэж үзсэн хэрнээ бусад нэр дурдсан хүмүүсийг яагаад хассан нь тодорхойгүй. Тиймээс энэ асуудлыг шалгах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг бүрэн гүйцэд тогтоосон зүйл байхгүй. Залилан мэхэлснээс үүссэн хохирлыг тогтоосон боловч учруулсан хохирлоо буцаан төлсөн байдалд нь дүгнэлт хийгээгүй. Үүнийг шүүхийн журмаар дүгнэх боломжгүй. Учир нь, Г.Г үйлдлийн улмаас хохирсон Азжаргал, Мөнхтуяа гэх хоёр хохирогч байдаг. Азжаргал хохирлоо бүрэн авсан бол нөгөө нь зээлийн гэрээтэй холбоотой иргэний журмаар шүүх хуралдаан болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Эдгээрийг төлсөн гэдгийг ямар нотлох баримтад үндэслэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь тодорхой бус байдаг. Цаг хугацааны хувьд удаашралтай байсан учир зарим хохирогч нарт  хэргийн материал танилцуулаагүй 2-3 жил болсон. Энэ хугацаанд зарим хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Тийм учраас хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Хохирогч нарын талаас авч үзэхэд хэрэг удаашралтай байгааг үгүйсгэхгүй ч хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж, гэм бурууг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт буй баримтыг судлахад, Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11, 13 дугаартай прокурорын тогтоолоор Б.Мөнхчулуун нь Б.Б, З.Э нартай бүлэглэн Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эн Эф Ти” ХХК-ийн захирал Г.Баярсайханд хөнгөлөлттэй зээл авч өгнө гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 80.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөг авч залилсан гэх хэргийг,

З.Э нь Б.Б, Э.Гнартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Номтын Ам” ХХК-ны захирал Г.Баянжаргалд барилгын материал үйлдвэрлэх хөнгөлттэй 5 тэрбумын зээл гаргаж өгнө гэж 100.000.000 төгрөг авч залилсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт буюу “...Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно. ...” гэсэн үндэслэлээр,

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10, 12 дугаартай прокурорын тогтоолоор Б.Мөнхчулуун нь З.Э, Б.Өлзийсайхан нарыг Б.Бтай бүлэглэн “Фейшин хаус” ХХК-ны захирал Б.Цогтбаярт хөнгөлттэй зээл авч өгнө гэж хуурч 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.000.000 төгрөг авч залилсан гэх  хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр /14хх 192-193, 196-197/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Б.Мөнхчулуун, Б.Өлзийсайхан, З.Э нарыг Б.Бтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Д.Б, Б.Б, Г.Г нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага хангаагүй байна.

Иргэний хариуцагч Б.Мөнхчулуун нь 47.000.000 төгрөгийг бусдаас авсан үйлдэл нь  гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэмт хэрэг хэзээ гарсан, хэн нь хэнтэй, хэрхэн яаж, ямар аргаар бүлэглэж үйлдсэний улмаас хэн хэнд ямар хэмжээний хохирол учирсан, хэн хэнээс хэдэн төгрөгийн хохирол гаргуулах талаар хохирлын тооцоог тодорхой ойлгомжтой гаргах нь зүйтэй.

Хэргийг мөрдөн байцаалтад удаа дараа буцааж байгаа боловч хэргийг шуурхай шалгаж, яллах дүгнэлтийг хуульд нийцсэн шаардлагын дагуу бичихгүй байгааг анхаарах шаардлагатай.

Иймд шүүгдэгч Д.Б, Б.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1245 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1245 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Солонгын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 34 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ

           

                                 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 

                     ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ