Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0154

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

 

Дугаар 221/МА2017/0154

 

Улаанбаатар хот

 

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.*******ын гаргасан давж заалдах гомдлоор “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбажав 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 859 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Манай компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бусад тооцуулах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хайгуулын ажлын үр дүнг хэлэлцүүлэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас “...Кадастрын хэлтсийн хариуцдаг тусгай зөвшөөрлийн бүртгэлээс хассан үйлдлээ тайлбарлах бус харин манай компанийн өөр хүсэлтээр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоогүй...” гэжээ.

Анхан шатны шүүх уг тайлбарыг шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон төдийгүй уг асуудлаар шүүхийн шийдвэрт “...тухайн хайгуулын талбайд илэрсэн нүүрсний баялгийн “Р” зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т “Хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх” гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн үзэж хүсэлтийг буцаасан” гэж заасныг оруулж уг асуудлаар шийдвэр гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх учиртай бөгөөд дээрх асуудлаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байтал шүүхийн шийдвэрт оруулсан төдийгүй шийдвэр гаргасан нь уг шийдвэрийг хууль зүйн хувьд алдаатай гэж үзэх эхний үндэслэл болж байна.

“******* *******” ХХК-ийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн тайланг шинжээчээр дүгнэлт гаргуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандсан. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болох байсан. Харин хариуцагчийн хариу тайлбар болон түүнээс үндэслэж гаргасан шүүхийн шийдвэрт “...дээрх хуулийн зохицуулалтын дагуу “******* *******” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр байсан” гэжээ.

Хариуцагч ямар үндэслэлээр манай байгууллагын тусгай зөвшөөрлийн тайланг явуулах хугацааг 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гэж тогтоосноо тайлбарлаагүй бөгөөд энэ үед манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад нэг жил 2 cap дутуу байсан. Гэтэл уг өдрөөс өмнө тайлан явуулах ёстой байсан гэж үзэж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Уг тайлбарыг шүүгч шийдвэр гаргах үндэслэлүүдийнхээ нэг болгосон нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бөгөөд маргааныг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Геологийн албаны мэдээг үндэслэн нэгдсэн бүртгэлээс хасалт хийсэн тухайгаа бичсэн ч Геологийн албанаас ямар байдлаар мэдээлэл хүсч уг мэдээлэлд ямар мэдээлэл дурьдсан, хасалт хийсэн талаараа “******* *******” ХХК-д хэрхэн мэдэгдсэн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гарсан эсэхийг тодруулсан эсэх нь тодорхойгүй, дээрх нөхцөл байдлыг үл харгалзан шүүх шийдвэр гаргасан нь шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж шийдвэрлэх үндсэн зарчимд үл нийцсэн хэмээн үзэж байна.

Иймд хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд зарим асуудлыг бүрэн тодруулах үүднээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

“******* *******” ХХК-ийн тухайд “ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь энэхүү тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зорилготой болох нь нэхэмжлэлийн агуулгаар тодорхойлогдох бөгөөд хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр “...XV-016915 дугаартай тусгай зөвшөөрлийн өргөдөл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж Р зэргийн нөөцтэй тул шийдвэр гаргах боломжгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан шаардлагыг хангахгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай мэдэгдлийг мөн өдрийн 6/8242 тоотоор нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг, түүнчлэн зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлдог боловч нэгэнт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хүчинтэй байгаа, гэхдээ энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчилан хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр гараагүй байгаа энэ тохиолдолд хэдийгээр нэхэмжлэгчээс энэхүү тушаалтай маргаангүй ч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр, одоогийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй.

“******* *******” ХХК-иас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дахь Өндөр жавхлантын XV-016915Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зүүн, зүүн хойд хэсэгт 2012-2014 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, 4 дүгээр сарын 2-ны өдөр томилогдсон шинжээчдийн дүгнэлт 6 дугаар сарын 22, 25-ны өдөр тус тус гарсан ч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс энэхүү тайланг нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 889 дүгээр шийдвэрт дурдсан шалтгаанаар бус харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзсан нь шүүхэд гаргасан бичгийн тайлбараар тогтоогддог.

Тус зөвлөлийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ХХ-04-07 дугаар дүгнэлтээр “...ашигт малтмалын хайгуулын 16915Х тоот тусгай зөвшөөрлийн 19818,61 га талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, зөвхөн В, С нөөц тогтоогдсон 985,52 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, үлдэх хэсэгт нүүрсний баялгийг Р зэргээр тооцоолсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй” гэж дүгнэсэнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрээр дээрх хайгуулын талбайн 985,52 га-д ашигт малтмалын ашиглалтын 17425А тоот тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс үлдсэн 18833,09 га-д тус газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулан улмаар уг талбайд өмнөх дүгнэлтээр тогтоогдсон нүүрсний Р зэргийг өсгөх зорилгоор 2012-2014 онд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн талаар дурджээ.

Мөн Бор хулангийн ордын баруун хэсэгт 2011 онд хийсэн хайгуулын үр дүнд бий болсон нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байх үед уг ордын зүүн хэсэгт тухайн үеийн хайгуулаар илэрсэн нүүрсний нөөцийг Р зэргээр тогтоож байсан, харин 2012-2014 онд хийгдсэн хайгуулын ажлын тайлангаар нөөцийн агууламж ихэссэн талаар шинжээч Ч.Ганхуягын дүгнэлтэд тусгагдсан байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр, тодруулсан шаардлагад хамаарах нотлох баримтыг цуглуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 889 дүгээр шийдвэрийн үндэслэл болсон нөөцийн Р зэрэг нь нэхэмжлэгчээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгахыг хүссэн хайгуулын ажлын тайланд хэрхэн тусгагдсан болох, энэ талаар шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан зэрэгт харьцуулан дүгнэлт өгөх байдлаар хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

                                                                                                                

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН