Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/275

 

 

 

 

 

 

 

2022            3            10                                            2022/ДШМ/275

 

      М.М-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд  даргалж, шүүгч С.Батгэрэл, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.М-д холбогдох 2111000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ны М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....... нарын хамт ............ дүүргийн .. дүгээр хороо, ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

 

М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 3-4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гүнтийн зуслангийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Э-ын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.М-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 8 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.М-ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй ажлын хэсэг 14 см, 11 см уртын бариултай нийт урт 25 см, өргөн 1.5 см мөнгөлөг өнгийн металл хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 413 дугаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан ба ял эдлэх хугацаандаа гаргасан зөрчилгүй, албан хаагчийн тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлж байсан. Мөн өөрийгөө хөгжүүлэх зорилгоор мужааны сургалтад хамрагдаж байсан.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Урьд нь олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан ч өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна.

Миний эрх зүйн байдлыг дээрдүүлж нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Нээлттэй хорих ангид эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж амьдрахыг хүсч байгаа учир хаалттай дэглэмийг нээлттэй дэглэм болгож өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.М нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулж байгаагүй. Хохирогчоос сайн дураараа уучлалт гуйж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй. 2 настай буюу бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

М.М-ийн эцэг, эх нь 1997 онд автын ослоор нас барахад 6 настай байсан тул ах, эгчийнхээ гар дээр өссөн. Одоо эхнэр, 2 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Шүүгдэгч нь холбогдсон хэргийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирогчийг эмнэлгээр дагуулан явж, бүх төлбөр тооцоог хийж, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болгож, одоо хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байдалтай байгаа. Хохиролд 1.276.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн М.М нь нээлттэй хорих байгууллагад ял эдэлж байсан бөгөөд энэ хугацаанд мужааны цехэд сургалтад хамрагдаж, дадлага хийж байсан. Түүний хоёр настай хүүхдэд хүссэн цагтаа эцэгтэйгээ уулзах боломжийг олгож өгнө үү. Хүүхэд удаан хугацаагаар эцэг, эхтэйгээ уулзахгүй байх нь сэтгэл санааны хувьд сөрөг нөлөөлөл бий болгодог. Мужааны ажлаа мэргэжил болгон гарч ирээд нийгэмд хөдөлмөрлөж, орлого олж, үр хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжоор хангахын тулд нээлттэй хорих байгууллагад мужааны сургалтад хамруулж, бүрэн мэргэжлийг эзэмшүүлж өгнө үү. Хаалттай дэглэмтэй хорих ангид дадлага хийлгэхгүй бөгөөд ийм сургалтанд хамруулдаггүй. М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж өгөхийг биш, мэргэжилтэй болох, гараад амьдрах баталгаатай болох боломжийг нь харгалзан үзэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... М.М нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан нь түүнийг өөртөө дүгнэлт хийж, засарч хүмүүжсэн гэж харагдахгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 10 сар 8 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 10 сар 8 хоногоор тогтоон, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тохирсон ял шийтгэл болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгч байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч М.М нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 3-4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гүнтийн зуслангийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Э-ын хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Э-ын “...Тэгээд намайг гарах үед Амгаланбаатар ах чи үлдсэн 2 ширхэг 2 литрийн пиво авчихаарай, замдаа ууя гэхээр нь Бат-Эрдэнэ бид хоёр пиво авах гээд байшин руу буцсан юм. Тэгээд байшин руу очоод Бат-Эрдэнэ надад 2 ширхэг 2 литрийн пиво өвөртөө хийгээрэй гээд өгөхөөр нь өвөртөө хийчихээд бид хоёр байшингаас гараад буцаад уруудаад хашаанаас гарах гээд явж байтал Хүрлээ ах араас ирээд яагаад пиво аваад явчихаж байгаа юм бэ гээд уурлаад байсан ба Бат-Эрдэнэ рүү дайраад муудалцаад байсан. Тэгэхээр нь одоо явлаа гэж хэлээд салгах гэж байхад гэнэт миний араас М гэх нэртэй жижигхэн бор ах хүрч ирээд миний гэдэсний зүүн тал руу гараараа цохих шиг болсон. Тэгэхээр нь би, намайг цохичихлоо гэж бодоод зогсож байтал гэнэт час хийгээд хатгаад, өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь цамцаа сөхөөд үзэхэд, миний хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдсан шархтай, уг шархнаас өөх гарсан, бага зэрэг цус гараад байсан ба гэнэт тэрийг хараад айгаад би газар халтираад унасан. Тэгсэн Бат-Эрдэнэ намайг хараад хутгалчихсан байна ш дээ гээд намайг аваад явсан ба М, Хүрлээ ах нар үлдсэн. Тэгээд манай найз нар намайг аваад гэмтлийн эмнэлэг явсан...” /хх 11-13, 35-37/,

Гэрч Б.Амгаланбаатарын “...Тухайн үед гэрээсээ гарахаас өмнө А.Э гэх дүүдээ гарч ирэхдээ хэдэн пиво аваад гараад ирээрэй гэж хэлсэн юм. Бид хэд гадаа гарч ирсний дараа 5-10 минут Эыг хүлээсэн. Тэгтэл удалгүй гарч ирээд ахаа би дотор байгаа хүмүүст хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд үзсэн чинь нэг төө хэрийн шархтай байсан. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг ороод цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Автомашин руу ирэхдээ хутгалуулсан ирсэн ба Бат-Эрдэнэ сугадаад хамт ирсэн. Тэгээд Эыг М ах хутгалсан гэж хэлсэн...” /хх 16-17, 19/,

Гэрч Б.Хүслэнгийн “...Эаас хэн хутгалсан талаар асуухад, Дөлөө ах намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгсэн бид нар дээр М ах хүрээд ирэхээр нь та яаж байгаа юм бэ, юу болчихов гээд асуухад М ахын дүү наадах чинь гайгүй байхаа, гэхдээ ахыгаа уучлаарай гэж хэлсэн ба нэлээн согтуу байсан. Э цус алдаад байсан тул бид нар яаралтай эмнэлэг явсан. ...Гэдэс хэсэгт цус их хэмжээгээр гараагүй өөх нь гараад унжсан байсан...” /хх 21-22/,

Гэрч Г.Бат-Эрдэний “...М миний уух гэж байгаа пивийг та хоёр яагаад аваад явчихаж байгаа юм бэ, өөрөө уумаар байна гээд бид хоёр руу уурлаад байсан. Тэгэхээр нь Э бид хоёр 2 ширхэг пиво М ахад өгсөн. Тэр үед Э М ахтай маргалдаад байсан. Тэгсэн М ах Эын гэдсэнд буюу хэвлийд 1 удаа хутгалчихсан. Э газар унаад гэдсээ гараараа дараа хэвтээд өгсөн чинь М ах яваад өгсөн. Тэгээд би Эыг босгоход надад намайг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь хувцсыг нь сөхөөд үзэхэд, гэдэс хэсгээс хутгалсан шархтай өөх нь гарсан, цус гарч байхаар нь би гараараа цусыг нь дараад Эыг түшээд найз нар луугаа явсан...” /хх 24-25/,

Гэрч Ч.Эрхэмбаярын “...Э, Бат-Эрдэнэ хоёрыг ирээгүй болохоор хүлээгээд байж байтал 10 гаруй минут орчим болсон. Тэгсэн Бат-Эрдэнэ автомашины хаалга онгойлгосноо Ундрах хутгалуулчихлаа гээд хэлэхээр нь гайхаад Эыг автомашинд суулгаад цамцыг нь сөхөөд хартал хутгалуулсан өөх гарсан, бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь хэн хутгалсан талаар асуухад Бат-Эрдэнэ нь М хутгалсан гэж хэлсэн...” /хх 29/,

Гэрч М.Мөнхжингийн “...Машинд хүлээж байтал Бат-Эрдэнэ автомашины хаалга онгойлгосноо Ундрах хутгалуулчихлаа гээд хэлэхээр нь гайхаад Эыг автомашинд суулгаад цамцыг нь сөхөөд хартал хутгалуулсан өөх гарсан бага зэрэг цус гарсан байдалтай байсан. М гэх ах хутгалсан...” /хх  31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1047 дугаартай дүгнэлтэд “А.Э-ын биед хэвлийн зүүн хэсгээр хэвлийн хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж нэвтэрсэн шарх, чацархай, нарийн гэдэс, хэвлийн ар гялтанд хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх 45-47/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 51-52/, шүүгдэгч М.М-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, улмаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд 5 жил 10 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон байх тул шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан “хаалттай дэглэмийг нээлттэй дэглэм болгож өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.М-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш нийт 65 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.   

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ