Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210//МА2019/00053

 

СБДЦХХ-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02528 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: СБДЦХХ-ийн хүсэлттэй,

М.М-г захиргааны журмаар албадан эмчлэх тухай маргаантай хэргийг

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга бүлэг бөөгнөрөл үүсгэж, архи согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Машинаа гаднаа тавьж архи уусан байсан. Шаардлага тавихаар эсэргүүцдэггүй боловч биелүүлдэггүй. Архины албадан эмчилгээнд явуулах саналтай байна гэжээ.

Гуравдагч этгээд М.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найз нар ирэхээр хааяа нэг уудаг. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан З овогт М.М /РД:ЧО67103179/-г архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч СБДЦХХ-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд М.М-г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.М би 2018 оны 12 дугаар сарын 02-нд найзын төрсөн өдөр болж архи уусан. Би архи хааяа уудаг, дандаа уудаггүй. Би гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Одоо дахин архи уухгүй. Би өндөр настай хөгшин эхийгээ асарч байдаг. Миний энэ байдлыг харгалзан үзэж архины албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

М.М нь согтууруулах ундаа байнга хэрэглэж танхайрсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нийт 20 удаагийн зөрчил гаргаж байсан нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлээр тогтоогдож байна. /хх-ийн 8-13 дугаар тал/ Түүнчлэн, Сүхбаатар дүүрэг дэх эрүүл мэндийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр М.М-г архинд донтох өвчний III дугаар зэрэгтэй болохыг тогтоожээ. /хх-ийн 16 дугаар тал/

Иймд М.М-г албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцсэн байна.

М.М нь давж заалдах гомдолдоо өндөр настай эхийгээ асардаг гэх боловч энэхүү гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/02528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд М.М-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                          ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ                                                                                                                                                          Г.ДАВААДОРЖ