Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/276

 

 

 

 

 

 2022       3       10                            2022/ДШМ/276

            

    Г.С-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-д холбогдох эрүүгийн 2103002050278 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г........ овгийн Г-ын С, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...................... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ....................ийн хамт .................. дүүргийн .. дугаар хороо, ........................... зам гудамж, ... дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Г.С нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9 цаг 10 минутын  орчим  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Hyundai Porter” маркийн 95-13 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана”, 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 800.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, жолоочийн 436717 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч Г.С, иргэний хариуцагч Л.Э нараас 6.431.880 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Д.Э-т олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Г.С нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирогчийн унаж явсан дугуйны эвдрэлтэй холбоотой үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дугуйг эвдрэлгүй гэж тэмдэглэсэн байдаг. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд дугуйнд учирсан эвдрэлийг огт тэмдэглээгүй байдаг. Дугуйнд учирсан эвдрэлийг ШШҮХ-ийн лабораторт оношлуулж эвдрэлийг тогтоогоогүй, үнэлгээ хийлгэхэд Г.Стэй хамт явж үнэлүүлээгүй, ослын дараа мөрдөн байцаагч, Г.С, хохирогчийн аав нар дугуйг шалгаад аав нь машиныхаа багаажинд дугуйг ачаад явсан байдаг.

Хавтаст хэргийн 93, 95 дугаар хуудсанд байгаа баримтууд тухайн дугуйны үнэлгээг үндэслэлгүйг нотолдог. Шүүх хуралдаанд оролцсон үнэлгээч Д.Амгалан үнэлгээний фонд байхгүй гэж хариулж байсан нь үнэлгээг бодит байдалд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаагүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв. 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг болох үед устай бороо орж байсан. Хэргийн газрын үзлэг хийсний дараа хохирогчийн тал дугуйгаа авч явсан. Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар дугуйгаа үнэлүүлэхэд хамт явах байсан, явах талаараа хэлсэн, хэлээгүй гэж маргаж оролцсон. Шүүх хэн явсан, яваагүй талаар тогтоогоогүй ч шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулсан. Гэтэл шинжээч “тухайн дугуй нь тусгай зориулалтын уралдааны, Монгол Улсын зах зээлд худалдагддаггүй, тиймээс үйлдвэрлэдэг эх сурвалжаас нь интернетийн хайлт хийж ханшийг нь тогтоосон” гэж мэдүүлдэг. Тухайн хохирогчийн хувьд Монгол Улсын Дугуйн холбооны шигшээ багийн тамирчин, дугуйчин бөгөөд тухайн дугуйг мэддэг гэсэн хүмүүсээс тодорхойлолт авч, хэрэгт хавсаргасан. Харин шинжээч тухайн тодорхойлолтуудыг үндэслэж дүгнэлт гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй тул шүүгдэгч хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Улсын яллагчаас хохирол төлбөр төлөөгүй, эмчилгээний зардал барагдуулаагүй өдий хүртэл явж байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байсан. Гэтэл шүүгдэгч ажил эрхэлж, хохирлоо төлж барагдуулах санал гаргаж, торгох ял оногдуулахыг хүссэн. Шүүх үүнийг нь харгалзан үзэж торгох ял оногдуулсан байхад, дугуйны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үзэхэд, ял өөрчлөх асуудал хөндөгдөхөөр нөхцөл байдалд хүрч байна. Шүүгдэгчээс тухайн үед хохирол төлнө гэж шийдвэр гаргуулсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. ...” гэв.

                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Г.С нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Hyundai Porter” маркийн 95-13 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана”, 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Д.Э-ийн “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 9 цаг өнгөрч байхад дугуйн бэлтгэлээ хийгээд Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд баруун талаа шахаад унадаг дугуй унаад явж байсан. Миний хойноос Портер маркийн ачааны автомашин дугуйны хойд обуд руу мөргөөд би шороон зам руу унасан. Тухайн үед дугуй засмал зам дээр унасан байсан...” /хх 19-20/,

            Иргэний хариуцагч Л.Э-ын “...2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн орчим би 95-13 УНН улсын дугаартай Портер маркийн машиныг найз Сгээр бариулаад өөрөө урд нь Фусо маркийн том ачааны машинтай явж байсан. Толиндоо хартал ард С машинтайгаа нэг дугуйтай хүүхэдтэй зогсож байхаар нь би яваад очтол С дугуйтай хүүхдийг машинаараа шүргэчихлээ гээд зогсож байсан...” /хх 33/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 6995 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтэд “...Д.Э-ийн биед зүүн гуяны булчингийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх /хх 47-49/,

            “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-567 дугаар тайланд “...Унадаг дугуй (Avеngers брэндийн уралдааны дугуй, базуур, базуурын резин, пердаж, гинж, араа хүрд, 30 хувийн элэгдэл тооцсон. Монгол сэлбэг олдохгүй, захилгаар ирнэ) 1 ширхэг 4.900.000 төгрөг, обуд (сэнсэрсэн, засвараар) 1 ширхэг 150.000 төгрөг, нийт 5.050.000 төгрөг...” гэх /хх 66-70/,

            “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-566 дугаар тайланд “...Хар өнгийн борооны цув (хэрэглэж байсан, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 250.000 төгрөг, цэнхэр өнгийн комбинзон (дугуйчны өмсгөл, солонгос, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 200.000 төгрөг, саарал өнгийн бээлий (хэрэглэж байсан, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 40.000 төгрөг, нийт 490.000 төгрөг...” гэх /хх 73-76/,

             “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-816 дугаар тайланд “...Avеnger маркийн дугуй (спорт D12 тоногтой, мэргэжлийн спортын дугуй, 30 хувийн элэгдэл тооцсон.) 1 ширхэг 9.002.726 төгрөг...” гэх /хх 81-84/,

            Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 211 дугаартай магадлагаа “...Hyundai Porter маркийн 95-13 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, 10.4-д “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Унадаг дугуйн жолооч Д.Эрхэс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх 87/,

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 55-61/,

“Атилла байк” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21/19 дугаартай албан бичиг /хх 93-94/,

Монголын дугуйн холбооны 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 21/72 дугаартай албан бичиг /хх 95/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/,

Шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 14/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 110/, жолоочийн лавлагаа /хх 111/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 117-119/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 108/ болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн Г.С-гийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.С-г Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.С-г хохирогч Д.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Мөн шүүгдэгч Г.С-гийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзаж, түүнд 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, бусдад учруулсан хохирлыг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Ц-567 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгээр буюу 5.050.000 төгрөгөөр тооцсон нь зөв бөгөөд энэ үнэлгээг эргэлзээтэй, тодорхой бус гэж үзэх үндэслэлгүй байна.   

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэхдээ ямар нэгэн хууль хэрэглээгүйгээс гадна “тэнцүү хуваан” гаргуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, иргэний хариуцагч Л.Э нараас тус бүрээс 3.215.940 төгрөгийг гаргуулж, нийт 6.431.880 төгрөгийг хохирогч Д.Э-т олгосугай” гэж зөвтгөж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, иргэний хариуцагч Л.Э нараас тус бүрээс 3.215.940 төгрөгийг гаргуулж, нийт 6.431.880 төгрөгийг хохирогч Д.Э-т олгосугай” гэж өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                            Н.БАТСАЙХАН

 

         ШҮҮГЧ                             Б.БАТЗОРИГ

 

         ШҮҮГЧ                            Б.ЗОРИГ