Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 117/ШШ2021/0055

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Ц би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан гаргасан “2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ...дугаартай М.Бд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Улсын байцаагч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлөвлөгөөт шалгалт хийж, Дундговь аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Бг “...сургуулийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй...” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрч С.О, холбогдогч М.Б нарын мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч тогтоосон тогтоол, 0... дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар М.Б нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл улсын байцаагч Н.Б нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар  хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч М.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2018 онд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тухайн үед хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд, хадгалалт, барилга байгууламжтай холбоотой дутагдлууд илэрч,  захирал М.Бд зөвлөгөө зөвлөмж өгч байсан бөгөөд 2020 оны урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд хоол үйлдвэрлэлийн барилга байгууламжийн цонх, хананы шохой ховхорсон хөгц үүссэн, хүүхдийн хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдалд сургуулийн зүгээс дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй зөрчил дутагдал давтагдан гарч байгаа тул захирал М.Бд 2020 оны 09 сарын 07-ны өдөр .. дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Зөрчил удаа дараа давтагдан гарч, арилахгүй байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх гэсэн хуулийн зүйл заалтаар шийдвэрлээгүй болно.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн ... дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд М.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус сумын ЕБС нь Аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дахь заалтаар шийдвэрлэсэн 2020 оны 9-р сарын 7-ны ... дугаартай шийтгэлийн хуудсаар 1 сая төгрөгийн төлбөр нэхэмжилсэн болно.

Дундговь аймгийн хяналтын прокурор М.Үийн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд тус шийтгэлийн хуудсаар оногдсон 1 сая төгрөгийг 2020 оны 10-р сарын 5-ны өдөр 1000...тоот дансанд төлж барагдуулсан тул тухайн төлбөрийг байгууллагад буцаан олгоно уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Баас тус аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Бд сургуулийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д зааснаар 1000000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэгэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэж прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ххяналтын улсын байцаагч Н.Б дээрх  прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч М.Б 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Төрийн сан 100..., Ду...–орлого” дансанд торгуулийн 1000000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор улсын орлогод төлөгдсөн мөнгийг  М.Б /Ө сумын Ерөнхий боловсролын сургууль/-д буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Х хяналтын улсын байцаагч Н.Бд холбогдуулан “2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай М.Бд холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2020 оны 09 сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 1000000 /нэг сая/ төгрөгийг буцаан гаргуулж зөрчилд холбогдогч М.Б /Дундговь аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын сургууль/-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                              В.Ц

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9-р хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[3] Хавтаст хэргийн 24-25-р хуудас

[4] Хавтаст хэргийн 33-р хуудас