Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 117/ШШ2021/0056

 

             

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э  хяналтын ахлах улсын байцаагч Н.Мт холбогдуулан “2020 оны 9 сарын 29-ний өдрийн .. дугаартай Б.Ад холбогдох шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Улсын ахлах байцаагч Н.М нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлөвлөгөөт шалгалт хийж, Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Аг “...С сумын . цэцэрлэгийн баг А бүлгийн 28 хүүхдээс 8 хүүхэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд /цагаан хорхой/ хамрагдаагүй хүүхдийг ангид авсан” гэх зөрчил үйлдсэн гэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гэрч Б.Д, холбогдогч Б.А нарын мэдүүлэг, Дундговь аймгийн С сумын . дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/. дугаартай “Б.Аг бүлгийн багшаар томилсон тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар Б.А нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл улсын ахлах байцаагч Н.М нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын улсын ахлах байцаагч Н.Мийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн.. дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Ад 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Үийн дүгнэлтэд холбогдогч С сумын  дүгээр цэцэрлэгийн багш Б.Аг “...Бага А бүлгийн 28 хүүхдээс 8 хүүхэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд /цагаан хорхой/ хамруулаагүй хүлээн авсан... гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Б.Ад 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ..дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Материалд авагдсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл, гэрч Б.Д, холбогдогч Б.А нарын мэдүүлэг, Дундговь аймгийн С сумын . дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн Б/. дугаартай Б.А.г бүлгийн багшаар томилсон тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар Б.А нь төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул улсын байцаагчийн .. дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн байна.

Тус дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухайд:

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй хүүхэд хүлээж авсан нь бусад хүүхдүүдэд халдвар тараах эрсдэлтэй ноцтой зөрчил байсан бөгөөд хичээл эхлэхээс өмнө 8 дугаар сард урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр эрхлэгч, багш, ажилтнуудад энэ талаар тогтмол зөвлөмж заавар, мэргэжил арга зүйгээр хангасан байсан тул торгох шийтгэл оногдуулсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тухайд:

         Дээрх заалтыг төрийн албан хаагчид торгох шийтгэл оногдуулахгүйгээр шийтгэлээс заавал чөлөөлнө гэж ойлгоогүй учраас Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл. Шийтгэлээс чөлөөлөх гэсэн хуулийн зүйлд заасан заалтаар шийдвэрлээгүй болно.

Иймд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн .. дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын ахлах улсын байцаагч Н.Мээс С сумын . дүгээр цэцэрлэгийн багш Б.Аг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд /цагаан хорхой/ хамрагдаагүй 8 хүүхдийг ангид авсан гэж Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3-д зааснаар 300 нэгж буюу 300000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулсныг зөрчилд холбогдогч Б.А 2020 оны 10 сарын 09-ний өдөр биелүүлж, торгуулийг  төлсөн болох нь  баримтаар[2] тогтоогддог.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс “Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэх үндэслэлээр уг актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар  прокурорын дүгнэлт[3] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч улсын байцаагч Н.М  дээрх  прокурорын дүгнэлтэд дурьдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч  хариу тайлбарыг[4] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасанчлан  “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэж үзэх  үндэслэлтэй.

Ийнхүү хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав. Хариуцагч ийнхүү алдаагаа хүлээн зөвшөөрсөн тул Б.Аг гуравдагчээр татаагүй болно. Иймд дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан 300000 төгрөгийг  орон нутгийн орлогоос буцаан гаргуулж  олгох нь зүйтэй.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэргийг  танилцуулж, энэ тухай баримтжуулсан[5] болно.  

Мөн зөрчилд холбогдогчийн  алдааг  Зөрчлийн тухай хуулиар  шийдвэрлэгдэх зөрчил биш гэж үзэн прокуророос хүчингүй болгуулах дүгнэлтийг хялбаршуулан шийдвэрлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй бөгөөд энэ нь зөрчилд холбогдогчийн  хуулиар олгосон эрхийг /уг хуульд хамрагдах/ зөрчихгүй гэж үзсэн болно.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1,122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Э хяналтын ахлах улсын байцаагч Н.Мт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын байцаагчийн 2020 оны 9-р сарын 29-ний өдрийн ... дугаартай Б.Ад холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Б.Анд /РД:/ олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 

[1] Хх-ийн 13

[2] Хх-ийн 14

[3] Хх-ийн 1-2

[4] Хх-ийн 23-24

[5] Хх-ийн 26