Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/00892

 

                                                                        Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй                                                                         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар магадлалтай,

Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй,

            Б.Одбаярт холбогдох        

            Гэм хорын хохиролд 2.993.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандах, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандахын тайлбарт: “Хариуцагч С.Төгөлдөр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Одбаярт Тоёота приус 77-94 УНЕ улсын дугаартай өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шилжүүлсний улмаас 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим Б.Одбаяр нь тус тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Мөнгөн хүлэг авто захын хашаан дотор жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч миний бага насны хүү болох Э.Дөлгөөнийг шүргэж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Б.Одбаяр, С.Төгөлдөр нарын хайхрамжгүй хууль бус үйлдлээс болж миний хүү өсөлтийн яс нь гэмтсэн, зүүн өвдөг няцралттай байнгын асаргаатай болж хэвийн өсөлт бойжилт, эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд одоогоор бодит учирсан хохирол 2.993.960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. хариуцагчаар Б.Одбаяр, С.Төгөлдөр нарыг татсан болно. Одоо хариуцагч С.Төгөлдөрөөс татгалзаж байгаа тул Б.Одбаярыг хариуцагчаар татаж байна.” гэжээ.

      Хариуцагч Б.Одбаярын гаргасан хариу тайлбарт: “2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э.Дөлгөөнийг автомашинаар шүргэж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Э.Дөлгөөний эмчилгээний бүх зардлыг би өөрөөсөө гаргасан. Энэ хэрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан. Хүүхдийн эмчилгээнд 160.000 төгрөгийн зардал л гарсан байсан. Харин ээж нь жирэмсний амралтаа авсан байсан. Намайг өршөөлд хамрагдахын өмнө Б.Мандах манай машины цонхыг хагалаад, манай эгчийг зодоод одоо цагдаад шалгагдаж байгаа. Э.Дөлгөөний ээж нь ажилгүй байсан хугацааны цалингаа надаас нэхэмжилж авах гэсэн сонирхолтой байна гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Одбаяраас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.866.710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бурмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127.250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Одбаяраас 60.817 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандахад олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй Б.Одбаярт холбогдох гэм хорын хохиролд 2.993.960 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шүүхийн шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал тус бүрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангалгүйгээр /заримд иь хуулийн этгээдийн албан бланк байхгүй/ тодорхойлолтуудаар нэхэмжлэлийн шаардлага болох 2.700.000 төгрөгийн цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсангүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн 69, 70, 71 дүгээр талд авагдсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолтууд нь маргааны үйл баримтыг нотлох чадваргүй баримтууд гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтэд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй бол шүүх хэргийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн өрөөсгөл дүгнэлт хийжээ. ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “...хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ...” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “...хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно...” гэсэн заалтуудаас харвал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байх, уг баримтыг хуурамчаар гаргахгүй байх зэргийг тусгасан байна. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг хэргийн оролцогч хуульд заасан арга хэрэгслээр олж авсан уу, эдгээр нь үнэн зөв нотлох баримт мөн үү гэдэг талаас нь шалгалгүйгээр шууд хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэн нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа юм. Энэ байдлуудаас үзэхэд нэхэмжлэлийн дээрх шаардлагаа нотлож байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй бөгөөд хэргийн үнэн бодит байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шийдвэр, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал тус бүрийг хянан үзэж, тэдгээрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.         

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

          Нэхэмжлэгч Б.Бурмаа нь хариуцагч Б.Одбаяр, С.Төгөлдөр нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2 933 960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Төгөлдөрт холбогдох шаардлагаас татгалзаж, хохирлыг С.Одбаяраас нэхэмжилсэн байна.

         Хариуцагч С.Одбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр С.Төгөлдөрийн эзэмшлийн "Тоёота приус" загварын 77-94 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдан авах зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, “Мөнгөн хүлэг” авто захын хашаан доторх талбайд жолоодож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсгийн “... хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчиж, нэхэмжлэгч Э.Бурмаагийн охин Э.Дөлгөөнийг шүргэж, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

          Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Б.Бурмаа 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хүүхдээ асрах, эмчилгээ хийлгэх зорилгоор цалингүй чөлөө авч 2 700 000 төгрөгийн цалингаар хохирсон, эмчилгээнд 243 960 төгрөг, бусад зардалд 50 000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилснийг, хариуцагч Б.Одбаяр эс зөвшөөрч хүүхдийн эмчилгээ үүнийг төлнө, нэхэмжлэгчийн цалин болон бусад зардал гэх шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2015 оны 12 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 02 сарын 19-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 101/ШЗ2016/07534 дүгээр  захирамж гаргасан боловч зохигчдыг хэргийн материалтай танилцуулаагүй байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг зөрчжээ. /хх-1, 42,50/ 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2016 оны 02 сарын 26-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тухайн өдрөө хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулан, хэргийг мөн өдөрт шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн нь зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн буюу зохигчид хэрэгт авагдсан баримтын хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. /хх-60,61, 69,70/ 

            Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг илрүүлэлгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166  дугаар зүйлийн 116.4-т заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс хэргийн үйл баримт, шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,  хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01869 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 957 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч З.Ганчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 60.900 /жаран мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                   

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН