Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/132

 

             

 

 

 

 

 

 2022           2             8                                            2022/ДШМ/132                                                

                              

С.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

            нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2699 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн 2103002410322 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Омбо овгийн С.Б, 1985 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт.................................,

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 12 цаг 18 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Замын булаг гэх газрын урд замд Ё.Өлзийдамбын эзэмшлийн “Beiben ND 3250” маркийн 03-40 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.Замын тэмдэглэл 1.3. “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, мөн дүрмийн 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Мжолоодож явсан “Nissan Advan” маркийн 38-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Бамь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Бын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэн тогтоохдоо тус яллагдагчийн гэмт эс үйлдэхүйн улмаас учирсан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангасан бүхий л хохирол, хор уршиг”-ийг бүрэн, зөв тодорхойлж тогтоогоогүйг зөвтгөх боломжгүй. Яллах нотлох баримтаас үзэхэд /2хх-32-36/ яллагдагч С.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас зөвхөн 1 хүний амь нас хохирсон биш мөн Ө.Оэрүүл мэндэд хүнд хохирол учирсан, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг нэгэн адил хангаж байх тул тус гэмт хэргийн шинжийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заавал тогтоон бичсэн байх ёстой. Тодруулбал, яллагдагч С.Бын үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжүүд нэгэн зэрэг хангагдсан тухайн тохиолдолд хамгийн хүнд хохирол, хор уршиг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хүнд ялтай хэсгээр эцсийн зүйлчлэлийг хийх үндэслэл бүхий боловч тухайн гэмт хэргийн хэд хэдэн шинж тус бүрд яллагдагчийг гэм буруутайд тооцох асуудпыг заавал тодорхойлж тогтоосон байх шаардлагатай. Хэрэв дээрх асуудлыг зөвтгүүлэхгүй орхигдуулбал энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа болохоос гадна зарим хохирогч нарын эрхийг хангах боломжгүй буюу зөрчихөд хүргэхээр байна. Тус хэрэгт иргэний хариуцагчаар хуулийн этгээд, хувь хүнийг хэрхэн зөв, бүрэн татах эсэхэд хамаарах нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, шалган дүгнэхгүй орхигдуулсан байгааг зөвтгөх боломжгүй. Тус хэрэгт авагдсан захиалагч буюу “Арж капитал” ХХК, гүйцэтгэгч буюу “Чүен оргил” ХХК-ийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ /1хх 212-217/-ээс үзэхэд “Чүен оргил” ХХК нь нийт 10 автомашин, 10 жолоочтойгоор буюу тухайн чиглэлээр мэргэшсэн, ур чадвартай ажилтнуудаар ажил гүйцэтгүүлнэ, хэрэв ажил гүйцэтгэхдээ бусдад гэм хор учруулбал хохирлыг гүйцэтгэгч тал хариуцах болон бусад тусгайлсан нөхцөл, шаардлагыг харилцан тохиролцож гэрээ байгуулсан байтал энэ хүрээнд шалгаж тогтоовол зохих ажиллагаа огт хийгдээгүй байна. Тухайлбал, захиалагч талтай тухайн гэрээг “Чүен оргил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганширнэн үү эсхүл иргэн Төмөрбаатар, эсхүл тэд хамтран хийсэн үү, тус гэрээнд гүйцэтгэгч “Чүен оргил” ХХК-ийг төлөөлж Төмөрбаатар гэж бичсэн байх боловч “Чүен оргил” ХХК-иас Төмөрбаатарт тухайн үед итгэмжлэл олгосон эсхүл Төмөрбаатар “Чүен оргил” ХХК-ийн ямар алба тушаалтан байсан эсэх, гэрээнд зурагдсан Б.Ганширнэнгийн гарын үсэг түүнийх мөн эсэх, “Чүен оргил” ХХК тийнхүү гэрээ байгуулан 10 автомашин, 10 жолоочтойгоор ажил гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн этгээдийн хувьд ажил олгогч, харин тухайн 10 жолоочийн хувьд хөдөлмөрийн гэрээ буюу хэлцэл /амаар эсхүл бичгээр/-ийн дагуух тэдний ажилтнууд болох зэрэг нотолбол зохих асуудлуудын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулж, холбогдох баримтуудыг бүрэн цуглуулж, бэхжүүлж, хянан шалгасны эцэст тухайн захиалагч ба гүйцэтгэгч, ажил олгогч ба ажиллагсад хоорондын хөдөлмөрийн харилцаа, түүнээс үүдэн гарсан гэм хорын хохирлыг хариуцах иргэний хариуцагчийг зөв, бүрэн тогтоох асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй, харин таамаглах боломжгүй юм.

Ё.Өлзийдамбаас иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар, Г.Төмөрбаатараас гэрчийн мэдүүлэг авсан байх нь тус хэрэгт иргэний хариуцагчийг зөв тогтооход чиглэгдсэн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, иргэний хариуцагчийг бүрэн, зөв тогтоосон гэж үзэх хангалттай үндэслэл, үйл баримт болохооргүй байгааг тэмдэглэв. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах, хяналт тавих хүрээнд шалгавал зохих бусад асуудал тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийг зөв тогтоохын тулд нотолбол зохих асуудлын хүрээнд зарим өмгөөлөгч нарын гаргасан ”Арж капитал” болон “Тод ундрага” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эсэхэд хамаарах зарим асуудлыг шалгуулах хүсэлтийг нэг мөр шалгаж, хангах эсэхийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хэрхэн хамаарч буй эсэх нь тодорхойгүй нийт 250 ширхэг баримтыг шүүхийн шатанд гаргасан байх тул тухайн баримтуудыг шалгаж тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход хэрхэн хамаарч, нөлөөлж байгаа эсэхийг нягтлан шалгах, дүгнэх шаардлага үүссэн байгаа болно.

Дээр дурдсанаар тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны бүрэн бус, дутуу байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 32.3, 32.4, 32.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгагдах, хянагдах, засагдах ёстой асуудалд хамаарах үндэслэлтэй байна.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

Уг хэрэгт ВСЕ ангиллын 421539 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана. 3.1. яллагдагчийн эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл, 3.2. яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт, ... 4.Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана: 4.1. яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх 4.2. эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал, 4.3. яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, он, сар, өдөр. ...гэж хуульчилсан байх бөгөөд яллах дүгнэлтэнд “тэмдэглэх, тогтоох” хэсэгт тусгах зүйлийг тус тус бүрэн тусгасан байна.

            Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл  мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих, хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан дагуу “Beiben ND 3250” маркийн                 03-40 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ё.Өлзийдамбыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан ба шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар түүнийг иргэний хариуцагч биш, эсвэл өөр этгээдийг иргэний хариуцагчаар татах эсэх талаар үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэсэн хуулийн заалтаар шүүхийн шатанд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Мөн шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эболон түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нараас нэхэмжпэлийн баримтууд гаргаж өгсөн бөгөөд дээрх баримтуудыг шүүх тулгалт хийж үзэн хэрхэх талаар шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/2699 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирол болон иргэний хариуцагчийг зөв тогтоож, нарийвчилсан дүгнэлт хийх шаардлагатай гэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.Быг “2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 12 цаг 18 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын булаг гэх газрын урд замд Ё.Өлзийдамбын эзэмшлийн “Bieben ND 3250” маркийн 03-40 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1. Замын тэмдэглэл 1.3. “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ, мөн дүрмийн 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Мжолоодож явсан "Nissan Advan” маркийн 38-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Бамь насыг хохироосон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоох шаардлагатай.

Прокурорын яллах дүгнэлтэд С.Быг М.Мөнх-Эрдэний жолоодож явсан “Nissan Advan” маркийн 38-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.Бамь насыг хохироож, Ө.Оэрүүл мэндэд хүнд хохирол, М.Мэрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Гантөмөрийн эзэмшлийн “Nissan Advan” маркийн 38-99 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 5.323.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт С.Быг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн О.Б амь насыг хохироосон гэсэн үйлдлээр нь  зөвхөн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх, хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс хохирогч нарт  гаргуулах нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм.

Мөн энэ хэрэгт иргэний хариуцагч хуулийн этгээд байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

             Иймээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2699 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2699 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ